"Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, компанийн холбогдох албан тушаалтнууд сүүлийн үеийн "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэр улсад 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн тухай мэдээлсэн. Тэгвэл Ц.Нямдорж гишүүний хийсэн мэдэгдэл буруу, ташаа мэдээлэл байсан гэдгийг "Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэллээ.
Тэрээр "Энэ оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 134 тэрбум төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Үүнийг задалбал, орон нутагт найман төрлийн татвар хэлбэрээр 70 тэрбум төгрөг, улсын төсөвт 64 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Тэгэхээр Ц.Нямдорж дарга "Эрдэнэт" үйлдвэр улсын төсөвт 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэдэг ташаа мэдээлэл авсан байна. Татварын ерөнхий газар УИХ-ын дэд даргад өгсөн мэдээлэл өрөөсгөл, дутуу байсан. "Эрдэнэт" үйлдвэр төсвийн ачааллыг бууруулах зорилгоор урьдчилсан төлбөрийг хийж ирсэн. 2013 онд 110, 2014 онд 70 сая ам.доллар , 2015 онд улсын төсөвт 70 тэрбум төгрөгийг урьдчилж төлж байсан. 2016 он гарсаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болгож 64 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан. Үүнээс өнгөрсөн онд илүү төлсөн 70 тэрбум төгрөгөөс 44 тэрбумыг нь суутгуулах хэлбэрээр төлсөн. Үлдсэн 20 тэрбум төгрөгийг бэлнээр улсын төсөвт төвлөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орох ёстой 64 тэрбум төгрөгийг бүгдийг төлсөн бөгөөд 20 тэрбум төгрөгийг энэ онд төлж, 44 тэрбумыг нь өнгөрсөн онд урьдчилж төлсөн гэсэн үг. Тэгэхээр 2016 онд бэлэн мөнгөөр төлсөн 20 тэрбум төгрөгийн татварыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж буруу ойлгосон байна" гэж "Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тайлбарлав. Мөн тэрээр “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсад үйлчилж байгаа хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаа 6092 ажилтныхаа цалинг цагт нь тавьж, улсад татвараа төлөөд явж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн гаднах улстөрийн асуудлыг үйлдвэрийн дотоод үйл ажиллагаатай холбохгүй байхыг Ц.Даваацэрэн хүслээ . Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшигч өөрчлөгдсөн ч үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй, хэвийн явагдаж байгааг онцлов. "Эрдэнэт" үйлдвэр 38 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 5.5 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.