Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

​Говь-Алтай аймаг хөгжлөөрөө ухарч бус урагшилж байна

​Говь-Алтай аймаг хөгжлөөрөө ухарч бус урагшилж байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 19

Аймгуудын өрсөлдөх чадварыг жил бүр үнэлж, хоорондынх нь хөгжлийн ялгааг гаргадаг болсон. Энэ үзүүлэлтээр тухайн орон нутгийг давуу болон сул талыг тодорхойлдог нарийн жишиг манай улсад шинээр тогтоод буй. Хөгжлийн талаар бид ярихдаа зөвхөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, ажилгүйдлийн түвшин, хүн амын орлогын хэмжээ, инфляци гэсэн ерөнхий хэдхэн үзүүлэлт дотор эргэлдэх нь бий. Үүнийг үндсэндээ ашиглах нь түгээмэл ойлголт болчихсон. Гэвч эдгээр нь эдийн засгийн өнөөгийн бодит байдлыг төдийлэн бүрэн дүүрэн илэрхийлж чадах, эсэх нь тун эргэлзээтэй.
Тиймээс нийт 180 орчим шалгуур үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжин, оноогоор эрэмбэлж, тал бүрээс нь илүү тодорхой үнэлэх боломжийг судалгаанд түшиглэн хийдэг болж байгаа юм. Энэ шалгуур үзүүлэлтийн гуравны хоёр нь статистик мэдээлэлд тулгуурладаг бол гуравны нэг нь санал асуулгын мэдээлэлд үндэслэдэг. Тус судалгааг жил бүр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв тогтмол хугацаанд бэлтгэж байна. Мэргэжлийн байгууллагын боловсруулдаг уг судалгааны тайлан нь өдгөө бодлого боловсруулагчдын гарын авлага болоод буй. Энэхүү судалгааг анх 2012 оноос хийж эхэлсэн.
Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг судалгааны багийнхан үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлэгт авч үздэг. Тэдгээрийг нарийвчлан үнэлэх нийт 16 дэд бүлгийн хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг олон талаас нь уг судалгаа тодотгон харуулдаг онцлогтой аж. Тэр утгаараа хамгийн эрэлттэй судалгааны нэг. Оноо өндөр авах тусмаа тухайн аймаг өрсөлдөх чадвар сайтай гэж ойлгож болох юм.
Судалгааны үр дүн харилцан адилгүй. Аймаг бүрт таатай, таагүй, хөгжлийн хурдасгах бас сааруулах тээглүүр цөөнгүй. Тухайлбал, Говь-Алтай аймаг дэд бүтцийн үзүүлэлтээр сул хэвээр байна. Энэ “зовлон” баруун бүсийн таван аймагт ижилхэн. Харин засаглал болон бизнесийн үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үзүүлэлтээр Говь-Алтай аймаг ухарч бус урагшилж байна. Тус аймгийн өрсөлдөх чадварыг тодорхойлохоор урьд жилүүдэд хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад одоогийн үзүүлэлт нь эрс сайжирсан. Тэр тусмаа засаглалын үр ашигт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрсөлдөх чадвар нь тодорхой хувиар дээшилж, оноогоо ахиулж чадсан байна.
Засаглалын үр ашиг гэсэн үзүүлэлтээр доогуур үнэлгээ авдаг байсан Говь-Алтай аймаг энэ удаад баруун бүс дотроо тэргүүлэх хэмжээнд үнэлэгдэхээр байгаа юм. Нутгийн удирдлагын бодлого шийдвэр оновчтой, хүртээмжтэй, аймгийн хөгжилд нөлөө үзүүлэх түвшинд ирсэн байна. Үүний нөлөө их байгаа аж. Тэрчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд тус аймагт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөжээ. Ингэснээр орон нутаг өнгө засахын зэрэгцээ хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд биелэлээ олж эхэлсэн байна. Үүнээс гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжиж, шинэ шатанд гарчээ. Энэ нь бизнесийн үр ашиг дээшлэх, улмаар аймгийн нийгэм, эдийн засагт сайнаар нөлөөлж байна.
Тоймлон хэлбэл, өнгөрсөн хугацаанд Говь-Алтай аймаг өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд “хувьсгал” хийжээ. Ундны усны хүртээмжээ сайжруулж, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахад бодитой ахиц тус аймаг гаргасан байна. Үүнээс гадна нэг жилийн дотор шинээр хүүхдийн дөрвөн цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Эл бүтээн байгуулалтыг орон нутаг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Үүнийг бий болгоход улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг аваагүй аж. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед өөрсдийн нөөц, бололцоогоо ашиглаж, үр дүнтэй хөрөнгө оруулалтыг орон нутгийн удирдлагууд хийсэн байна.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн