УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.
-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байна. Танай байнгын хорооноос ч хэлэлцүүлэг явуулж байсан. Ерөнхийдөө гол өөрчлөлтүүд нь юу байх юм бэ?
-Ерөнхийдөө банкны тухай хуулиуд орж байгаа. ОУВС-гийн өмнө Төв банкны хуулийг өөрчлөх, арилжааны банк болон Хадгаламжийн даатгалын корпорацийн хуулийг өөрчлөх гээд гурав, дөрвөн үүрэг хүлээчихээд байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэж байна. Эдийн засгийг сайжруулах, арилжааны зээлийн хүүг бууруулах талаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд ямар арга хэмжээ авах, үүрэг хүлээх юм гэдгийг цогцоор нь шийдэх үүднээс хууль дүрэмд өөрчлөлт оруулж байгаа хэрэг. Ер нь Төв банкны арилжааны банкнууд дээр тавьдаг хяналтыг сайжруулах бодолтой байгаа. Ингэж байж арилжааны банкууд өөрсдийн хамаарал бүхий компани бий болгох, түүгээрээ дамжуулж зээл гаргах зэрэг асуудлуудыг хорих бодолтой байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкинд байгаа мөнгөний 90 хувь нь хадгаламж эзэмшигчдийнх 10 хувь нь банкны өөрийнх нь байдаг. Энэ мөнгөөр зээл олгож хүүгээс олсон ашгаар тэд үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл сүүлийн үед арилжааны банкнууд охин компани байгуулаад барилга, уул уурхай, хөрөнгийн бирж гээд орохгүй газаргүй болчихсон.
-Арилжааны банкуудын хувьд өмнө нь охин компани байгуулах эрхтэй байсныг одоо хуулийн өөрчлөлтөөр хориглох гэж байна гэж ойлголоо?
-Банкууд өмнө нь ийм эрхгүй байсан. 2010 онд эдийн засгийн байдал хүнд байсан учраас зарим эрхийг УИХ-аас өгсөн. Одоо бол үүнийг цэгцлэх нь зүйтэй гэж байгаа. Үүн дээр Төв банкны оролцоонуудыг их сайн харъя гэж байгаа. Мөн арилжааны банкууд цаашдаа хөрөнгийн бирж дээр гарч олон нийтийн болоход нь хуулиараа дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэ мэт хэдэн зүйлийг арилжааны банк дээр хийж байна. Түүнчлэн банкны салбарт 20 жил ажилласан хүнийг банк байгуулах эрхтэй болгох гээд байгаа мэт банк байгуулах асуудалтай холбоотой маргаантай зүйл хуулийн өөрчлөлтөөр орж ирсэн байна лээ. Энэ бол буруу. Нэг талдаа банкинд ажиллаж байсан хүмүүс орвол сайн. Гэхдээ заавал банкинд ажиллаж байсан хүмүүс банк байгуулна гэсэн ойлголт байхгүй. Хяналтын зөвлөл, хараат бус гишүүд гэдэг дээрээ банкныхныг оруулахад ямар ч асуудал байхгүй байж байгаа. Өнөөдөр зах зээл тааруу мөнгөний хомсдолтой байгаа учраас арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ нэмэх замаар уралдаад байна. Нөгөө талаар энэ нь зээлийн хүү өсөх нөхцлийг бүрдүүлдэг. Арилжааны банкуудын дүрмийн сан 50 тэрбум төгрөг байсан. үүнийг 2021 он гэхэд 100 тэрбум төгрөг болгох ийм шаардлага тавигдаж байгаа юм байна. Үүнийг бол зөв байх гэсэн байдлаар хийж байгаа.
-Банкуудыг охин компанитай байхыг хориглочихоор жишээ нь, Худалдаа хөгжлийн банк охин компаниараа дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан шиг зүйл дахиж гарахгүй юм байна?
-Өнөөдөр нийт зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөний 95 хувь нь арилжааны банкин дээр төвлөрч байна. Хөрөнгийн бирж, өөр бусад хэрэгслүүд олигтой хөгжөөгүй байгаа учраас арилжааны банкууд хэтэрхий олон юм руу ороод сүүлийн үед Засгийн газар шиг болчихоод байгаа юм. Хийхгүй юм байхгүй. Хаана ашигтай бизнес байна түүн рүү ордог. Энэ нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл арилжааны банк зөвхөн зээлийн хүүгээр үйл ажиллагаа явуулах ёстой байтал бүх зүйлд ордог болчихсон. Ингэхээр банкинд эргэлдэж байгаа нийт мөнгөний 90 хувь болох хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орох аюул дагуулаад байна. Тиймээс үүнийг төрөөс анхаарахгүй бол болохгүй байгаа. Өөрийнхөө мөнгийг хэрэглэж байгаа явдал биш болохоор, тэр. Банк бус санхүүгийн байгууллага бол яг эзэмшигчдийнх нь мөнгө байдаг. Тэгэхээр түүгээрээ юугаа хийх, дампуурах эсэх нь өөр хамаагүй. Харин арилжааны банк гэдэг өөр юм.
-“Анод” банк дампуурсныг зарим улстөрчид “Банк бизнес хоёр нэг саванд орохоор бий болсон зүйл” гэж иш татаж ярьдаг?
-Ер нь “Зоос”, “Хадгаламж”, “Анод” гээд олон банк дампуурсан нь өөрийнхөө хамаарлын компаниудад зээл олгосонтой холбоотой. Банкны эзэд өөрсдөө олон компани байгуулчихдаг. Тэдгээр өөрийн хамаарлын гэх баахан компаниуддаа зээл гаргаад түүнийгээ буцааж оруулж ирж чадахгүйгээр эрсдэл үүсгээд тэр банк нь дампуурах байдалд хүрч байгаа юм. Гэтэл гаргаж байгаа мөнгө нь хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө байдаг. Өөрсдийнх нь мөнгө аравхан хувь нь л байгаа. Энэ өнцгөөс нь харахаар маш осолтой зүйл.
-Жирийн иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд банкны зээлийн хүүг хэзээ, хэрхэн бууруулах бол гэсэн хүлээлттэй байдаг. Банкныхан “Хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын дундаас олсон жаахан ашгаараа үйл ажиллагаагаа явуулаад, эрсдлээ даадаг” гэх зүйл ярьдаг л даа. Зээлийн хүүг бууруулах ямар гарц байна вэ?
-Өнөөдрийн байдлаар хадгаламжийн хүү их өндөр болохоор зээлийн хүүг ярихад их хэцүү байна. Хоёрдугаарт, Монголбанкны бодлогын хүүг бууруулахгүй бол болохгүй. Өмнө нь эдийн засгийн байдал хүнд, дээр нь долларынхаа ханшийг барьж чадахгүй байснаас 15 хувь хүртэл нэмчихсэн байсан бол одоо үүнийгээ буулгах боломжтой болж байгаа. Өнөөгийн байдлаар бодлогын хүүг буулгаад 12 хувьтай байна. Цаашдаа 10 хувь болгох боломж бий. Дээрээс нь томоохон ажлын хэсэг гаргая гэж бид ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг бууруулах талаар Монголбанк, Засгийн газар болоод арилжааны банкнуудад ямар үүрэг, чиглэл өгөх, арга хэмжээ авахыг зайлшгүй ярьж цогцоор нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэж байж зээлийн хүүг буулгах асуудал яригдана. Монголбанкны бодлогын хүүг бууруулах хэрэгтэй болно. Ерөөсөө зээлийн хүүг бууруулахгүй бол арилжааны банкууд ч эрсдэлд орох болчихоод байгаа. Арилжааны банкнууд өнөөдөр 20-24 хувийн хүүтэй зээл өгч байна. Ийм өндөр хүүтэй зээлийг эргүүлж авахад хэцүү байгаагаа ч хэлдэг. Тийм өндөр хүүтэй зээлийг төлөхөд ч хэцүү биз дээ. Үүнээс болоод чанаргүй зээлийн хэмжээ маш их болж байна. Тиймээс зээлийн хүүг буулгах арилжааны банкуудын өөрсдийнх нь ч хүсч байгаа зүйлүүдийн нэг болж хувирчихаад байгаа.
-Зээлийн хүүг бууруулах талаар авсан арга хэмжээ байна уу?
-Сая төсөв дээр харьцангуй гайгүй арга хэмжээ авагдчихлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, инфляци, төсвийн алдагдлыг найман хувьд барих, төсвийн сахилга баттай байх, зарлага, орлогоо маш хатуу бариад авлаа. Энэ бүхнээс харахад Засгийн газраас хийх ажлуудаа хийгээд байгаа юм байна. Одоо Монголбанк, арилжааны банкуудын хийх ажлууд нь байх хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд хувь бизнесмэн, аж ахуйн нэгжүүд гаднын банкуудаас хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл оруулаад ирдэг. Гэтэл тэр ороод ирж байгаа зээл дээр нь 10 хувийн татвар тавьчихаар л хэцүү байгаа байхгүй юу. Энэ зүйлүүдийг багасгаад захиргааны наад захын шийдчих юмнуудыг хийчих боломжтой. Хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр хийчих ажлууд бий.
-Хэрвээ зээлийн хүүг бууруулах цогц арга хэмжээ үр дүнд хүрвэл хэдэн хувиар буурах бол?
-Зээлийн хүүг боломжоор нь л бууруулж таарна шүү дээ.
-Гадаадын банк оруулаад ирвэл зээлийн хүү буурах юм шиг яриа гардаг. Та түүнийг хэрхэн хардаг вэ?
-Гадаадын банк оруулж ирэх нь зүйтэй. Одоо жишээ нь, манай нийт арилжааны банкны 60 хувь нь гадны хөрөнгө оруулагчид байгаа. Нэг үгээр гадаадын банкууд юм. Арилжааны банкны хувьцаа эзэмшигчид нь дандаа гадныхан. Тэд мөнгө хүүлээд суух сонирхолтой болохоос биш Монголд бага хүүтэй зээлүүд оруулж ирээд арилжааны банкуудаар дамжуулаад хүүгээ буулгаад, хөрөнгө оруулалтууд хийгээд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд явах сонирхолгүй байгаа юм. Нэгэнт тэд мөнгө хүүлэх сонирхолтой байгаа учраас хөрөнгө оруулалтын бага хүүтэй банкнуудыг оруулж ирж байж бид томоохон төсөл, эдийн засгаа дэмжих талын юмыг хийхгүй бол болохгүй.
-Төв банкны хууль дээр “Зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Төв банк тогтооно” гэсэн заалт орсон гэх юм?
-Тэр болохгүй байх. Нэг юм ойлгох хэрэгтэй. Арилжааны зээлийн хүүг зах зээл тогтоож байхгүй бол болохгүй. Яахав, ипотекийн зээл гэх мэт зориулалт нь өөр зээлүүд байгаа шүү дээ. Орон сууцны зээлийн дээд талын хэмжээг нь төр тогтоогоод явчих боломжтой. Арилжааны зээлийн хүүг буулгахын тулд цогц арга хэмжээ авахаас өөр аргагүй. Хэдэн талаас нь зөвлөлдөж, ажиллаж байж зээлийн хүүг буулгах хэрэгтэй. Тэрнээс биш захиргааны аргаар дээд талын хэмжээг нь тогтооно гэвэл эдийн засгаа боомилсон амаргүй асуудал болж хувирна. Үр дагавар нь олигтой юм болохгүй.
-Ипотекийн зээлд зориулсан мөнгийг Монголбанкнаас дөрвөн хувийн хүүтэй арилжааны банкуудад өгөөд тэд цааш нь найман хувийн хүүтэйгээр хэрэгжүүлж байгаа. Үүнийг шууд ТОСК, НОСК-оор явуулбал дөрвөн хувийн хүүтэй зээл болчих юм биш үү?
-Тэгж болохгүй. Харин ипотекийн зээлийг цаашдаа Засгийн газар өөр дээрээ авах байх. Ийм зүйлийг Монголбанк санхүүжүүлдэггүй байхгүй юу. Бүх оронд ипотекийн зээлийг Засгийн газар нь санхүүжүүлж явдаг. Бид сая мөнгөний бодлого дээр хийгээд өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ удаа бол Засгийн газар 220 тэрбумыг гаргаж байна, Монголбанк 120 тэрбумыг гаргаж байна. Нийлээд энэ жил 300 гаруй тэрбумын зээл олгох юм байна. Гэхдээ цаашдаа үүнийг Монголбанк биш Засгийн газар хариуцаад явах ёстой. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Засгийн газар өөрөө хөөцөлдөж банк бүртээ урт хугацааны зээл л олж өгөх ёстой. Хөгжлийн банк нь мөнгө босгодог хэрэгсэл нь юм. Түүгээрээ дамжуулаад мөнгө оруулж ирэх ёстой. Хоёрдугаарт, бонд гаргах хэрэгтэй. Тэгж энэ түгжигдсэн байгаа борлуулагдаагүй 30-аад мянган бэлэн орон сууцыг хөдөлгөөнд оруулах учиртай. Ингэснээр ипотекийн зээлийн хүүг буулгах, цаашдаа хүмүүст дарамт багатай очих асуудлуудыг хийх боломжтой болно.
-Хөрөнгө оруулалтын банкны хууль гэж орж ирж байна. Та энэ талаар ойлголт өгөхгүй юу?
-Хөрөнгө оруулах, хөрөнгө авах хүсэлтэй хүмүүс, аж ахуйн нэгжүүдийг дунд зохицуулдаг, зуучилдаг байгууллага л даа. Үүнийг л үндсэндээ Хөрөнгө оруулалтын банк гэж хэлээд байгаа. Энэ зуучилдаг байгууллагын үйл ажиллагааг зохицуулах хууль юм. Хөрөнгө оруулалт босгох асуудлаас гадна гадны маш бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлүүдийг оруулж ирээд арилжааны банк маягаар шууд томоохон төслүүд дээр санхүүжилт олгоод явах тийм асуудлыг ч үлдээж өгч байгаа. Өнөөдөр бол Худалдаа хөгжлийн банкныхан л үүнийг арай гайгүй амжилттай хийж байх шиг байна. Энэ хүмүүс нь нэлээд сурчихсан, овоо боловсон хүчнүүд авчихсан байна. Тэд бонд босгоод байгаа шүү дээ. Бид үүнийг л хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын банк ийм л зарчмаар явах хэрэгтэй.
-Та Төрийн банкийг хувьчлах ёстой гэдэг байр сууриа Байнгын хорооны хуралдаан дээр илэрхийлж байсан. Яагаад яаралтай хувьчлах ёстой юм бэ?
-Төрийн банк гэдэг бол энэ арилжааны банкны хуульд орж ирсэн нэршлээр гүүр банк юм. “Зоос” банк, “Хадгаламж” банк хоёр дампуурсан шүү дээ. Тэгэнгүүт нь “Хадгаламж”-ийг нь тусад нь аваад төр гүүр банк байгуулчихсан. Гүүр банк нь Төрийн банк байхгүй юу. Тэр дор нь нэг банк руу шилжүүлж, нийлүүлэх эсвэл хувьчлах замаар нэг тийш нь хийх ёстой байсан. Үүнийг хийхгүй байсаар актив нь муудвал дээр үед бусад банкууд дампуурч байсан тэр зам руу орно. Өөрөөр хэлбэл, одоо жаахан үнэ цэнтэй, актив нь гайгүй байгаа дээр нь зарж авахгүй бол төрийн нэрээр байна гэдэг хэцүү. Төрийн банк дээр маш олон хадгаламжууд, төрийн аж ахуйн нэгжүүдийн хадгаламж, гүйлгээ явагдаж байгаа. Хэрэв энэ банк төлбөрийн чадваргүй болоод дайвалзаад эхлэх юм бол цаанаа төрд ч хохиролтой, хүндрэлтэй асуудлууд бий болно. Түүнээс нь өмнө хурдан хувьчилсан нь дээр гэсэн үг. Гүүр банк гэж нэрлээд байгаа Төрийн банкийг ерөөсөө байгуулсны маргааш нь хувьчлах ёстой байсан. Энэ бол нэг банк дампуурахаар нь авдаг ердийн л арга хэмжээ шүү дээ. Энэ банкийг удаан байлгаж болохгүй. Яагаад гэвэл энгийн арилжааны банк арав хүрэхгүй захирлуудтай байдаг. Харин Төрийн банк дээр 60 гаруй захирал байна. Эндээс харахад л дампуурах чиглэл рүүгээ л явж байгаа байхгүй юу. Үүнийг болиулах үүднээс бушуухан хувьчлах хэрэгтэй.
Яг үүний талаар би нэг жишээ хэлэхэд Монголын цахилгаан холбоо компани байна. Энэ компанийн Солонгосын талын 40 хувийг төр яагаад худалдаж авав гэхээр энэ компанийг дампууруулахгүйн тулд авахаас өөр аргагүй болсон. Нэг үгээр “Мобиком”, “Скайтел” гээд бүх утасны компаниуд тэнд гар утасны зөвшөөрөл өгөх гэхээр өгүүлэхгүй байсаар байгаад дампууруулчихаж байгаа хэрэг. Суурин утсаар одоо ярьж байгаа хүн байхгүй шүү дээ. Хэрэв тав, арван жилийн өмнө энэ компанийг хувьчилсан, гар утасны зөвшөөрөл энэ тэрийг нь өгөөд явчихсан байсан бол өнөөдөр дампуурах хэмжээнд хүрэхгүй. Төрийн юмыг ингэж баллаж байгаа юм. Тэгэхээр солонгосууд нь аргаа бараад төрд нь өөрийн хувийг өгөөд гарч байна. Энэ чинь юу гэж хэлээд байна гэхээр “Мобиком”, “Скайтел”, “Юнител” гэдэг ч юм уу компаниуд чинь ерөөсөө тэдэнд гар утасны лиценз олгохыг төрд нөлөөлж байгаад олгуулахгүй яваад байсан. Эцэст нь Монголын цахилгаан холбоо компани дампуурч байгаа юм. Ийм явдал дахиад байж болохгүй. Яг сонгодог адилхан жишээ нь энэ байна. Одоо Төрийн банк яг үүний араас орох гээд байгаа. Тийм учраас өнөөдөр ч хамаагүй хувьчил гэж байгаа юм. Хувийнханд очвол наадах чинь цэгцтэй явна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин. Ж.Баярсайхан