Германы Канцлераар дөрөв дэх удаагаа сонгогдож чадсан Ангела Меркель “Мөнхийн Канцлер” хэмээх алдрыг хүртэх боллоо. Маргарет Тетчерийн дараагийн “төмөр хатагтай” гэгддэг Меркель дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй төдийгүй түүний “эмэгтэй” гэдгээс үл шалтгаалан дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчийн эгнээнд зүй ёсоор багтдаг нэгэн юм.
Эгэл физикчийн амьдралаа олны анхаарал, шүүмжлэл, толгой эргүүлэм асуудлын дунд өнгөрөөдөг улстөрчийн амьдралаар сольсон шийдэмгий эмэгтэй, анхны хэмээх тодотголоор дүүрэн Ангела Меркелийн амьдрал, ажил, улс төрийн замналыг уншигч танд хүргэе.
Ангела Меркелийн эрт үеийн амьдрал буюу Ангела Каснер
Германы ханыг нураахаас өмнө баруун Германы нутаг дэвсгэрт Ангела Каснер 1954 оны долдугаар сарын 17-ны өдөр мэндэлсэн бөгөөд айлын ууган охин болж төржээ. Түүний аав Хастор Каснер номлогч бөгөөд теологич нэгэн байсан бол ээж Герлинда Каснер нь англи, латин хэлний багшаар ажилладаг, Германы Социал Демократ намын гишүүн байв. Тэдний гэр бүл өнөр өтгөн болж Ангела Каснер Маркус хэмээх эрэгтэй, Ирен хэмээх эмэгтэй дүүтэй болсон байдаг.
Ангела Каснер баруун Германд төрсөн хэдий ч түүний аавын хүсэлтээр тэд нүүж, Зүүн Германы нутаг дэвсгэр болох Берлинээс хойд зүгт 50 миль зайд, Темплин хотын жижиг тосгонд өсч торнижээ.
Түүний одоогийн удирдагч, тууштай зан магадгүй бага залуу наснаас нь төлөвшсөн гэж хэлж болмоор. Аав ээж нь нэг их хүчлээгүй байхад хэдийнээ бага ангидаа идэрчүүд пионерийн бүлгэмд элсчээ. Түүний гэр бүлийн байдал ч түүнд нөлөө үзүүлсэн үү, Ангела шашин, улс төрд хоёуланд нь сонирхолтой байлаа. Түүний дээр физик, математик, Орос хэлний чиглэлд дунд сургуульд байхдаа амжилт гаргаж, олон олимпиадад тэргүүлж, хаалттай нийгмийн үед ЗХУ-д очих эрхийн бичгээр хүртэл шагнуулж байсан удаатай байна.
Өсвөр насаа ардаа үдэж, Их сургуулийн босго алхах мөч ирэхэд Ангела Каснер Германы нэр хүнд бүхий сургууль болох Лейпцигийн их сургуульд элсч, 1973-1978 оны хооронд физикийн чиглэлээр сурч төгсөн, сургууль төгссөн тэр жилээ ШУА-ын Физик, химийн хүрээлэнд ажиллаж эхлэв. 1986 онд квант химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, 1990 он хүртэл хүрээлэндээ судлаачаар ажиллажээ.
Гэр бүлийн амьдрал болоод Ангела Меркель болсон түүх
Ангела Каснер 1977 онд оюутан ахуй цагтаа физикч Улрих Меркельтэй гэрлэж “Меркель” хэмээх овгоо авсан юм. Харамсалтай нь, тэдний гэрлэлт тийм ч удаан үргэлжлээгүй бөгөөд 1982 онд тэдний хувь заяа салалтаар төгсчээ.
Ангела Меркелийн хувьд өмнөх гэрлэлтээсээ хойш 16 жилийн дараа дахин гэр бүл зохиосон явдал юм. Тэрээр 1998 онд Берлиний химийн профессор Иохим Зауэртэй гэрлэж, одоог хүртэл хамт амьдарч байна. Харин Меркель хэмээх овгоо солиулаагүй хэвээр үлдээсний учир нь тэрээр улс төрд Ангела Меркель нэрээрээ хэдийнэ танигдаж, сайдын албан тушаалд хоёр ч удаа томилогдон ажилласан байв.
Түүнчлэн түүний нөхөр Иохим Зауэр олны анхааралд татах төдийлөн сонирхолгүй нэгэн. Иохим Зауэр шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй, квант химич тэрээр Германы хамгийн эртний сургуулийн нэг болох Хумбольдын их сургуулийн профессор төдийгүй Нобелийн шагналд нэр дэвшиж байсан. Зауэр өөрийн ихэнх цагаа лабораторидоо өнгөрүүлэхийг илүүд үздэг ч Ангелийн Меркелийн хамгийн сайн, хүчтэй дэмжлэг үзүүлэгч байсаар иржээ.
“Хелмут Колийн охин” Ангела Меркель
Ангела Меркелийн улс төрийн амьдралын замнал 1990-ээд оноос эхэлсэн юм. 1989 онд Берлиний хана нурснаар Меркель улс төрийн ертөнцөд хөл тавих боломж олдсон гэж хэлэхэд болно. Германыг тусгаарласан нам нурсантай холбоотойгоор түүний ажиллаж байсан ШУА татан буулгагдаж улмаар Меркель Зүүн Германы Шинэ ардчилсан намд элсч, улс төрд эргэлт буцалтгүй орсон юм.
1990 онд зүүн болон баруун Германыг нэгтгэсний дараа түүний нам Христын Ардчилсан Холбоотой эвсэн 1990 оны Германы парламентын сонгуульд нэр дэвшиж Бундестагт оров. Энэ үед холбооны Канцлер Хелмут Коль байсан бөгөөд тэрээр Ангела Меркелийн улс төрийн амьдралд хөл тавихад тусалсан, түлхэц өгсөн хүн гэгддэг бөгөөд тиймдээ ч Меркель “Колийн охин” хэмээх нэрээр дуудуулж явсан удаатай.
Хелмут Коль өөрийн засаглалын үед буюу 1991 онд Меркелийг Христийн Ардчилсан Холбооны дэд тэргүүнээр сонгосноос гадна Гэр бүл, залуучууд болон эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайдаар томилсон юм.
Ингэж эгэл жирийн физикч эмэгтэй 37 насандаа улс төрийн том тоглоомд гол тоглогчийн байр суурийг эзлэх гараагаа эхлүүлсэн түүхтэй.
Канцлер хүртэлх үйл хэрэг
1991-1994 оны хооронд Гэр бүл, залуучууд болон эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайдын албын хашиж байсан Меркель 1993 онд Мекленбургийн Христийн Ардчилсан Холбооны дарга татвараа буруу тооцож төлсөн хэрэг илрэхэд түүний орыг залгамжлан 1994-1998 онуудад Лотаром де Мезьемын засаглалын үед Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогчийн үүрэгт албанд байв. Үүний дээр энэ онуудад мөн Хелмут Колийн санал болгосны дагуу Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын сайдаар томилогдсоноор Засгийн газарт илүү чухал үүрэг гүйцэтгэх болж, улмаар улс төрийн шинэ өндөрлөгт хүргэж, зах хязгааргүй алсын харааг түүнд өгсөн гэдэг.
1998 онд болсон сонгуульд Хелмут Колийн нам ялагдал хүлээж байр суурь нь доошилж, Христийн Ардчилсан Холбооны тэргүүний ажлаа Вольфганг Шойблед өсөн бол Меркелийн амжилт улам өөд тэмүүлж байв. Төд удалгүй тэрээр намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон нь намын түүхэнд энэ албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй хүн болсон байдаг.
Үүнээс хэдхэн сарын дараа Христийн Ардчилсан холбооны хууль бус санхүүжилтийн шуугиан хүчтэй шүүмжлэлд өртөж, 1999 онд Меркель өөрийн намын даргадаа мэдэгдэлгүйгээр Германы өдөр тутмын нөлөө бүхий сонинд шуугиан тарьсан мэдэгдэл нийтлүүлсэн нь түүний хувьд өөрийн байр суурь, нэр хүнд, аж амьдралаа хүртэл алдаж болох алхам байсан гэж улс төр шинжээчид дүгнэдэг. Түүний нийтлүүлсэн мэдэгдэлд, “Манай нам өөрийн хөл дээр бат зогсох ёстой. Бид ирээдүйд хуучин удирдагчдын оролцоогүйгээр улс төрийн өрсөлдөгчтэйгөө учраа ололцох болно. Хелмут Коль, Вольфганг Шойбле нарын үеэ өнгөрөөсөн удирдагчдаас болж манай нам хохирч байна. Тэд намаа бодож байгаа л бол өөрсдөө орхих хэрэгтэй” гэсэн юм. Ийнхүү хэдэн долоо хоногийн турш нам дотроо ширүүн зөрчилдсөн ч эцэст нь Хелмут Коле түүх болон үлдэж, намын шинэ удирдагч Шойбле намын хууль бус санхүүжилтийн асуудалтай холбоотой байсан нь тогтоогдоод ирмэгц Ангела Меркель намын жигүүрийн удирдлагыг гартаа оруулсан. Тэрээр шуугиан тарьсан нийтлэлээ хэвлүүлэхэд маш их зүйлээрээ дэнчин тавьсан гэдэгтэй санал нийлдгээ өөрөө ч хэлдэг. Эхлээд тэр өөрийн эцгээс зай барих болсон бол удалгүй өөрийг нь улс төрд хөл тавихад тусалсан удирдагчаасаа холбоо таслах хэрэгтэй болсон. Хелмут Коль түүний мэдэгдлийн дараа “Би өөрийн гар дээрээ өөрийгөө хөнөөх могойг тэвэрч байжээ. Алуурчнаа би өөрөө бий болгосон” хэмээн дурссан байдаг билээ.
2000 оны дөрөвдүгээр сард Христийн Ардчилсан Холбооны удирдлагад намын гишүүдийн 96 хувийн саналаар намын даргаар сонгогдсон нь мөн л Германы намын анхны эмэгтэй удирдагч хэмээх цолыг хүртсэн.
Германы эдийн засгийн тогтолцоонд хийх томоохон шинчлэлтийн хэрэгжилтийг дэмжсэн нь Ангелийн Меркелийн нэр хүндийг ихээхэн өсгөв. Тэрээр одоогийн хууль тогтоомж нь үндэсний өрсөлдөх чадварыг хязгаарлаж байна гээд, Германы хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байлаа. Энэ мэтээр Меркель өөрийн удирдах чадварыг таван жилийн хугацаанд батлан харуулж, Канцлерын албыг хашиж чадна гэдэг итгэлийг ард түмэнд төрүүлж, 2005 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр намын төлөөлөгчид Германы шинэ Канцлер хатагтайг алга нижигнүүлэн, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Ангела Меркель Германы анхны эмэгтэй Канцлер болоод зогсохгүй Зүүн Германаас сонгогдсон анхны хүн болсон юм.
“Мөнхийн Канцлер” Ангела Меркель
Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар Ангела Меркель дөрөв дэх удаагаа ялалт байгуулж, “Мөнхийн Канцлер” нэрийг хүртэж, түүхэнд нэрээ мөнхөллөө.
2005 оноос хойш өдийг хүртэл 12 жил Германыг удирдан авч явсан түүнийг дахин дөрвөн жилийн хариуцлагатай алба угтаж байна. Германы Канцлерын албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд ямар нэг хязгаарлалтгүй байдаг бөгөөд нэг хүн хэдэн ч удаа улиран сонгогдож болдгоороо тус улсын хуулийн онцлог.
Ангела Меркель Германы түүхэнд дөрөв дэх удаагаа Канцлерын албанд томилогдож буй гурав дахь хүн болж байгаа юм. Тэдгээр гурван хүний нэг нь мэдээж Меркелийг улс төрийн амьдралд хөл тавиулсан удирдагч Хелмут Коль юм. Хелмут Коль 1982-1998 оны хооронд 16 жилийн турш Германыг удирдаж байв. Харин нөгөө нэг нь Дэлхийн II дайны дараа Германыг сэргээн босгосон Конрад Аденауэр юм. Тэрээр 1949-1963 оны хооронд 14 жил Германы Канцлераар ажилласан байдаг.