Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Ц.​Даваацэрэн: Эрдэнэтийг "Эрдэнэс МГЛ"-д шилжүүлэх тогтоол гарсан ч хэрэгжээгүй

Ц.​Даваацэрэн: Эрдэнэтийг  "Эрдэнэс МГЛ"-д шилжүүлэх тогтоол гарсан ч хэрэгжээгүй
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 22
УИХ-ын чуулганаар Эрдэнэт”үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколыг баталлаа. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын тал хувь эзэмшигчээ “Ростех” олон улсын корпорацад шилжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгээс зарим асуултад хариулт авлаа.
-Оросын талын хувийг эзэмшихээр болсон “Ростех” компани нь ямар учиртай аж ахуйн нэгж юм бэ. АНУ болон барууны орнуудын тавьсан санкцтай холбоотой асуудалтай холбогдоод байгаа. Энэ асуудал яаж нөлөөлөх вэ?
-Гадаад харилцааны яам судалж санкц нь манайд нөлөөлөхгүй гэж үзсэн. Ер нь “Ростех” компанид тавьсан хориг 50 хувиас дээш хувьцаа эзэмшдэг компаниудад нь үйлчилнэ гэсэн заалттай юм байна лээ. Тиймээс манайд шууд нөлөөлөхгүй. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэр бол Ростехийн охин компани биш. Монгол Улсын бие даасан аж ахуйн нэгж учраас үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй гэдэг дүгнэлтийг Гадаад харилцааны яам, Оросын талаас ч АНУ-аас тодруулга ирсэн байгаа. Тиймээс энэ санкц манай үйлдвэрт үйлчлэхгүй.
-“Ростех” компани нь 100 хувь төрийн өмчит компани уу. Хэчнээн охин компанитай вэ?
-“Ростех” компани 100 хувь төрийн өмчит компани. Нийт 600 гаруй компанийг нэгтгэсэн томоохон корпорац. Үйлдвэр аж ахуйн дадлага туршлагатай, үйлдвэрийг цааш өргөжүүлж, хөгжүүлэх боломжтой, техник технологийн хувьд чадалтай гэдэг үүднээ Эрдэнэтийн Оросын талын 49 хувийг энэ компанид эзэмшүүлэхээр болсон.
-Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орох уу. Тухайлбал, ногдол ашгийн хэмжээ, үр ашгаа нэмэгдүүлэхэд ямар менежментэй ажиллах бол?
-Ер нь үйлдвэрийн менежментийг сайжруулж, эдийн засгийн хувьд үр дүнтэй ажиллуулах үүднээс хувьцаа эзэмшигчдийн шилжүүлэлтийг хийсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэгэн шахалт, дарамт байхгүйгээр өмнөх 49, 51 гэсэн харьцаагаараа ногдол ашгаа авна. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдээд явна.
-Энхэхүү протокол батлагдснаар 2012 оноос ОХУ-д төлөөгүй ногдол ашгийг барагдуулах үүргийг Эрдэнэт үйлдвэр хүлээж байгаа. Энэ мөнгийг төсөвт хүндрэл учруулахгүйгээр барагдуулах боломж байгаа юу. Ер нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
-2012 оноос хойших ОХУ-ын ногдол ашиг болох 47 сая ам.доллар манай үйлдвэрийн дотоод хөрөнгөд байгаа. Ногдол ашгийг Оросын тал авъя гэсэн өдөр нь гаргаад өгөх чадвар бий. Үйл ажиллагаа санхүүд ч хүндээр нөлөөлөх зүйл гарахгүй. Учир нь, манай үйлдвэр жилдээ нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаж байна. Тиймээс Оросын талын ногдол ашгийг хуваарилахад эдийн засгийн хувьд хүндрэл гарахгүй.
-Зэсийн үнэ төсөвт тооцсоноос нэлээд уналттай байна. Ер нь энэ жилийн хувьд Эрдэнэт үйлдвэр төсөвт хэчнээн төгрөгийг төвлөрүүлээд байна вэ?
-Дэлхийн зах зээл дээр үнэ буурч байгаа учраас өөрийн өртөг зардлаа бууруулж ажиллаж байна. Аль болох зардлаа хэмнэх байдлаар ажиллаж байна. 2014 оны сүүлээр нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 6240 ам.доллар байсан. Энэ онд 5035 ам.доллар болсон. Энэ хэрээр зардал буурч өөрийн өртгийн хэмжээ хэмнэгдсэн. Эхний есөн сарын байдлаар татварт 10 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, үйлдвэр есөн тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байгаа.
-ОХУ өөрийн эзэмшлийн хувиа төрийн өмчит компанид шилжүүлснээр Монголын тал ч мөн өөрийн эзэмшлээ аль нэг компани шилжүүлэх боломжтой болно гэж ярьж байна. Ийм боломжтой юу?
-Энэ бол миний мэдлийн асуудал биш л дээ. Ер нь Монголын талын 51 хувийг хэнээр эзэмшүүлэх нь УИХ-ын шийдэх асуудал. Оросын талын хувийг шилжүүлэх асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцэж байгаа шиг Монголынхыг ч мөн УИХ-аар хэлэлцүүлж шийдэх ёстой.
-Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын 51 хувийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх яриа хэлэлцээр хийж, тогтоол гаргасан юм биш үү?
- Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэс Монголд шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоолыг 2013 оны дөрөвдүгээр сард гаргасан юм. Гэхдээ тухайн үед гаргасан Засгийн газрын тогтоол нь Үндсэн хуулийн дагуу олон улсын гэрээ хэлэлцээрээс давсан учраас хэрэгжүүлээгүй зогсоосон. Тэгэхээр Монголын талын 51 хувийг аль нэг байгууллагад шилжүүлэхээр бол заавал Засгийн газар хороондын олон улсын гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Эрдэнэс Монгол эзэмшинэ гэдгийг УИХ соёрхон баталсны дараа шилжүүлнэ. Энэ процедур явагдаагүй, УИХ дээр ийм шийдвэр гараагүй учраас Засгийн газрын тогтоол хүчингүй болсон. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн