Open iToim app
Эксперт | 8 мин уншина

​Ц.Гантулга: Тусгаар тогтнолоо алдсан ч үндэсний ухамсар, үнэт зүйлээ хадгалж үлдсэн

​Ц.Гантулга: Тусгаар тогтнолоо алдсан ч үндэсний ухамсар, үнэт зүйлээ хадгалж үлдсэн
Нийтэлсэн 2015 оны 12 сарын 29
Монголчууд 104 жилийн өмнөх энэ өдөр, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан билээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан. Энэхүү хувьсгал нь манай ард түмний XX зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан учир бүх нийтээр тав дахь жилдээ тэмдэглэж байгаа. 1911 оны хувьсгалын талаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүхийн тэнхмийн багш, доктор, профессор Ц.ГАНТУЛГАТАЙ ярилцлаа.
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээсэн түүхэн өдөр хоёул уулзаж байна. Энэ өдрийг нийтээрээ хүндэтгэн тэмдэглэхийн учир юунд оршдог вэ?
-Монголчуудын бахархан дурсч, тэмдэглэж байх түүхэн он цаг цөөнгүй. Түүний дотор байнга дурсч, тэмдэглэж байх түүхэн өдөр бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр. Өнөөгийн улс төрийн аль ч нам эвсэл өмчлөх, үгүйсгэх эрхгүй түүхэн баяр. Энэ өдөр бид харийн эрхшээл нөлөөнөөс ангижирч, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дахин олж авсан. Түүнээс өмнө бид Манжийн эрхшээл дор 200 жил явж, монголчууд өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө мэдэж шийддэг биш, бидний хувь заяаг Бээжингээс Манжийн хааны зарлиг тушаалаар залдаг байлаа. Бид Манжийн төрийн хууль цааз дор, тэдний тогтоосон засаг захиргааны зохион байгуулалтад аж төрсөн хүнд үе байлаа. Дарлалд байсан монголчууд XIX зууны сүүл үеэс эхлээд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, тэрхүү олон арван жилийн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл 1911 онд тохиосон. Тэр үед Монголоор аялсан гадаадын жуулчин, судлаачид, “Монгол орны хаа ч явсан бид Манж, Хятадаас салах цаг болсон гэдэг яриа сонсогдож байна” гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. 1911 оны хувьсгал өрнөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн. Нэг талаар монголчуудын чин хүсэл байсан. Нөгөө талаар 1902 оноос хэрэгжиж эхэлсэн Манжийн шинэ засгийн бодлого эрх чөлөөнийхөө төлөө эрслэн босохоос аргагүйд хүргэсэн. Хэрэг дээрээ монгол үндэстэн байх уу, үгүй юу гэдгийг энэ явдал тулгаж тавьсан. Манж гүрэн Монголыг хятадчилан уусгаж, өөрийн хязгаар муж болгох бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн нь монголчуудын өмнө орших, эс оршихын асуудлыг тулгасан шүү дээ.
-Тэр үед Монголын хүн ам төд байсан гэх тоо баримт байдаг уу?
-Манжийн эрхшээлийн үед Монголын хүн ам үлэмж цөөрсөн. Зүүнгарын хаант улс гэхэд 600 мянган хүн амтай байсан. Тэгэхэд Манжийн хааны зарлигаар 8 настай балчираас 60 настай бүх эрчүүдийг хүйс тэмтэрч устгах бодлого явуулснаар Ойрадын хүн ам үлэмж хорогдсон байх жишээтэй. Улс төр, эдийн засаг, нийгмийн дарамт шахалтуудаас шалтгаалаад хүн амын нөхөн үржихүйн хэвийн процесс алдагдаж байсан. Шашныг тэтгэх бодлогыг Манжийн төр идэвхтэй явуулж байсан нь хүн амын өсөлтийг зогсооход маш их нөлөөлсөн. Монголчууд аж амьдралаа бодож, сүсэг бишрэлээ дагаж сүм хийдэд шавилан суух явдал Манжийн эрхшээлийн үед үлэмж нэмэгдсэн. Зарим судалгааны баримтаар бүх эрэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь сүм хийдэд шавилан суудаг данстай байж. Нийт монголчууд хэд байсан тухай тоо өнөө хэр байхгүй. Харин Ар Монголд 1918 онд хүн амын тооллого явуулахад 647 мянган хүнтэй байсны 100 мянга нь гадаадууд байсан гэдэг. Тэгэхээр 547 мянган хүний 100 мянга гаруй нь лам нар гэхээр нөхцөл байдал ямар байсан нь ойлгомжтой. Таван хүний нэг нь сүм хийдэд данстай лам нар байж. Лам бүр гэр бүлгүй байсан гэж болохгүй боловч, сахил санваараа ёсчлон сахидаг нь нэлээд хувийг эзэлж байсан. XX зууны эхээр Монголд ирсэн орос жуулчны тэмдэглэлд, “Монголчууд бол сөнөж байгаа ард түмэн. Царцааг өвс ногоо идэхийн адилаар монголчуудыг лам нар идэж байна” гэж бичсэн байдаг. Тэр үед XX зууны эхэн үеийн монголчуудын дундаж наслалт 40 гаруй л байсан.
-Манжууд нэг л өдөр сэлэм эргүүлээд ороод ирээгүй. Өмнө нь Монголын алтан ургийн хаадтай түшмэг найрсаг явсан Манжийн хаад хэдийнээс, ямар арга хэлбэрээр Монголд ноёлох болсон бэ?
- Өвөрмонгол 1636 онд, Халх Монгол 1691 онд, Ойрад Монгол буюу Зүүнгарын хаант улс 1758 онд үндсэндээ Манжийн эрхшээлд орсон. Ингэж урвуулахдаа биеэр татсан, өөртөө урвуулсан, хүч хэрэглэсэн явдал бий. Оруулж авахдаа Манжийн төрөөс явуулсан бодлого зааг ялгаатай. Тэд эрхшээлдээ оруулсныхаа дараа аль болох үнэнч, дуулгавартай байлгах арга зам сонгосон. Нөгөө талаар манж нар өөрсдөө монголчуудтай эртний холбоотой. Аж амьдралын хувьд адилхан нүүдэлчид, төрөл угсаатнууд.Тэр онцлог нь Манжийн төрийн бодлогод тусч байлаа. Манжид дагаар орсон монголчууд, Өвөрмонгол, Халхын нөлөө бүхий удирдагчид Манжийн хаанд шаардлага тавьж зөвшөөрүүлсэн явдал нөлөөлж байсан.
-Тухайлбал?
-Өөрсдийн бие даасан байдал, ёс уламжлалыг хэвээр хадгалж үлдэх боломжийг олж авсан. Тийм учраас XIX зууныг хүртэл Манжийн төрөөс Монголд явуулсан бодлого тодорхой хязгаартай хэрэгжиж байлаа. Жишээ хэлбэл, Монгол газар хятад иргэнийг дураар оруулж болохгүй. Хятад худалдаачид Монголд худалдаа хийхээр бол төрөөс тусгай зөвшөөрөл авч, газар нутаг, хугацаа заалгаж авдаг. Түүнд нь эрхийн бичиг өгч, хяналт тавьдаг. Хятад хүн монгол эхнэр авч болдоггүй хориотой байсан. Гэтэл XIX зуунаас эхлээд эдгээр хориг алдагдаж эхэлсэн. Энэ нь Манжийн төр уламжлалт бодлогоо алдсантай холбоотой.
Манжийн төрд Хятадын төрийн нөлөө нэвтэрсэн. Нөгөө талаар Манжийн төрийн боломж нөхцөл алдагдсан. Энэ нөхцөлд манжууд Эзэнт гүрнээ авч үлдэх, өөрийн хязгаар нутгаа алдахгүйн тулд өмнөх бодлогоо өөрчлөхөөс аргагүйд хүрсний илрэл нь Шинэ засгийн бодлого. Тэгээд ч Манж чин гүрэн дэлхийн өндөр хөгжилтэй томоохон империалист гүрнүүдийн довтолгоонд өртөж, найман том гүрэнтэй тэгш бус гэрээ байгуулж, өөрөө тэднийхээ хараат бус байдалд орж, дайны төлбөрт унасан үе таарсан. Ийм учраас нэн тэргүүнд Монгол мэтийн хязгаар нутгуудад хятад тариачдыг шилжүүлэн суулгах бодлогыг хэрэгжүүлсэн. Бэлчээр нутгуудад тариалан эрхлүүлэх, байгалийн баялгийг судалж нээж ашиглах бодлого хэрэгжүүлсэн. Энэ бүхэн монголчуудын аж амьдралд аюултай болохыг тэр үеийн ноёд, удирдагчид, гэгээлэг сэхээлэг улсууд мэдэрч нийтээрээ эрслэн босч эхэлсэн.
-Судлаачдын дунд маргаан явдаг. Нэг хэсэг нь Монгол Улс 200 жил Манжийн эрхшээлд явсан. Нөгөө хэсэг нь Монгол Улс тусгаар тогтнолоо алдаагүй 200 жил явсан гэж. Та аль талд нь вэ?
-Ийм хоёр гол хандлага давамгайлдгийн аль аль нь үнэн байх боломжтой. Үнэхээр нэг хэсэг судлаачид монголчуудыг Манжийн эрхшээлд бүрэн байсан гэдэг утгаар авч үздэг. Нөгөө хэсэг нь, монголчууд хэдийгээр Манжийн эрхшээлд байсан боловч бие даасан шинжээ алдаагүй, хараат улсын байдлаар оршиж байсан, зарим нь доминион байсан, вассаль байсан гэж ярьдаг. Манжийн төрийн хууль, бодлогоор үнэхээр Монгол Улс нэг хэсэг түшмэг хараат бус байдалд байсан шинж бий. Манжийн төрийн дор оршиж байсан боловч дотооддоо бие даасан бодлогоо явуулж, холбоотон түшмэг улс маягаар байсан тал бий. Гэхдээ энэ эргэлзээтэй. Яагаад гэхээр, монголчууд Манжийн эрхшээлд орсон энэ үед өөрийн гэсэн төртэй байсангүй. Өөрийн хаангүй, өөрийн хууль цааз хэрэгжиж байсангүй. Монголыг Манжийн хаан мэдэж, Монголд Манжийн Гадаад Монголын төрийг засах яамны Хууль зүйлийн бичиг хэрэгжиж байсан. Бид Монголын талаар шийдвэр гаргах нөхцөлд Манжийн амбан сайдуудаар уламжилж, Манжийн хаанд өргөн мэдүүлдэг байсан. Өөрийн нийслэлтэй ч байсангүй. Өөрөөр хэлбэл, улсад байдаг үндсэн шинжүүд байсангүй. Ийм нөхцөлд бид яаж ч гэгээлгээр үзээд Манжийн эрхшээлийн үед монголчууд өөрийн бие даасан, хараат бус улсын шинжтэй байсан гэж хэлэх боломжгүй.
-Хоёр зууны хугацаанд Манжаас авч үлдсэн сайн жишиг, эсвэл монгол ахуйд нэвтэрсэн зүйлс юу байсан бол?
-Түүхэнд гэрэл ч, сүүдэр ч бий. Манжийн үед монголчууд үндэс угсаа, аж төрөх ёс заншлаа хэвээр хадгалж чадсан. Хэдийгээр төрийн тусгаар тогнолоо алдсан боловч үндэсний ухамсар, үнэт зүйлээ хадгалж чадсан нь бидний олз. Ийм боломжийг үлдээж чадсан нь Манжийн төрийн нааштай тал. Манжийн эрхшээлд байсан үеэс хожмын монголчуудын ахуйд үлдсэн олон зүйл бий. Захаас нь дурдвал, монголчуудын үс засалтад тав гэзэг багагүй хугацаанд үлдсэн. Орчин үеийн дөрвөлжин захтай нийтлэг монгол дээл Манжийн эрхшээлд орсон үеэс өмсч эхэлсэн. За тэгээд отго жинс, нударга, эхнэр хувцас зэрэгт зарим зүйл орж ирсэн. XIX зууны үеэс газар тариалангийн зарим зүйлийг монголчууд манж, хятад тариачдаас суралцсан.
-1911 оны хувьсгал гэхээр Богд Жавзандамбыг түрүүнд ярьдаг. Энэ хүний болон бусад хүний байгуулсан гавьяа юунд вэ?
-Наймдугаар Богд бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны гол удирдагч байсан. Яагаад гэвэл, тэр хүн 5 настайдаа Монголд залагдаж ирээд монгол багшийн дэргэд өсч бойжсон. Монголчуудад амьд бурхан болж шүтэгдсэн хүний хувьд, ахуй амьдралыг нь дотор нь байж мэдэрсэн хүний хувьд, эрх чөлөө, тусгаар тогтнолыг эргүүлэн авчрах ёстой гэсэн үзэл санааг тээж байсан. 1895 онд Богд тусгай элч илгээж Хаант Оросоос Монгол Улсыг тусгаар тогтнуулахад дэмжлэг тусламж хүссэн баримт бий. Богдоос гадна төр, шашны зүтгэлтнүүд янз бүрийн арга зам эрэлхийлсэн. Ийм учраас түүхч судлаачид Богдыг 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын оюун санааны гол удирдагчдын нэг гэдэг. Түүнээс гадна Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын түшмэд Хайсан, Намнансүрэн, Чагдаржав, Магсаржав нарыг дурдахаас аргагүй шүү дээ.
-Тэр үед Хаант Орос Монголын талаар ямар бодлого барьсан байсан бол?
-Манжийн эрхшээлд орсон үеэс хэн нэг гаднын улсаас тусламж дэмжлэг авах нь зүйтэй гэдгийг монголчууд ойлгож байсан. Ийм учраас ч Хаант Оросын талд хандсан. Энэ үеэс тус улс Монголын талаар идэвхтэй бодлого явуулж эхэлсэн байдаг. 1860-аад онд Хаант Орос өөрийн бодлогоо тодорхойлохдоо, “Алсдаа Манж Чин гүрэн задарч унасан үед бид Монголыг өөртөө нэгтгэж авах чухал. Ийм учраас бид монголчуудыг өөртөө талдаа татах ёстой. Тэдэнд сайнаар ойлгуулах ёстой. Богд Жавзандамбыг татах хэрэгтэй” гэсэн байдаг. Ингээд 1861 оноос хүрээнд Оросын консулыг байгуулж идэвхтэй бодлого явуулж эхэлсэн. Энэ зүйл 1911 оны хувьсгал гарахад чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэ нь монголчуудыг тусгаар тогтнолоо олохыг оросууд зааж өгсөн гэсэн үг биш. Монголчуудын зүрхэнд нь авалцсан тэр хүсэл эрмэлзлэл дээр Орос өөрийнхөө бодлогыг нэвтрүүлж, дэмжлэг үзүүлэх замаар геополитикийн бодлого, стратегийн эрх ашгаа хамгаалах бодлогоо хэрэгжүүлсэн шүү дээ. Өөр нэг зүйл гэвэл, Манж гүрний оршин тогтнох дархлаа суларч, дотооддоо бослого тэмцэл өрнөсөн үе 1911 онд таарсан. Монголчууд нийтээрээ эрслэн тэсэрч, Хаант Орос цаад ашиг сонирхлоороо дэмжиж, Манжийн төр суларсан ийм үед Монгол Улс тусгаар тогтнолоо дахин олж авсан юм. Шашин төрийг хослон баригч Богд хааныг өргөмжилж, анхны таван яам байгуулагдаж түүх цаашаа үргэлжилдэг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн