Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав хүнд өвчнөөр өвдсөн талаар мэдээлэл гарсан. Тэрээр долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын цэргийн эмнэлэгт ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор хэвтсэнээс хойш хоёр ч удаа хагалгаанд орсон байна. Монголын РОК ПОП-ийн уран бүтээлчид нэгдэн Б.Шарав гуайн эмчилгээний төлбөрт хандив цуглуулах зорилгоор наймдугаар сарын 26-нд 19.00 цагаас On'Off Production Concert Hall-д тоглолт зохион байгуулахаар болжээ. Тус тоглолтын болоод Б.Шарав гуайн биеийн байдлын талаарх хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллийг “Ирээдүйн Монгол сан” байгууллагын гүйцэтгэх захирал, дуучин Б. Ганболороос тодруулга авлаа.
-Энэхүү хандивын тоглолтыг хэний санаачилгаар зохион байгуулж, хэчнээн уран бүтээлчид оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ерөнхийдөө нийт эмчилгээний зардал нь 100 сая төгрөг болно. Харин бид энэ тоглолтын хүрээнд 40-д сая төгрөг цуглуулж өгөх зорилготой байгаа юм. Хандивын тоглолтыг хийх санаачилгыг РОК ПОП-ийн уран бүтээлчид, тэр дундаа НИКИТОН хамтлагийн ахлагч Б. Батчулуун, гитарчин Р.Өлзий-орших, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар анх санаачилсан. Миний хувьд “Ирээдүйн Монгол сан”-г төлөөлөөд ерөнхий зохион байгуулалтыг хариуцаж ажиллаж байна. Нэмээд “MONGOL MUSIG” гээд хөгжмийн багийнхан хамтран зохион байгуулалцаж байна. Мөн On'Off Production, APU хувьцаат компаниуд ивээн тэтгэж оролцож байгаа. Б.Шарав ахын хандивын тоглолтын хүрээнд маш олон уран бүтээлчид оролцохоор болсон. РОК ПОП-ийн ийм олон хүний бүрэлдэхүүнээр цугларч тоглолтоо хийж байсан удаа ховор байдаг. Тоглолтод оролцож байгаа хамгийн том баг гэвэл Б. Шарав гуайн олон сайхан уран бүтээлийг амьлуулсан “Морин хуур” чуулга байгаа бол бусад нь бүгд РОК ПОП-ийн уран бүтээлчид байгаа. Хамтлагуудаас дурдвал Хурд, Харанга, Никитон, Камертон, Гурван охин, Киви зэрэг орох бол дуучдаас МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ж.Алтанцэцэг, Поп дива С.Наран, Т. Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа зэрэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болно гэж тооцолсон. Эдгээр дуучид ихэнх нь Б.Шарав гуайн өөрийнх нь уран бүтээлээс дуулна. Цөөн дуучид нь өөрсдийн уран бүтээлээрээ оролцоно. Нэг дуучин нэгээс хоёр дуу дуулна. Ойролцоогоор 2 цагийн тоглолт болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Тасалбарын үнэ хэд гэж байна, хаагуур худалдаалагдаж байгаа вэ?
-Тасалбарын үнэ 150.000 мянга гэж байгаа. Энэ тэндхийн байгууллагуудаар заруулахаар хувь авдаг учраас цугларсан мөнгөө гамнахын тулд утсаар захиалга аваад өөрсдөө хүргэж өгч байна. Ерөнхийдөө 300 билет зарагдахаар хэвлэгдсэн.
-Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Б. Шарав гуайн биеийн байдал ямархуу байгаа бэ?
-Б.Шарав гуай Бээжингийн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэр бүлийнх нь гишүүд Бээжинд байрлах Монгол Улсын Элчин сайдын яамны байранд байрлаж байгаа гэсэн. Бид гэр бүлийнх нь гишүүдтэй байнга холбоотой байна. Хамгийн сүүлд хийсэн мэс засал нь амжилттай болсон ч маш хүнд хагалгаа учир биеийн хувьд тамир тэнхээ багатай байгаа гэсэн. Одоогоор дараагийн шатны нөхөн сэргээх эмчилгээнд орчихсон явж байгаа. Тэр нөхөн сэргээх эмчилгээ нь нэлээд удаан хугацаанд буюу 10 орчим сар үргэлжлэн хийгддэг.
-Тоглолт хийхээс өөр ямар аргаар хандив цуглуулж байна?
-Бид бүхэн тоглолтоос гадна Монголын ард түмэндээ хандивын дансаа нээлттэй байлгаж байгаа. Сошиал медиагаар бас хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр хандивын талаарх мэдээллээ цацсан байгаа. Одоогоор тус дансаар иргэд хандиваа өгөөд эхэлчихсэн. Олон газраас тусламж цугларч байна. Хөдөө орон нутаг, Улаанбаатар хот, гадаадаас хүртэл хандив ирж байна даа. Мөн урлагийнхан өөрсдөө тоглолтоос гадна хувиасаа тусламжаа өгч байгаа. Жишээ нь, МУГЖ Б. Сарантуяа өөрийн биеэр тоглолтод оролцож чадахгүй ч гэсэн хувийнхаа зүгээр аль хэдийнэ хандиваа өгсөн. Энэ мэтчилэн дуучид, жүжигчид, хөгжимчин гээд олон хүмүүс сэтгэлээ гаргаж байна.