ХБНГУ-ын Бавари мужийн Засгийн газар Мюнхен хотын Орчин үеийн түүхийн институтээр ахлуулан Адольф Гитлерийн “Mein Kampf” номыг дахин хэвлүүлж, өнгөрсөн долоо хоногоос эхлэн худалдаанд гаргажээ. Бавари мужийн засаг захиргаа энэхүү төсөлд 542 мянган ам.доллар зарцуулжээ. "Гитлер, Миний тэмцэл: Шүүмжилсэн хувилбар" нэрээр худалдаанд гаргаад байгаа шинэ хувилбарыг эхний ээлжинд 4000 хувь борлуулалтад гаргасан бөгөөд долоо хоногийн дотор бүх хувь зарагдаж дууссан байна. 2000 хуудас бүхий энэхүү хэвлэлтэд "Mein Kampf" номны эх хувилбар, түүнд дүн шинжилгээ хийсэн эрдэмтдийн 3500 орчим эрдэм шинжилгээний тайлбар дагалджээ. Номыг эхний ээлжинд англи хэл дээр хэвлэж байгаа бөгөөд 64 ам.доллараар зарж байгаа юм. Одоогоор Орчин үеийн түүхийн институт шинэ хувилбарын 15 мянган урьдчилсан захиалга аваад байгаа аж.
Оюуны өмчийн хууль, дүрэм журмын дагуу уг бүтээлийн герман хэл дээрх эх хувилбарын оюуны өмчийн зохиогчийн эрхийн хугацаа дууссаны дараагаар буюу Гитлерийг нас барснаас хойш 70 жилийн дараа ийнхүү худалдаанд гаргаж байгаа юм байна. Өнгөрсөн 70 жилийн туршид уг бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчин, дахин хэвлэхээс сэргийлэх ажлыг Бавари мужийн Сангийн яам хариуцаж байжээ.
1923 онд Германы засгийн газрыг унагаах гэсэн оролдлогын улмаас есөн сар шоронд хоригдох үедээ Адольф Гитлер “Mein Kampf” буюу “Миний тэмцэл” бүтээлээ бичиж байжээ. Ингээд 1925 оны зун "Mein Kampf"-ийн анхны хувилбар хэвлэлтээс гарч, дараагийн жил нь хоёрдахь хэвлэлт нь гарсан ч анхны хэвлэлт олны анхаарлыг төдийлөн татаагүй байна. Харин нацистууд засгийн эрхэнд гарсны дараа буюу 1933 онд номыг илүү сайжруулж олон саяаар нь хэвлэсэн байдаг. Түүнчлэн тухайн жилээ Гитлер Канцлер болж уг номоо түгээн дэлгэрүүлсэн байдаг аж. Ингээд 139 он гэхэд Гитлерийн бүтээл 11 хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд таван сая гаруй хувь борлуулагдсан байдаг. "Mein Kampf" бүтээлд ерөнхийдөө Гитлерийн хэт үндсэрхэг, еврей нарын эсрэг, коммунизмын эсрэг үзэл санаа тусгагдсан байдаг юм. Германы эрх баригчдын зүгээс энэ төрлийн ном, зохиолд ямар нэгэн тайлбар хийлгүйгээр хэвлэхийг зөвшөөрөөгүй тул ийнхүү олон эрдэмтдийн тайлбар, эрдэм шинжилгээний дүгнэлттэйгээр хэвлэжээ.