Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

​Б.Ганхуяг: Хүүхдийн шүд өвчилж, цоороход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна

​Б.Ганхуяг: Хүүхдийн шүд өвчилж, цоороход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 18
Хүүхдийн болон насанд хүрэгчдийн шүдний цоорол юунаас үүдэн ихсэж байгаа, үүнээс хэрхэн сэргийлэх талаар “UB Dent” шүдний эмнэлгийн захирал, нүүр амны их эмчийн Б.Ганхуяг зөвлөснийг “Эрүүл Монгол” буландаа онцолж байна.
Шүдний цоорол сүүлийн жилүүдэд эрс ихсэж байна. Тухайлбал, нийт хүүхдийн 95 хувь нь шүдний цооролтой байна гэсэн судалгаа гарсан байгаа юм. Тэгэхээр яагаад хүүхдийн шүдний цоорол ихсээд байна вэ гэхээр тухайн хүүхдийн хэрэглэж байгаа хоол хүнс өөрчлөгдөж байгаатай холбоотой. Өмнө нь хүүхэд ааруул, цагаан идээ зэрэг зажлуур сайтай хоол иддэг байсан. Ааруул нь шүдийг цэвэрлэдэг. Харин өнөө үед бүх хоол идэхэд хялбар зөөлөн болсноос гадна хоолонд янз бүрийн чихэр агуулах болсон. Тухайлбал, ундаа, жүүс янз бүрийн гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нүүрс хүчил ихтэй хоол хүнс хэрэглэдэг болсноос амны хөндийн хүчиллэг орчин тогтворгүй болж байна. Хүчиллэг байдал нь давамгайлаад ирэхээр шүдний паалан хэврэг болдог юм. Ингэснээр хорхой, нян бактери зэргийн тэсвэрт чанар нь байхгүй болсноос цоорол үүсч байна. Шүдэнд хорхой их тархсан хэрэг биш, шүдний бат бөх чанар муудаж байгаа гэсэн үг. Хүүхэд чихэр ундаа чипсээр хооллоод ирэхээр хүүхэд хоолны дуршилгүй болж байгаа юм.
Харин хүүхэд хатуу, зажлууртай хоол хүнс их идвэл шүд нь бат бөх болно. Шүд эрдэсжилтийг дотроосоо болон амны хөндийгөөс гэсэн хоёр газраас авдаг. Амны хөндийгөөс гэхэд тухайн хоол хүнсийг шүлсээр уусгаж, шүлсэнд байгаа найрлагыг паалангаараа нэвчүүлж авдаг. Эрдэс бодис, шим тэжээлтэй хоол хүнс идвэл шүд дотроосоо эрдэсждэг. Хоол хүнсний тэжээллэг байдал гэхээр хоол хүнсэнд агуулагдах витамин, амин хүчил, эрдэс бодис, шим тэжээллэг чанар юм. Эдгээрээс бүрдсэн хоол идэж байвал дотроосоо тэжээл авч чадна. Мөн хоол хүнсэндээ нүүрс хүчил бага агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл шүд цоорох магадлал бага. Учир нь хүн өдөрт таван удаа хүчиллэг хоол хүнс идэхийг тэсэх чадвартай байдаг. Иймээс өдөрт ойр ойрхон чихэр идэх нь шүд цоорох нөхцөл болж байгаа юм. Хэрвээ хүүхдэдээ зайлшгүй чихэр идүүлдэг бол өдөрт бөөнд нь идүүлээд амыг нь усаар зайлуулах хэрэгтэй.
Мөн хүүхдүүдэд ихэвчлэн угжны цоорол үүсч байна . Шөнө мөөмөө идэж хонодог хүүхдийн үүдэн шүд цоордог . Эхийн сүү эхний зургаан сар тэжээллэг байдалтай байдаг. Үүнээс хойш тэжээллэг байдал нь багасч, илүү хүчиллэг тал нь давамгайлах болдог. Хүүхэд мөөмөө шөнө хөхөөд унтахад хүүхдийн амны хөндий шөнөжингөө хүчиллэг байна гэсэн үг. Үүнээс шүдний паалангийн бат бөх чанар мууддаг. Иймд хүүхдээ шөнө хөхүүлсний дараа нь цэвэр ус өгч болно. Хүүхдийн амны хөндийг цэвэрлэхдээ ус маарланд шингээгээд зөөлөн арчиж, өнгөрийг нь авна. Ер нь хүүхдийнхээ шүдийг 2-4 нас хүртэл өгч угааж болно.
Насанд хүрэгчдийн хувьд шүд цоорлын хоёр шалтгаан байгаа. Нэгд, амны хөндийн арчилгаа маш дутуу байна. Зөвхөн оо, сойз хэрэглээд шүдээ цэвэрлэж байгаа хэрэг биш. Нэмэлт шүдний утсыг маш сайн хэрэглэж байх хэрэгтэй. Иймээс шүдний завсрын цоорол маш их байгаа юм. Энэ нь цэвэрлэгээ дутуу учраас хоолны үлдэгдэл шүдэнд хэдэн цагаар хадгалагдаж, удах тусам шүд цоорох нөхцөлийг нэмэгдүүлдэг. Хоолны үлдэгдэл дээр нян бактери цугларч, шүдний пааланг иддэг гэж хэлж болно. Гэхдээ нян бактери шүдний пааланг иддэг биш, нян бактериас гарч буй баас гэх юм уу хорт бодис шүдийг хайлуулдаг. Тиймээс шүдээ эрүүл байлгахын тулд жилдээ нэгээс хоёр удаа шүдний үзлэгт хамрагдах хэрэгтэй. Мөн шүдний оо, сойзноос гадна шүдний завсар цэвэрлэх утас, ам цайлах нэмэлт уусмалыг эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэж дадах юм.
Хоёрт, шүд цоороход эмчид үзүүлэхгүй хугацаа их алддаг. Шүдний цооролтой бол цаг алдалгүй эмчид хандах нь маш чухал. Манайхан “ганц нэг шүд цоорсон, тэгж байгаад янзлуулна” гэсээр шүдний өвчлөл нь хүндрээд ирэх нь байдаг. Шүдний цоорол нь халдварт өвчин. Яагаад гэвэл striptococus mutans гэдэг бактериар дамжин, нэг шүднээс нөгөөд, нэг хүнээс нөгөө хүнд халддаг. Тухайн хүн хорхойтой шүдтэй бол түүний хэрэглэж байгаа сойз, аяга тавгаар дамжин бусдад нь халдварлана. Цоорсон шүдээ эмчид үзүүлэхгүй удвал мэдрэлийн үрэвсэл болохоос эхлээд ясны үрэвсэл болж хүндэрдэг.
Шүд цоорлын хүндрэлээс шалтгаалах өвчлөл маш олон төрөл байдаг. Дэлхийд шүдний нэвчээс гэдэг өвчлөл байхгүй болсон. Яагаад гэвэл шүднийхээ өвчлөлийг хүндрэхээс өмнө эмчид ханддаг. Гэтэл манайд жилд 1000 удаа гарч байна гэж болно. Энэ бол үхэлд хүргэх аюултай. Тухайлбал, шүд цооролтой хүмүүсийн эрүү хавдаад удаан хугацаагаар явах нь байдаг. Энэ нь удаад ирэхээр хэлний доор орж, зүрх лүү идээ орно гэсэн үг. Энэ нь амь насанд аюултай.
Шүдний цоорлоос сэргийлэхийн тулд аль болох нэг төрлийн биш, олон төрлийн хоол идэх хэрэгтэй. Тухайлбал, мах, ногоо, гурил зэрэг хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг хольж хэрэглэ. Насанд хүрэгчид шүдний арчилгаандаа илүү анхаарах нь чухал. Хоолныхоо дараа шүдээ заавал угаах хэвших хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн