Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын (ДГХБО) Олон улсын судалгааны төв, Сидней хотын их сургуультай хамтран “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн холбоосыг судлах нь” сэдэвт хамтарсан бага хурал зохион байгууллаа. ДГХБО-ын олон улсын худалдаа, мэдээлэл харилцаа холбооны технологи болон тээврийн дэд бүтцийн салбарт тулгамддаг хүндрэл бэрхшээлийн талаар хийгдсэн гурван судалгааг танилцуулж, хэлэлцүүллээ.
Сидней хотын их сургуулийн судлаач Доктор Шаовэн “Тээвэр болон дэд бүтцийн холбоос” буюу агаарын тээврийг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлсөн талаар, судлаач Доктор Сандра “Олон улсын худалдаа ба уялдаа холбоо” далайд гарцгүй Лаос улсын хувьд ямар байгаа талаар, Доктор Барней “Мэдээлэл харилцаа холбооны технологийн холбоос” буюу Азербайжан улсын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, технологийн үсрэнгүй хөгжлийн талаар хийсэн судалгааны дүгнэлтийг танилцуулсан юм.
Дэд бүтцийн хувьд Төв Азийн далайд гарцгүй улсууд харилцан адилгүй хөгжилтэй байна. Туркменистан гэхэд хөрөнгө оруулалт, уул уурхай, нефтээс олсон орлогоо цэвэр зам тээврийн салбарт оруулдаг. Киргиз улсын хувьд өөр. Тэгэхээр судалгааг харьцуулахад хэцүү. Харин эдгээр орнууд нь дотоодын бодлогоо бүс нутгийн онцлогтоо уялдуулан хэрхэн хөгжүүлэх, цаашид ямар дүр зураг гарах вэ гэдгийг судлаачид судалсан байна.
Доктор Шаовэн “Судалгаанд Монгол Улсыг тусгайлан хамруулаагүй ч агаарын тээврийн харилцаа холбооны хүрээнд Төв Азийн таван улсыг хамруулсан. Гэхдээ гарсан хариуг өөр орнуудад шилжүүлэн ойлгох боломжтой гэж үзэж байна. Нийт далайд гарцгүй орнуудын хувьд агаарын замын харилцаа холбоо, эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах бүрэн боломжтой. Бүрэн бололцоо байна гээд орхихгүйгээр хөгжүүлэх ёстой. Хөгжүүлж чадвал хөгжлийг авчрах дүр зураг харагдаж байна” гэсэн юм.
НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг 32 орноос бүрддэг. Далайд гарцгүй хөгжиж буй орны ангилалд газарзүйн хувьд далайд гарцгүй, дэлхийн гол зах зээлээс алслагдсан, цөөн хүн амтай, зах зээл жижиг улс гүрнүүд багтдаг байна. Далайд гарцгүй орнуудын хувьд агаарын тээвэр төдийгүй бусад олон салбарт дэд бүтцээ хөгжүүлж буй туршлага жишээг судалгаанд дурдсан юм. Лоас улсын хувьд эдийн засгийн хувьд тогтворгүй байсан ч хөрөнгө оруулалтын төвшин өөрчлөгддөггүй. Ямар ч Засгийн газар орж ирсэн хөрөнгө оруулалтын төвшнийг найдвартай барьдаг. Энэ нөхцөл нь Азийн хөгжлийн банк, Япон болон барууны улсууд буцалтгүй тусламж үзүүлэхэд нөлөөлдөг байна. Харин Азербайжан улсын хувьд мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн хөгжилдөө гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд далайд гарцгүй улсууд дотроо хамгийн хурдацтай хөгжиж байгаа нь юм.
ДГХБО-ын олон улсын судалгааны төвийн захирал, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаяр:
“Манай улс 17.7 хувийн өсөлттэй байхдаа хөрөнгө ооруулагчдаа үргээгээд явуулчихсан. Одоо эргээд итгэлийг нь олж авахаар ажиллаж байна. Судлаач миний зүгээс харахад бидний алдаа бол дотоодын уялдаа холбоо юм. Байгууллагууд нь бие биеэ сайн мэддэггүй. Дүрэм, журам нь хоорондоо зөрчилддөг. Хуулиа журмаар зөрчдөг. Журмаа хуулиар зөрчдөг нөхцөл байдлыг цэгцлэх хэрэгтэй” хэмээн хэллээ.
Монгол Улсын хувьд эдийн засаг хөрш орнуудын нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Хөрш орнууд руу түүхий эд, ашигт малтмал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортлохдоо худалдааны алдагдал ихээр хүлээдэг. Тиймээс энэ төрлийн салбарт хэрхэн ажиллах талаар судалгаа шинжилгээ хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Мөн тус бага хурлын үеэр ДГХБО-ын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар төвтэй байгуулах, уг төв Олон Улсын Засгийн газрын хоорондын хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны төв болох асуудлаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн онцлон авч үзсэн юм. Тэрээр “Далайд гарцгүй орнуудын хамгийн эхэнд тулгардаг асуудал нь тээврийн зардал. Тээвэрлэлтийн хугацаа урт, үнэ өндөр. Тэгэхээр далайд гарцгүй 32 оронтой нийлээд Олон Улсын байгууллага байгуулахыг зорьж байгаа. Энэ байгууллагыг Улаанбаатар төвтэй байгуулах санаачилгыг 2009 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гаргасан. Түүнээс хойш бид байгууллагаа байгуулж, энэ хүрээнд олон судалгаа шинжилгээний ажил хийгээд байгаа юм. Харин энэ байгууллагыг ДГХБО-ын Засгийн газрын хүрээнд хэлэлцээр хийх хэмжээний статустай болгох ажлыг Гадаад хэргийн яам, шинэ засгийн байгуулагдсанаасаа хойш илүү түлхэж өгч байгаа. 10 орон дэмжсэнээр ОУ-ын байгууллагын статустай болно. Одоогийн байдлаар 7 орон дэмжсэн байгаа. 2016 онд болсон НҮБ-ийн Ерөнхий асамбелийн чуулганы үеэр ГХЯ-ы сайд Ц.Мөнх-оргил 32 орны төлөөлөгчтэй уулзсан. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бутан, Непал улсуудад айлчлахдаа эдгээр орнуудын дэмжлэгийг авсан. Энэ үйл явц их урт хугацаанд явагддаг. Тухайн орны парламентаар хэлэлцэгдэж байж дэмжих эсэх нь шийдэгдэнэ. Хэрэв ОУ-ын байгууллага Монгол улсад байгуулагдах юм бол бид гадна дотноос хандив тусламж авах, худалдааг либералчлах, чөлөөтэй болгох, экспортоо нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх олон боломжууд бүрдэнэ” хэмээсэн юм.