МИАТ компанийн дэд захирал Н.Ганболдтой ярилцлаа.
-Өнгөрсөн онд МИАТ компани хэрхэн ажиллаж бүтээн байгуулалтын ямар томоохон ажил хийсэн бэ?
-Агаарын тээвэрлэгч компанийн ажлын үзүүлэлтийг нислэгийн аюулгүй ажиллагаа, дээр нь нэмээд санхүүгийн үзүүлэлтээр дүгнэдэг. Тэгвэл МИАТ компанийн хувьд шинэ оны босгон дээр аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр долоон одны хэмжээнд буюу хамгийн өндөр үзүүлэлтээр дүгнэгдсэн. 2014 оны байдлаар манай компанийн санхүүгийн дүн 50 тэрбум орчим төгрөг байсныг 2015 онд гурван тэрбум болтол буулгаж чадсан. Энэ хоёр үзүүлэлтээр МИАТ компанийн 2015 оны ажлыг дүгнэж болно. Мэдээж амжилттай ажиллахад гадаад, дотоод маш олон хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал, бид 2015 оны байдлаар Өмнөд Солонгосын “Eastar” компанийн найман агаарын хөлөгт их засварын ажил хийлээ. Тайландын компани дээр очиж онгоцны хөдөлгүүрийг нь сольж, онгоцны сэлбэг нийлүүлэгч компанитай хийсэн гэрээнд нэмэлт оруулах замаар онгоцны сэлбэгийн зардлыг нэг тэрбум төгрөгөөр буулгаж чадлаа. Токио, Сөүл, Берлинээс авдаг шатахууны гэрээний суурь үнийг бууруулсан. Улаанбаатарт авдаг шатахууны үнийг газрын тосны газрын үнээр нь сар тутам тохиргоо хийдэг болж, үйлчилгээнээс олж байгаа орлогоо нэмэгдүүлэх зэрэг зардал буулгах, орлого нэмэгдүүлэх ажлууд нэлээд хийсэн. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурсан явдал бидэнд томоохон дэм болсон. МИАТ компани үндсэндээ экспортын үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрийн хуваарьт нислэгүүдийн хажуугаар онгоцны ашиглалтаа нэмэгдүүлэх зорилгоор гадаадын компанид нойтон түрээсийн нислэг хийж байна. 2015 онд Чехийн “Травел сервис” компанид бид 1795 цагийн нислэг хийсэн. Мөн өөрийн үйлдвэрлэсэн, зассан бүтээгдэхүүн, эд ангийг ч экспортлох чиглэлээр ажиллаж байгаа.
-МИАТ компани өнгөрсөн хугацаанд зээлээр, түрээсэлж байгаа онгоцуудын өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Хэзээ алдагдалгүй, өр төлбөргүй ажиллах бололцоотой болох вэ?
-Өнөөдрийн байдлаар МИАТ компани түрээсийн дөрөв, “Боинг” компаниас шууд худалдан авсан нэг буюу нийт таван онгоцтой үйл ажиллагаа явуулж байгаа. Манай түрээсийн дөрвөн онгоц бүгдээрээ өөр, өөр түрээслүүлэгч компанийх. 2014 онд бид эдгээр дөрвөн компанитай маш шаргуу ажиллаж, өмнө хийсэн түрээсийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулснаар түрээсийн төлбөрийн хэмжээг буулгасан. Үүний үр дүнд нь зөвхөн нэг жилийн хугацаанд хоёр сая ам. долларын хэмнэлт гаргаж чадсан. Түрээсийн шинэчилсэн гэрээ 2015 оноос эхлэн үйлчилж байгаа. “Боинг” компаниас худалдан авсан онгоцны төлбөрийн асуудал дээр Засгийн газрын зүгээс манай компанид дэмжлэг үзүүлж байгаа. Өнгөрсөн оны хоёр төлбөр буюу нийт есөн сая орчим ам.долларыг бид өөрийн үйл ажиллагааны орлогоос төлсөн. Гэхдээ манай үйл ажиллагаа илүү улирлын чанартай. Өөрөөр хэлбэл зуны цөөн сарын хугацаанд дийлэнх орлогоо төвлөрүүлдэг. Тиймээс хавар, өвлийн төлбөрийг хийхэд хүндрэлтэй хэвээр байна. Компанийнхаа нислэгийг улирлаас аль болох бага хамааралтай байх, онгоцны ашиглалтыг эдгээр улирлуудад нэмэгдүүлэх талаар ажиллаж, зарим үр дүн эхнээсээ гарч байгаа.
-Ер нь Монголд үндэсний агаарын тээвэрлэгч компани хэрэгтэй юү?
-2013 онд УИХ-аар батлагдсан төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтаар МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статусыг олгосон. Манай улс шиг эх газрын, тэгээд хоёр их гүрний дунд байгаа улсын хувьд үндэсний агаарын тээвэрлэгчийн асуудал зайлшгүй байх ёстой юм. Хамгийн энгийн жишээ дурьдахад, 2011 онд Японд цунами болж, тэнд байсан монгол иргэд эх орон руугаа ирэх болоход МИАТ компани үндэсний тээвэрлэгчийнхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн. Хэрвээ тэр үед үндэсний агаарын тээвэрлэгчкомпанигүй байсан бол гадаадад байгаа монголчууд хэнд хандах байсан бэ, иргэдээ түргэн шуурхай авчрах асуудлыг хэр хурдан шийдвэрлэх байсан бол гээд олон асуудал урган гарах байсан.
-Он гарсны дараа сайхан мэдээг МИАТ компани дуулгасан. Олон улсад аюулгүйн байдлын зэрэглэлийн үнэлгээгээр МИАТ долоон од авсан. Ази тивдээ хамгийн өндөр оноо авахад ямар шалгуур нөлөөлсөн бэ?
-Манай компани Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны гишүүн. Энэ ч утгаараа энэ байгууллагаас өөрийн гишүүдэд тавьдаг аюулгүй ажиллагааны нэгдсэн аудит шалгалтыг 2007 оноос хойш тав дахь удаагаа ямар нэгэн үл тохиролгүй шалгагдсан нь дээрх амжилтын суурь болсон. Энэ шалгалтын үр дүнг бидэнтэй хамтран ажилладаг бусад авиакомпаниуд авч үзэх боломжтой. Манай компанийн талаар үнэлэлтээ өгөөд явдаг гэж ойлгож болно. Ийм төвшинд хүрч, хамгийн өндөр оноо авсан нь МИАТ компанийн нийт хамт олны хөдөлмөрийн үр дүн. Гэхдээ МИАТ компани ийм үр дүнтэй ажиллаж байгаа гээд суугаад байх биш хүрсэн төвшингөө яаж хадгалж, илүү сайжруулах вэ гэдгийн төлөө л ажиллана.
-Мэдээж аюулгүй үзүүлэлтээрээ өндөр оноо авсан нь танай баг, хамт олны ур чадвартай холбоотой. Ер нь компанийн агаарын хөлгийн нисэгчдийн ур чадвар олон улсад ямар төвшинд байгаа вэ. Боловсон хүчнээ сургалт, дадлагад хамруулах чиглэлд ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
-ИНЕГ-аас тавьдаг шаардлагын хүрээнд МИАТ компани нисэх багаа жилдээ хоёр удаа дадлагажуурын сургалтад хамруулдаг. Бид иргэний нисэхийн салбартаа тэргүүлэгч дэлхийн хоёр том стандартыг хангасан тээвэрлэгч байх зорилгоор нэг удаагийн сургалтыг АНУ-ын холбооны нисэхийн удирдах газрын шаардлагын дагуу “Боинг”-ын сургалтын төв дээр хийдэг. Нөгөөхийг нь Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлагийн шаардлагын дагуу Герман, Голландын сургалтын төвүүдэд хийдэг. МИАТ компани ирээдүйгээ байнга харж байх ёстой. Учир нь МИАТ удахгүй алсын зайн нислэг, түүний дотор АНУ руу шууд нисдэг болно. Одооноос бэлтгэл ажлуудаа хангаж байх нь чухал шүү дээ.
-МИАТ компани онгоц цөөтэй гэж шүүмжилдэг хүмүүс байдаг. Гэхдээ олон онгоцтой болохгүйгээр бусад улс орнуудтай хамтран ажиллаж, гэрээ хийх нь ашигтай биш үү. Энэ чиглэлд ямар ажлыг хийж байгаа вэ. Цаашид олон улсад нисэх онгоцоо нэмэгдүүлэх боломжхэр байна вэ?
-Парк шинэчлэлтийн асуудал бол авиакомпанийн санхүүгийн чадавхтай шууд холбоотой байхаас гадна, энэ асуудал дээр яаж менежмент хийж байгаагаас ихээхэн хамаарна. Мэдээж үндэсний тээвэрлэгч компани юм чинь аль болох шинэ залуу, орчин үеийн агаарын хөлгүүдтэй байхын төлөө л тэмүүлнэ. Бид энэ онд хоёр “Б737NG” онгоцыг өмнөх “Боинг 767”-ийн адил “Боинг”-оос шууд худалдан авах байсныг өөрчилж, түрээсийн компаниар дамжуулан түрээслэхээр болсон. “Боинг”-ийн анхны хэлж байсан үнийг МИАТ компани агаарын хөлөг тус бүрээр дөрвөн удаагийн хэлцлийн дараа бараг 10 сая ам.доллараар буулгаж чадсан ч бидний хувьд үнэтэй хэвээр л байсан. Тиймээс дахин ярилцаад түрээслэх гэсэн хувилбарт оруулсан юм. Гэхдээ “Б737MAX” болгон өөрчилсөн. Яагаад хугацааг нь хойшлуулсан бэ гэхээр эдгээр онгоцны төлбөрийг хийх мөнгө бидэнд байхгүй бөгөөд төлбөрийг 2014 оноос эхлэх байсан юм. Тийм болохоор л удаан ярилцсаны эцэст түрээслэх хувилбарт шилжүүлсэн. Ирэх жил шинэ нисэх буудал ашиглалтад орно. Тиймээс МИАТ компанийн цаашдын парк шинэчлэлийн асуудлыг хэд хэдэн хувилбараар ярьж байгаа. Шинэ нисэх буудал ашиглалтад орох үед гадны олон тээвэрлэгч манайх руу нисэх магадлалтай. МИАТ компани энэ өрсөлдөөнд бэлэн байх ёстой.
-Энэ жил Ази Европын дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ыг манай улс зохион байгуулна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад МИАТ компани ямар үүрэгтэй оролцох вэ. Энэ чиглэлд хэрхэн анхаарч, бэлтгэж ажиллаж байна вэ?
-Мэдээж МИАТ компани үндэсний тээвэрлэгчийн хувьд гадаадын зочид төлөөлөгчдөд шаардлагатай нэмэлт, захиалгат нислэг хийнэ. Монгол Улсынхаа нүүр царай болсон, үндэсний тээвэрлэгч гэдгээ нотлон харуулахын тулд хичээн ажиллах болно. АСЕМ-ын бэлтгэл хангах компанийн нэгдсэн төлөвлөгөө гарсан бөгөөд шаардлагатай бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлээд явах боломжтой л гэж харж байна. АСЕМ бол МИАТ компанийн хувьд аль ч талаасаа маш том боломж гэдгийг манай компанийн хамт олон сайн ойлгож байгаа.