Амны хөндий өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Нинжин Уянга” эмнэлэгийн эмч Ж.Даваасүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.
Хүн шүдээ өдөр тутамдаа гүйцэд цэвэрлээгүйгээс амны хөндийд нян үрждэг. Үүнээс шүдний цооролт, чулуужилт зэрэг амны хөндийн өвчлөл үүснэ. Тухайн нян олон хүчин зүйлээс шалтгаан үрждэг. Тухайлбал, нүүрс ус бүхий хоол хүнс гурилан бүтээгдэхүүн, чихэр, ундаа, жүүс нь шүдний цоорол үүсдэг юм. Чихэрлэг хоол хүнс идсэнээс 30 минутын дотор шүдээ угаавал шүд цоорол үүсэх эрсдэлгүй. Үүнээс цааших хугацаанд амаа цэвэрлэхгүй бол нян өөрөөсөө хүчил ялгаруулан шүдний паалангын цоорол үүсгэдэг.
Шүд нь хоолыг үйрүүлж буталдаг. Шүд өвчилж хоолоо зажилж чадахгүй бол хоол боловсрогдохгүй ходоонд орж байна гэсэн үг. Үүнээсээ хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хямардаг. Шүдний цоорлоос гадна буйлны, тулгуур эдийн үрэвсэл байдаг. Үүнд үржиж байгаа нян цусаар дамжин зүрх, үе мөчинд нөлөөлдөг. Шүдний өвчлөл амь насанд хүрч болох учраас дур мэдэн янз бүрийн зүйл хэрэглэж болохгүй.
Амны хөндийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд хүн зургаан сардаа нэг удаа шүдний үзлэгт хамрагдах ёстой. Урьдчилан сэргийлэх үзлэг хамгийн чухал. Мөн амны хөндий ариун цэврээ сайн сахих хэрэгтэй юм. Өдөрт 2-3 удаа шүдээ угаах ёстой байдаг. Сойзны сонголт маш чухал. Яагаад гэвэл сойзоо зөв сонгоогүй бол амаа сайн цэвэрлэж чаддаггүй. Тухайн хүн 6-8 см, өөрийн үүдэн хоёр шүдний урттай сойзыг сонгох нь хамгийн тохиромжтой . Сойзны үсний хувьд насан хүрэгсдийнх дундаж хатуулагтай, хүүхдийнх зөөлөн үстэй байх хэрэгтэй.