Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Дампуурал зөвхөн Х.Баттулгад, эс дампуурал нь ганц Ж.Оджаргалд ашигтай хэрэг үү

Дампуурал зөвхөн Х.Баттулгад, эс дампуурал нь ганц Ж.Оджаргалд ашигтай хэрэг үү
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 28
Баримт-1
Тавантолгойн ордын Ухаахудагт үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” буюу Mongolian Mining Corporation /ММС/ компани “BNP Paribas” болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан 600 сая ам.долларын зээлийн хүүгийн төлөлт болох 93 сая ам.долларыг гуравдугаар сарын 22-нд хийх ёстой ч хугацаанд нь хийж чадахгүй болсон талаар Bloomberg агентлаг мэдээллээ. Хонконгийн хөрөнгийн бирж “ММС” компани 600 сая ам.долларын зээлийн хүүг төлбөрийг хугацаандаа хийж чадаагүй учир дефольт болсныг гуравдугаар сарын 23-нд зарлав.
Баримт -2
Гэрээ ёсоор хуваарийн дагуу бол “ММС” компани 600 сая долларын бондын хүүгийн төлөлт болох 26.3 сая долларыг маргааш буюу 2016 оны гуравдугаар сарын 29-нд хөрөнгө оруулагч талд төлөх ёстой.
Баримт-3
Bloomberg агентлагийн мэдээллийг “Энержи ресурс”-ийнхэн өөрсдөө үгүйсгээгүй нь гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харагдана. Гэхдээ тэд гарц хайж эхэлснээ мэдэгджээ. Тодруулбал, “ММС” компанийн зүгээс зээлдэгч нартай зээлийн бүтцэд буюу зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж, анхны гэрээнд өөрчлөлт оруулах яриа хэлэлцээр хийж эхэлжээ. Ингэснээр зээлийн хүүгийн эргэн төлөлт хийх хугацааг өөрчлөх боломжтой болох юм. Хэрвээ хөрөнгө оруулагч нартай тохиролцоонд хүрч чадвал цаашид компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр “бонд эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын сан, BNP Paribas болон ICBC банкуудтай уулзаж санал бодлоо солилцож байна. Талууд компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулах дэмжиж, менежментийн тавьсан саналыг харгалзан тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлжээ.
Баримт -4
Өнөөдрийн бодит байдал дээр компани дампуурснаа зарлаж, үйл ажиллагаагаа зогсоож, олон мянган хүн ажилгүй болсон зүйл байхгүй. Харин Bloomberg агентлаг болон Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн эх сурвалжаас иш татан зарим хүн үйл явдлыг илт гуйвуулан, дампуурсан мэтээр зориуд тарааж буй. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээл дээр үүссэн эдийн засгийн асуудлыг дотоодын талцал, маргаандаа нөгөө тал нь ашиглаж байгаа нь бодит үнэн юм. Эндээс хоёр л асуулт гарна.
Нэгд, ММС үнэхээр дампуурах гээд байгаа юм уу?
Хоёрт, ММС компани дампуурвал хэн, хэр олон хүн хожих юм бэ? Зөвхөн З.Энхболд, Х.Баттулга нарын хослол хожих юм уу. Харин дампуурахгүй үлдвэл ганц MCS, Ж.Оджаргал хожиж, бусад нь хохирч үлдэх гээд байгаа юм уу.
“Гаүли” компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “ ММС компанийн дампуурлыг ярихад эрт байна. Санхүүгийн боломжууд гарахыг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээр амжилтад хүрнэ гэдгийг яг баталж чадахгүй байгаа учраас эрсдэлтэй” гэжээ.
Өнгөрсөн онд Хятадын “Winsway Enterprises” компани зээлийн хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлөх чадваргүй болсноо мэдэгдэж, бонд эзэмшигчтэйгээ өрийн бүтцээ шинэчлэх болсон байна. Гэхдээ өдийг хүртэл хөрөнгө оруулагч нартай тохиролцоонд хүрч чадаагүй байгааг харахад ийм төрлийн хэлэлцээр нэлээд сунжирдаг бололтой юм. Тэгэхээр “ММС” компани зээлдүүлэгчтэйгээ богино хугацаанд, ганц хоёр хоногтоо багтаж тохиролцоонд хүрэх магадлал бага ажээ. Хугацаа алдах тусам компанийн алдагдал нэмэгдэж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд хүндрэл үүснэ. Магадгүй хэлэлцээрийг улам сунгаж, сунжруулж байгаад өртэй нөгөө талаа өөрийн хүслээр баглах нь мөнгөтэй хүний, мөнгөтэй компаниудын арга ч байж мэдэх.
“ММС” компанийн хувьд жилийн өмнөөс түүхий эдийн үнэ ханшаас шалтгаалан санхүүгийн байдал нь хүндэрч байгааг шинжээчид анхааруулж байлаа. Тухайлбал, 2012 онд нэг тонн коксжих нүүрсний үнэ 155 ам.долларт хэлбэлзэж байсан бол өнөөдөр 40-50 ам.доллар болж үнэ 70 гаруй хувиар буурсан. “Энержи ресурс” компани нүүрсний зах зээлийн ид оргил үед жилд 500-550 сая долларын ашигтай ажиллаж байв. Өнөөдөр энэ орлогынхоо 1/3-д хүрэхгүй байгаа. Орлого нь тогтмол буурч өнөөгийн нөхцөлд хүрээд буй. Ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын өр зээлтэй ажиллаж, өнгөрсөн жилээс санхүүгийн байдал нь улам хүндэрч, Хонконгийн хөрөнгийн бирж дээр “ММС” компанийн хувьцааны ханш тасралтгүй унаж байлаа. “ММС” компани ээлийн эргэн төлөлтөө хийх чадваргүй болж магадгүй гэсэн мэдээллийг энэ сарын эхээр Хонконгийн хөрөнгийн биржээс гаргасны дараагаар хувьцааны ханш нь унаж болох хамгийн доод төвшинд хүрсэн гэж хөрөнгө оруулалтын шинжээчид дүгнэсэн. Гуравдугаар сарын 24-ний өдөр “ММС” компанийн ханш -4.44 хувиар буурч 0.002 хонконг доллар болжээ. Жилийн өмнөхтэй нь харьцуулахад хувьцааны ханш 84 хувиар буурсан нь энэ. Компанийн зах зээлийн үнэлгээ гурван тэрбум ам.доллараас 30 сая болтлоо унаад байгаа. Ийм хүндрэлтэй нөхцөлд “ММС” компанийнхан дахин босохын тулд хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна.
Санхүүгийн ийм хүндрэл ганцхан “Энержи ресурс” компанид тохиолдсон юм биш. Нүүрс импортолдог ихэнх орны нүүрсний компаниуд ар, араасаа шилээ даран дефольт зарлаж байна. Индонез, АНУ, Австрали, Хятадын олон компани зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй дефольт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Нэгэн цагт Тавантолгойн тендерт шалгарч, дэлхийн нүүрсний салбарын акулуудын нэгээр нэрлэгдэж байсан АНУ-ын Пибоди компани 6.3 тэрбум ам.долларын зээлийн хүүгийн төлбөрөө хугацаанд нь барагдуулж чадахгүйгээ мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт дампуурах дээр тулснаа зарлалаа. БНХАУ-ын эдийн засгийн сааралтаас болж тааврын зах зээл дээр нүүрсний үнэ унасаар байна. Хамгийн хямд зардлаар ажилладаг Австрали, АНУ-ын нүүрсний компаниуд их хэмжээний алдагдалд орж зах зээлээс гарч байгаа мэдэгдэж байна.
Нүүрсний гол импортлогч улс болох БНХАУ-ын нүүрсний болон төмрийн хүдрийн компаниуд хүндэрч дефольт болох эрсдэлтэй байгаагаа мэдээлсэн. Тийм учраас БНХАУ-ын Ерөнхий сайд нүүрс болон төмрийн хүдрийн ханш унаж байгаа энэ үед төрөөс тусгай сан байгуулж, алдагдалтай ажиллаж байгаа компаниудаа дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.
Гэтэл манайд эсрэгээрээ нийгмийн зарим хэсэг алга ташин хүлээж авах шинжтэй. “Энержи ресурс” бол улсын төсөвт жилд 200 гаруй тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж 2200 гаруй өрхийг ажлын байраар хангаж, санхүүгийн орлоготой байлгадаг том компани. Өнгөрсөн хугацаанд Ухаахудагт томоохон дэд бүтэц байгуулсан. Төсөвт хамгийн их жин дарж, эерэг нөлөө үзүүлдэг гэдэг утгаар Монгол Улсын эдийн засаг, төсвийн тулгуур компаниудын нэг. Тийм учраас “Энержи ресурс”-ийг тойрсон “MMC”-гийн тухай Хонконгоос ирж байгаа мэдээ бол Монгол Улс, монголчуудын хувьд муу мэдээ. Хэрвээ ийм их татвар төлдөг, ингэж олон мянган хүнийг ажлын байраар хангадаг компани дампуурвал Монголын эдийн засагт цусны эргэлт саарсантай адил сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэв “Энержи ресурс” дампуурвал гишүүн Х.Баттулга, З.Энхболд нарын хожиж болох юм. Гэхдээ Монгол Улс, монголчууд хожихгүй. Үүнийг бизнес хийж мөнгө босгож үзсэн Х.Баттулга гишүүн мэдэхийн дээдээр мэднэ. Түүний “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг хүндэрч, дампуурлаа мэдээллийг зориуд, зохион байгуулалттай тараавал Х.Баттулга гишүүнд сайхан сонсогдохгүй. Үүний нөгөө төлд “Энержи ресурс”-ийг дампуурахгүй үлдсэнээр тэндээс ганц MCS, Ж.Оджаргал хожихгүй. Монгол Улс, монголчууд хожно. Бизнесээ, улстөрийн эрх мэдлээ булаацалдсан бүлэглэлийн цаана Монгол Улсын, монголчуудын гэх том эрх ашиг бий. Тэр эрх ашиг дотор Х.Баттулгын, Ж.Оджаргалын ч эрх ашиг, сонирхол багтаж явах учиртай. Бизнесийн булаацалдаан, улстөрийн эрх ашгийн өрсөлдөөн дундаас тэдний нэг нь хожиж, нөгөө нь хожигдож болно. Харин Монгол Улс, монголчууд хожигдох ёсгүй. Тэр утгаараа “Энержи ресурс”-ийг авч, аварч үлдэх нь Монгол Улсын эдийн засгийн эрх ашиг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн