Open iToim app
Анализ | 2 мин уншина

Гацуур модны үнэ нэмэгджээ

Гацуур модны үнэ нэмэгджээ
Нийтэлсэн 2015 оны 12 сарын 4
Энэ жилийн сүүлийн сар эхэлж, шинэ жилийн уур амьсгал хэдийнэ эхэлжээ. Албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний төвүүд гадаах талбайдаа өнгө өнгийн тоглоомтой, өндөр гацуур модоо засч, шинэ жилийн дуу эгшиглэх нь шинэ жил хаяанд ирснийг сануулна. Шинэ жилийн баярыг ногоон гацуур, элдэв янзын чимэглэл, өвлийн өвөөгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Шинэ жилийн баярын уур амьсгал орсонтой холбогдуулан томоохон худалдааны төвүүд, дэлгүүрүүд шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Албан газрынхаа гадна засах эсвэл хайртай бяцхан үрийнхээ гацуурыг авч амжаагүй уншигч танд сонголт хийхэд тань туслахаар гацуур модны үнийн талаар сурвалжлага бэлтгэлээ.
Дуугардаг, дуугардаггүй, гэрэлтэй, гэрэлгүй, сагсгар мөчиртэй, өөрөөсөө саатай, өндөр нам гээд л төрөл бүрийн гацуурууд 50 см-ээс гурван метр хүртэл байна. Үнийн хувьд дунджаар 35 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд байгаа юм. Саа, тууз, чимэглэлийн хувьд урт өргөнөөсөө хамаараад 1000-15000 төгрөгийн үнэтэй. “Нарантуул” захад жилийн жилд шинэ жилийн гацуур хамгийн хямд байдаг. Энэ жил ч уламжлал ёсоор хамгийн хямд гацуурууд “Нарантуул”-д байгаа бололтой. Гэхдээ "Нарантуул" захын худалдагчид гацуур модных нь зургийг авахаас татгалзав. Ширээний жижиг гацуур 5000-25000 төгрөг бол суурьтай, чимэглэлгүй, энгийн ногоон гацуур 35000 төгрөг, харин өөрөөсөө гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод 35000-120 мянган төгрөгийн ханштай байна. Тэгвэл гацуур модны чимэглэл, тоглоомууд нэг ширхэг нь 500-4500 төгрөг бол саа өнгө, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 60-1500 төгрөгийн үнэтэй байна. “Нарантуул” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар энэ жил гацуур, саа, чимэглэл, тоглоомын үнэ бага зэрэг өссөн гэнэ. Харин хотын төвд байрлах их дэлгүүр, худалдааны төвүүдэд гацуурын үнэ арай өндөр байв. Гацуур модны өнгө, хэмжээний сонголт ч “Нарантуул” захынхаас илүү байсан юм. Үнийн хувьд ширээний жижиг гацуур 8000-15000 төгрөг бол эргэлддэг, өөртөө гэрэл, чимэглэлтэй гацуурууд 160000-540000 төгрөг байв. 1м-1.5м-тэй гацуур мод чанар хийц, саатай, саагүй, чимэглэлтэй, сагсгар, амьд юм шиг гээд л янз бүр үнэ нь дундажаар 25000-150000 төгрөгийн хооронд байна. Харин 2метрээс дээш өндөртэй модны хувьд мөн л ангиллаасаа хамаарч ханш нь өөр өөр байгаа юм. Дэлгүүрүүдэд хамгийн хямд нь 120000 төгрөг бол хамгийн үнэтэй нь 350000 төгрөгийн үнэтэй гацуурууд зарагдаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн