УИХ өнгөрсөн хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Хаврын чуулганаар хоёр ч удаа буцаасан уг төслийг Засгийн газар болон эрх баригчид Ээлжит бус чуулган зарлах үеэр нэн яаралтай дэгээр хэлэлцүүлсэн ч мөн унасан юм. Ингэж олон удаа унасан Гацууртын ордын төслийг УИХ-ын намрын чуулган хаахаас өмнө амжиж баталлаа. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоож, Ноён уулыг тусгай хамгаалалтад авахаар болсон юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” компани. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсоны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн. Уул уурхайн сайдын хэлснээр уг ордыг ашигласан нөхцөлд Монгол Улс гурван хувийн роялти авна гэв. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жилдээ таван тонн алтыг Төв банкинд тушаах юм байна. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байгааг хэлж байгаа юм.
УИХ жил шахам гацсан Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ордоо ашиглах эрхийг өгсөн. Гэхдээ Гацууртын ордын төсөл дахин гацаж магадгүй шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх гаргажээ. Тодруулбал, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нар "Сентерра Гоулд" компанийн Гацууртын орд дахь ашиглалтын хоёр лицензийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хүргүүлсэн байна. Өмгөөлөгч “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон Г.Батбаярын хүсэлтийн хариу хоёрдугаар сарын 5-нд ирүүлж, шүүхээс ““Сентерра Гоулд” компанийн лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж, захиргааны хэрэг үүсгэхээр боллоо” гэжээ.