Open iToim app
Эдийн засаг | 14 мин уншина

Т.Ганболд: “Shangri La” нээгдсэн өдрөөс Монголын зочид буудлууд мөхөж эхэлнэ

Т.Ганболд: “Shangri La” нээгдсэн өдрөөс Монголын зочид буудлууд мөхөж эхэлнэ
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 27

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, “Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал, “Корпорэйт” зочид буудлуудын үүсгэн байгуулагч Т.Ганболдтой ярилцлаа.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр боллоо. Бизнесийн салбарын хүний хувьд ач холбогдлыг нь юу гэж харж байна вэ?
-Том төсөл хөдлөх нь эдийн засагт мэдээж эерэгээр нөлөөлнө. Ашигтай, ашиггүйгээр хөдөлж байгаа тухайд одоогоор мэдэх юм алга. Оюутолгойн гэрээ буруу байна, Монголд ашиггүй байна гэх С.Ганбаатарын болон нийгмийн бухимдлыг дагаж тодорхой хэмжээний ахиц гарсан байх л гэж найдаж байна.
-Оюутолгойн алтны хувьд?
-Оюутолгойн алтыг баяжмал хэлбэрээр нь урагшаа гаргаж, зориулалтын технологиор алт, зэсийг нь ялгадаг. Тийм үйлдвэр нь Монголд байхгүй.Тэнд цэвэршүүлсэн Оюутолгойн алтыг эргэж Монголд оруулж ирж Монголбанкинд тушаадаггүй. Монголбанк алтны авах ёстой татвараа л авдаг байх.
-Хаврын улирал дуусч байна. Алтны компаниудын ажил хэр жигдэрч байна вэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ахиц дэвшил, хүндрэл бэрхшээл хэр байна вэ?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад алтны компаниудын идэвхжил нэг их буураагүй. Харин ч тодорхой хэмжээнд өссөн. Энэ нь “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд тодорхой хэмжээний өөрчлөлт орсонтой холбоотой.Тэгэхдээ нөөц өнгөрсөн жилийнхээс олигтой ахиагүй байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкинд 1 тонн 800 кг алт тушаасан байгаа. Алтны ургацын ид үе бол 7-10 дугаар сар. Тэр үед алт тушаалт нэмэгдэх байх.
-Энэ жил хэдэн тонн алт тушаах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Алтны компаниуд өнгөрсөн жил Монголбанкинд нийтдээ 13.8 тонн алт тушаасан. Энэ нь багцаагаар 560 сая ам.доллар. Сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Тэр утгаараа энэ жил манай салбарыг бодитой санхүүжүүлнэ, та нар харин үйлдвэрлэл, олборлолтоо нэмэгдүүл гэсэн. Тэгээд 2015 онд 20 тонн алт олборлох төлөвлөгөө тавьсан .
-20 тонныг тушааж чадах уу?
-Яг чадна гэж хэлэхэд хэцүү л болоод байна. Уг нь амласнаараа алтны салбарын санхүүжилтээшийдээд өгчихсөн бол 20 тонндоо хүргэхээр ажлаа төлөвлөж, дараа жилийнхээ олборлолтод анхаарах, хөрөнгө оруулах, технологийн шинэчлэл хийх гээд их ажил амжуулахаар байлаа. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар нэг ч компани нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүйявна. Зарим нь өөрийнхөөрөө болгож, зарим нь хүлээлттэй, зарим нь бүр итгэл алдраад энэ хавар ажлаа эхэлсэнгүй.
-Уг нь “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмыг л өөрчлөөд өгвөл алт тушаалт нэмэгдэнэ гээд байгаагүй билүү. Санхүүжилтээс өөр ямар хүндрэл байна вэ?
-Олон нийтийн дунд ойлголт, мэдээллийн зөрүү байна. Би хоёр зүйл хэлье. Нэгд, “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмыг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Тэр дагуу журмын өөрчлөлттэй холбоотойгоор зарим талбайн хил заагийг шинээр тогтоох бичиг цаасны ажлуудаа яам, агентлагуудаа одоо ид хийж байна. Нэлээд ажиллагаатай, цаг хугацаа ордог ажил байна. Төрийн байгууллагууд болон компаниудын зүгээс аль болох хурдан дуусгаж, ид сезоны үедээ ажлаа эхлэхийн төлөө л байгаа. Хоёрт,Журмын энэ өөрчлөлтөөр тийм олон лиценз чөлөөлөгдөхгүй юм байна. Ер нь бол уг хуулийн хоригт 200 гаруй лиценз буюу 130 орчим тонн алт хамрагдсан байсан. Саяын өөрчлөлтөөр цөөн тооны лиценз нээгдэж, дийлэнх нь хуучнаараа хориотой үлдсэн. Жишээ нь, хайгуулын бүх лиценз хоригт хэвэрээ үлдэж байгаа. Мөн ашиглалтын лицензтэй хэрнээ усны эх бүрэлдэх энэ тэр гэсэн хязгаар дотор гэдгээр ихэнх нь хуулийн хоригт хуучнаараа үлдлээ. Ингээд үзвэл хоригт байсан нийт лицензийн 40-50 хувь нь л ажиллах боломжтой болж байгаа.
- Алтны нөөцөөр нь үзвэл ?
-Хоригт 130 орчим тонн байсан гэж үзвэл нөөцийн 60 орчим тонн нь олборлох боломжтой.
-2015 онд эдийн засгийг алт л аварна. Хуулийг нь өөрчилж өглөө, татварыг нь буурууллаа, дэлхийн зах зээл дээр үнэ нь унахгүй байна гэж гол найдлага тавьж байсан.Гэтэл нөхцөл байдал тааруу л байгаа юм байна. Хэрвээ Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөвөл энэ хүлээлтийг нөхөж, бас эдийн засаг огцом босч ирэх боломжтой юу?
-Алтны салбар тэгтлээ муудаагүй, бидэнд боломж бий. Төлөвлөсөн 20 тонноо тушааж чадахгүй ч гэж хэлээгүй шүү.Боломж бас л бий. Хамгийн гол нь төрийн байгууллагуудаас хамааралтай бичиг цаасны ажил, санхүүжилт хүлээгдэж, цаг хугацаа их алдаж байна.
Том төслүүдийн тухайд эерэг нөлөө мэдрэгдэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Тавантолгойн төсөл хөдөллөө л бол нүүрсний үнэ өсөөд л, асар их доллар орж ирээд амьдрал сайжирч бүгд байр орон сууц худалдаж аваад эхэлнэ гэсэн ойлголт байхгүй. Бас л цаг хугацаа орно. Хоёр “толгой” хоёулаа одоо хөдөллөө гэхэд аль алиных нь эерэг зах зээлийн цаг үе ядаж жилийн дараагаас эхэлнэ. 2015 он бол шийдлээ гаргадаг цаг.
-Өнөөдөр хүн бүр л Тавантолгойг ярьж байна. Мэдэхгүй хүн ч алга. Харамсалтай нь мэдээдшийдэж байгаа нь бас алга. Та ямар хэмжээнд хүлээлттэй байна вэ?
-Аж ахуй эрхэлж байгаа бизнесмэн, бас иргэний хувьд Тавантолгой тойрсонүйл явдлыг ажиглалгүй яах вэ. Монгол хүн бүр л анхаарч байгаа байх. Тэр үүднээсээ хэлэхэд М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсгийн санал болгож буй гэрээний төсөл бол аль нэг талыг огцом, илт дэмжсэн, бизнесийн гэхээсээ монополийг дэмжсэн гэж харагдаад байгаа. Ганц бизнес дээр ч биш, бүх салбарт, байгаль цаг уур, хүний бие организмд ч аливаа нэг юмны баланс алдагдах нь өндөр эрсдэл дагуулдаг. Аливаа нэг юмны давамгай байдал бусаддаа аюул учруулдаг нь жам ёсны үзэгдэл. Энийг аль аль талдаа ухамсарлаж Тавантолгойн төслийн хуваарилалтыг зөв хийж, хурдхан шиг зөв л явуулах ёстой . Зөв явуулна гэдэг нь Монголд, нийт монголчууддаа ашигтай хувилбараар гэсэн үг л дээ.
-Тухайлбал, юун дээр тэнцвэр, баланс алдагдаад байна вэ?
-Өөрөө сая их онож хэллээ. Тавантолгойг ярихгүй, мэдэхгүй хүн алга, гэхдээ шийдэж байгаа хүн алга гэж. Би гэрээний заалтыг нарийвчлан ярьж тэдний тоог нэгээр нэмээд хэрэггүй биз дээ. Би хэвлэлээс авсан мэдээллийн хэмжээнд, зарчим талаасаа нь л хэт нэг талыг барьсан гэрээ байна гэж байгаа юм. Жишээ нь ийм том төсөл дээр олборлогч, зах зээлд хүргэх тээвэрлэгч, худалдагч гурав гурвуулаа нэг компани байж болохгүй.Тийм учраас хөрс хуулалтыг нэг компани, төмөр замын тээврийг өөр нэг компани, борлуулалтыг бас өөр компани хийх байдлаар олон аж ахуйн нэгжийг оролцуулж байж том төслийнүр өгөөж илүү олон хүнд хүрнэ. Тавантолгой дээр тэгж хуваарилаагүй, бүгдийг нь дотоодын нэг компанид өгч байгаа нь бизнесийн болоод зах зээлийн зарчим талаасаа буруу, баланс алдагдуулж байна. Манайх чинь жижиг зах зээл. Харамсалтай нь бидэнд 20 ширхэг Тавантолгой алга. Байгаа ганц, хоёр том төсөл дээрээ дотоодынхоо олон компанид боломж олгох ёстой . Тэгж байж үр өгөөжийг нь илүү олон хүн хүртэнэ. Энгийн жишээн дээр гэхэд олон хүүхэдтэй айл олигтой явж байгаа ганцыгаа л тахин шүтэж түүнд л бүхнээ зориулаад байдаггүй дээ. Харин ч сайн явж байгаагаас нь тодорхой хэмжээний дэмжлэг авч, тааруу нэгэнд хуваарилж хийх ажил үүрэгтэй болгож бүгдээрээ, гэр бүлээрээ сайхан амьдрах, хөгжих ухаан эцэг эхээс гардаг. Нэг ёсондоо баланслуулах гэж үздэг. Улс орон ч адилхан, төр засагт эцэг эхийн тийм ухаан байх ёстой.
-Нэг, эсвэл хэд хэдэн компани байх нь чухал биш. Ерөөсөө “MCS”-т өгч байгаа нь буруу гэх хандлага бас байна уу, үгүй юү?
-Үгүй байх аа. Миний хувьд төслийг бүхлээр нь нэг компани авч байгаа нь л буруу. Тэр нь ямар компани, хэний компани байх нь чухал асуудал биш. Манайхан нэг юмыг ойлгох хэрэгтэй. Том төсөл өөрөө том компани, том хөрөнгө оруулалтыг шаарддаг. Тэр шалгуурт тэнцэх нь манайд хэд байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй. Байгаагаа тордож хамтдаа урагшаа явж хөгжих ёстой. Түүнээс бус, том компаниудаа “за энэ олигархи боллоо” гээд нам дараад хөгжсөн улс орон гэж байхгүй. MCS зэрэг том компаниуд бол манай зах зээлийн түүхийн “бүтээл” . Харин тэд нь доодчуулдаа гараа өгч дэмждэг байх ёстой. Цөөхүүлээ байж ганцаараа “тасарч”, “дэлхийн дүрэм” ярьдаг байж болохгүй.
-Тавантолгойн олборлолт, тээврийн 51 хувьд төрийн өмчийн компанийг оролцуулах ёстой гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлж байна. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг болохоор “төр оролцсон том төсөлд хөрөнгө босдоггүй, муу ажилладаг” гэх юм. Үнэхээр тийм үү?
-Өрөөсгөл ойлголт байна. Хувийн компани оролцлоо гэхэд төрөөс тогтвортой байдлыг шаарддаг. Төрийн компани оролцсон ч адилхан. Хөрөнгө оруулагч талд тогтвортой байдал л хамгийн чухал. Энд хувь, хувьсгалын компанийн ялгаа бөгөөд давуу, сул тал гэж байхгүй. Төр муу менежер гэж яриад байдаг нь төрд тодорхой хэмжээний нам, бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалсан түр зуурын, “сонгуулийн нас”-тай удирдлагууд гарч ирдэгээс л болж сул тал үүсэх гээд байдаг. Сайн, амжилттай яваа, ашигтай ажилладаг төрийн компаниуд зөндөө л бий. Тэднийг ерөөсөө ярьдаггүй. Амжилтгүйг нь ярих, ярихдаа бүр гуйвуулах дуртай, манайхан. Би өөрөө төрийн компанийн менежмент дээр байсан. Манайх сайн ажиллаж олон том нөөц, лицензтэй болж түүнийг нотлох шагнал урамшууллаа төрийн байгууллагууд бүгд л өгч байсан. Улстөрийн нөлөө орохгүй л бол төрийн өмчийн компани ашигтай ажиллаж болдог л юм .
-Та бол Тавантолгой дээр Х.Баттулга гишүүний байр суурийг дэмжиж байгаа юм байна, тийм үү?
-Өөрийнх нь ярьж хэлж байгааг харахад би тэр хүнийг илүү олон нийтийн эрх ашгийг хамгаалсан талд байна гэж ойлгож байгаа.Тавантолгой бол өнөө маргаашийн хүндрэлийг давах ойр зуурын санхүүжилтэд зориулагдах ёсгүй, монголчуудад бүгдэд нь олдох ёстой ховор боломж гэдэг утгаар харж байгаа бол “Женко”-гийн зөв ш дээ.
-Ер нь уул уурхай бол их мөнгө, том хөрөнгө оруулагч шаарддаг, биднээс хамаарал багатай хэрнээ эрсдэл ихтэй юм. Монголд уул уурхайгаасөөрөөр мөнгө олох, хөгжих боломж алга уу. Эдийн засгаа солонгоруулах, олон тулгууртай болгох гэдэг нь тунхаг бололтой.
-Эдийн засгаа олон тулгууртай байлгах альтернатив хувилбар байх ёстой л доо. Жишээ нь, хөдөө аж ахуйн салбар байна. Түүхий эдийг нь ч, бүтээгдэхүүнийг нь ч экспортод гаргаж мөнгө олох боломжтой гэдэг утгаараа энэ салбарыг дэмжиж хөгжүүлэх ёстой. Бас аялал жуулчлалын салбар байна. Агуу их түүхтэй, нүүдэлчний уламжлалт соёл, онгон байгаль гээд үзүүлж харуулах юм бидэнд их бий. Хэрвээ орчин үеийн стандарт бүхий дэд бүтэц, боломжоор нь хангаад өгчихвөл аялал жуулчлалын салбарт ирээдүй их бий. Зорчигч, жуулчдын урсгал ч цаашдаа асар их нэмэгдэнэ. Энэ мэтээр олон салбарыг жигд хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулж байж уул уурхайн хамаарлаас, эрсдэлээс гарна.
-Жуулчдад үзүүлж харуулах бүтээгдэхүүн, дэд бүтэц муу л гэж байна.Тэгвэл зочид буудлын бизнестэй хүнээс асуухад, ирсэн жуулчдыг ая тухтай байрлуулах, стандартад нийцсэн буудал Монголд хангалттай бий юү?
-Монголд зочид буудлууд сүүлийн 10-аад жилд их эрчимтэй баригдсан. Энэ нь эдийн засгийн өсөлтийн цаг үед эрэлт харагдаж эхэлсэнтэй холбоотой. Түүнээс бус, Монголын зочид буудлын салбар өөрөө жижиг, эмзэг, хөгжөөгүй, хөл дээрээ бат зогсч амжаагүй зах зээл. Тийм учраас энэ чиглэлд төрөөс тодорхой хэмжээний зохицуулалт заавал хэрэгтэй.
Хүмүүс санаж байгаа бол 2008 онд ОХУ-ын “Роснефть” гэж компани Монголд 100 ширхэг ШТС байгуулъягэсэн. Тэгж байж Монголыг тогтвортой, хямд бензинээр хангана гэхэд энэ салбарын монгол компаниуд эсэргүүцэжуг саналыг нь зогсоож байсан. Яагаад гэвэл тэр том компани Монголд орж ирээд энэ жижиг зах зээлийг эзлэхийн тулд эхлээд үнээ хямдруулахад лдөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа Монголын компаниуд шууд дампуурах эрсдэл бодитой байсан. Тэгээд монгол компаниудыг дампуурсны дараа шинээр үнэ тогтоож, зах зээл дээр албан ёсны монополь болох байлаа. Яг ийм нөхцөл байдал одоо банкны салбарт болж байна. Хятадын төрийн өмчит “Bank of China” Монголд салбараа нээх хүсэлтээ илэрхийлж байна. Энэ том банк орж ирээд манай дотоодын хэдэн банкнаас илүү урт хугацаатай, илүү бага хүүтэй зээл олгоход л манай хэдэн банк ганхаж эхэлнэ. Зарим нь шууд дампуурна. Дараа нь дотоодын бүх бизнесийг хяналтандаа авна. Банкны салбар илүү эмзэг, хэврэг учраас санхүүгийн дэд бүтцээ эрсдэлээс хамгаалж “Bank of China”-г бодлогоор оруулж ирэхгүй байна. Энэ зөв. Гэтэл сая зочид буудлын салбар дээр “энэ зөв”-ийн эсрэг бодлого явчихлаа.
-Тэр нь юу вэ?
-Одоо зургадугаар сарын 1-нд гаднын “Керри” группийн “Shangri La” зочид буудал нээлтээ хийх гэж байна. Олон улсын том сүлжээ буудлын нээлт мэдээж сайхан л даа. Гэтэл Монголын зочид буудлуудынтүүхэнд энэ өдөр хараар тэмдэглэгдэн үлдэнэ . Зургадугаар сарын 1 бол Монголын зочид буудлуудын хувьд мөхөл, сүйрлийнх нь эхлэл байх болно . Та бидний мэддэг Улаанбаатар, Чингис, Баянгол, Корпорэйт, өшөө юу байдгийн бүх зочид буудал энэ өдрөөс мөхөж эхэлнэ.
-Яагаад , адилхан гадны зочид буудлууд Монголд байгаа ш дээ.
Best Western, Ramada, Kempinski гэх мэт. Shangri La тэднээс юугаараа ялгаатай, давуу эрхтэй юм бэ?
-Маш их ялгаатай. Best Western жишээ нь “Туушин”-гийн Зоригтын өмчин дээр франчайз маягаар өөрийнхөө нэрийг тавиад, онлайн систем, программ, сүлжээгээ ашиглуулаад, үүнийхээ төлөө орлогынх нь 3-5 хувийг авдаг. Мөн адил Ramada бол “Макс”-ын Ганбаатарын байшин, Kempinski “Таван богд”-ын Баатарсайханы өмч . Харин Shangri La өөр. Олон улсын хэмжээний “Керри” групп өөрийн өмч дээр Улаанбаатарын хамгийн ашигтай байрлал дээр өөрийнхөө үйл ажиллагааг явуулах гэж байна. Олон улсын сүлжээ, мөнгөтэй чадалтай том группийн зочид буудал тав тух, өнгө үзэмж, бүх зүйлээрээ арилжааны өндөр хүүтэй зээлээр монгол бизнесмэнүүдийн барьсан буудлуудаас хэд дахин илүү байх нь тодорхой. Тэгэхээр энэ зах зээлийг хэн эзлэх нь ойлгомжтой. Гурван зуу гаруй өрөөтэй гэхээр энэ нь Улаанбаатар, Чингис, Баянгол, Корпорэйтийг нийлүүлсэнтэй бараг адилхан. Тэдэнтэй ижил үнээр үйлчлэхэд л жуулчид аль буудлыг сонгох нь тодорхой. Shangri La-д одоохондоо ашиг чухал биш. Алдагдалтай ажилласан ч, бусад улсаас олдог ашгаасаа, эсвэл “Керри” группийн олон бизнесээс нөхчихнө. Тийм учраас эхлээд ижил үнээр үйлчилж байгаад Монголын зочид буудлуудыг үйлчлүүлэгчгүй болгож, зах зээл дээр монополио тогтооно. Дараа нь ганцаараа үлдэж, өрсөлдөгчгүй болж байгаад үнэ болон нөхцөлөө дахин шинээр тогтооно. Бидэнд таалагдаж дотно сэтгэл төрүүлэх үүднээс дизайн интерьертээ монгол үндэсний шинж тэмдэг, хээ угалз, Чингис хааны болон морины зураг, үндэсний хувцас хэрэглэж таарна. Энэ бол энгийн стратеги. Харин Монголын дотоодын хэдэн зочид буудлууд эхний ээлжинд орлогоо, дараа нь боловсон хүчнээ алдана . Гурав дахь ээлжинд дампуурахгүйн тулд хятад, солонгосуудад хувиа зарахаар хандана . Зарсан ч, зараагүй ч алсдаа өнөөдөр Hotel гэж байгаа дотоодын хэдэн зочид буудлууд явуулын хүмүүс цагаар ордог Motel-ууд болж хувирна . Ийм л хувь заяа биднийг хүлээж байна.
-Ойлгож байна л даа. Гэхдээ бид чинь нээлттэй нийгэм, нээлттэй зах зээлтэй, тоглоомын дүрмээ тэгж сонгосон учраас гадныямарч бизнесийг хааж боох боломжгүй ш дээ?
-Бидний жишээлэх дуртай Сингапур, Өмнөд Солонгос гэхэд хөгжлийнхөө яг эхэн болон дунд үед гаднын бүх хууль дүрмийг дотооддоо зөвшөөрч аваагүй байдаг юм. Үе шаттайгаар, хөгжлийн процесс дундаа аажмаар авах байдлаар явж дотоодынхоо зах зээл, дотоодынхоо аж ахуйн нэгжүүдийг хамгаалж хөгжсөн. Өөрөөр хэлбэл, дотооддоо үлдэх, дотоодоосоо бий болгох мөнгөний урсгалыг хамгаалж, хадгалж ирсэн байдаг юм. Харин бид яагаад ч юм, хөгжиж амжаагүй буурай байж, сайн ойлгоогүйгээсээ болоод ч юм уу, гадаадын бүх “тоглоомын дүрмийг” хүлээгээд авчихаж. Тийм учраас дотоод, гадаадын ямарч компанийг ялгаварлан үзэх боломжгүй. Өнөөгийн эрх зүйн орчинд хүлээн зөвшөөрснөөр бол иргэн Ганболд, ноён Жонн хоёр нэг дүрмээр тоглох ёстой. Ноён Жонн ардаа асар их мөнгөтэй, зах зээлийн зарчмаар явж ирсэн зам нь 200-300 жилээр хэмжигдсэн, тэр хэмжээний бизнесийнмэдлэг боловсрол, туршлагатай, олон улсын санхүүгийн системийн нэг хэсэг нь болсон, нас биед хүрсэн хүн. Гэтэл Ганболд бол 25-хан жилийн зах зээлийн түүхтэй, ганзагын наймаа хийсэн, бизнесийн хар ухаан, дотоодын боловсрол мэдлэгээс өөр түүхгүй “бага ангийн” хүүхэд л байхгүй юу. Энэ хоёрыг нэг дүрмээр уралдааны зам дээр гаргана гэдэг бол дэндүү шудрага бус. Би сэтгэлээсээ уралдана, гүйнэ, эцэст нь туйлдаад бахардаад л үхнэ. Гэтэл өнөөдрийн тоглоомын дүрмээр бол “өөрөө л үхсэн ш дээ” гэдэг хувь заяа бизнесийн салбарт олон монгол компани, олон монгол залуусыг хүлээж байна . Ийм байхад төр засаг маань гадаадын өрсөлдөгчийг, монополийг дэмжээд байдаг. Энэ “Керри” группийн Shangri La-г ашиглалтад оруулахын тулд манай төрөөс хөнгөлөлттэй, урт хугацааны зээл хүртэл өгсөн гэж сонсогдож байгаа. Биднийг зочид буудлаа барьж байхад төрөөс зээл байтугайгаар нь дэмжээгүй ш дээ. Бид одоо ч өндөр хүү, богино хугацаатай арилжааны зээлтэй л яваа.
-Тэгэхээр Shangri La-г гаднынх гэж ойлгож болох уу. Зарим нь“MCS”-ийнх гэдэг?
-Та нар тэгээд анхнаасаа, тоосго өрж эхэлж байхад нь л банкууд шиг, бензинийхэн шиг зах зээлээ хамгаалаад явахгүй яасан юм бэ. Одоо ашиглалтад ороод тууз хайчлах болохоор гэнэт сэрэх юм. Зочид буудлуудын холбоо гэж байдаггүй юм уу?
-Тийм холбоо байдаг л даа. Энэ нарийн ньюансыг олж хараагүй л байсан юм болов уу. Нэгдмэл ойлголтгүй, нэгдэж чаддаггүй нь бидний буруу л даа.Зах зээлийн туршлагагүй маань юмыг бас удаан бодож байж ойлгоход хүргэх юм.
-Одоо ямар гарц байна вэ. Зах зээлээ хамгаалах боломж нөөц шавхагдаагүй байлгүй дээ?
-Хүмүүс санаж байгаа бол “MCS”-ийнхэн“Юнител” гэж үндэсний компани байгуулж гаднын хувьцаатай, Монголын зах зээлийн 80 хувийг эзэлж байсан “Мобиком”-ын монополийг 40 хувь хүртэл нь багасгасан даа. “Мобиком”-ын үнийг бууруулж болохгүй гэдэг зохицуулалтыг Харилцаа холбооны зохицуулах газраас хийж,шудрага өрсөлдөөнийг бий болгосон. Энэ бол “MCS”-ийн зөв хийсэн, эх оронч төслүүдийн нэг гэж би боддог. Төр одоо яг үүн шиг дотоодын зочид буудлуудаа хамгаалсан бодлого зохицуулалт хийж өгөх ёстой. “Shangri La”-г өөрийнх нь олон улсын зэрэглэл, олон улсын сүлжээнийх нь үнээс доогуур үнэ тавиулахгүй байхыг манай төр засгийн холбогдох газруудаас бодлогоор зохицуулах ёстой. Shangri La-г Нью-Йорк, Парис, Сингапурт байдаг тэр стандартаар ажиллуулах, тэр үнээр нь үйлчлүүлэх ёстой. Тэрнээс доошхи үнэ дээр нь дотоодын энэ хэдэн зочид буудлууд нь амьдарч хөгжих ёстой. Үүнээс өөр гарц байхгүй боллоо.Энэ талд БОНХАЖЯ, ШӨХТГ-ынхан эрхбиш анхаарч ажиллах байлгүй дээ гэж найдаж байна.
-Их цөхөрсөн хүний үг шиг сонсогдож байна?
-Харин тиймээ. Зах зээлээ хамгаалаагүй нь хэдийгээр бидний буруу байж болох ч, төрийнхөн эдийн засгийн бие даасан байдлаа бодох ёстой шүү дээ. Ямар өнөөдрөөр амьдрал дуусах гэж байгаа биш. Төр бол олон талаас нь асуудлыг харах ёстой. Бодлогын зохицуулалт үнэхээр алга. Онолын хувьд, эрх зүйн хувьд өнөөдөр “Bank of China” ч, “Роснефть” компани Монголд салбараа нээж болох уу, болно. Гэхдээ тусгаар тогтносон, цөөхөн хүн амтай, жижиг зах зээлтэй улс орон дотоодын зах зээл, үндэсний компаниудаа хамгаалж, дэмжиж явах ёстой. Бусад улс орон ч тэгдэг. Балансыг алдагдуулахгүйгээр, зах зээлээ хамгаалсан, үндэсний компаниуддаа давуу байдал өгч, дотооддоо бий болсон мөнгөн урсгалыг дотооддоо хадгалсан, эдийн засгийн бие даасан байдлаа хангасан бодлого баримталдаг. Цаасан дээр бичиж ил зарлах боломжгүй ийм “хууль”-ийг төрд ажиллаж байгаа хүн бүр зүрхэндээ, оюун ухаандаа бодож хэрэгжүүлж явах ёстой. Бид өмнө нь агуу түүхтэй явсан ч, өнөөдөр “жижиг”-ийн зовлонг туулж яваа гэдгээ мартаж болохгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн