МАН-аас Засгийн газарт томилогдсон сайд нарыг itoim.mn цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа дахиад дан дээлтэй нэг, давхар дээлтэй гурван сайдыг танилцуулж байна.
У.Хүрэлсүх Шадар сайдын албанд шинэдэхгүй. Өмнө нь Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт мөн л Шадар сайдын албыг хашиж байсан. Намд удирдах албан тушаал хашиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож, Засгийн газарт ажиллаж байсан, улс төрийн хүрээнийхэнд “мужик” гэж хэлэгддэг ийм хүн. Засгийн газрын 11 сайдыг томилсон энэ үед ирэх өвөл, хаврыг тооцож, улсын нөөц бүрдүүлэх, гамшиг ослоос сэргийлэх ажилдаа шуурхай орсон гэж найдна. Саяхан шүү дээ, нийслэлд томоохон газар хөдлөлт болоход ҮАБЗ-ийг мэдээллээр хангаж амжаагүй гээд Шадар сайдын харьяа агентлагууд банга хүртсэн. Наадам нэгэнт дууссан тул гал түймэр, байгалийн гамшигтай тэмцэх аврагч нарын гар дээр тавих тусгай хэрэгсэл, техник төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Мөн цаг уурын хэмжилтын станциудыг үе шаттай шинэчлэхээс авахуулаад оюутан, сурагчдын хичээлийн цэсэнд “гамшиг ослын үед амиа аврах, бусдыг хамгаалах” хичээлийг заавал оруулах хэрэгтэй байна.
Өнгөрсөн парламентад МАН-ыг цөөнхийн статустай байх үед намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан Ж.Мөнхбатыг Удирдах зөвлөл нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилоод байгаа. Намын гал тогоог удирдаж, гал хамгаалагчийг нь хийж байсан түүнд бас л төрийн менежерийн албан тушаал өгчээ. Ж.Мөнхбат нь 2002 оныг МУИС-ийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөөд дараа жилээс нь УИХ-ын даргын ажлын албаны зохион байгуулагч, спикерийн шадар туслахаар ажилласан. 2005-2007 онд МАСЗХ /одоогийн НАМЗХ/-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд даргын албан тушаал хашиж байхад нь намын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр томилсон байдаг. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбатаас өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын ур чадвар, ажлын хариуцлагыг олон нийт шаардах нь лавтай.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
Ц.Мөнх-Оргил Монголын улстөрчдөөс хамгийн түрүүнд Харвардын их сургууль төгссөн. Энэ ч үүднээс Монгол дахь Харвард төгсөгчдийн холбооны тэргүүнээр мань хүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэд тэргүүнээр нь ажилладаг. 2000-2012 онд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Хүний эрхийн комиссын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, Монголд Хүний эрхийн үндэсний комисс, ипотекийн эрх зүйн зохицуулалтыг бий болгоход зүтгэжээ. Сонгуулийн өмнө намынхаа арын албанд зүтгэж байгаад гэнэт гарч ирээд “үхлийн тойрог”-Сүхбаатар дүүрэгт АН-ын мундаг хуульч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй өрсөлдсөн. Ингээд ялсных нь дараа түүнийг Хууль зүйн сайд болох байх гэсэн яриа их гарсан. Улс орнууд гадаад өрөө яаж зохицуулдаг талаархи Ц.Мөнх-Оргилын сүүлийн хэдэн жилийн эрдэм шинжилгээний ажил хэрэг болсон уу, эсвэл Хууль зүйн сайдаар томилвол хэл ам гарахаас сэргийлсэн үү, бүү мэд. Ц.Мөнх-Оргил нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр Онц байдлын штабыг удирдаж байсан юм. Ямартай ч түүнийг Гадаад харилцааны сайдаар танилцуулж, томиллоо. МАН-ын туршлагатай, боловсролтой гишүүдийн нэг тэрээр сайдын албаа аваад хөршүүд болох ОХУ, БНХАУ-ын Элчин сайдуудыг хүлээн авч уулзаад байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хоёр дахь удаагаа хүлээн авсан Д.Оюунхорол нь МАН-ын туршлагатай парламентчдын нэг. Бүтцийн өөрчлөлтөөр цомхотгол хийсэн гэх өмнөх Засгийн газарт өрнөсөн хэл амыг эс тооцвол түүнд энэ албыг ганхуулахгүй аваад явах чадвар бий. Хэдийгээр яамны нэрээс “ногоон хөгжил” гэдэг үг гээгдсэн ч тэрээр ногоон хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэх, экологийн тэнцлийг хадгалах, байгалийн баялгийг зүй зохистой хадгалах ажлыг цалгардуулахгүй гэдгээ амласан. Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт, байгальд хоргүй технологийг Монголд нэвтрүүлэх, гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, улсаа сурталчлахад тэр анхаарч ажиллах шаардлагатай байна. Д.Оюунхорол нь доктор, профессор зэрэгтэй, гавьяат багш цолтой бөгөөд уг нь боловсролын салбарт илүү ойр, Отгонтэнгэр их сургуулийг байгуулж, удирдаж явсныг хүмүүс мэднэ. Шинжлэх ухааны академитай ойр ажиллаж, тодорхой гишүүнчлэлтэй байсныхаа хувьд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн эрдэмтэн, судлаачдынхаа үгийг бодлогодоо тусгаж, хамтарч ажиллахыг нь хүснэ.