Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Д.Ганбат: 2500 хоригдол ирэх долоо хоногт гэртээ харина

Д.Ганбат: 2500 хоригдол ирэх долоо хоногт гэртээ харина
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 30
УИХ-ын дөрвөн ч чуулган дамнаж хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг тусгаж өчигдөр баталсан. Хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 3-нд өргөн барьсан билээ. Наймдугаар сарын 11-нд УИХ хаалттай хэлэлцэж баталсан. Гэтэл Ерөнхийлөгч наймдугаар сарын 17-нд 4.1 болон долдугаар зүйлд хориг тавьсан юм.Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэн батлах хүртэл МАН хоёр удаа найман хоног, "Шударга ёс" эвсэл хоёр удаа13 хоног завсарлага авсан. Ингээд Өршөөл үзүүлэх тухай хууль эцэслэгдэн батлагдаж өнөөдөр УИХ-аас томилсон Өршөөл үзүүлэх комиссынхон хуралдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажиллаж байгаа. Түүнээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хэчнээн хүн хамрагдаж, ял эдэлж байгаа хэдэн хүн суллагдах талаар тодрууллаа.
-Өршөөл үзүүлэх хууль тухай хууль бүрэн хэрэгжих боломжтой боллоо.  Ял эдэлж байгаа хэчнээн хүн суллагдах тооцоо байна вэ. Эдгээр хүмүүс хэзээ суллагдах вэ?
-Өршөөл үзүүлэх тухай хуульд 5.1-т бусдын бие мах бодид санаатай хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, танхайрах гэсэн Эрүүгийн хуулийн гурван зүйл ангийг нэмсэн. Мөн 9.1.3-т бусдын эд хөрөнгийг залилан, мэхэлж авах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хууль бусаар хөрөнгөжих, тусвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэсэн зургаан зүйл ангийг нэмж өршөөхгүй байхаар шийд гарсан. Өмнө ял эдэлж байгаа 1500-1600 хүн суллагдана гэж байсан бол өчигдөр эцэслэгдэн батлагдсан хуулиар 2500 орчим хоригдол суллагдахаар байна. Өнөөдөр Өршөөл үзүүлэх ажлын хэсгийн комисс хуралдсан. Ирэх долоо хоногт хууль хэрэгжээд ял эдэлж байгаа хүмүүс суллагдан гэртээ харина. Хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэсэн.
-Хуулийн хэрэгжилтэд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Ерөнхий сайдын нөөц хөрөнгөнөөс 130 сая төгрөг шийдүүлсэн байгаа.
-2500 орчим хүн суллагдана гэж байна. Эдгээр хүмүүсийг ажлын байраар хангах, нийгэмшүүлэх тал дээр төрөөс ямар нэгэн бодлого баримтлах уу. Бүх салбарт эдийн засаг хүнд  байгаа энэ үед олон хүн суллагдаад гэмт хэрэг гарах шалтгаан болох юм биш биз дээ?
-Аймаг, сум дүүрэгт бүрт Хөдөлмөрийн хэлтэс гэж бий. Тухайлбал Улаанбаатар хотод нийгэм хариуцсан орлогч гэж байгаа. Энэ хүн өнөөдөр комиссын хуралд бас л суусангүй. Монгол Улсын төр алдаж, эндсэн иргэдээ өршөөж боломж олгож байгаа хэрэг. Энэ иргэд нийгэмших ёстой. Орон гэргүй хүмүүс бас байна. Өршөөгдөн суллагдаж байгаа иргэдийн 300 орчим хүний гэр орон, очих газар тодорхойгүй байна. Үүнийг төр захиргааны байгууллага хүлээж аваад, дүүрэг бүрийн холбогдох хүмүүстэй ярилцаад хүмүүсээ нийгэмшүүлнэ. Түүнээс төрөөс суллагдаж байгаа бүх хүнийг ажлын байраар хангана гэсэн зүйл байхгүй.
-МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж Өршөөлин хууль баталж байна гэх хардлага нийгэмд байсан. Эцсийн байдлаар батлагдсан хууль МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг өршөөж байгаа юу?
-Мэдэхгүй байна. Хуулийг хэлэлцэж байхад МАН хоёр удаа найман хоног, "Шударга ёс" эвсэл хоёр удаа13 хоног завсарлага авсан бол АН нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр хэн нь энэ хуулийг батлахын төлөө байсан нь тодорхой гэж бодож байна.
-Хоёр жилээс ялаа хасуулж байгаа хэдэн иргэн бий вэ?
-Манай улсад 7000 орчим хүн ял эдэлж, 1000 орчим хүн урьдчилан хорих төвд байна. 2000-3000 хүний хэрэг хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэсэн үг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн