Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяртай ярилцлаа. Улсын наадам дөхөж байгаа энэ үед аваргын амнаас сонссон яриа “амттай” төдийгүй, бас баттай эх сурвалж юм. Түүний бөхийн гал дээр очиж хийсэн ярилцлагын үеэр Өсөхөө аварга өмнө нь төдийлөн дэлгээгүй зарим нэгэн нууцыг ч ярив.
-Наадмын бэлтгэл ямархуу байна вэ, аварга аа?
-Манай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнийхэн маань “Монгол Номадик” амралтад бэлтгэлээ базааж байна. Хоёр дахь жилдээ энд гарч байгаа юм. Энэ жил зургаадугаар сарын 17-ны үед гарч ирсэн. 70 орчим бөх бэлтгэл хийж байна. Би аймгийнхаа бөхчүүдийн галаас гадна Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхоо бөхчүүдийг ахалж гардаг. Тэд маань энүүхэнд, урд давааны цаана байгаа. Хоёр галын дунд гүйгээд, хажуугаар нь өөрийнхөө бэлтгэлийг базаагаад л явж байна.
-Танай галд танаас доош улсын цолтой бөхчүүд гэвэл хэн хэн байна, ер нь бөхчүүдийн өнгө ямар байна вэ?
-Төрийн наадам жилдээ ганц удаа болдог учраас бөх болгон л түрүүлэх, цолоо ахиулах, урамтай сайхан барилдах гэж бэлтгэлээ хийдэг. Улсын наадамд барилдана гэдэг бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх, яаж хөдөлмөрлөснөө ард түмэндээ харуулах асар том хариуцлага. Тийм учраас бөх болгон хичээдэг, манайхан ерөнхийдөө сайн байгаа.
Улсын том цолтой бөхчүүд гэвэл Рагчаа гарьд, Санжаадамба заан, Мөнгөнцоож харцага, Батбаяр харцага, Пүрэвдагва начин байна.
-Та өөрөө наадамд зодоглох уу?
-Дархан аварга А.Сүхбат бас барилдана гэсэн. Та энэ мэдээг яаж хүлээж авч байгаа вэ
-Өнгөрсөн жил бид хоёр нэг өдөр дархан аварга цол хүртэж хамтдаа баярласан. Шагналаа авчихаад зэрэгцээд зогсож байхдаа Сүхбат маань “найз нь энэ жил наадамдаа барилдана” гэж хэлж бас баярлуулсан. Энэ жил ч гэсэн барилдана гэсэн мэдээг сонсоод баяртай л сууж байна.
-Энэ мэдээтэй зэрэгцээд хоёр дархан аваргын хэн нь зүүнийг магнайлах вэ гэдэг маргаан гарч ирж байна. Таныг бас хууль, номынхоо дагуу би зүүнийг магнайлна шүү гэж Бөхийн холбооныхонд хэлсэн гэх юм?
-Нэг зүйл хэлмээр байгаа юм. Зүүний магнайд гарах, баруунаас босох, түрүүлж ам авах үгүй нь асуудлын гол биш. Хамгийн гол нь жишээ нь, би энэ хорин хэдэн жил барилдсан амжилтаа л үнэн зөвөөр нь, шударгаар тодорхойлуулъя, үндэсний бөхөд мөрддөг хууль дүрмийг биелүүлье гэж байгаа юм. Сүхбат, Өсөхбаяр хоёрын үндэсний бөхийн амжилт хэнийх нь илүү байгааг хууль, дүрмийн хүрээнд зөв тодорхойлох л ёстой юм. Тэр хүрээнд нь авч үзвэл би зүүнийг магнайлах ёстой юм билээ. Тэрийгээ би бөхийн холбооныхондоо хэлсэн л дээ.
-Тэгээд ноднин яагаад баруунаас босчихов оо?
-Өнгөрсөн жилийн наадмын бөхийн барилдаан эхлэхийн өмнөх үйл явдлыг ард түмэн мэдэж байгаа даа. Бөхчүүдэд цол олгох, амжилтаар нь яаж эрэмбэлэхийг Үндэсний их баяр наадмын тухай Монгол Улсын хууль, УИХ-ын хууль, Засгийн газрын баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр зохицуулдаг. Эрхзүйн эдгээр зохицуулалтын алинаар ч үзсэн Өсөхбаяр миний амжилт Сүхбатынхаас илүү. Тийм учраас намайг зүүний магнайд босох ёстой гэдгийг манай мэргэжлийн байгууллага болох Бөхийн холбоо тогтоож, Баярын наадмын комисс баталгаажуулсан. Тэгээд би зүүний магнайд гарах болсон. Төв цэнгэлдэх хүрээлэн төдийгүй бүх орон даяар тэгж зарласны дараа Сүхбат аварга тэнд бөх хүнд, тэр дундаа үндэсний бөхийн өндөр дээд цол-дархан аварга хүнд баймгүй ааш авир гаргасан даа. Би зүүнийг магнайлна гээд л дайрчихсан. Гэнэт их айхтар ширүүн уур амьсгал бий болгосон. Би онгирч байгаа юм биш шүү, хэрвээ тэнд надаас арай өөр авир ааштай хүн байсан бол төрийн наадам эхлэх нь битгий хэл зодоон цохион ч үүсэхэд бэлэн нөхцөл байдал үүссэн. Тэгээд би бодсон л доо. Төрийнхөө тэргүүний зарлигаар үндэсний бөхийнхөө хамгийн өндөр дээд цолыг авчихаад, ийм зохимжгүй байдлыг хөөргөөд дэмий юм байна гэж. Би төрөө, ард түмнээ хүндэлсэн. Цаашлаад монгол наадам үзэх гээд ирчихсэн гаднын зочдоос эхлээд дэлхий биднийг харж байгаа. Гэтэл хоёр бөхийн маргаанаас болоод бүхэл бүтэн төрийн наадам нь эхэлж чадахгүй бол Монгол Улс минь л дэлхийд муухай харагдана. Тэгээд би баруунаас боссон. Энэ маань өөрийгөө Сүхбатаас амжилт дутуудаа тэгсэн юм биш. Наадмаа эхлүүлээд дараа нь ном журмынхаа дагуу шийдэгдэх байх л гэж өнгөрсөн жил би буулт хийсэн.
-Монголчууд бид эрхзүйт нийгэмд амьдарч байгаа. Манай үндэсний бөх ч ялгаагүй, улсын цолыг яаж олгох, ижил цолтой бол яаж эрэмбэлэх, тэр байтугай нэг өдөр ижил цол авсан хоёр бөхийг хэрхэн эрэмбэлэх нь хуулийн тодорхой заалт, Засгийн газрын баталсан дүрэмтэй. Тэр хүрээндээ эрэмбэ дарааг тогтоож, хууль эрхзүйн хувьд зүүнийг магнайлах эрхтэй нь зүүнээс босно. Энэ жил тэрэнд би нэг их санаа зовохгүй байгаа.
-Тэгэхээр таныг зүүнээс босгох байх гэж үү?
-Бөхийн эрэмбэ дарааг тогтоодог Баяр наадмын тухай хууль, Засгийн газрын баталсан дүрмийн дагуу үндэсний бөхөд гаргасан амжилтаар нь эрэмбэлбэл би зүүнийг магнайлна, гарцаа байхгүй.
-Гэтэл Сүхбат аварга дахиад ноднингийнх шиг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл яах вэ?
-За арай ч үгүй байлгүй дээ. Бид хоёрын амжилтыг түмэн олон мэдэх байлгүй дээ. Баяр наадмын хууль, Үндэсний бөхийн дүрэмд бий. Нэг өдөр ижил цол хүртсэн бөхчүүдийг өмнө нь гаргасан амжилтаар нь эрэмбэлнэ гэж. Сүхбат бид хоёр 2014 оны долдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр дархан аварга болсон. Үндэсний бөхөд, үндэсний бөхийн түүхэнд нэг өдөр хоёр дархан аварга төрөх ямарч боломжгүй. Тухайн үед Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсноор анхны ийм тохиолдол гарч бид хоёр нэг өдөр дархан аварга болсон. Тийм учраас бид хоёрыг дархан аварга болохоос өмнөх амжилтаар эрэмбэлэх ёстой. Харин дархан аварга болсноос хойш гаргасан амжилт нь нэгэнт өмнө тогтоосон эрэмбэд нөлөөлөхгүй.
-Та би амжилтаар илүү гэх юм. Амжилтын эрэмбийг яаж гаргадаг юм бэ, тодорхой хариулахгүй юу.
-Би төрийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хүн. Дөрвүүлэнд нь ес давж түрүүлсэн. Сүхбат аварга гурав түрүүлсэн. Хоёр удаа ес, нэг удаа арав давж түрүүлсэн. Яах вэ, би Сүхбатын арав давсан түрүүг нь хоёр удаа ес давж түрүүлсэнд тооцож байгаа юм. Тэгж үзвэл бид хоёр адилхан дөрөв дөрвөн түрүүтэй болж байгаа юм. Тэгж ч бодож дархан аварга цол олгосон байх. За тэгвэл түрүү нь тэнцүү юмаа гэж үзвэл дараагийн буюу доод давааг нь хэн олон давсан нь урдаа эрэмбэлэгдэх дүрэмтэй.
-Олон удаа үзүүрлэсэн гэсэн үг үү?
-Бараг тэгж ойлгож болно доо. Өөрөөр хэлбэл, ес давж түрүүлсний доод даваа буюу хэн нь хамгийн олон удаа найм давсныг нь тооцож үзнэ. Тэгж үзэхэд би гурван удаа найм давсан. Сүхбат аварга бол найм давж үзүүрлээгүй л хүн. Би дөрвөн удаа долоо давсан байхад Сүхбат аварга гурван удаа долоо давсан байх жишээтэй. Үүнээс гадна түрүүлсэн нийт давааг нь тоолбол, би дөрвөн удаа ес давж түрүүлсэн гэхээр надад 36 даваа байна. Сүхбат аварга гурван удаа түрүүлэхдээ хоёрт нь ес, нэгд нь арав давсан. Тэгэхээр мань хүнд нийт 28 даваа байна. Бид хоёрын түрүүлсэн давааны нийлбэрийн зөрүү л гэхэд найман даваа буюу гарьд цолын болзол байгаа биз.
-Дархан аварга цолынболзлыг та хоёрын хэн нь түрүүлж хангасан бэ. Тэр нь түрүүлж эрэмбэлэгдэхгүй юү
-Болзол түрүүлж хангасан тухай ойлголт энд байхгүй. Харин Сүхбат аварга л “Ерөнхийлөгчийн зарлигт Сүхбатыг 2004 онд, Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолынболзол хангаснаар тооцсугай гэсэн” гэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн зарлигт тийм өгүүлбэр ерөөсөө байхгүй. Төрийн тэргүүнийхээ, төрийнхөө зарлигийн үг, үсэг байтугай утгыг гуйвуулан тайлбарлах хүмүүжил, ухамсар надад байхгүй. Дуртай нь тайлбарладаг ч эд биш байх. Сэтгүүлчид та нар бид хоёрт дархан аварга цол олгосон тэр зарлигийг интернэтээс нөхөөд үзэх хэрэгтэй. Ерөөсөө тийм утга байтугай, тийм үг ч байхгүй. Ерөнхийлөгч “Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу Баяр наадмын тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор энэ хоёр хүнд дархан аварга цол олгосугай” гэж зарлигдсан байгаа юм. Тэгэхээр бид хоёрт нэг өдөр ижил цол олгож байна аа л гэсэн үг. Энэ тохиолдолд түрүүний ярьснаар өмнөх амжилтаар нь эрэмбэлэх учиртай. Хоёулаа өөр жишээ авъя л даа. Нэг залуу бөх улсын наадамд анх удаа барилдаад шууд тав даваад начин болжээ. Тавын даваанд тэр хамгийн түрүүнд өрсөлдөгч бөхөө хаяж. Тэр залуу энэ жилийн хувьд хамгийн түрүүнд начин цолын болзол хангаж байгаа биз. Гэтэл түүнээс хойш хоёр минутийн дараа дахин нэг залуу тав давж начин болж. Гэхдээ тэр залуу өмнө нь хоёр удаа улсад дөрөв давсан байсан гэе. Тэгэхээр өмнө нь дөрөв давж үзээгүй, анх удаа барилдаад начин болсон залуу, өмнө нь хоёр удаа дөрөв давж байж начин болсон залуу хоёрын аль нь урдаа эрэмбэлэгдэх вэ. Хэнд ч ойлгомжтой, өмнө нь хоёр удаа дөрөв давж байсан нь эрэмбэлэгдэнэ. Энэ бол хамгийн шударга. Хууль, дүрэм нь ч тийм байгаа.
-Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбатад түрүүлж дархан аварга цол гардуулсан учраас түүнийг түрүүлж эрэмбэлэгдэнэ гэж зарим хүн хэлж байгаа.
-Тийм юм байхгүй. Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбатад 08, надад 09 тоот үнэмлэх олгосон нь үнэн. Энд хоёр зүйл бий. Нэгд, 08 ба 09 гэдэг бол эрэмбэ биш, ердөө л үнэмлэхийндугаар. Хоёрт, хууль дүрмээрээ Ерөнхийлөгч, түүний Тамгын газар бол бөхийн эрэмбэ тогтоох эрхтэй субъект биш. 2003 онд бөхийн дүрэмд өөрчлөлт орж амжилтаар эрэмбэлэх хууль гарсан. Тэр дагуу жишээ нь, зургаа давсан бөхчүүдэд Монгол Улсын харцага цол олгосон. 25 бөх өмнө нь харцага цолын болзол хангасан байсан. Тэдэнд Ерөнхийлөгч нэг өдөр зарлиг гаргаж ижил цолыг нь олгохдоо болзлыг хангасан цаг хугацаагаар нь биш, хэн нь илүү амжилттай байна түүгээр нь эрэмбэлж цол олгосон. Өөрөөр хэлбэл, харцага цолынхоо болзлыг хэн нь олон удаа хангасан, дараагийнхаа буюу доод давааг нь хэн олон давсан байна гэдгээр нь эрэмбэлсэн. Тэгэхэд Жавхлантөгс харцага гурван удаа зургаа давсан учраас харцага цолтны нэгдүгээрт эрэмбэлэгдэж нэг номерын үнэмлэх авсан. Хоёрт, хоёр удаа зургаа давсан учраас Өвгөнхүү гуай эрэмбэлэгдсэн. Тэгэхээр энд хэн хэдэн онд зургаа давсан нь биш, хэн нь тухайн цолныхоо болзлыг олон удаа хангасан, доод давааг нь олон давсан амжилтаар эрэмбэлсэн байдаг. Гарьд цолтнуудадч яг энэ зарчмаар буюу цол олгосон. Тэнд гарьд цолын болзлыг “төдөн онд хангасан гэдгээр тооцож гээгүй”, харин “амжилтыг нь харгалзан” гэж л зарлигдсан байгаа. Гарьд, харцага цолыг нэг өдөр олгосон энэ зарлиг дээр нэг ч бөх маргаан хийгээгүй. Гаргасан амжилт нь ард түмний өмнө ил, өөрөөс нь өмнө эрэмбэлэгдсэн бөхчүүдийнх илүү байхад маргах соёл, ухамсар ч манай бөхчүүдэд байхгүй.
-Та хоёрыг ч анхнаас нь яг ингээд эрэмбэлээд өгчихөж болоогүй юм уу?
-Ерөөсөө тэгэх л ёстой ш дээ. Гэхдээ харцага цолтнуудын эрэмбийг Ерөнхийлөгчийн тамгын газар тогтоогоогүй. Бөхийн холбоо тогтоож, тэр дарааллаар нь Ерөнхийлөгчийн тамгын газар үнэмлэхээ дугаарлаж өгсөн. Нэг өдөр нэг зарлигаар ижил цол авсан хоёр бөхийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой. Хэрвээ үнэмлэхийн дугаараар эрэмбэлбэл их хөгийн юм болно шүү дээ. Жишээ нь, энэ жил нэг залуу шууд тав даваад начин болчихлоо гэж бодъё. Гэтэл хойтон улсад өмнө нь гурван удаа дөрөв давж байсан нэг бөх начин боллоо. Хэн нь урдаа эрэмбэлэгдэх вэ. Жилийн өмнө начин цолын болзол хангаж, Ерөнхийлөгчөөс 08 тоот начны үнэмлэх авсан, ганцхан удаа тав давсан тэр залуу юу, эсвэл хэдийгээр хойтон нь 09 тоот начны үнэмлэх авсан ч гэсэн өмнө нь гурван удаа дөрөв давчихсан бөх түрүүлж ам авах уу гэдэг хэнд ч ойлгомжтой биз дээ. Сүхбатын хувьд надаас арай ах, тэгээд төрийн наадамд надаас өмнө түрүүлсэн учраас л Ерөнхийлөгч түүнд түрүүлж цол гардуулсан байх. Үүнийг би ойлгож хүндэтгэж байгаа.
-Гэтэл бас нэг заалт байна. Дархан аварга цолтныг эрэмбэлдэггүй гэх юм?
-Тэр бол дархан аварга цол авсны дараагаас амжилтаар нь эрэмбэлэхгүй гэж байгаа юм. Жишээ нь, монгол төрийн наадамд хоёр удаа түрүүлсэн Батсуурь гэж аварга байгаа. Бид хоёр хэчнээн дархан аварга болж, гурав, дөрөв түрүүлсэн байлаа ч би Батсуурь аваргын дээр гарахгүй гэсэн үг. Тэр хүн тэр үедээ дархан аварга болчихсон учраас дараа нь хэчнээн дархан аварга төрөөд түүний өмнө эрэмбэлэгдэхгүй. Баянмөнх аварга гэхэд улсад арав түрүүлсэн мөртлөө Мөнхбат аваргын дараа дархан аварга цол хүртсэн учраас Мөнхбат аваргын урд орохгүй л байгаа юм. Харин дархан аварга болох хүртэлх үеийн амжилтыг бол эрэмбэлнэ. Тэгж үзээд дархан аваргуудын дараа даян, далай аваргуудын хэн нь эрэмбэлэгдэх ёстойг 2009 онд Бөхийн холбооноос тогтоосон байдаг юм. Тэгэхэд Бат-Эрдэнэ аварга нэгд, би хоёрт, Сүхбат гуравт, дөрөвт Сумъяабазар аварга, тавд Балжинням аварга гэсэн эрэмбийг тогтоож байсан. Тэгэхээр хоёулаа адилхан даян аварга байхад би өмнө нь эрэмбэлэгдэж байснаа дархан аварга болохоор би Сүхбатын дараа эрэмбэлэгдэж болохгүй биз дээ.
-Сүхбат аварга 2009 оны эрэмбийг хүлээн зөвшөөрч байсан юм уу?
-Хүлээн зөвшөөрсөн болоод хэл амгүй гаргалгүй чимээгүй явж байсан байлгүй дээ.
-2009 оны эрэмбээс хойш та хоёрын хэн нь илүү амжилт үзүүлсэн бэ?
-Тухайн үед А.Сүхбат аварга зодог тайлсан байсан шүү дээ. Одоо өөрийг чинь асуухаар л бодож байна. А.Сүхбат аваргыг 2006 онд зодгоо тайлснаас хойш миний бие найман наадамд тасралтгүй барилдсан байна. Нэг удаа ес давж түрүүлж, нэг удаа найм давж, нэг удаа долоо давж, нэг зургаа, нэг удаа тав давсан байна.
-Саяхны Улсын баяр наадмын комиссын хурал дээр Бөхийн холбооныхон саналаа хэлж байна лээ. Хоёр дархан аваргын эрэмбийг тогтоох асуудал манай холбооны мэдлээс гарлаа. Үүнийг шийдэж өгнө үү гэж. Наадмын комисс болохоор “Бөхийн холбоо өөрсдөө мэд” гээд буцаагаад түлхчихэж байна лээ. Тэгэхээр таныхаар одоо яах вэ?
-Энэ ерөөсөө ойлгомжтой. Хуулиараа л явна. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар шийднэ. Анхан шатны мэргэжлийн байгууллага Монголын үндэсний бөхийн холбоо л тогтооно. Би нэг зүйлд гайхаад байгаа юм. Баяр наадмын комиссын хурал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуай орж ирээд, үнэмлэхийн дугаарыг эрэмбэ мэтээр ярьж байгаад гайхаж байгаа. Тэр хүн Баяр наадмын комиссын гишүүн биш, Тамгын газар эрэмбэ тогтоодог субьект ерөөсөө биш. Тэгээд яахаараа бид хоёрын эрэмбийг тогтоох гээд явж байгааг ойлгохгүй байгаа юм.
-Ноднингийнх шиг үймээн самуун үүсгэхгүй. Наадамчин олноо чирэгдүүлэхгүйн тулд А.Сүхбат аварга та хоёр сайхан уулзаад ярилцаж ойлголцож болдоггүй юм уу?
-Энэ чинь тэгж хоёр хүн ярилцаж байгаад наймаа шиг тохироогоор шийддэг зүйл биш шүү дээ. Хэрвээ бөхчүүд хоорондоо ярилцаж байгаа л шийдчихдэг юм бол УИХ-аас Баяр наадмын тухай хууль баталж, тэр хүрээнд нь Засгийн газар тогтоолоор Үндэсний бөхийн дүрмийг баталж яах юм бэ, хэрэггүй шүү дээ. Тэгээд ч би зүгээр л ойлголцож ярилцах гэж, хэн нэгний уур омогны өмнө буулт хийх гэж 25 жилийн турш өөрийнхөө маш шүүсийг зулгаагаагүй. Хоёрдугаарт, энэ асуудал бол Сүхбат, Өсөхбаяр гэсэн хоёр хувь хүний асуудал биш. Буруу шийдвэр гарах муу үр дагавар нь их. Хэрвээ энэ удаа хууль номоор нь шударга шийдэхгүй бол “ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь, дараагийн давааг хэн олон давснаар нь эрэмбэлнэ” гэсэн Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1 гэдэг заалт үгүй болно. Цаашид хэрэглэгдэхгүй болно. Дархан аваргаас доош аймгийн начин хүртэлх бүх цолтой бөхчүүдийн дунд одоо хүртэл амжилтаараа явж байсан эрэмбэ байхгүй болно. Зөвхөн цол авсан он дараалал, үнэмлэхийн дугаар гэсэн эрэмбэ үүснэ. Энэ бол монгол бөхийн цолтон бүрт хамаарах асуудал төдийгүй хамгийн хортой муу жишиг болж үлдэнэ. Амжилтаар эрэмбэлэхийг хуулиар баталгаажуулсан монгол бөхийн шударга шинэчлэл үгүй болно.
-А.Сүхбат аваргын авах ёстой цолыг хугацаанд нь өгөөгүй. Жишээ нь, Мөнхбат, Сумъяабазар нар арав даваад аварга болсон. Сүхбат аварга тэр жишгээр цолоо хугацаанд нь авсан бол танаас түрүүлээд дархан аварга цолтой болчих байсан. Тэгсэн бол өнөөдөр ийм маргаан үүсэхгүй байсан гэдэг. Үнэхээр тийм боломж байсан уу?
-Сүхбат арав давж түрүүлснийхээ арвын давааг үнэлсэнгүй гэдэг. Гэтэл тэр үед мөрдөж байсан дүрэмд, арав давсан хүнд цол ахиулан олгох заалт байгаагүй юм билээ. Энэ үед Баяр наадмын хууль ч гараагүй байсан. Харин 2006 онд Сумъяабазар 10 давж түрүүлэхэд хуульд өөрчлөлт оруулж аварга цол олгосон. Дараа нь энэ дагуу, Сумъяабазарын арав дахь давааг үнэлсэн жишгээр Сүхбатын арав дахь давааг үнэлж далай аварга цолыг нь нөхөж өгсөн байдаг. Ер нь бол Сүхбат даян аварга, дархан аварга гэж монгол бөхийн хамгийн дээд хоёр цолыг нэг ч удаа барилдалгүйгээр Ерөнхийлөгчийн зарлигаар авчихсан л хүн шүү дээ.
-Энэ жилийн наадмаар хууль ёсоороо явна шүү гэдгээ та яг албан ёсоор Бөхийн холбоонд илэрхийлсэн үү. Эсвэл та зүгээр л хууль номоороо болох байх гэж найдаад сууж байгаа юм уу?
-Би Баяр наадмын комиссын даргад өргөдөл өгсөн. А.Сүхбат аварга ч бас өргөдөл өгөөд ийм асуудал үүсгээд явж байгааг сонссон. Би албан ёсоор гаргаж өгсөн өргөдөл дээрээ бүх үндэслэлээ бичсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны нэр дээр бас өргөдөл өгсөн. Тэр болгоныг ном журмынх нь дагуу шийдэх байх аа гэж найдаж байгаа. Түүнээс биш, өөрөө оролцоод л, урдуур хойгуур нь гүйгээд байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хуульд зааснаараа шийдэгдэнэ биз.
-Дахиад тодруулаад асууя. Хамгийн муугаар бодоход ноднингийнх шиг асуудал давтагдвал та энэ жил дахиад буулт хийж чадах уу?
-Үгүй. Хэзээ ч үгүй. Би өөрийнхөө хорин хэдэн жил гаргасан амжилтыг тэгж буруу хэв, буруу загвар, буруу үйлдлийн золиос болгомооргүй байна. Би ийм зүйлийн төлөө хөлсөө урсгаагүй, хөдөлмөрлөөгүй. Миний тавьж байгаа шаардлага хууль ёсны бөгөөд шударга шаардлага. Муугаар бодоход намайг дахин А.Сүхбатын ард эрэмбэлбэл монгол бөхөд 12 жилийн турш хатуу мөрдөж, хуулиар тогтоож хэвшүүлсэн дэвшил үгүй болно. Амжилтаар нь биш цол авсан он дараалал, үнэмлэхийн дугаараар эрэмбэлдэг болбол улсын цолтой бөх болгонд хохиролтой.
-Та хоёр нэг үеийн хоёр сайхан бөх. Ноднингоос хойш уулзаж ярилцсан удаагүй юу.Аварга бол телевизийн ярилцлагад орохдоо тантай сайхан найз нөхөд гэж байна лээ?
-Мэдээж шүү дээ. Бид хоёр аль 1990-ээд оноос чөлөөт, үндэсний бөхөөр сайхан барилдацгааж нэгэндээ эрч хүч, урам зориг хайрлаж, нэгнээ ирлэж хурцалж явсан бөхчүүд. Хувь хүний хувьд би А.Сүхбаттай ямар нэгэн муу харилцаа байхгүй. Манай А.Сүхбат маш сайн бөх.
-Сайн бөх гэдэг бол ерөнхий нэр л дээ. Р.Нямдорж гуай “А.Сүхбат бол монгол бөхийн барилдааныг урлагийн төвшинд эзэмшсэн” гэж үнэлсэн байдаг. Та тэрэн шиг үнэлгээ гэвэл А.Сүхбат аваргын ямар онцлогийг илүүд нэрлэх вэ?
-А.Сүхбат бол монгол бөхийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн. Өөрөө ч их спортоор барилдаж явсан. Уян хатан байдал, хурд, хүч, тэвчээр гээд чөлөөт бөхийн олон давуу байдлыг үндэсний бөхөд оруулж ирсэн гавьяатай. Сүхбаттай барилдах тийм амар биш гэдгийг хүн болгон мэддэг. Түүнтэй нэгэн үед хамт барилдаж байсандаа би баяртай байдаг. Тэр хүн өөрийнхөө уран хурц барилдааныг бидний үед хамааруулж, “зургаан залуу зааны” гэж бидний үеийг нэршил хүртэл би болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.
-Таныг өдий зэргийн амжилтад хүрэхэд Сүхбат аварга нэлээн ирлэж хурцалсан биз дээ?
-Тэр мэдээж. Өрсөлдөгч хэдий хэр сайн байна хүн өөрөө тэгж л хурцалж дайчилдаг. Жишээ нь, Улсын их баяр наадмаар илүү сайн дээшээ барилдахын тулд Сүхбат, Цэрэнпунцаг, Сумъяабазар, Гантогтох, Ганбатын нарын хоёртой нь барилддаг. Эдэнтэйгээ хэрхэн барилдаж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ, тэднийг давах ямар арга мэх хэрэглэх вэ гэж л бэлтгэлээ хийхгүй бол энэ хүмүүст ялагдах гээд байгаа юм шиг санагддаг үе хүртэл надад байлаа шүү дээ.
-Сүхбат аваргыг зодог тайлах үед их харамссан уу?
-Тэгэлгүй яах вэ. Нэгэн үед хүчтэй өрсөлдөж, найзалж нөхөрлөж явсан бөх зодог тайлах үед би байтугай Монголын ард түмэнд гайхаж, шоконд орж байсан. Би ард түмнийхээ нэгэн адил гайхаж харамсаж байсан. Гайхахаасаа харамсах сэтгэл нь илүү давамгайлж байсан даа.
-Өнгөрсөн жил зүүний магнайн маргаанаас гадна таныг гурвын даваанд амласан. Тэгээд барилдалгүй танд тахимаа өгсөн нь ямар учиртай юм бэ?
-Үүнийг Сүхбат аваргаас өөрөөс нь асуух нь зөв дөө.
-Ер нь та хоёр улсын наадмаас хойш уулзалдсан уу?
-Үнэн хүчийг үзье гэвэл залуучуудыг дээш нь гаргаж ирэх ёстой, гэтэл өндөр цолтой бөхчүүд цолын эрэмбээрээ идэр залуу бөхчүүдийг хэвтүүлээд байна гэдэг. Энэ үүднээс нь харвал таны үеийн бөхчүүд барилдах насныхаа дээд хязгаарт очоогүй байна уу?
-Ер нь спортоор хичээллэх нас хугацаатай, хязгаартай байдаг. Монгол бөхөд байдаг нэг агуу зүйл бол хүн өөрөө биеэ зөв авч явж, харагдах байдал, бэлтгэл сургуулиа сайн базаасан байхад барилдаж болохгүй гэсэн зүйл үндэсний бөхөд байхгүй. Өнгөрсөн жил монгол төрийн хайр хишгийг хүртэж, Үндэсний бөхийн оргил цолыг хүртсэн гэдэг утгаараа өөрийгөө асар их бэлдэж байсан. Үүнийгээ ч би ард түмэндээ харуулж байгаа гэж боддог. Цагаан сарын барилдаанд тав давж шөвгөрлөө, Бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд өөрийгөө бэлдэж оролцож долоо давлаа. Энэ бүхэнд би хүн хэвтүүлээд буулгаад байсан зүйл байхгүй шүү дээ. Үзэгч түмэн, ард түмэн нүдээрээ харж байгаа. Тулах чинээндээ хүрч барилдсан. Энэ төрийн өндөр цолыг ард түмнийхээ өмнө дуудуулж цоллуулах сайхан байдаг. Цаашид ч гэсэн хэдэн жилдээ дуудуулж, сайхан барилдана гэж бодож явдаг шүү.
-Эндээс саваагүй гэмээр нэг асуулт байна. Хэрвээ хүчээ үзэж барилдах нас болоогүй байна аа гэвэл Сүхбат аварга та хоёр одоо барилдахад хэн нь давах бол. Та энэ талаар бодож байсан уу?
-Бид хоёр 2006 онд барилдсан шүү дээ. Одоо барилдаад юү гэхэв дээ. Их Монгол Улсын 800 жилийн ойн баяраар Сүхбат бид хоёр гурван удаа барилдах халз уралдаан зохион байгуулж, шударга сайхан барилдааныг ард түмэндээ үзүүлсэн. Одоо хэрэггүй биз дээ. Бид хоёр хоорондоо барилдаад ч одоо юу л базаав гэж дээ.
-Та Сүхбат аваргатай барилдаж байхдаа түүнийг тийрсэн. Тэр үед та өөрөө тэгж бухимдсан юм уу, эсвэл Сүхбат аварга таныг тийм үйлдэл гаргах хэмжээнд дургүйг чинь хүргэсэн юм уу. Та хоёрын дунд яг юу болсон юм бэ?
-2001 оны тэр барилдаанд 1024 бөх барилдсан. Бат-Эрдэнэ аварга Цэрэнпунцагийг амлаж, Сүхбат, бид хоёр есийн даваанд тунаж үлдсэн. Үнэхээр хариуцлагатай барилдаан байсан. Бидний өрсөлдөөн ч ширүүхэн байсан үе. Тэгээд бие, сэтгэл бүх л анхаарлаа төвлөрүүлж барилдах гэхээр л Сүхбат юм яриад огт барилдуулахгүй байсан. Маш олон зүйл өөдөөс яриад огт барилдуулаагүй. Энэ тухай би ердөө ганцхан удаа 2001 оны долдугаар сарын 16-ны “Сэрүүлэг” сонинд товчхон ярьсан. Түүнээс хойш нэг ч сонин сэтгүүл, телевиз, радиод ярьж байгаагүй. Арван дөрвөн жил би чимээгүй явсан. Одоо өөрийг чинь асуухаар дэлгэрэнгүй ярья гэж бодож байна. Яагаад гэвэл Сүхбат аварга сая телевизийн нэвтрүүлгээр намайг танхай, мулгуу этгээд энэ тэр гэж ярина лээ. Би өөдөөс юм яриад байгаа хүний яриаг сонссондоо мулгуу гэж хэлүүлсэндээ гомдолтой байна. Уг нь хүний үгийг сонсоно гэдэг соёл, хүндэтгэл шүү дээ. Тэр үед юу ярьсан гэхээр “чи надад буугаад өгчих, өнгөрсөн жил нь би түрүүлсэн. Энэ жил түрүүлбэл аварга болно. Дараа нь би чамд хоёр жил дараалан бууж өгнө” гээд байсан. Чи юу яриад байгаа юм бэ, бууж өгөхгүй барилдъя гэхээр дахиад урдаас нөгөө яриагаа яриад барилдуулахгүй байсан. Хоёр дараалан бууж өгнө гэдэг чинь хоёр жилийн наадмаа миний төлөө зориулна гэсэн үг байх нь ээ. Тэгсэн дахиад л өөр юм ярьж эхэлсэн. Тэр жил манай дүү зургаа даваад улсын харцага цол хүртсэн юм. Тэгсэн Сүхбат, “дараа жил би дүүг чинь улсын заан болгож өгнө, тэгээд чамд хоёр жил дараалан бууж өгье” гэсэн. Үндсэндээ намайг бууж өгвөл тэр хүн өөрийнхөө гурван наадмыг золиосолно гээд байсан. Ингэж ярьсаар миний төвлөрсөн төвлөрөл бүх анхаарлыг сарниулчихсан. Энэ бол бөх хүнээс гарамгүй хорон муухай заль л даа. Тэгээд зогсож байснаа гэнэт хөл аваад хаячихсан. Одоо энэ ярилцлагыг уншсан хүмүүс тэр үеийн бичлэгийг эргээд үзээсэй. Санаж байгаа бол намайг давчихаад цаагаа явж дэвэхгүй, шууд намайг араас хүлж хоёр гараараа холбож тэврээд бөмбөртөл чичрээд зогсоод байсан. Тэгж л миний зорилго, бүтэн жилийн хөдөлмөр талаар болсон хэрэг. Тэгээд л би тавиулах гэж байхдаа тийм үйлдэл гаргасан. Энэ үйлдэлдээ би одоо болтол гэмшиж явдаг. Миний барилдсан хорин хэдэн жилд намайг дагаж явдаг ганц бараан сүүдэр бол энэ л дээ. Тухайн үед би наадмын талбай дээр ард түмнээсээ уучлал гуйсан. Гэсэн ч одоо болтол сэтгэлд бодогдож, харамсаж явдаг. Тухайн үед би залуу байсан. Нэг талаасаа сэтгэлийн хөдөлгөөн, барилдах гэж ирсэн урам зоригийг минь үгүй хийсэн болохоор үргэлжилсэн хөдөлгөөн хийсэн. Гэхдээ өшиглөөд нэг их сүйд болсон ч юм байхгүй л дээ.
-Тэгж өшиглөснөөс болоод л Сүхбат аварга гэмтэл аваад зодог тайлчихсан гэж зарим нь ярьдаг шүү дээ?
-/Инээв/ Үгүй л дээ. Өшиглөөд юу болсон, Сүхбат аварга яагаад зодог тайлсныг мэдэх нэг нь мэддэг л юм. Удахгүй нийтээрээ мэддэг болно биз дээ. Тэр тухай би яриад яах вэ. Харин би чиний энэ ярилцлагаар тэр жилийн үйлдэлдээ ард түмнээсээ дахиад уучлалт гуйя. Яагаад гэвэл би болсон процессыг бараг анх удаа дэлгэрэнгүй ярилаа.
-Монгол төрийн наадам болох гэж байхад ард түмнээ хоёр талцуулж байгаа нь харамсалтай. Одоо Архангай, Төв аймаг гэсэн нэг ялгарал, аягүй бол А.Сүхбатыг дэмждэг Ардчилсан нам, таныг дэмждэг МАН-ынх гээд улс төрийн талцал болоод явах нь ээ?
-Миний үнэхээр санаа зовж байгаа зүйл бол энэ. Наадам дөхчихсөн энэ үед ийм асуудал үүсэж байгаад би үнэхээр харамсаж байгаа. Уг нь асуудал үүсгэж, босгоод байх ч зүйл биш гэж би хувьдаа бодож байна. Хууль дүрмийнх нь дагуу бидний эрэмбийг тогтоогоод, ном журмынх нь дагуу байхад энд ингэж асуудал үүсэхээргүй л байгаа юм. Өнөөдөр бөхчүүдийг талцуулж, хуваах, хагалах гээд асуудал үүсээд байгаад би үнэхээр харамсаж сууна. Намчирхах үзэл гэдгийн тухайд бол Цагаан дарга баяр наадмын комисс дээр орж ирж Сүхбат урд нь гарах ёстой, Өсөхбаяр тэгэх ёстой гэж ярьж явах ямар шаардлага тэр том даргад байгаа юм бол би мэдэхгүй байна. Тэр хүн баяр наадмын комиссын гишүүн биш, Ерөнхийлөгчийн тамгын газар бөхчүүдийн эрэмбийг тогтоодоггүй гэдгийг л мэдэж байна. Миний сонссоноор бол Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь “Ерөнхийлөгч хуулийн өөрчлөлтийн дагуу энэ хоёр хүнд цолыг нь өгч байна. Харин тэр эрэмбэ дарааг нь бөхийн холбоо өөрийнхөө хууль дүрмээр шийднэ шүү” гэж хэлсэн юм гэсэн.
-Насны хувьд ч тэр, монгол бөхийн дээд эрэмбийг авчихсан өндөр цолтнуудын хувьд Сүхбат аварга та хоёрын энэ үйлдэл зөв үлгэр дуурайл мөн үү?
-Монгол бөх гэдэг маань өөрөө бичигдсэн, бичигдээгүй хуультай, монгол түмний уламжлалт том соёл шүү дээ. Хэдэн мянган жил монгол түмэн өөрсдийнхөө амьдрал, ёс заншлаас ургуулж, хэв маяг, дэг жаяг, ёс суртахуун, ноён нуруу гээд эерэг болгоноо шингээсэн том өв соёл. Монгол бөх маань олон зуун мянган жил хөгжиж ирсэн. Тэрийг нь үе үедээ төлөөлөн авч үлдэж, залгаж, дараагийнхаа үед монгол бөхийнхөө нэр хүндийг ариун сайхнаар нь хүлээлгэж өгөх давхар үүрэг бидэнд бий. Дархан аварга, аварга цолтой бөхчүүдэд ийм үүрэг бүр их бий гэж би боддог. Тэр үүргээ биелүүлчих юмсан, үйл хазгай гишгэчихгүй юмсан, үг хазгай хэлчихгүй юмсан, залгаж гарч ирж байгаа монгол бөхийнхөө залуучуудад бөхийн ёс, жаягийг зөв талаас нь ойлгуулж, дараагийнхаа үед монгол бөхийг нэр цэвэр үлдээх юмсан гэх чин хүсэл надад бий. Би тэр үүргээ биелүүлнэ, чадна ч гэж бодож байгаа. Миний өнөөдрийг хүртэл залуучуудтайгаа барилдаад яваа нь би өөрийгөө өдий хүртэл биеэ зөв авч явлаа, цаашдаа ч бас хэдэн жил залуучуудтайгаа барилдах чадал байна гэж бодож байгаагийнх. Тийм хүсэл ч байна. Ер нь бол наадам дөхчихсөн энэ үед ийм зүйл ярьж байгаа нь асар харамсалтай. Удахгүй төрийн наадам болох гэж байна. Төрийн наадам гэдэг маань төвшин сайхан болох ёстой. Тийм ч болох байх гэж би дотроо бодож байна. Тэгэх ч ёстой.
-Надад бол тодорхой бизнес алга. Гучаад жил спортоор хичээллэж, Монгол бөхийн хамгийн том цолонд хүрлээ. Өнөөдөр би Зэвсэгт хүчний спорт хороог удирдаад аваад явж байна. Миний амьдрал бол ерөөсөө л спорттой холбоотой. Өөр тийшээ ер хазайгаагүй, спортдоо, үндэсний бөхдөө л үнэнч явсаар өдийн хүрлээ.
-Ямар нэгэн намын гишүүн мөн бил үү?
-Би цэргийн мөрдэстэй хүн шүү дээ. Тэгэхээр нам бус байх ёстой. Надад бол бизнесийн, улс төрийн гээд олон төрлийн олон санал, боломжууд гарч байсан. Тэр болгонд би автаагүй өдий хүрч, нэг зорилгынхоо төлөө л явж байгаадаа баярладаг юм. Би хүүхэд байхаасаа эхлүүлээд спортоор хичээллэсэн, сурсан зүйлээ өнөөдөр нийгмийн сайн сайхны төлөө зориулж, ирээдүйн тамирчин залуучуудаа бэлдэхэд зориулаад л явж байна.