Улиастай Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг өнөөдрөөс эхлэн хаалаа. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг 2015 оны наймдугаар сарын 05-ны 06.00 цаг хүртэл хаах юм.
Түр зам гаргах боломжгүй учир иргэд 1 км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчих юм байна. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм. Улиастай-Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байгаа аж.