Open iToim app
Нийгэм | 7 мин уншина

Даншгийн түрүү бөхийг 8 саяар байлж, айргийг НҮБ-д бүртгүүлнэ

Даншгийн түрүү бөхийг 8 саяар байлж, айргийг НҮБ-д бүртгүүлнэ
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 21
Өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамбын дүрд тодруулж Баторшил өргөх Даншиг наадмыг хийж Халх долоон хошуу нэгдэж анх удаа наадам үүсэж байсан түүхтэй.
Энэ түүхэн үйлийг 1995 онд дахин сэргээж, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойг гэгээнтний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйлийн хөндийд зохион байгуулж байсан бол 2005 онд 370 жилийн ойг тус аймгийн Хархорин суманд тэмдэглэж байжээ.  Энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг Засгийн газрын шийдвэрээр ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг наадам, Төвийн бүсийн хурд 2015 наадам энэ сарын 24-26-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно.
Монгол Улсын эртний нийслэл, Өндөр гэгээний гол бүтээлүүдээ туурвиж байсан нутаг гэдэг утгаар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумыг сонгосон бөгөөд энэ жил Хархорин суманд зуншлага сайхан байгаа юм байна. Даншиг наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, шашин үйлтэй холбоотой үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариуцан зохион байгуулж байгаа аж.

Баторшил өргөх Даншиг наадамд улс аймгийн цолтой 512 бөх зодоглох юм байна.  Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаантай дүйцэх наадам болох юм. Харин цаг хугацааны хувьд мөн энэ сарын 22-24-нд Увс аймгийн 90 жилийн ой таарч байгаа учраас одоогоор улсын цолтой ямар бөхчүүд Өндөр гэгээний ойд барилдах нь эцэслэн тодроогүй байна. Баторшил өргөх Даншиг наадмын түрүү бөх найм, үзүүрлэсэн нь  таван сая төгрөгийн шагналтай юм байна.

 Даншиг наадмын үеэр Төвийн бүсийн хурд-2015 наадамд  зургаан насны морьд уралдах юм байна.  Мөн эрлийз морьдын уралдаан наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 24-ны өдөр болох юм байна. Ингэхдээ, эрлийз бага, дунд, дээд гэж ангилж гурван насны уралдаан зохион байгуулахаар болжээ. Эрлийз морьдыг монгол морьдтой хамт уралдуулдаг байдлыг арилгах байдлаар ингэж зохион байгуулж байгаа юм байна. Бай шагналыг уралдаан зохион байгуулсан өдөр гардуулна. Эрлийз морьдын уралдааны түрүү магнай хоёр сая төгрөгийн бай шагналтай.
Харин хурдан морины уралдаан дээд гурван нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдааны түрүү магнай найман сая төгрөгийн бай шагналтай бол доод гурван насны түрүү таван сая төгрөгийн шагналтай. Хязаалан насны морьд 18 км, шүдлэн 15 км, даага 12 км , азарга 22 км, соёолон 22 км, их нас 25 км зайд тус тус уралдах нь.
Сур харваа

Сурын харваа наадмын 25, 26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд улс аймгийн цолтой мэргэн харваачид цэц мэргэнээ сорих ажээ. Мөн урлаг соёлын томоохон арга хэмжээг зохион байгуулах юм.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадмын хүрээнд монгол айргийг НҮБ-ын соёлын өвд бүртгүүлэх ёслол зохион байгуулна. Монголын шилдэг айраг шалгаруулах ёслолыг энэ сарын 25-нд буюу даншиг наадмыг хоёр дахь өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
330 сая төгрөгийн үнэ бүхий хүндэтгэлийн хаалга

 Төвийн бүсийн хурд Даншиг наадмыг тэмдэглэхэд 500 сая төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд үүний 149 сая төгрөг нь Даншиг наадмын ба шагнал зарцуулж байгаа аж. Мөн бүтээн байгуулалтын ажилд 200 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас 100 сая төгрөгийг зарцуулж байгаа юм.
Ойг угтаж Арвайхээр хотоос зүүн хойш 17 км, Онги голын гүүрнээс 3.2 км улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр хүндэтгэлийн хаалга сүндэрлүүлэв. Эл бүтээн байгуулалтыг өчигдөр Өвөрхангай аймгийн удирдлагууд хүлээн авч, нээлтээ хийжээ. Энэхүү хүндэтгэлийн хаалга нь 23.9 метр урт, 2.4 метр өргөн 14 метр өргөнтэй. Түүнчлэн автомашин гарах өндөр нь 7.6 метр, хаалган дээр Монгол Үндэсний өв уламжлалыг харуулсан хээ угалз, монгол гэрийн хэлбэрийг санагдуулам нуман арзаар чимэглэжээ. Хаалганы дээд талд жаргалын найман морь, цагаан бөлбөө цэцгэн дээр Өндөр гэгээн Занабазарын мөнхийн бүтээл “Соёмбо”-ыг байрлуулжээ. Хаалганы хажууд авто машины зогсоол, сүүдрэвч, гэрэлтүүлэг явган хүний зам гаргасан байна. Уг хүндэтгэлийн хаалгыг 330 сая төгрөгийг хийж гүйцэтгэсэн бөгөөд хоёр сарын хугацаанд барьжээ.

Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойн хүрээнд Даншиг наадам зохион байгуулахаас гадна 30 минутын түүхэн баримтат кино хийх, төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгох, бэсрэг наадам хийх, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлан, бүтээлийн музей байгуулах, даншиг наадам зохион байгуулах ажлыг хийж байгаа юм байна.
УИХ-ын тогтоолоор Өндөр гэгээн бүтээлийн музей байгуулахаар болсон билээ. Одоогийн Лениний музейг 2.7 тэрбум төгрөгөөр засварлаж, Өндөр гэгээний бүтээлийн музей байгуулах ажил эхэлсэн. Өндөр гэгээний өөрийнх нь мутрын бурхад Богдын музей, Эрдэнэ зуу хийд зэрэг олон газарт байдаг. Тиймээс бүгдийг нь нэг музейд цуглуулж, олон нийтэд тэр дундаа жуулчдад нээлттэй үзүүлэх юм байна. Мөн ойн арга хэмжээний хүрээнд
Өндөр гэгээний өөрийнх нь мутрын бурхдыг ЮНЕСКОД-д бүртгүүлэх ажлыг энэ онд хийхээр төлөвлөж байна.

Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт байрлах Мандаа толгой хэмээх газарт өнгөрсөн бямба гариг буюузуны адаг сарын шинийн 2-ндӨндөр гэгээн Занабазарт гэрэлт хөшөө босгон аравнайллаа.
Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт гэрэлт хөшөөг нь анх удаагаа босгож, энэ үеэр тус сумын Шувуутын голын хөндийд нутаглаж байсан Хадын Чулууны үр хүүхдүүд Алтан ганжуур судрыг 108 ширхгийг бүтээлгэн Өндөр гэгээний мэндэлсэн газрын хийд Чогчин дуганд хандивлажээ. Мөн гэрэлт хөшөөний нээлтэд зориулж “Огторгуйн цагаан гарьд” бага даншиг наадмыг зохион байгуулсан юм байна.

Өндөр гэгээн Занабазарын түүхэн товчоон
Өндөр гэгээн Занабазар нь алтан ургийн удам, түшээт ханы хүү. Тодруулбал, тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан өндөр гэгээний таван настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.
Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан соёлын нэрт зүтгэлтэн юм.
Занабазар 1686онд шинэ үсэг "Соёмбыг" зохиож байсан түүхтэй. Шинэ үсэг нь гурван хэлний авиа зүйн ялгааг бүрэн харуулж чадсан- санскрит, төвд ба монгол. Энэ нь одоо хүртэл гоёл чимэглэлийн зорилгоор Монголын буддистууд ашиглаж байна. Энэ бэлгэдэл XVII зууны Монгол Улсын билиг тэмдэг болж, одоо үед Монголын далбаан дээр байрлаж байна.
Мөн уран баримал, олон бурхдыг бүтээснээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн Очирдара бурхны хөрөг, Язгуурын таванбурхны хүрэл баримал, Найман мөнгөн суварга зэрэг бүтээлүүдийг өрнө дорнын соёлт орнууд шагшин үнэлж, дэлхийн хэмжээний соёл урлагийн бүтээлд бүртгэн хамгаалдаг. Өндөр гэгээний, хүний эрхий хурууны өндөгний чинээн эрдэнийн чулуугаар 16 Найдан бурхныг бүрэн багтаан сийлсэн нь дэлхийн соёл урлагт үнэт өв болж буй.
Түүний шашин, соёл урлагийн салбарт туурвисан бүхнийг дурдаад байвал дуусашгүй юм. Түүний монголын төрд оруулсан хувь нэмэр ч түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Манж Чин улсын дарангуйллаас Монгол Улс тайван замаар тусгаар улс болж гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан талаарх түүхэн баримтууд байдаг юм.
Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 наадмын хөтөлбөр
2015 оны 7 дугаар сарын 24-ний Баасан гариг
10.00-18.00 Зочдыг хүлээн авч, байрлуулах
10.00-13.00 Эрлийз бага насны морьдын уралдаан
13.00-16.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан
16.00-20.00 Уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах
20.00-22.00 Даншиг наадамд зориулсан шашин, урлагийн цэнгүүн
7 дугаар сарын 25-ны Бямба гариг
07.00-10.00 Азарганы уралдаан
10.00-20.00 Даншиг наадмын сурын харваа
11.00-12.30 Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/
12.30-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13.00-16.00 Их насны морьдын уралдаан
16.00-18.00 Шүдлэн насны морьдын уралдаан
17.00-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
18.00-20.00 Дааган насны морьдын уралдаан
21.00-24.00 “Өндөр гэгээн-380” урлагийн тоглолт, ёслолын буудлага
7 дугаар сарын 26-ны Ням гариг
07.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан
10.00-13.00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
10.00-16.00 Сурын харваа
11.00-14.00 Хязаалан насны морьдын уралдаан
14.00-16.00 Хүчит бөхийн барилдааны тав, зургаагийн даваа
16.00-17.00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах
17.00-19.00 Хүчит бөхийн барилдааны долоо, найм, есийн даваа
19.00-20.00 Даншиг наадмын хаалтын арга хэмжээ
Жич: Даншиг наадмын бөхийн барилдааны үеэр урлагийн тоглолт, шашны арга хэмжээ, Монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан тус тус зохион байгуулагдана.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн