Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Гурав хүртэлх жил ашигласан япон автомашины гаалийн татварыг тэглэлээ

Нийтэлсэн 2016 оны 6 сарын 7
                           -Монгол, Японы чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ-
 Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр /ЕРА/ өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр заасны дагуу өнөөдрөөс эхлэн Монголын талаас 5700 бараа бүтээгдэхүүн, японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх юм. Монголоос ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, цацаргана зэрэг олон төрлийн барааг Япон руу нийлүүлэхэд гаалийн татвар тэглэгдэнэ. Японоос Монгол руу нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүн, авто машин, сэлбэг тоног төхөөрмж, эд ангийн гаалийн тариф тэглэгдэж байгаа юм. Монголчууд японоос автомашин импортлох нь элбэг байдаг. Японоос оруулж ирсэн шинэ авто машины ашигласан хугацаа 0-3  жил, цилиндрийн багтаамж нь 4510-аас доош бол гаалийн тарифыг тэглэнэ. Харин цилиндрийн багтаамж нь 4510-аас дээш бол татвар тэглэглэхгүй бөгөөд 10 жилийн дараагаас хөнгөлөлттэй тариф мөрдөгдөх юм байна. Мөн автомашины ашигласан хугацаа 4-6 жил бол гаалийн тарифыг үе шаттай бууруулахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл, автомашины ашигласан хугацаанаас хамаарч татвар өөр байх бөгөөд олон жил ашигласан, хуучин машины татварыг бууруулахгүй юм байна.
Монгол Улс Япон улсын хоорон дахь худалдаа 300-500 сая ам.долларт эргэлддэг байна.Монгол Улсын нийт худалдааны 3-4 хувийг эзэлдэг. Тэгвэл хоёр улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд нийт худалдаа 50-60 хувиар нэмэгдэх тооцоо гаргаад байгаа юм
Японоос Монгол руу импортолж байгаа 8004 төрлийн бараа буюу 77.3 хувь нь хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор тарифаас шууд чөлөөлнө. Тариф чөлөөлөх процесс 2-3 үе шаттай хэрэгжинэ.
Монголын бизнес эрхлэгчид Япон руу бараа бүтээгдэхүүнээ өнөөдрөөс экспортолбол татварын чөлөөлөлт эдэлнэ. Жишээ нь, 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн эскпортолбол Япон руу ороход төлдөг 10-14 хувийн татвар буюу 10-14 мянган ам.долларын татвараас чөлөөлөгдөж, бизнес эрхлэгчийн ашиг болж үлдэнэ. Арьс шир, ширэн гутал түүхий эд ангилалд багтсан бүтээгдэхүүнийг Япон руу экспортлоход 24 хувийн татварыг тэглэсэн байна.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг шийднэ. Монголын бизнес эрхлэгчид Японд бизнесийн үйлчилгээ үзүүлэхээр зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болсон байна . Өөрөөр хэлбэл, Японд тогтвортой бизнесийн үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах талтайгаа нэг жилээс дээших хугацаагаар гэрээ байгуулсан бол Японы виз асуудалгүй гаргаж өгнө.
Хэлэлцээр мөрдөгдөж эхэлснээр  Монгол Улс анх удаа Япон руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргах, эрүүл ахуй, хяналт шалтгалтыг баталгаажуулах тал дээр Японы талаас тусламж үзүүлэхээр болсон байна. Дулаан аргаар боловсруулсан махыг Японы зах зээлд гаргах квотыг олгожээ .
Гааль, татварын ерөнхий газар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбогдуулан гаалийн бүрдүүлэлт, бараа бүтээгдэхүүний системийн мэдээллийг үе шаттай шинэчлэх ажлыг хийж байгаа аж. Манай улсаас Япон руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүд тухайн бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн бичгийг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас заавал авах шаардлагатай юм байна. Мөн Японоос нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг харгалзан хилээр нэвтрүүлэх юм. Өөрөөр хэлбэл, хоёр улсын бизнес эрхлэгчид хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөрөнгөлөлт эдлэхийн тулд заавал гарал үүслийн бичигтэй байх ёстой гэдгийг албанынхан анхааруулж байна. Мөн хэлэлцээрийн хүрээнд зөвхөн гаалийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт орж байгаа бөгөөд хил дээрх бусад татварууд тэглэгдэхгүй гэдгийг бизнес эрхлэгчид болон иргэдэд албаныхан анхааруулж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн