Open iToim app
Нийгэм | 9 мин уншина

​Ц.Дамдинсүрэн гуайнхаа гэр музейд

Нийтэлсэн 2015 оны 10 сарын 23
Саяхан ОХУ-д эрдэм шинжилгээний хуралд оролцох ажлаар очлоо. Элчин сайдын яаман дээрээ ирж очих замд Москвагийн төвийн хуучны хэдэн өндөр байшин заавал харагддаг. Тэднийг С.Банзрагч найз маань зааж энэ чинь нөгөө академич Тихомировын байшин гэдэг чинь шүү дээ гэв. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн төв байр, Громыкогийн өндөр гэдэг ЗСБНХУ-ын үеийн, одоогийн ОХУ-ын Гадаад хэргийн яамны байшин, “Украин” зочид буудал, эрдэмтдийн байшин, урлаг, соёлын зүтгэлтнүүдийн гээд нэг янзын зураг хийцээр барьсан Москвагийн чимэг гэгддэг байсан хэдэн байшинг уул нь би мэдэх юм. Гэсэн ч Тихомировын гэдэг чинь юу билээ гэвэл Банзрагч:
- Яагаав “Москва нулимсанд дургүй” кинон дээр гардаг Тихомировын байшин байхгүй юу. Оросууд их айхтар хүмүүс. Дээр үеийнхээ гараа гарган барьсан долоон өндрийнхөө хоёр гоё байшинг эрдэмтэд, урлаг, соёлынхондоо орон сууц болгож өгсөн байгаа юм гэв.
Алдартай эрдэмтдийн амьдарч байсан энэ байшинд нэлээд олон гэр музей байгаа даа гэж бас бодогдсон. Манай Элчин сайдын яамны ойролцоо гэхэд Марина Цветаевагийн гэр музей байхыг түүгээр явахдаа харсан учраас ингэж санагдсан ч байж болох юм.
Оюутан байхдаа 1978 оны зун Германы Ваймар хотод явж байгаад Гёте, Шиллэр нарын гэр музейд анх орж үзэж байлаа. Эдгээр алдартай зохиолчдын амьдарч байсан байр эздээ төлөөлөн маш ихийг ярина. Өрөө тасалгаа, ор дэр, номын сан, ажлын ширээ, сандал, бэх, зохиолын гар бичмэл, ханын цагаас нь эхлээд бүх зүйл сонин содон , бодоод үзэхээр уяралтай байлаа. Түүнээс хойш ч олон хүний амьдарч байсан гэр оронд байгуулсан музейг үзэж сонирхож явжээ.

Гэхдээ миний хувьд аль ч газрын хэний ч музейгээс хамгийн ойр дотно, бүлээн дулаан санагддаг нь манай Ц.Дамдинсүрэн гуайн гэр музей юм. 1991 оны хавраас эхлэн Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлаар, цаашлаад Ардын Их Хурлаар хэлэлцэж байхад Төрийн бэлгэ тэмдэг, Төрийн дуулалтай холбоотой асуудал яригдаж, миний бие Төрийн дууллын үгнээс гурав дахь бадгийг нь хасах зөвшөөрлийг Дамдинсүрэн гуайн охин А.Д.Цэндийнагаас авах даалгавартай аавынх нь гэр музейд анх очсон юм. Очоод байх ч юу байхав, ердөө ойрхон Төрийн ордны хойд талын байшин буюу Засгийн газрын иргэдийг хүлээн авах байрны дээд давхарт байдаг музей л дээ. Үдийн цайгаараа ч яваад орчихно. Өмнө нь тэднийх рүү Цэндийнатай утсаар ярьсан тул шууд л ажил хэргийн яриа хөөрөөндөө орж явчихлаа. Түүнтэй ярьж байх хоорондоо Дамдинсүрэн гуайн өрөөний ханаар эгнэсэн номын шүүгээн дэх номууд, бичгийн ширээн дээрх гар бичмэлүүд дээр л хараа тогтоод байлаа. Төдөлгүй бид хоёрын албаны шинжтэй яриа дуусч, хэл амаа дорхоноо ололцон, би авч ирсэн бичгээ арай жаахан өөрчилж ирээд зөвшөөрсөн гарын үсгийг нь зуруулахаар болов.
Ингээд гэр музейн ажилтан Ц.Дамдинсүрэн гуайн шавь, судлаач Р.Отгонбаатар, доктор А.Д.Цэндийна бид гурав энгийн сайхан ярьж хөөрч саатсан юм. Гэр музейд гэхээсээ илүү Ц.Дамдинсүрэн гуайнд л орж ирээд сууж байгаа, өвгөн дөрөвдүгээр дэлгүүр лүү талханд гарсан уу эсхүл өөдөөсөө харсан холбооны 46-р салбараас сонин, сэтгүүл авах гээд түр гараа юу гэсэн шиг бодогдохоор байв.
Би Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг олон удаа харсан. Харамсалтай нь мэндэлж, үгийн солио хийж чадаагүйдээ харамсаж явдаг юм. Талбай буюу Ленин клубын автобусны буудлаас Их сургууль руугаа явж байхад Төрийн ордны зүүн талаар Б.Ринчен гуай урт дээлэн дээр өргөн бүс бүсэлчихсэн тайван алхаж явахтай тааралддагсан. Ц.Дамдинсүрэн өвөлд нь малгайныхаа чихийг буулгачихсан, торонд жаахан хүнсний зүйл хийгээд барьчихсан байшингийнхаа гулдан хаалга орж явах юм уу, том хүрэн бичгийн цүнх барьчихсан гарч явахтай нь тааралдаж байлаа.
Их сургууль дээр орон нутгийн Хурлын сонгуулийн хэсгийн санал авах байран дээр жижүүр хийж хоноод, өглөөний 5:30-д толгойгоо сэргээх санаатай Төрийн ордны арын цэцэрлэгт алхаж явтал ард хөлийн чимээ гарч, эргэж харвал Ц.Дамдинсүрэн гуай маань биеийн тамирын цэнхэр өмд цамцтай хажуугаар гүйгээд өнгөрөв. Энэ бол 1982 оны явдал. Дараахнаар нь манай Их сургуулийн хоёр ахмад багш алхаж явахтай таарч, Дамдинсүрэн гуай гүйгээд өнгөрөх шиг боллоо. Би буруу харав уу, зөв харав уу гэвэл Да багш миний мэдэхийн лав хорь гаруй жил өглөө болгон энд гүйдэг юм. 70 гарсан хүн шүү дээ. Мань ч салхинд гарч, алхахаас хэтэрдэггүй юм. Залуус та нар эрт босч байж л жаахан юм сурна даа гэж билээ.
Ер нь би Дамдинсүрэн гуайнхаа музейд нэлээд хэдэн удаа орсон юм. Их эрдэмтний номон дунд жирийн л нэг бичгийн хүний амьдралаар амьдарсан даруухан өрөөнүүдээр нь орж ном, бичгийнх нь дээжийг барьж үзэн өмнөө тавьсан зорилготой амьдрахын утга учрыг бодолхийлэн, номд шунан дурлах ёстой юм байна гэдгийг тэр олон боть номноос нь аргагүй ухааран амьдралын аар саар зүйлд бухимдаж явсан сэтгэл нэг л сайхан ариусч тайвшралыг олоод гарах шиг болдог байв.

Намайг Шинжлэх ухааны академид байхад хэл зохиолын хүрээлэнгийн нэгэн ажилтан надад Ц.Дамдинсүрэн гуай чинь эцэг Цэндийгээ өртөө хийж явахад Өвөрхангайн Гарьдын хаданд төрсөн юм гэнэ лээ гэж ярьсан юм. Гэр музейд нь ороод байхад тэр бүхэн санаанд орж Р.Отгонбаатарт сонссоноо ярихад талийгаач багш маань Матадад төрсөн газраа л ярьж байснаас энэ тухай ярьж байгаагүй гээд халгаагүй юмдаг. Дараа нь сонссон дуулснаа мухарлах сониуч зандаа хөтлөгдөөд Ц.Дамдинсүрэн гуайн өөрийн гараар бичсэн гурван үеийн намтрыг нь уншиж үзэв. Түүндээ эцэг Цэнд 1882 онд Эрэгдэндонойн хоёрдугаар хүү болж төрсөн юм. Бага наснаас гэртээ монгол бичиг заалгаж, сайн бичээч болжээ. Матад хошууны тамгын газар ба Сэцэн хан аймгийн чуулган даргын жасаанд олон удаа бичээчийн алба хааж явсан байна. 1908 оноос 1911 он хүртэл Өвөрхангайн Гарьд гэдэг газарт Халхын хорин гэдэг өртөө хийж байжээ. Тэнд өртөөний албыг сайн хийлээ гэж сул залан жинс шагнасан байна гээд өөрийн намтарт “Цэндийн Дамдинсүрэн би Цэнд бичээчийн хоёрдугаар хүү болж 1908 онд Матад суманд төрсөн, жинхэнэ халх, малчин ард гаралтай, тайж Жамъянгаравын хамжлагын хүн билээ” гэж бичсэнээс үзвэл Дамдинсүрэн гуай өртөө хийсэн жил юмуу түүний урд жил нутагтаа төрж үлдсэн, эцэг Цэнд нь бага эхнэр Хандыг аваад явсан юм байна гэдгийг мэдсэн билээ.
Ц.Дамдинсүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ойг хэдэн жилийн өмнө тэмдэглэсэн билээ. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гэсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болох үеэр Д.Цэндийнатай манай өрөөнд хууч хөөрөх үеэр Ц.Дамдинсүрэн гуай 1908 оны IX сарын 14-ний өдөр буюу арван тавдугаар жарны улаагчин хонин жилийн намрын дунд сарын бар өдрийн бар цагт хуучны Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн (Матад хан уулын) хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутаг билүү чулуу ихтэй “Билүүт” хэмээх хавцлын эхэнд “Баруун шанд” гэдэг газарт Цэнд мэйрэнгийн хоёрдугаар хүү болон төржээ хэмээн миний шавь Э.Пүрэвжав докторын “Их эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэн” номыг харуулж, 1908-1986 он гэхээр аав тань хий настайгаа 79 хүрсэн юм байна гэж яривал 80 хүрсэн байх аа, цаг үеэсээ болоод ганц нэг насны зөрүү байсан юм гэж билээ.
Хорь хүрээгүй насандаа бичсэн “Гологдсон хүүхэн” туужийг нь, хорин хэдхэн насандаа туурвисан “Буурал ижий минь”, “Зугаацахаар мордсон нь” шүлэг найргаар нь монголын үе үеийнхэн бичиг соёлд амалсан гээд бодохоор эх орныхоо шинэ үеийн уран зохиолын үндсийг тавигчдын нэг гэдэг нь хэнд ч ойлгогдоно. 1986 оны хавар Ц.Дамдинсүрэн гуайг тэнгэрт халихад Дэндэвийн Пүрэвдорж найрагч Монгол уран зохиолын их өргөөний хоймор дахь хааны сэнтий ханхайлаа гэж “Утга зохиол, урлаг” сонинд бичсэнийг уншиж байснаа би санаж байна.
Ц.Дамдинсүрэнгийн Монгол зөв бичих зүйгээр уншиж бичиж суран, орчин цагийн Монгол хэлэнд буулгасан “Монголын нууц товчоо”-г судалж, Орос-Монгол толийг элэгдтэл нь эргүүлж, яг л монгол уран зохиол шиг санагдтал нь орчуулсан “Алтан загасны үлгэр”, “Муурын байшин”-г нь уншиж явсан хүүхдийн нэг бол би. Тэгэхээр Ц.Дамдинсүрэн гуай бидний аав, ээжээс минь эхлээд ах, эгч, дүүс, үр хүүхдэд маань хамгийн “ойрхон” хүн байсан, байгаа, байх юм гэж бодогдсон.
Ц.Дамдинсүрэн гуайн гэр музейг 1988 оны наймдугаар сард МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн хамтарсан шийдвэрээр эрдэмтэн зохиолчийн амьдран сууж байсан орон сууцанд нь анхлан үүсгэн байгуулжээ. Эрдэмтэн зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн энэхүү орон сууцандаа 1951 оноос 1986 оныг гартал гучин таван жил амьдран аж төрж, ихэнх бүтээл туурвилаа бүтээсэн байна.
Тус гэр музейд Монгол, Төвд хэлээр бичсэн 5000 гаруй ном судар, гар бичмэл, дэлхийн олон хэлээр хэвлэсэн 5000 шахам ном, сэтгүүл хадгалагдаж байна. Энэхүү нэг түмэн номын дотор манай улсын номын сангуудад ч тэр болгон байхгүй, эрдэм шинжилгээний хувьд нэн сонирхолтой 200 гурай ховор нандин ном судар буй. Үүнээс гадна ардын уран зохиолч, их эрдэмтний өөрийнх нь гар бичмэл 50 хавтас материал, бусад хүмүүстэй харилцаж байсан олон зуун захидал, бурхан тахил зэрэг түүх, соёлын зүйлс нандигнан хадгалагдаж байгааг Монголын уран зохиолын лавлах тольд мэдээлсэн байна.
Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейн “Монгол ном” гэсэн анхны бүртгэлд 1450 ном бүртгэгдсэнээс 1263 монгол үсгээр бичигдсэн буй. Доктор Гаадамбын Билгүүдэй 1998 онд “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн Монгол номын бүртгэл”-ийн нэгдүгээр боть хэмээх бүтээлийг нийтлүүлжээ. Ц.Дамдинсүрэн гуайн гэр музейд ийм л ховор нандин ном судрууд байдаг байна.
Манай гэрийн номын санд Ц.Дамдинсүрэн гуайн бүтээлээс юу байдаг билээ гэж бас бодож билээ. Мэдээж хэрэг “Цэндийн Дамдинсүрэн”, “Бүрэн зохиол” гурван боть нь, Орос-Монгол толь нь, “Монголын уран зохиолын тойм” ном нь, “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршвой” (Монгол бичгээр) зэрэг нь байдаг. Энд харин сэтгэл зүрхээ зориулж долоо дугаар ангид байхдаа зэрэгцээ ангид сурдаг үеэл ах дүү Б.Бямбажав бид хоёр хэрэндээ хөөцөлдөн явж одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн зүүн залгаа хашаанд байсан номын худалдааны агуулахаас няравтай нь хуйвалдан Орос-Монгол толь бичгийн, дэд дэвтэрт хавсаргасан мянган оны харьцуулсан хүснэгийг олж авсан юм.
1969 онд 35 мянган хувь хэвлэгдсэн Орос-Монгол толь бичгийг нь худалдаанд дөнгөж гарсан тэр даруйд нь хавсралтыг нь түгээж болохгүй гэсэн даалгаврыг дээрээс өгч, хэвлэх үйлдвэрийн хашаанд уг хавсралтыг толь бичгийн араас наалтаар нь салган авч шатаасан тухай яриаг бид сонсоод хориотой зүйлийг нь үзэхээр шийдэн, худалдаанд шилжээд оччихсон эхний ээлжийн номонд үлдсэн байсныг нь олж авсан хэрэг.
Ц.Дамдинсүрэн гуай энэхүү харьцуулсан хүснэгтээ VIII Богд Жавзандамба хутагт (1869-1924), В.И.Ленин (1870-1924) хоёрын нас барсныг 1924 оны хүснэгтэд зэрэгцүүлж оруулсан, “Чингисийн аян дайн”-ыг, Далай лам, Банчин Богдын төрсөн, нас барсныг он дарааллаар оруулсан гэж буруутгагдан, арга хэмжээ авагдаж, шүүхээс төлбөр тавигдсан гэж тэр үед яригдаж байсныг санаж байна.
Ц.Дамдинсүрэн гуай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 1938-1940 онд шоронд сууж, үндсэрхэх үзэлтнээрээ дуудуулан, удаа дараа арга хэмжээ авагдаж зовлон туулсан ч эрдмийн оргилд хүрч чадсан гарамгай эрдэмтэн, Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, анхны академичийн нэг болсон юм.
Ц.Дамдинсүрэн гуайн 1962 онд бичсэн Балбар дархан гэдэг шүлгийн
Хахир говьд эрдэнэ бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хар авдранд ном бий
Хамаагүй басаж болохгүй
гэсэн бадгийг миний бие иш татах тун дуртай. МУИС-ийн төв байрны 320 хэмээх эрдмийн зөвлөлийн танхимын хойморт эрдмийн гурван том оргил Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан хэмээх гурван их багшийн цээж баримал тавиатай байдаг юм. 2000 оны хавар өчүүхэн миний бие энэ танхимд шинжлэх ухааны докторын зэргийн хамгаалалтад орж, илтгэл танилцуулгаа хийхээр индэрт гарахдаа энэ гурван багшид залбирч, мэхийн ёсолсноо хувь заяанд боддог юм даа. 2008 оны XI.25.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн