Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийг биологичид, гэрэл зурагчид, сэтгүүлчид, баримтат киноныхон нэгдэж байгуулсан. Тэд Монголынхоо байгалийн цомгийг амжиж авч, үр хойчдоо үлдээхийн тулд "Хүрээлэн" төслийг эхлүүлсэн. Амьд ертөнц, ахуй байгалийн аялалд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн гэрэл зурагчин У.Ганбаяр, С.Цацралт, кино зураглаач Г.Батнягт болон бусад олон уран бүтээлчид хамтдаа гарч байгаа юм. 2013-2016 онд үргэлжлэх “Хүрээлэн” төслийн хүрээнд дөрвөн цуврал баримтат кино, дөрвөн иж бүрэн цомог гараас гаргахаар ажиллаж байгаа юм байна. Мөн төслийн үйл явцын тухай “ХҮРЭЭЛЭН. Амьд ертөнцийн цуврал” аян замын тэмдэглэл-нэвтрүүлгийг NTV, МҮОНТ, Боловсрол суваг телевизээр хүргэж байгаа билээ. Бид төслийн удирдагч У.ГАНБАЯРТАЙ ярилцлаа.
-Хүрээлэн төслийг хүмүүс мэдэж байгаа. Та бүхэн маргааш хаашаа явах гэж байна вэ?
-Хэрлэн Баян-Улаан явна даа. Нэгдүгээрт, газрыг нь очиж сонирхоё. Хоёрдугаарт тэнд аргаль байдаг сураг байна. Аргаль бөөгнөрч, сүрэглэсэн явж байна гэж байгаль хамгаалагч залуу нь ярьж байна. Уг нь байгалийн нөөц газар юм уу даа. Тусгай хамгаалалтад авахуулсан сонирхол бас хүмүүст байдаг юм шиг байна лээ.
-Энэ төслийн гол зорилго нь зэрлэг, ховордсон ан амьтдын зургийг л авахыг хүсдэг юм байгаа биз дээ?
-Бидний анхны зорилго монгол орны биологийн олон янз байдлын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бий болгоно гээд байгаа юм. Биологийн олон янз гэхээр бүхий л хорхой шавьж, ургамал, ан амьтан, жигүүртэн амьд организм бүрийг хэлнэ гээд байгаа шүү дээ. Бид цэцэг, мод, байгалийн өвөрмөц тогтоц, үзэгдлүүд зэргийг авч байна. Ингээд ярихаар биологчид, судлаачид шоолдог юм. Та нар битгий тийм инээдтэй юм яриад бай. Та нар шиг хэдэн улсын хийчихдэг ажил биш. Бүхэл бүтэн байгалийн шинжлэх ухааны хүмүүсийн хийдэг ажил гээд байгаа. Бид тийм хэтийдсэн зорилгыг өөрсдөдөө тавьчихаад яваад байна.
-Одоо хэчнээн ан амьтны зураг авчихаад байна вэ?
-Төслөө эхлүүлээд жил л өнгөрч байна. Эргээд харахад 40 мянга орчим км явсан байна. 487 зүйлийн шувуунаас 130-ыг нь авчихсан байгаа юм. 138 зүйлийн хөхтөн амьтнаас 58-ыг нь авсан байна. За тэгээд хоёр зүйл хэвлээр явагч авсан байна. Зургаан зүйлийн хоёр нутагтнаас гурвыг нь авсан гэх жишээтэй. Үндсэндээ авах ёстой зурагныхаа гуравны нэгт нь явж байгаа юм уу даа. Ер нь бол томоохон хөхтөн амьтны зургаа авчихсан. Улаан номонд орсон болон ховордсон амьтдын талыг нь авсан байна.
-Дэлхийн улаан номонд орсон мөртлөө зөвхөн Монголд амьдардаг амьтан олон байдаг уу?
-Мазаалайгаас авахуулаад байна. Мазаалайн зургаа авчихсан. Хавтгай бол Монголоос гадна Хятадад 200 орчим байдаг гэнэ. Хавтгайн зургийг Баянхонгороос авлаа. Бас Говийн их дархан газрын А хэсгээр яваад ирлээ. Тэр чинь асар том газар нутгийг хамаарсан юм билээ.
-Зэрлэг амьтны зургийг обьектийн зураг авч байгаа юм шиг авчихгүй. Судална, отно, манана, ичих сэрэх цагийг нь тааруулна. Хамгийн адал явдалтай авсан зураг юу байв?
-Ирвэсний зураг авахаар Ховд аймгийн Манхан, Чандмань сумын заагаар яваад ирлээ. Жаргалант хайрханд очлоо. Өвлийн дунд сараар яваад хоосон ирсэн юм. Тэгэхэд тав хоног мөр хайгаад яваад байсан. Нутгийн хүмүүс явдаг, гүйдэг газрыг нь сайн мэддэг учраас энүүгээр л явна, тэнд үүртэй гээд зааж өгсөн. Даанч зураггүй хоосон ирсэн. Сая дахиад долоо хоног хөөцөлдлөө. Цас хялмаалаад шинэ цасан дээр яг л мөр нь үзэгдээд байгаа юм. Биднийг мөрөөр нь дагаад явахад бидний алхсан мөрөн дээгүүр хоёр ирвэс хөндлөн гараад явчихсан байдаг юм. Ололгүй нэг газар баахан дурандсан. Маргааш нь нөгөө газраа яваад очиход бидний суусан газар ирж тоглоод, хөрвөөгөөд явсан байдаг юм.
-Хойноос чинь л яваад байсан байна.
-Тийм. Тэгээд яваад байдаг. Ерөөсөө олдоггүй долоо хоносон. Яг буцахын өмнө ирвэсээ хаяад хойлог шувуу авъя гэж хоорондоо ярьсан. Биднийг ирвэс хайж явахад хойлог дугараад байсан юм. Ингээд явж байтал манай нэг залуу нааш ирээ гээд дуудсан. Яваад очтол дөнгөж сая эндээс хоёр ирвэс хөдөллөө гэсэн. Мөрийг нь хар. Суниагаад ийш хөдөлсөн байна гэсэн. Тэгэхээр нь араас нь мөрдөж хөөцөлдсөөр байгаад олигтой дүрстэй ирж чадаагүй. 20 секундын л дүрстэй ирсэн. Долоо хоногийн хөдөлмөр шүү дээ.
-Гаднынхан бас танайх шиг зураг аваад, баримтат кино хийгээд явж байна уу?
-Ноднин биднийг Өмнөговийн Тостын нуруунд очиход Солонгосын найман хүний бүрэлдэхүүнтэй кино групп 21 хоноод ирвэсний дүрсээ авч чадсангүй гээд буцаж байсан. Тэнд нь бид хоёр хоноод л авсан.
-Анчид, байгаль хамгаалагч нартай их найзалж байна уу. Тэднээр луужин хийж байна уу?
-Ер нь биологич, судлаач нартай их найзалж байна. Жишээлбэл, шувууны зураг авахын тулд шувууны биологичтой хамт явна. Хөхтөн, зээрийн зураг авахын тулд тэр чиглэлийн судлаачтай хамт явах жишээтэй. Ер нь бол газар дээр нь очвол нутгийн иргэдийг түшиглэсэн нь дээр байдаг.
-Танай багийн бүрэлдэхүүнд ямар төрөл мэргэжлийн хүмүүс явж байна вэ?
-Манай багт киноныхон, гэрэл зурагчид, сэтгүүлч, Брос төслийн Ертөнц төслийнхөн байна. Бид нар чинь Байгаль хамгаалах нийгэмлэг гээд төрийн бус байгууллагатай. Энэ маань бас л уран бүтээлээрээ дамжуулж байгаль хамгаалах ажилд хувь нэмрээ өгөх болов уу. Ер нь манайд энэ төрөл жанр хөгжөөгүй юм байна шүү дээ. Эргээд харсан чинь Самдан гэж хөгшин л 1970-аад оны дундаас 1980-аад оны сүүл хүртэл амьтны зураг авч байж. Киноноос бол Уртнасан гуай байна. Энэ хоёроос хойш тасарчихсан. Ийм учраас хүмүүсийн дунд маш их төөрөгдөл байдаг. Жишээ нь, цагаан толгойн “Т” үсгэн дээр Монгол тахийн тухай биччихээд Африкийн “zebra”-ны зураг тавьчихсан байх жишээтэй. Хүүхдүүдээ дагуулаад Хустайн нуруунд нутагшуулж байгаа тахь үзүүлэхээр тахь биш морь байна гээд байдаг. Зургийг нь авч хүмүүст хүргэснээрээ ядаж л ийм төөрөгдлийг нь арилгая гэж зориод байгаа.
-Танай төсөл хэр удаан явах төсөл вэ?
-Бид гурван жил гэж харж байгаа. Мөнгө байхгүй бол наана нь зогсч магадгүй.
-Санхүүжилт хаанаас байна?
-Яг үнэнийг хэлэхэд, айл айлын хаалга тогшиж “Мөнгө байна уу, дараагийн аяллыг санхүүжүүлээч” гээд явж байна.
-Төрөөс дэмжлэг байхгүй юу?
-Төрөөс гэвэл Ерөнхий сайдын маш сайхан чадамжгүй захирамжтай. Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь уулзах завшаан таарч, төслөө танилцуулсан чинь “Наадах чинь маш олон талын ач холбогдолтой төсөл байна. Урлагийн, шинжлэх ухааны, боловсролын, аялал жуулчлалын ач холбогдолтой юм байна. Энийг хэрэгжүүлэх нь зөв” гээд захирамж гаргасан. Ингээд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын төвшинд хэрэгжүүлнэ гээд ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг нь өнөөг хүртэл нэг ч хуралдаагүй.
-Нэг асуусан. За нөхөр минь, нүүрсний үнэ унасан. Гайгүй болохоор эргэж харна аа гээд тэр чигтээ алга болсон.
-Үндэсний газар зүй (National geographic) суваг шиг суваг нээвэл ямар вэ. Хийсэн бүтээснээ иргэддээ тогтмол хүргэж байвал ч их хэрэгтэй байна даа. Олон нийтийн телевизээр Амьтны ертөнц нэвтрүүлэг гарахаа больсноос хойш ийм төрлийн нэвтрүүлэг ховордчихлоо?
-Бидний битүүхэн мөрөөдөл л дөө. Энэ бол Монголдоо National geographic шиг сувагтай болох тухай. Яаж олон зуун жил болсон энэ сувгийн төвшинд юмаа хийх билээ. Гэхдээ тэдний хэмжээнд хүртлээ хичээнэ.
-Та нар шиг ийм төсөл хэрэгжүүлж, байгаль, ховор ан амьтны зураг, бичлэг хийж байгаа хүмүүс Монголд байна уу?
-Байна. Бид Монгол, Миний Монгол зэрэг төсөл байна. Бас хоёр цагаан машинтай залуучууд яваад байдаг шүү дээ.
-Хөдөө ажлаар явж байхдаа бүтэлгүйтэх тохиолдол гарна биз дээ?
-Гаралгүй яах вэ. Бараг аялал бүрт сонин хачин, хөгжилтэй зүйл болно. Бид Өмнөговийн Гурвантэсийн Хэрмэнцавт очсон юм. Ойр хавьд нь ус байхгүй зэлүүд нутаг л даа. Тийш явахдаа нэгэндээ найдаад ус авалгүй оччихож. Эргэн тойрон 200-300 км ямар ч ус байхгүй, бараг хүн айл ч байхгүй газар. Уг нь хэдхэн зураг авах ёстой байсан ч усгүйгээ очсон хойноо мэдчихээд шууд буцсан даа.
-Нэг амьтны зургийг хээлтэж, ичиж, ичээнээсээ гарж байгаа зэргээр янз бүрээр авдаг уу?
-Түрүүн би баахан тоо ярилаа шүү дээ. Энэ тоолдог арга барилаа өөрчлөх болсон гэж бодож байгаа. Жишээ нь, ирвэсээр дагнаж, амьдралаар нь хийсэн киногоо нэгд тооцдог болмоор байгаа юм. Гэхдээ энэ маань асар их ажил л даа. Нөгөө амьтнаа жилийн дөрвөн улирлын турш дагаж зургаа авна гэсэн үг шүү дээ. Гэтэл бидэнд нэг жилийн хугацаанд завдал болсонгүй. Ёстой л амьтан бүрийг дагаж харж, зургийг нь авсаар байгаад таарлаа.
-Тэгээд амьтны зургийг авахдаа олуулаа очихгүй биз дээ?
-Манайд ер нь амьтад маш үргэмтгий шүү дээ. Бид ноднин Дэлхийн баавгай хамгаалах сангийн ерөнхийлөгч Харри Рональдсыг Монголд ирээд мазаалай судалж байхад нь таарсан. Тэгэхэд National geographic-ийн юм бичдэг өвгөн хамт явж байна лээ. Тэр өвгөн үүрээр 3, 4 цагийн үед олон уулын даваад өндөрт гараад суучихдаг юм билээ. Бид дөнгөж үүр гэгээрээд явж байтал довон дээр хүн шиг зүйл сууж байхаар нь айсан шүү. Тэгээд жаахан ярьсан чинь “Би өглөө болгон ингэж явдаг. Ингээд юм аа бичээд сууж байхад амьтад намайг харчих л юм бол маш хурдан зугтаадаг. Монголд яагаад ийм үргэмтгий байдаг юм бол. Их тэгж уулгалж хөөдөг, буугаар агнадаг, айлгадаг юм болов уу. Хэтэрхий онгон зэрлэгээрээ байна” гэж асууж байсан. Тэгэхээр нь би бодсон “Африкт зураг авахад асуудалгүй юм байна даа. Амьтад нь үргэхгүй, зугтахгүй учраас дунд нь сууж байгаад авчих юм байна даа” гэж.
-Та нар ирээд хаашаа явах вэ?
-Ирээд ирвэс рүүгээ явна даа. Өмнөговийн Гурвантэс сумын Тостын даваа руу явна. Явах газар, хийх гэсэн төлөвлөгөө зөндөө л байна. Одоо хавар боллоо, тогоруу нүүдэллэж ирнэ. Тогоруу гэж маш сайхан шувуу байдаг. Монголд долоон зүйлийн тогоруу бүртгэгдсэн байдаг юм билээ. Бид Хурх, Хүйтэний хөндийд дөрвөн зүйлийг авсан. Алаг тогорууны зураг авахаар Японы Хокайдо арал явсан. Манайд өндөглөдөг шувууд Солонгос, Япон, Хятад руу явж өвөлжиж байна. Тэгэхээр тогорууны нүдээр хүмүүсийн амьдрал, соёлыг харуулсан кино хийдэг юм уу гэж бодоод байгаа.