Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Далай лам: Би Монголд очно

Далай лам: Би Монголд очно
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 31

Дэлхий дахинаа нүүдэлчин ард түмний суу билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээгч, их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлоон босгож байна. "Их Майдар сан" төрийн бус байгууллагаас Монгол Улсын аялал жуулчлал, шашин соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах “Их Майдар” цогцолбор төслийг гүйцэтгэж байгаа нь энэ юм. "Их Майдар" төслийн хүрээнд шашин соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрэх, амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн бүхий үзвэр үйлчилгээний цогцолбор байгуулагдах юм. Уг цогцолборыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Өгөөмөрийн аманд орших Зүрх толгойд байгуулах бөгөөд нийт 108 га газрыг хамрах аж. Энэхүү цогцолбор төслийн эхний үе шатанд Их Майдар бурханы 54 метр өндөр бодьсатва дүр, 108 метр өндөр Зарлиг увидасын суваргын хамт босгох бүтээн байгуулалтаар эхлээд байна. Энэхүү төслийн ажлыг 2018 онд дуусгахаар төлөвлөсөн байгаа бөгөөд одоогийн байдлаар барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгө босгох кампанит ажил өрнөж байгаа аж. 
Цогцолборын нээлтийн үйл ажиллагаа 2012 оны долдугаар сарын 6-нд буюу XIV Далай ламын мэндэлсний 77 насны ойн баярын өдөр болж байсан бөгөөд тухайн үед Далай лам "Их Майдар төслийн гол зорилго нь иргэдийн боловсрол, мэдлэгийг дэмжихэд зориулагдсаныг мэдээд би үнэхээр баяртай, таатай байна" гэж байсан юм. Мөн тэрээр Их Майдар цогцолборт заавал хүрэлцэн очиж, ерөөл айлтгахаа амласан байдаг.  XIV Далай ламын чойжин Түвдэнготов төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, айлдвар сургаалиа айлдаж байсан билээ.

Энэхүү суварга нь дэлхийд бүтээгдсэн хамгийн өндөр суваргуудын нэг болох юм. Өөрөөр хэлбэл, Майдар бурхан нь 54 метр өндөртэй, 372 тонн жинтэй байх юм. Одоогоор бурханыг байрлуулах суурийн ажилд нийт 3000 куб метр бетон, 700 тонн ган хийц, 600 тонн арматур зэрэг барилгын материал хэрэглээд байгаа гэнэ. Одоогоор дэлхий дээр нийт Майдар бурханы 40 гаруй хөшөө, дурсгал байдаг юм. Харин энэхүү цогцолборыг бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр Гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох бүтээн байгуулалт болж байгаа юм. "Цогцолборт ирэгсэд Майдарын өлмийд гороолоод дээш гарч зүүн мутрын бумбанаас ертөнцийг тэтгэгч чандмань эрдэнэ болох рашаан уснаас хүртээд аравдугаар давхарт гарч 108 мянган Майдар бурханы ерөөл сонсон гадагш гарч өндрөөс орчны байгаль, нийт цогцолборыг харж Гаадангийн гончиг суваргын 54 метрийн өндөрт гарч гороолсноор сүрлэг мэдрэмж төрөх болно" хэмээн төслийн удирдагчид хэлж байгаа юм. 
Майдар бурханы тухай 
Майдар бурхан Бурхан багшийн дараагаар замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх Сайн цагийн мянган бурхдын тав дахь нь юм. Түүнийг сүсэглэн амьдарваас нас уртасч, амьдралын зоо тэнийнэ хэмээн бурхны номонд бичсэн байдаг. Түүнчлэн Ч.Буянбадрахын "Монгол орны лавлах" эмхэтгэл номонд Майдар бурханы талаар "Шашны уламжлалт түүхэнд манай тоололд нийт долоон Будда заларна гэж үздэг бөгөөд тэдний хамгийн отгон нь Шагжамуни юм. Одоогийн Шагжамунигийн эрин үе дуусахаар Сайн цагийн мянган Будда буюу Майдар бурханы эрин үе ирнэ хэмээдэг. Хэдэн мянган жил өнгөрөх тусам хүний мөс чанар муудаж, муу үр дагавар, зовлонд хүргэх үйлдлүүд ихсэн, харанхуй ертөнц рүү дөхөх болно. Арван настай хүүхэд хөгшин хүнд тооцогдож, хүний бие тохойн чинээ болж, амьдралын хугацаа нь богиносох тэр үед аугаа их энэрэн нигүүлсэх сэтгэлээр Майдар бурхан ирж олон мянган шавь бодьсадва нарыг дагуулан сайн сайхан зам руу хөтөлнө хэмээдэг. Майдар гэдэг нь үлэмж их хайр нигүүлсэл гэсэн утга бүхий санскрит үг бөгөөд Сайн цагийн мянган бурханы нэг юм. Майдар бурханд мөргөсөн хүний энэ насны зорилго бүтэж, үйлс тэгширнэ хэмээн үздэг. Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурхан нь идэр залуу эр хүний биеийн гоо сайхныг илэрхийлж, алхаж яваа байдал нь түүний санаандгүй байдлыг, мишээсэн амгалан дүр нь сайн сайхныг авчрахыг бэлгэдсэн ажээ. Майдар бурханыг залрах үед түүний туг нь нүгэл хилэнцээр харанхуйлсан хүний нүдэнд цусан далай болон урсаж, билгийн мэлмий нь нээгдсэн хүмүүний нүдэнд дүрэлзсэн улаан наран болж үзэгдэнэ хэмээдэг. Монголчууд наян тохой Майдар бурханыг бүтээн залж шүтэж ирсэн билээ" хэмээн бичсэн байдаг.
Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн үг ажээ. Утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр ажээ. Их майдар бурхан гэдэг нь бусдыг хайрлан энэрэх үлэмж зорилго, сэтгэл өвөрлөсөн дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад, их бодьсадва нарын нэг ажээ. Майдар бурхан бол Будда Шагжамунигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан гэж бурхны сургаалд айлдсан байдаг. Майдарын билэг сургаалд “хүний сэтгэл бол бүх юмны эхлэл болдог, хэрвээ сайн сайхныг бодож хүсэх ахул түүнийгээ л хүртэнэ, харин муу муухайг бодож, бусдыг үзэн ядаж, бусдад атаархаж, гутранги үзэлтэй амьдрах юм бол түүнийхээ хэрээр зовж зүдрэх болно” гэжээ.
Майдар бурхан бол эв нэгдэл, хайр энэрлийн бурхан. Монголчууд Майдар бурханыг ирээдүйн бурхан хэмээн шүтэж тахиж, ирээдүй хойч үеэ түүнд даатган залибарч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн