УИХ-ын гишүүн асан Дамба-Очиртой ярилцлаа.
-Таны хамгийн их ярьдаг Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барихаар Засгийн газар шийдвэр гаргажээ. “Эрдэнэтийн хүн”-ий хувьд та энэ шийдвэртэй санал нэгдэж байгаа юу.
-Намайг ямар утгаар “Эрдэнэтийн хүн” гэж байгааг мэдэхгүй байна. Ажиллаж, амьдарсан хугацаагаа тооцвол би “Эрдэнэтийн хүн” мөн. 1986 оноос хойш Эрдэнэтэд амьдарч байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбож байгаа бол засварчнаас нь эхлээд бүх шат дамжлагийг дамжиж орлогч захирал болтлоо энэ үйлдвэрт олон жил ажилласан. Тэгэхээр би Эрдэнэтдээ ч, “Эрдэнэт” үйлдвэртээ ч гэнэт ирдэг, ирээд буцдаг “нүүдлийн шувуу” байгаагүй. Харин зэс хайлуулах үйлдвэрийн тухайд холбож асууж байгаа бол би энэ үйлдвэрийг Эрдэнэтэд, “Эрдэнэт” үйлдвэрийг түшиж байгуулах ёстой гэж үздэг хүн. Тийм ч учраас 2008-2012 онд УИХ-ын гишүүн байхдаа зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд барих бүх л тооцоо, судалгаа, шийдвэрийг төр, засгийн төвшинд гаргуулсан. УИХ, Засгийн газрын тогтоол, ажлын хэсгийн дүгнэлт, судалгаа, ТЭЗҮ, технологийн асуудал, ашиг алдагдлын тооцоог хүртэл хийлгэсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд газраа сонгоод эрчим хүч, дэд бүтэц, усны асуудал бүгдийг нь шийдсэн. Сүүлд, Уул уурхайн яам зэс хайлуулах үйлдвэрийг барих зардал, бүх тооцоог хийгээд хамгийн ашигтай, зөв шийдэл нь Эрдэнэт юм байна гэдэг шийдвэр гаргасан байдаг юм. Гэтэл өөрөө намайг “Эрдэнэтийн хүн” гэж ёжилж асууж байгаа шиг, зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина гэдэг нь Засгийн газар Эрдэнэтийнхнийг, уул уурхайн мэргэжилтнүүдээ ёжилж байгаа юм болов уу гэж харж байгаа.
-Хамгийн наад захын жишээ гэхэд зэс хайлуулах үйлдвэртБор-Өндөрийн жоншийг ашиглана гээд байгаа. Хэрвээ тэгнэ гэвэл тээврийн өртөг зардал талаасаа “Эрдэнэт”-ийн 500 мянган тонн баяжмалыг Бор-Өндөр рүү зөөсөн нь дээр үү, эсвэл 100 мянган тонн жоншийг “Эрдэнэт” рүү зөөсөн нь дээр үү. Хоёрдугаарт, технологийн болоод дэд бүтцийн хувьд Эрдэнэт хот, Бор-Өндөр хоёрын аль нь илүү вэ. Гуравдугаарт, Бор-Өндөр 20 мянган хүн амтай, Эрдэнэт 100 мянган хүнтэй. Ингээд тоочвол ер нь яаж ч бодсон зэсийн баяжмалаа хажуудаа хайлуулах нь эдийн засгийн хувьд ч тэр, өртөг зардал талаасаа ч хамгийн ашигтай хувилбар. 500 мянга гаруй зэсийн баяжмалаас 100 мянга гаруй тонн цэвэр зэс гардаг. Тэгэхээр төмөр замаар Бор-Өндөр рүү 500 мянган тонн баяжмал зөөх үү, хажуудаа хайлуулаад 100 мянган тонн цэвэр зэсээ зах зээлдээ хүргэх үү гэдэг нь эдийн засгийн ашгийн хувьд хэнд ч ойлгомжтой. Өртөг шингээсэн бүтээгдэхүүний тээврийн зардал маш бага байдаг. Яагаад Бор-Өндөр болоод явчихсаныг ч би сайн ойлгохгүй байгаа. Энд улс төрийн шийдлүүд яваа байх. Бор-Өндөрөөс нэр дэвшсэн хүн тийш нь чангаасан ч юмуу, мэдэхгүй.
-Зэс хайлуулах үйлдвэр химийн үйлдвэр учраас хүн, байгаль орчин талаасаа Эрдэнэтийнхэнд хортой гэж үзсэн юм биш үү?
-Тэгээд Бор-Өндөрийнхөн ард түмэн биш юм уу, тэдэнд хамаагүй юу. Бор-Өндөр ч уул уурхай, жонш дагаж бий болсон хот. Эрдэнэт бол “Эрдэнэт” үйлдвэр дагаж бий болсон хот. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт сүүлийн үед хүн, амьтан, байгаль орчинд нөлөөгүй нарийн технологиуд гарсан. Тэр технологийг ашиглана. Сүүлийн үеийн химийн үйлдвэрт хүн амын бойжилтод сөргөөр нөлөөлдөг агаарт цацагдах хүхрийн хэмжээ байхгүй болсон. Хүхрийн хүчлийг 100 хувь хурааж авах бололцоотой болчихсон. Нарийн технологи гэж яривал хүхрийн хүчил бол өөрөө бүтээгдэхүүн. Хуурайгаар нь гаргаж авч болно. Хуурай хүхрийн хүчлийг ашиглаад барилгын материал, хөргөгчний ферон гэх мэтчилэн маш олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн хийдэг болсон.
-Тухайлбал, Эрдэнэт хот өөрөө Орхон-Сэлэнгийн бэлчирт ойрхон учраас ундны усны ай савд эрсдэлтэй гэж үзсэн гэж байгаа.
-Сэлэнгэ мөрөн Эрдэнэтээс 60-70 км-ийн цаана байдаг. Хамгийн сүүлийн үеийн технологиор барьсан байхад ямарч сөрөг нөлөөгүй. Харин ч хайлуулах үйлдвэрийг дагаад маш олон жижиг үйлдвэр бий болно. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Тэр олон жижиг үйлдвэрийг даах дэд бүтэц Бор-Өндөрт бий билүү гэдгийг бас бодох ёстой. Зөвхөн зэс хайлуулах үйлдвэрээр бүгдийг харж болохгүй. Зэс хайлуулах үйлдвэр бол ганцхан зэс хайлуулах зорилгогүй, Монголын эдийн засгийг тэтгэх олон жижиг үйлдвэрийн эхлэл, бааз суурь болох ёстой юм. Тэр бүх нөөц бололцоо, дэд бүтэц, технологи, боловсон хүчин Эрдэнэтэд л бий.
-Зэс хайлуулах үйлдвэрийг дагаж хэчнээн ажлын байр бий болох вэ?
-3000 гаруй ажлын байр бий болох тооцоотой. Дээрээс нь катодын зэс хийчихвэл зэс утас болон бусад дагалдах эцсийн бүтээгдэхүүнийг маш бага өртгөөр Монголдоо хийх боломжтой болно. “Эрдэнэт” үйлдвэрт 6000 хүн ажилладаг. Үүнээс илүү бололцоо, орон тоо байхгүй. Тэгвэл үйлдвэр дагаж бий болсон, 100 мянган хүнтэй энэ хотын бусад иргэн хаана ажиллах вэ. Бүгд л “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орохыг хүсдэг. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр шиг дахиад нэг том үйлдвэр яагаад бий болгож болохгүй гэж. Би УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэт”-ийн импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнийг Эрдэнэтдээ үйлдвэрлэх санал гаргаж, энэ дагуугаа аж үйлдвэрийн парк байгуулж, бүх татвараас нь чөлөөлөх хууль батлуулсан. Энэ нь олон тэрбум төгрөгийн хэмнэлт, цөөнгүй ажлын байр бий болгосон ч, ажлын байр талаасаа Эрдэнэтийнхний хүлээлтийг хангаж чадахгүй. Хамгийн том бүтээн байгуулалт, хамгийн олон ажлын байр бий болгох нь зэс хайлуулах үйлдвэр л дээ.
-Ер нь “Эрдэнэт” үйлдвэр баригдаад 40 жил болж байхад өмнө нь яагаад зэс хайлуулах үйлдвэр барих тухай ярьдаггүй байсан юм бэ. Оросууд зөвшөөрдөггүй байсан юм уу?
-“Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулахад л хажууд нь зэс хайлуулах үйлдвэрийг хамт барина гэдэг бодлого гаргасан юм билээ. Энэ тухай Орос, Монголын хамтарсан ажлын хэсгийн боловсруулсан тооцоо, дүгнэлт ч байдаг юм. Нэг л хүндрэл байсан. Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглаж бордоо хийнэ гэж. Гэтэл фосфоритын ордыг ашиглаж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ одоо энэ хүндрэл, хамаарал байхгүй болсон. Бордоо хийсэн, хийгээгүй хүхрийн хүчлийг нунтаг болгох эсвэл өөр бүтээгдэхүүн болгох боломжтой болчихсон. Ингэснээр заавал Хөвсгөлийн фосфоритын орд хүртэл төмөр зам тавих шаардлагагүй болж байгаа. Ер нь зэсийн үнэ унах бүрт л хайлуулах үйлдвэр барих нь яав даа л гэж бодогддог юм. Эцсийн бүтээгдэхүүн гаргаад явуулах нь хамгийн ашигтай байдаг. Намайг үйлдвэрийн орлогч захирал байхад зэсийн үнэ унаж 1300 доллар болж л байсан.
-Засгийн газрын тогтоолоор зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт гээд нэгэнт сонгоод шийдвэр гаргачихлаа. Үүнийг буцаах боломж бий юү?
-Би сайн мэдэхгүй байна. Засгийн газрын шийдвэр гарсан ч, мэргэжлийн хүмүүсийн тооцоо, судалгаа нь эцэслэж гараагүй байх. Миний хувьд тэдний үндэслэл тооцоонд итгэнэ, Эрдэнэтэд барих ёстой гэсэн шийдвэр дээрээ л хатуу зогсоно. Удахгүй сонгууль болно. Сонгуулийн дараа улстөрийн агуулга, улстөрийн зорилго нь байхгүй болохоор Засгийн газрын энэ шийдвэр цуцлагдаж магадгүй л юм.
-Таны хэлснээр зэс хайлуулах үйлдвэр барьж ажилгүйдлийг шийдэж болох юм байна. Үүнээс өөрөөр Орхон аймгийнхныг “Эрдэнэт” үйлдвэрээс хамаарах хамаарлыг яаж багасгах вэ. Жишээ нь, Эрдэнэт хотынхон “Эрдэнэт” үйлдвэрээс усаа авдаг юм билээ. Үйлдвэр зогсвол Эрдэнэтийнхэн ямарч гэсэн усгүй болох юм билээ?
-“Эрдэнэт” үйлдвэрээс ганц Орхон аймаг биш, Монгол Улсын амьдрал хамаардаг. Энэ үйлдвэр төсвийн бүрдүүлэлтийн ихэнхийг бүрдүүлдэг. Орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд ч маш их нөлөө үзүүлдэг. Би 2012 онд хууль санаачилж, “Эрдэнэт” үйлдвэрийн ашигт малтмалын татварын таван хувь, НӨАТ-ын 15 хувь, хүн амын орлогын албан татварыг 100 хувь Эрдэнэт хотод үлдээх шийдвэр гаргуулсан. Энэ хуулийн тусламжтайгаар Эрдэнэт хотыг хөгжүүлэх санд өнөөдөр жил болгон 40 тэрбум гаруй төгрөг орж байгаа. Ингэснээр Эрдэнэт хотын дэд бүтцийн асуудал, ажлын байр бий болгох асуудлууд, хөгжлийн асуудлууд, зам харгуй, гэрэлтүүлэг зэргийг төвөггүй шийдэж яваа. Тиймээс өнөөдөр Орхон аймаг “Эрдэнэт”-ээс хамааралтай нь яах аргагүй үнэн.
“Эрдэнэт” үйлдвэр зогсох асуудал бол байхгүй. Гэхдээ нэгэнт үйлдвэр дагасан хот учраас тэнд “Эрдэнэт”-ийг тойрсон олон үйлдвэр барих хэрэгтэй. Тэгж байж л ганц үйлдвэрээс хамааралтай байдлаасаа сална. “Эрдэнэт”-ийнхэн бол үйлдвэр дамжсан хүмүүс. Тэнд Эрдэнэт үйлдвэрээс огт хамааралгүй айл өрх бараг байхгүй. Эрдэнэтийнхэн бол бүтээн байгуулагч ард түмэн. Эрдэнэт хотын 40 жилийн ой гэдэг бол тийм хугацаанд уул уурхайн боловсон хүчнийг онолоор ч, амьдралаар ч бэлдсэн байна л гэсэн үг. Өнөөдөр Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон бүтээн байгуулалтад Эрдэнэтийн боловсон хүчин л ажиллаж байгаа. Цаашид Улаанбаатарт биш, Дархан, Эрдэнэт рүү иргэдээ түлхүү суурьшуулах хэрэгтэй. Үүний тулд ажлын байр бий болгох хэрэгтэй. Энэ хоёр хотод ажлын байр байхгүй учраас шилжилт хөдөлгөөн их байгаа юм.
-Үйлдвэрийн хаялгаас гадна Эрдэнэт үйлдвэрийн хөлд чирэгдэх нэг тал бас байна уу, үгүй юү. Эрдэнэт үйлдвэрийнхэн өндөр цалинтай, үйлдвэрийнхний цалин буухаар Эрдэнэт хотод өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 хоногтоо нэмэгддэг гэдэг юм билээ?
-Тийм тал бий. Би энэ талаар үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж санал хэлье гэж бодож байгаа. Үйлдвэрийнхний цалинг нэг өдөр бөөнөөр нь нэг дор тавьж болохгүй юм байна, цех, хэлтсүүдээр нь өөр өөр өдөр өгвөл зах дээр үнэ өсч, маргааш нь унадаг байдал арилна. Энгийн иргэд үйлдвэрийнхний цалинд хэлмэгддэг үнийн савлагаа байхгүй болно гэж харж байгаа.
-Зэс хайлуулах үйлдвэрээс гадна өөр үйлдвэр, бас хөгжлийн бодлого байж болохгүй юу. Жишээлбэл, Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтад Эрдэнэтийнхэн оролцох бололцоотой юу?
-Хөвсгөл рүү төмөр зам тавина гэж яриад байгаа. Тэр нь Эрдэнэтээс эхэлж цааш явах байх. Гэхдээ тэр бол Хөвсгөл рүү л явж байгаа бүтээн байгуулалт. Тэнд аль болох монголчуудыг хамруулаад, аль болох нутгийнх нь иргэдийг ажиллуулах нь зүйтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд Техникийн их сургуулийн уул уурхайн салбар байдаг. Уул уурхайгаар төгссөн олон боловсон хүчин тэнд ажилгүй байна.
-Хотын статусыг нь сэргээчихвэл хөжлийн давуу тал бий болох уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж хотын статусыг ярих болно. Би сүүлийн үед нэлээд юм үзэж байна. Эхний ээлжинд Хот, тосгоны хуулийг ашиглаж болох юм байна гэж бодоод байгаа. Сая намайг Шадар сайдын ажлын албанд ахлах зөвлөх байх хугацаанд бид ярилцаж зөвлөж байгаад хуулийн хүрээндБагануур, Налайхын төрийн болон аж ахуйн ажлыг зааглаж захирагчтай болгосон. Тэр аргыг Орхон аймагт хэрэглэх, хэрэгжүүлэх боломжтой. Одоо бол Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч гэж байдаг.
-Тэгж салгасны давуу тал гэж бий юү?
-Байлгүй яах вэ. Хот биеэ даана гэсэн үг шүү дээ. Захирагчтай болчихвол татвараа үлдээж, хотын дэд бүтцийн асуудлаа улсын царай харахгүйгээр өөрсдөө хөгжүүлээд явчих боломжтой болно. Захирагчтай болчихвол хөрөнгө, мөнгөө орон нутагтаа аваад үлдэнэ. Тэгснээр Улаанбаатар шиг бие дааж хөгжих боломжтой гэсэн үг.