Open iToim app
Таны сонорт | 16 мин уншина

Ц.Гантулга: Үндэсний баяр наадам урианхай сурын харваагаар эхэлдэг нь учиртай

Ц.Гантулга: Үндэсний баяр наадам урианхай сурын харваагаар эхэлдэг нь учиртай
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 1
Урианхай түмний ёс заншил, өв соёл, урлаг, спортын уламжлалт төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор гурван жил тутамд зохиодог “Алтан хүрээ” наадам энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд “Цонжин болдог” цогцолборт болох гэж байгаа. Энэ үйл явдалтай холбогдуулж бид МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхмийн багш доктор, профессор Ц.Гантулгатай урианхайчуудын үүх түүхийн талаар хөөрөлдлөө.
-Урианхай гэж хэн бэ, хаанаас гарал үүсэлтэй билээ гэдгээс яриагаа эхлэх үү?
- Монголчууд бид дотроо уг гарвал, угсаа язгуур нэгтэй олон овог, аймаг, угсаатны бүлгээс бүрддэг ард түмэн. Түүний нэг нь Урианхайчууд. Урианхайчууд бол эртний түүхтэй, язгуур Монголын өвөг овог аймаг. Өөрөөр хэлбэл, Монголын түүх хэдийнээс эхэлдэг, монгол гэдэг нэр хэзээ түүхэнд гарч ирсэн тэр цаг үеэс Урианхайн түүх мөн эхэлдэг гэсэн үг. Тийм болохоор Урианхай гэх нэр түүх шастирын шарласан хуудсанд их эртнээс тэмдэглэгдсээр ирсэн байдаг юм. Нөгөөтэйгүүр монголчуудын гарал үүслийн тухай домог түүхэнд ч нэр нь тодоос тод дурайж байдаг билээ. Тиймээс Урианхайчууд бол тэртээ эрт цагт хожмоо монгол гэгдэх болсон олон овог аймгийн уг үндэсийг тавилцаж, үүх түүхийг бүтээлцэж ирсэн түмэн. Төр улсын түүхийн үүднээс яривал, Монголчуудын эртний өвөг Хүннүгээс Жужан буюу Монгол Нирун улсын үеийн түүхэнд ч Урианхай нар ул мөрөө үлдээсэн. Энэ бол тэдний түүхийн эртний үед хамаарна.
Монголчуудын гарал бүрдэлийг ярихад Эргүнэ Хунгийн домог гол байр эзэлдэг. Энэ бол монголчуудын зуун, мянган дамжуулан үеэс үед өвлүүлэн дамжуулж ирсэн амьд домог. Рашид ад дины эрхэлж хийлгэсэн “Судрын чуулган” гэдэг бүтээлд монголчууд эл домгоо бичиж оруулсан байдаг. Домогт өгүүлснээр, бүх монгол овогтон Эргүнэ Хун гэх газар зугатан нүүдэллэж очсон Нукуз, Хиан гэх хоёр овгоос үүсч салбарласан бөгөөд тэдний нэг нь Урианхай байжээ. Энэ бол VI зууны үед холбогдох хэрэг явдал юм. Тийнхүү Урианхай нар нэг гарал үүсэлтэй бусад монгол овог аймгуудтайгаа цуг Эргүнэ Хунд 400-аад жил аж төрж өнөржин олширч хүчирхэгжээд, тэндээсээ нүүдэллэн гарч, уугуул нутагтаа эргэн ирсэн байдаг. Урианхайчууд буцаж ирээд Хамаг монголын голомт нутаг, гурван голын эх-Бурхан халдуныг эзэгнэн нутагласан түүхтэй. Ийм учраас Монголын нууц товчоонд тэднийг “Бурхан халдуны эзэн, бурхан босгосон шинчи баян Урианхай” гэж тэмдэглэсэн байдаг. Тийнхүү энэ үеэс Урианхайчууд монгол нэрийн доор дахин нэгдсэн бусад монголчуудтайгаа цуг мандан бадарч, өөрсдийн баатарлаг түүхийг бүтээсэн билээ. Ийм л учраас би Урианхайчуудыг эртний өвөг монгол аймаг гэж хэлээд байгаа юм.
-Улс гэр байгуулахад Урианхайчууд тэгвэл их үүрэг гүйцэтгэсэн байж таарах нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь Урианхайчуудын хувьд бусад монгол овог аймгуудтайгаа уг гарвал, амь амьдрал нэгтэй явж ирсэн болохоор туулсан замнал түүх нь ч бас ижил. Тэд монголчуудын сулрал доройтлын үед буурч, сэргэлт мандлын үед мандаж, зовлон бэрхшээл, ялалт амжилт бүхэнтэй цуг хамтдаа байсан. Тэр ч утгаараа X зууны үеэс эхлээд Хамаг Монгол улсын үндэс суурийг тавихад Урианхайчууд багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Тэд Алтан ургийнхан буюу Чингис хааны өвөг дээдэстэй ураг холбож, худ ураг барилдан, боржигин овогтонтой яс, махны садан төрөл болж, салшгүй холбоотой явж, хожмоо Их Монгол Улсыг байгуулалцсан байдаг. Эзэн богд Чингис хаантан бүх монгол туургатнаа нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулахад нь идэвхийлэн хүчин зүтгэгсэдийн нэг нь Урианхайчууд байсан юм. Жишээлэхэд, “Монголын нууц товчоо”-ны 50 гаруй зүйлд Урианхаст шууд болон дам холбогдох мэдээ баримт орсон нь үүнийг илтгэнэ. Энэ бол Монголын нууц товчооны бараг тавны нэгд нь Урианхайн түүхэнд холбогдох мэдээлэл орсон гэсэн үг. Энэ нь бас тэр үеийн түүхэнд Урианхайчуудын үүрэг оролцоо хэр байсныг давхар нотлон харуулж байгаа юм.
-Энэ үеийн Урианхайн түүхэнд холбогдох онцлог жишээ баримт юу байна?
-Урианхайчууд эртнээс анч, дайчин баатарлагаараа түүхэнд алдартай ард түмэн. Тэдний нэрийн утга хүртэл дайн тулаанд уриалан оролцдог байснаас үүдэлтэй, уриан эзэн, уриалагч гэсэн утгатай гэж домоглон өгүүлдэг. Урианхайчуудын дотор хэлэгддэг түүхэн хэлц хүртэл бий. Манай Урианхайчууд “Дайнд уриа нэгтэй, далайд сал нэгтэй явсан” гэж. Тэгээд ч Их Монгол Улс, Монголын эзэнт гүрнийг байгуулахад Урианхай жанжид маш их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Чингис хааны есөн өрлөгийн хоёр нь Урианхай хүн байлаа. Монголчууд үнэн итгэлтэй хүнийг нохойтой зүйрлэдэг, тэгвэл Чингис хааны нохой мэт итгэлтэй дөрвөн хошууч жанжны хоёр нь Урианхайн баатарлаг хөвүүд байв. Тэд бол хүр гэсэн газар хүрч, ямарч хүнд бэрх үүрэг даалгавар байсан биелүүлж чаддаг Урианхайн Зэлмэ, Сүбэдэй нар байсан юм. Цааш нь нэг жишээ дурдахад, Монголын төдийгүй дэлхийн түүхэнд алдартай эцэг, хүү гурван жанжин Урианхайгаас төрөн гарч түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.
Энэ бол домогт Сүбэдэй, Урианхайдай, Ажу нар юм. Өнөөдөр дэлхийн цэргийн урлагийн түүхийг судлахдаа Америк, Орос гээд их гүрнүүд Сүбэдэй жанжны цэргийн эрдмийг тусгайлан судалдаг. Өрлөг жанжин Сүбэдэй баатар өрнө, дорно дахинд алдар нэрээ дуурсгасан, дэлхийн түүхэнд цуутай жанжин шүү дээ. Сүбэдэй бол Чингис хаан, Өгөдэй, Гүег гээд 3 их хаанд нөмөр түшиг болж, хүчин зүтгэсэн агуу жанжин байлаа. Өгөдэй хааны үед 1235 онд Өрнө зүг хийсэн Ахмад хөвүүдийн аян дайныг ёс эрэмбийн дагуу Батаар ахлуулсан боловч хэрэг дээрээ Сүбэдэй ерөнхийлэн удирдсан юм. Тийм учраас ч Өгөдэй хаан Гүюгийг зэмлэхдээ, түүнийг Сүбэдэй, Бүжэг хоёрын нөмөр далбаан дор явсан хэмээж байсныг Нууц товчоонд тодорхой өгүүлсэн байдаг.
Сүбэдэйн ор суурийг түүний хүү Урианхайдай залгаж, Мөнх, Хубилай хаадын үед их жанжин байв. Тэрээр дорно дахиныг бүрэн түвшитгэх их аян дайныг гардан удирдаж байв. Урианхайдай жанжны орыг түүний хүү Ажу залгамжилсан нь мөн л алдар суугаа дуурсгасан их жанжин байлаа. Урианхайн энэ аугаа жанжид өрнө хийгээд дорно дахины улсуудыг Монгол төрийн жолоонд оруулж, дэлхий дахиныг засан тохинуулах их үйл хэргийг гардан гүйцэлдүүлсэн баларшгүй гавьяатай. Цэргийн түүх судлаач Х.Шагдар доктор “Энэ дэлхийд эгнэшгүй эцэг, хүү гурван жанжин” бүтээлдээ Урианхайн дээрх гурван жанжин угтаа дэлхийг эзэлсэн хэмээсэн нь хэтрүүлэг бус аа.
-Энэ мэтээр Урианхай түмэнтэй холбоотой онцлог түүх олон байдаг даа.
-Тийм ээ, яриад байвал барагдахгүй л дээ. Энд дахиад ганц жишээ хэлье. Чингис хааны үед Урианхайчууд 4 том мянганд харьяалагдаж байв. Тэд ямар их итгэл хүлээсэн түмэн байсныг нотлох нэг баримт бол Чингис хаан тэнгэрт хальсны дараа түүний онгоныг сахин хамгаалах маш хариуцлагатай, хүндтэй даалгаврыг Урианхайн нэгэн түмэнд тусгайлан даатгасан явдал юм. Тэр цагаас Урианхай түмний нэг хэсэг нь Бурхан халдунд байх Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадыг хоригийг сахин хамгаалах үүрэг хүлээн, үе дамжин тэндээ суусан байдаг. Тиймээс Саган сэцэний “Эрдэнийн товч” гэдэг түүх сударт Урианхай түмнийг “эзний алтан хөмрөгийг сахисан их заяат улс” онцлон өргөмжилсөн байдаг юм. Их хаад дээдсийн ариун онгоныг сахин хамгаалж ирсэн энэ онцгой түмнийг “их заяатай” гэхээс ч яах вэ дээ. Тэр утгаараа Урианхай түмэн Даян хааны үед Зургаан түмэн Монголын нэг хүчирхэг түмэн болж мандсан юм. Энэ мэтээр Урианхайчууд үе үеийн түүхэнд алдар цуугаа дуурсгасаар ирсэн баялаг түүхтэй.
-Дунд үеийн Монголын түүхэнд тэгж хүчирхэг мандаж явсан Урианхай түмний түүх цаашид бүдгэрсэн нь ямар учиртай вэ?
-Их Монгол улсын үеэс Урианхайчууд бутарч, сарниж эхэлсэн. Үүнд нэг талаас нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маяг, аж ахуйгаа эрхлэх, байгаль цаг уур, ус бэлчээрийн аясаас гадна тухайн цаг үеийн олон шалтгаан нөлөөлсөн юм. Уг нь бол нүүдэлчдийн хувьд нэг газраас нөгөөд шилжих явдал байдаг л зүйл. Гэхдээ XIII зууны дунд үеэс үүнд улс төрийн хүчин зүйл илүүтэй нөлөө үзүүлсэн. Засаг захиргааны хуваарилалтаар Урианхайчууд 4-6 мянган болж хуваагдсан явдал ч үүнд нэрмээс болж, цаашдаа өөр өөр газарт шилжин нутаглахад хүргэсэн талтай. Тэр үед болж байсан дайн самуун Урианхайчуудын сарнил бутралд багагүй нөлөө үзүүлсэн. Ялангуяа Хубилай-Аригбөх, Хубилай-Хайду нарын олон жил үргэлжилсэн дайн үймээний хөлөөр Урианхайчууд багагүй цацагдаж хуваагдсан байдаг. Тэгээд нэг хэсэг нь Өвөрмонгол руу, нөгөө хэсэг нь нутагтаа үлдэж, зарим хэсэг нь баруун тийш Хөвсгөл, Тагна, Соёны нуруугаар дамжаад цаашаа Алтай хүрч суусан түүхтэй.
XVI зууны 20-30-аад онд Зүүн Монголын 6 түмний нэг байсан Урианхай түмэн эсэргүүцэл тэмцэл гаргасны учир түмэн байх эрхээ хасуулж, бусад 5 түмэнд жишин тарааснаар Урианхайчууд дахин ихэд сарнин цацагджээ. Өнөөдөр Урианхай ястай хүн тааралддаггүй нутаг ховор, Урианхай овог угсаатай хүмүүс монголчууд нутагладаг бараг бүх газарт тархсан байдаг нь энэ бүхэнтэй холбоотой юм.
-Одоо Урианхай нар хаагуур, хаагуур нутаглаж байна?
-Өдгөө Урианхайчууд хэд хэдэн газар бөөнөөрөө сууж байна. Тухайлбал, Өвөр Монголын Харчин, Түмэдийн дотор Элжигдэйн хувь эзэмшилд явсан Урианхайчуудын үр хойчис бий. Ялангуяа тэдний ноёд язгууртнууд өөрсдийгөө Урианхайн Зэлмийн удам гэдэг. Бас хожим XVII зууны үед Халхаас ирж суусан гэдэг Авга Урианхай нар Өвөр Монголын Шилийн гол аймагт 6 сум байна.
Бурхан халдуны Урианхайчуудын үр удам гэхэд хэдийгээр бие даасан шинжээ алдсан боловч өөрийнхөө өвөг дээдэс, овог ясаа мартаагүй байж байна. Урианхай түмнийг тараасны дараа тэдний нэг хэсэг нь Гэрсэнзийн отгон хөвүүн Саму Бумагийн хувь эзэмшилд очсоны үр хойчис хожмоо Засагт хан аймгийн Дайчин засаг, Дархан засгийн хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат, Ховд аймгийн Цэцэг суманд аж төрцгөөж байна. Бас Тагна, Соён, Хордил сарьдаг хавиар нутаглаж ирсэн Урианхайчуудыг өдгөө Хөвсгөлийн Урианхай хэмээдэг. Харин Алтайд очиж суусан Урианхайчууд одоогийн Ховд, Баян-Өлгий аймгийн нутагт болон БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Алтай аймагт сууж байна. Тэд Ховдын хязгаарт харьяалагдаж, их Алтайн ар, өврөөр зуун зууныг дамнан нутаглаж, “Алтайн Урианхайн 7 хошуу” гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсээр ирсэн билээ. Түүнээс гадна Тагна Туваг Оросын зүгээс Урианхайн хязгаар гэж нэрлэдэг байснаас үүдэн тэднийг мөн Урианхай гэж нэрлэх нь бий. Дашрамд хэлэхэд, одоо Баян-Өлгийд энэ нутгийн уугуул иргэд болох Урианхайчууд тун цөөхөн үлдсэн дээ. Учир нь, тэдний ихэнх нь хүсэл, хяслын эрхээр Монгол улсын олон аймаг, хот руу шилжин сууцгаасан юм. Тэд одоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Налайх, Шарын гол, Төв, Сэлэнгэ, Хэнтий гээд олон аймаг хотод аж төрж байгаа шүү.
-Одоо яриагаа Урианхайчуудын соёл, уламжлал руу хандуулья. Тэдний өв соёлын зарим онцлог содон уламжлалаас та танилцуулаач?
-За тэгье. Яриа маань сунжирч байх шиг байна. Их түүхтэй ард түмэн болохоор хэлж ярих зүйл мундахгүй их л дээ. Урианхайчууд эртний түүхтэй ард түмэн тул өв соёлын арвин баялаг уламжлалтай байх нь мэдээж хэрэг. Гэхдээ өнөөдөр Урианхайчуудын өв соёл гэвэл Алтайн Урианхайчуудад голлон тулгуурлаж ярихаас аргагүй болно. Учир нь социализмын үеийг оруулаад яг өнөөдрийг хүртэл овог угсааныхаа нэрийг орхиж гээлгүй явж ирсэн, албан тооллого бүртгэлд өөрсдийгөө “Урианхай” гэж бүртгүүлж, өв соёл, ёс уламжлалаа хадгалсаар ирсэн эртний урианхай нарын үр хойчис нь чухамдаа Алтайн Урианхайчууд байсан юм. Эртний Урианхай нарын нэг тасархай болох тэд Ойрад монголчуудын дунд орж, Алтайн хан хайрханаа түшин нутаглах болсноор энэ их уулынхаа нэрээр өөрсдийгөө тодотгон дуудуулсаар өнөөдрийг хүрч ирсэн билээ.
Дээр хэлсэнчлэн, Урианхайчууд эртнээс анч гөрөөч, дайчин баатарлаг түмэн. Энэ ард түмнийг тийм алдар зүүхэд хүргэсэн нэг зүйл бол нум сум, мэргэн харвах ид хав, эрдэм чадал юм. Тийм учраас Урианхайчууд нум, сумтайгаа амин шүтэлцээтэй ард түмэн. Энэ их өв соёл, уламжлалаа өдгөө хүртэл эрхэмлэн хадгалсаар яваа нь тэдний нэгэн хосгүй том гавьяа гэлтэй. Урианхайчууд эртнээс нум сумаа бүтээж, түүгээрээ баатарлаг гавъяа байгуулж, амьдрал ахуй, алдар гавьяаг нум сумаараа бүтээж, хувь заяагаараа шүтэлцээ барилдлагатай явж ирсэн ард түмэн. Тиймээс Алтайн Урианхайчууд эртнээс адуу малдаа зөвхөн нуман тамга хэрэглэж, нуман тамгаа эрхэмлэн дээдэлж өвлөн хадгалсаар ирсэн юм. Малын тамга бол эртний овгийн байгууллын үеэс улбаатай, овог удмын тогтвортой бэлгэ тэмдэгийн илэрхийлэл гэж судлаачид үздэг. Энэ нь нум сум хийгээд Урианхай түмэн хоёр ямар шүтэлцээ барилдлагатай болохыг илтгэнэ. Ийм учраас Урианхайчуудыг нум сум, харваа наадамгүйгээр төсөөлөх аргагүй.
Урианхайчууд харийн эрхшээл дор явахдаа ч, өмнөх нийгмийн үзэл суртлын тэр хүнд үед ч гэсэн сурын харваагаа орхиж гээлгүй авч үлдэж чадсан ард түмэн. Хөдөө орон нутагт энэ уламжлал тасраагүйн хүчинд өнөөдөр Монгол төрийн их баяр цэнгэл наадамд Урианхай сурын харваа албан ёсоор орсон. Жил жилийн баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлж, Буриад, Халх сурын төрлөөр үргэлжилдэг . Энэ нь бас учиртай бөгөөд Урианхайн сур харваа бол хамгийн эртний шинжээ хадгалсан, үндэсний сурын ууган төрөл хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, тийнхүү харваа наадмын салхийг хагалж буй хэрэг юм. Хавчаахай гэж Монголын эртний судар шастирт тэмдэглэгдсэн нум бий. МНТ-д ч тэр цагт хавчаахай нум хэрэглэж байсан тухай гардаг. Тэгвэл энэ нумыг өнөөдрийг хүртэл хаяж гээгээгүй ард түмэн бол мөн л Урианхайчууд. Хүүхэд багачууд төдийгүй томчууд нь ч хавчаахай нумыг эвэр нумтай зэрэгцүүлээд өдгөө хэрэглэсээр байна. Нум сум, сур харвааны соёл гээд яривал энэ нь бүр тусдаа том сэдэв. Юутай ч энэ бол Урианхайчуудын түүх соёл, зан үйл, ёс уламжлалын маш олон талыг өөртөө шингээсэн өв соёлын нэг том цогц хэсэг билээ.
-Урианхайчууд нум сумаа өөрсдөө урладаг байсан уу?
- Мэдээж. Урианхайчууд ур дархаараа эртнээс алдартай байсан. Энэ бол нөгөө талаас нь аваад үзвэл зэр зэвсэг сайтай байсан гэсэн үг. Ур дархаараа алдартай, зэр зэвсэг сайтай ард түмэн баатарлаг байхаас яах вэ. Монголын нууц товчоонд, Чингис хааныг төрөх үед Бурхан Халдунаас Урианхайн Жарчудай өвгөн дархны хөөргөө үүрсээр Есүхэй баатарынд ирж, Тэмүжин хүүд булган өлгий бэлэглэсэн тухай өгүүлсэн байдаг. Энэ нь тэр цагт Урианхайчууд ур дархаараа алдартай байсны илэрхийлэл шүү дээ. Түүнээс урагшлуулаад хэлэх юм бол дээр өгүүлсэн Эргүнэ Хунгийн домогт бас энэ тухай тодорхой мэдээ бий. Домогт өгүүлснээр, бидний дээд өвөг Эргүнэ Хунд одож, 400 гаруй жил болоход анх орсон зам нь бөглөрсөн байж гэнэ. Зөвлөлдөн хэлэлцээд төмрийн хүдэртэй уулыг хөөрөгдөн сэтэлж зам гаргахаар болж, 70 шарын арьсаар аварга том хөөрөг хийж, төмрийн хүдэртэй уулыг хайлж урстал хөөрөгдөн зам гаргаж, тэндээсээ нүүж гарсан гэдэг. Энэ их үйл хэргийг хэн хийсэн гэхээр тэд бол Урианхайчууд байсан гэж байгаа. Энэ бол бас нэг баримт. Тийнхүү ур дархаараа алдартай байсан болохоор “урианхай” гэх нэр “уран” гэдэгтэй холбоотой үүссэн гэж тайлбарлах нь ч бас бий.
-Урианхайчуудын уламжлалт шашин шүтлэгийн талаар сонирхуулахгүй юу?
-Урианхайчууд эртнээс тэнгэр шүтлэгээрээ алдартай овог аймаг байв. Судрын чуулганы мэдээгээр, дээд тэнгэртэй харилцдаг хүмүүс хамгийн олон байдаг аймаг бол Урианхайчууд байсан гэдэг юм. Нэр алдартай бөө олонтой байжээ. Ер нь Урианхайчууд эртнээс их уул хайрхадын өмөг түшиг дор нутаглан сууж, аж төрж ирсэн улбаа ажиглагддаг. Жишээлэхэд, Чингис хааны дархалж тахисан, бүх монголчуудын аврал ивээлд нь сүсэглэдэг Бурхан Халдун хайрханы эзэдтэй Урианхайчууд харьцдаг байлаа. Салж тасарсан Урианхайчуудын нэг хэсэг нь Алтай хан хайрханыг түшин нутаглаж, энэ их хайрханы эзэн савдагт амь амьдралаа даатгаж, тахиж шүтэж ирсэн түүхтэй. Урианхайчууд дээд тэнгэр, уул, усны эзэн савдагтай харьцах талаараа алдартай байсан. Саяхныг хүртэл зүүн монголчуудын дотор тэнгэр дуугарахад заавал Урианхай хүнээр өчил өчүүлж, цацал цацуулдаг ёс уламжлал хадгалагдаж ирсэн судалгааны баримт бий. Энэ бол Урианхай хүний дээд тэнгэртэй харьцах эрдэм чадлыг илүү үнэлдэг, эрхэмлэн итгэдэг байсны нотолгоо юм даа.
-Урианхайчууд туулиараа алдартай байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Алтайн Урианхайчууд бол монголын дахь туулийн гол голомт, энэ соёлын өвийг тээгчид гэж хүлээн зөвшөөрөгддөг. Өнөөг хүртэл монголын баатарлаг туулийг үеэс үед өвлүүлэн хадгалж ирсэн гавъяатай ард түмэн бол Урианхайчууд. Жилхэр, Буян, Чойсүрэн, Авирмэд, уртнасан гээд олон гайхалтай туульчийг нэрлэж болно. Тууль бол эцэг тэнгэр, эх газар, энэ ахуй ертөнц гурвыг шүтэлцүүлэн барилдуулж, холбон амилуулж дуурсган хайлдаг ид шид оршсон урлагийн төрөл. Туульч хүн тууль хайлж ахуйдаа энэ орчлонгоос ангижран тасарч, тэнгэр газрын савслагад ордог, оршдог гэдэг. Тийм болохоор тууль хайлах Урианхайчуудын ёс уламжлалд олон нандин соёл хадгалагдаж байдаг. Тууль бол үзэл сэтгэлгээ, шүтлэг бишрэл, зан үйл, чанад ухаан, ахуй амьдралын олон талыг өөртөө шингээсэн бас нэгэн цогц өв соёл. Алтайн Урианхайчууд тууль хайлахаасаа өмнө заавал Алтайгаа магтдаг хатуу дэг уламжлалтай. Алтайн магтаалыг заавал хайлж, Алтан шаргаан хөлөглөсөн, үрийн үргэлжид 25 настай байдаг, Алтайн эзэн Алиа хонгороо магтан дуулж, хүсэл даатгал өргөдөг ёстой. Тиймээс Урианхайчуудын дунд “Алтайгүй тууль тууль биш, авгайгүй айл айл биш” гэх үг хүртэл байдаг. Ингэж Алтайгаа магтан дуулж, туулиа хайлснаар газар тэнгэрийн эзэн сахиустай холбогддог гэж үздэг. Туулийг дотор нь хатуу тууль, зөөлөн тууль гэж ангилах ба тэр болгоныг хайлах цаг хугацаа, зориулалт, тусгай утга учиртай. Урианхайд“Наран хаан хөвгүүн”, “Галзуу хар хөхөл”, “Хаан цэцэн зурхайч”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш”, “Баян цагаан өвгөн”, “Эзэн улаан бодон”, “Арын өнчин яргай”, “Зул алдар хаан” гэх зэрэг олон арван алдартай туулиуд бий.
- Дуу хуур гээд яривал мөн л баялаг уламжлалтай биз?
-Тийм ээ, Урианхайчууд өөрийн өвөрмөц онцлог бүхий дуу хөгжим, бие биелгээ, ардын аман зохиолын арвин баялаг уламжлалтай. Хуучин цагийн хөгшчүүд Урианхайчууд бид гурван өдөр, гурван шөнө найрлахад нэг дуугаа давтахгүй дуулж чаддаг ая дууны арвин сантай ард түмэн гэж ярьдаг юм. Тэрчлэн Ойрад түмний нэгэн адилаар Алтайн Урианхайчууд бий биелгээгээрээ ч алдартай. Тэд товшуур болон икэл, цуур, хуур зэрэг олон хөгжмийн зэмсэг хэрэглэж, ая эгшгээ өргөж, туулиа хайлж, өөрийн онцлогтой бий биелгээ хийж, энэ уламжлалаа өнөөг хүртэл тээж хадгалж ирсэн. Хувцас, гоёл чимэглэлийн хувьд ч өвөрмөц онцлогтой, дэгжин ганган шүү дээ. Ер нь Урианхайчуудыг хэл, соёл, ёс заншлын хувьд дундад эртний монголчуудын өв соёлын шинжийг илүүтэй хадгалж үлдсэн гэж судлаачид үздэг юм. Энэ бол бид Урианхайчуудын өв соёлоос эртний язгуур шинжийг олж харах боломжтой гэсэн үг.
-Эцэст нь одоо болох гэж буй “Алтан хүрээ” наадмын ач холбогдлын талаар та юу хэлэхсэн бол?
- Монгол угсаатан даяаршлын энэ эринд яаж өөрийн өв уламжлал, түүх соёлоо авч үлдэх ёстой вэ? Үүнийг бид бодолцох учиртай. Монгол улс, монголчууд даяаршлын их эргүүлгэнд живэхгүй үлдье гэвэл, дэлхийн тавцанд тусгаар оршин тогтносоор байя гэвэл, монголчууд бид монголоороо үлдье гэвэл Монгол гэх аугаа угсаатныг тал талаас нь цутган нийлж бүрдүүлж байгаа удам угсааны эх булаг болох монгол овогтон угсаатны бүлгүүдийнхээ соёл, уламжлалыг дээдлэн хөгжүүлж, өвлүүлэн хамгаалж, арвижуулан баяжуулж байх ёстой. Зарим нэг хүн угсаа соёлын ийм арга хэмжээг жижгэрч байна, тус тусд нь салгасан ийм арга хэмжээ зохион байгуулах ямар хэрэгтэй юм гэх зэргээр шүүмжилж харах явдал байдаг л юм. Гэхдээ энэ бол тийм биш юмаа. Одоо манайд монголчуудыг бүрдүүлж буй 20 орчим угсаатны бүлгүүд байна. Тэдний өв соёлын эх ундарга арвин байх тусмаа Монгол соёлын их далай дундралгүй улам бүр тэжээгдэн тэтгэгдэнэ. Томоор харвал мөн чанар ач холбогдол нь үүнд байгаа юм. Эцсийн дүндээ энэ бол монголчуудын маань Монголынхоо сайн сайхан өв уламжлал, соёлыг хадгалж хамгаалж, өвлүүлж үлдээе, бусдадаа харуулья, түгээн дэлгэрүүлье гэж хичээж байгаа нэг оролдлого юм. Буриад зон маань Алтаргана гэдэг сайхан наадмыг олон жил хийлээ. Энэ наадам олон жил тасалдалгүй явсаар одоо төр засгийн хэмжээний том арга хэмжээ болж тогтоод байна. Зөвхөн Монгол улсын гэлтгүй ОХУ, БНХАУ-д аж төрдөг Буриад монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон байна. Бие биенийгээ улам бүр мэдэж, таньж, суралцаж байна. Энэ сайхан хэрэг биш гэж үү? Алтарганы дараа орох бас нэг тийм наадам бол Урианхайчуудын “Алтан хүрээ” наадам. Энэ жил 8 дахь удаагаа болж байгаа гэхээр бас л тогтмолжсон сайхан наадам. Энэ бол өв соёл, үндэс угсаагаа гэсэн Урианхайчуудын итгэл зүтгэлээр тэтгэгдэж, Монголоо гэсэн сэтгэлээс ундран гарсан урлаг, соёлын цэнгэл наадам. Энэ наадмыг Урианхайчууд олноороо аж төрж байгаа аймаг, хотуудын нутагт ээлжлэн зохион байгуулдаг онцлогтой. Өмнөх наадмууд Ховд, Эрдэнэт, Сэлэнгэ, Баян-Өлгийд гэх жишээтэй болж ирсэн байдаг. Харин энэ жилийн наадмыг зохион байгуулах ээлж Улаанбаатарын Урианхайчуудад оногджээ. Энэ наадам өнөөгийн залуу үеийнхэнд монгол угсаатны нэг хэсэг, эд эс болох Урианхайчууд гэж хэн болох, тэдний үүх түүх, өв соёлын арвин баялаг уламжлалаас танилцуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр бид өөрсдийгөө таньж мэдэхгүй байгаа гэхэд хилсдүүлэг болохгүй. Бид юуны өмнө өөрсдийгөө таньж мэдэхийн хэрээр бусдыг илүү ойлгоно, нэгэнтэйгээ илүү ойртоно, хэлхээ холбоо батжина, мартсанаа сэргээнэ, хаяснаа олж авна. Хэдийгээр түүх он жилээр улиран үргэлжилж, тэр их эргүүлгэн дунд зарим зүйл хаягдаж гээгдэх нь бий боловч бас хэзээ ч орхиж гээж болдоггүй, өвлөж авч явах ёстой зүйлс бас бий. Тийм зүйл бол бидний хэл, түүх, соёл юм шүү дээ. “Алтан хүрээ” наадам өөрийгөө урианхай угтай, яс овогтой гэж үздэг хүн болгоны сонирхдог наадам болж, улам бүр хүрээгээ тэлж байна. Сүүлийн үед Монгол улсын газар газрын Урианхайчуудаас гадна Өвөр Монголоос, Шинжаанаас, Алтайн хязгаараас, Тагна Тувагаас хүмүүс ирж оролцдог, оролцохыг хүсдэг наадам болж байна. Энэ утгаараа хамаг монголчуудад хүртээлтэй, тэднийг даллан дууддаг, сэтгэл таашаалд нийцсэн, харилцаа холбоог нь дэвжээдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголчуудаа олуулаа болцгооё” гэсэн уриалгын биелэл болж буй наадам гэж хэлж болно. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн