Open iToim app
Таны сонорт | 7 мин уншина

​Д.Ганбат: Монгол Улс дотооддоо вагон үйлдвэрлэнэ

​Д.Ганбат: Монгол Улс дотооддоо вагон үйлдвэрлэнэ
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 16
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаттай ярилцлаа.  
- “Монголын төмөр зам” хэмээх байгууллагыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай байгууллагын талаар улс төржсөн янз бүрийн мэдээллүүд гардаг. Энэхүү байгууллагыг удирдаж яваа хүний хувьд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулаач?
- Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарч, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 189 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан. “Монголын төмөр зам” ТӨХК нь Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах; Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх; төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах; Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар төмөр замын салбарт үүсэн бий болсон хөрөнгийг эзэмшиж, ашиглах; Өөрийн хөрөнгөөр зүтгүүр, вагон, төмөр замын бусад объект, байгууламжийг худалдан авах, өмчлөлдөө бий болгох; Өөрийн эзэмшлийн хөрөнгийг тээвэрлэлтэд оролцогч бусад байгууллагад түрээсийн болон бусад гэрээгээр ашиглуулж орлого олох зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.Манай компанийн талаар улс төржсөн элдэв яриа их гардаг нь үнэн. Манай улсад хэрэгжиж байгаа мега төслүүдийн нэг болох энэхүү “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилт, ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, төслийн барилгын ажлын явцын байдлаас шалтгаалаад элдэв хэл ам гардаг гэж бодож байна. Миний хувьд энэ байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд хэлэхэд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэн яаралтай эхлүүлж богино хугацаанд ашиглалтанд хүлээлгэж өгөх, үүний тулд үндэсний компаниудын хийж гүйцэтгэж чадах бүх ажил, үйлчилгээг дотоодоосоо авах, зарим гэрээ хэлцэлүүдийг эргэж харах шаадлагатай гэж үзэж байгаа. Мөн БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 50 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр Тяньжингийн чөлөөт бүсэд олгосон 10 га газарт Хятадын талтай хамтран Ложистик төв байгуулах төслийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас манай компанид даалгасан байгаа. Энэ ажлын хүрээнд ТЭЗҮ боловсруулах, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийх, төсөл боловсруулах зэрэг ажлуудыг хийж байна.
-Өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний хөдлөх бүрэлдэхүүний парктайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Одоогоор нийт 245 ачааны вагон, ОХУ, БНХАУ болон АНУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий 9 зүтгүүр, төмөр зам засварын 8 машин механизм манай компанийн дансанд бүртгэлтэй байдаг, эдгээрийн заримыг “УБТЗ” ХНН-т түрээслэдэг. Суурь бүтцийн хувьд Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих цогцолборт хамаарах 10 орчим км төмөр зам бий.
- “Монголын төмөр зам” ТӨХК нь “УБТЗ” ХНН-тэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Хоёр талын байгууллагын хооронд хийж хэрэгжүүлсэн, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар тодруулна уу?
- Манай компани нь өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмжийг “УБТЗ” ХНН болон уул уурхайн компаниудад өөрийн хөдлөх бүрэлдэхүүнийг түрээслэж байна. Мөн Замын-Үүд дэх Япон Улсын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Шилжүүлэн ачих байгууламжийг “УБТЗ” ХНН-тэй хамтран ашиглахаар ажиллаж байгаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй Замын-Үүдийн Ложистикийн төв ашиглалтанд орсны дараа хоёр тал хамтран ашиглахаар төлөвлөсөн. Түүнчлэн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтанд “УБТЗ” ХНН-ийн туршлагатай инженер, техникийн ажилтнуудыг татан оролцуулах талаар урьдчилсан байдлаар ярьж тохирсон байгаа.
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг гарсан байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн юу байна вэ?
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” 32 дугаар тогтоолыг УИХ-аас 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр соёрхон баталсан байдаг. Уг бодлогоор нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар шинээр барихаар зааж, эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2010 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон явдал нь манай компанийг Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани болж хөгжих боломжийг олгосон. Энэ бол маш их хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн, улсын эдийн засагт онцгой ач холбогдол үзүүлэхүйц чухал ажил юм. Далайд шууд гарцгүй улс орны хувьд төмөр замын асуудлыг геополитикийн хүрээнд онцгойлон чухалчлан авч үзэх ёстой. Энэ үүднээс Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд болон Шивээхүрэнгийн боомтын төмөр замыг эхлүүлэхээр хөрөнгө босгох ажлыг эрчимтэй хөөцөлдөж байна. Харин Хөөт-Нөмрөгийн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэж байна.
-Шинээр төмөр зам барих ямар төсөл хөтөлбөрүүд байгаа вэ. Эдгээрт МТЗ ямар менежмэнт, маневр хийж ажиллаж байгаа вэ?
- Шинээр төмөр зам барих төсөл хөтөлбөрүүдийг сая дээр дурьдлаа, үүн дээр нэмэгдээд Богдхан төмөр замын ТЭЗҮ боловсруулах, Овоот-Эрдэнэтийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажил ид явагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор Таван толгойн ордыг ашиглах эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх зорилгоор “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж төмөр замын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр болсон. Ухаахудаг–Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих 225 км төмөр замын дээд, доод бүтцийн ажил 2014 оны эцсийн байдлаар 51,84%-ийн гүйцэтгэлтэй байгаа ба энэ нь төлөвлөгөөнөөс 48,16%-ийн хоцрогдолтой байна. Энэ нь мэдээж санхүүжилттэй холбоотой юм. МТЗ компани дээрх төслүүдээс Богдхан ба Овоот-Эрдэнэтийн төмөр замаас бусад бүх төслийн захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах болно.
-Төмөр замын бүтээн байгуулалтад цэргүүдийг бэлтгэж ажиллуулахаар шийд гарч байгаа. “Монголын төмөр зам” ямар оролцоотой ажиллах вэ?
- Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг, Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн нийт 2,000 орчим км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах ажлын хүрээнд мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн дагуу Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2601 цэрэг залуусыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж нэн шаардлагатай хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван мэргэжлээр бэлтгэж эхлээд байна. Энэ бүтээн байгуулалтанд МТЗ компани Засгийн газраас олгосон эрхийн дагуу ерөнхий гүйцэтгэгчээр оролцоно.
-Уул уурхай дагасан төмөр замын ажлууд хэзээнээс эрчимжиж эхлэх вэ. Маргаантай, ээдрээтэй байгаа асуудлуудыг яаж шийдвэрлэх шаардлагатай байгаа вэ.
-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал чухал. Иймээс бид санхүүжилтийн асуудлыг олон хувилбараар хөөцөлдөж, хавар барилгын ажлыг саадгүй эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд манай ГХЯ, БНХАУ-ын ГХЯ хооронд Хөөт-Бичигт, Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганц мод, Нөмрөг-Рашаант боомтуудыг төмөр замаар холбох холболтын цэгийг тохирох асуудлыг түргэтгэх шаардлагатай байна. Эдгээр цэгүүдийг тохирсны дараа тухайлбал Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын дагуух дутуу хийгдээд хүлээгдэж байсан зураг төслийг гүйцээж хийх, ТЭЗҮ, БОННҮ, дохиолол холбоо зэргийг шинэчлэн боловсруулах, цариг өөрчлөгдсөнтэй холбогдон 2012-2013 онд хийж гүйцэтгэсэн ТЭЗҮ, зураг төсөл, БОННҮ-д тодотгол хийх гэх мэт маш их ажил хүлээгдэж байна.Түүнчлэн Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын трассын дагуу Аймгийн болон сумдын Засаг дарга нарын хууль бусаар олгосон газрыг чөлөөлүүлэх асуудал сунжирч 2-3 жил болж байгааг ЗГХЭГ-аар шийдүүлэх, төмөр зам болон “Хүннү коал” ХХК-ийн авто замыг хоёр түвшинд огтлолцуулахаар Зам, тээврийн яамны гаргасан шийдвэрийн дагуу зураг төслийг өөрчлөх гэх мэт ойрын үед хийх ажлуудыг дэс дараатай төлөвлөөд ажиллаж байна.
-“Монголын төмөр зам” ТӨХК дотооддоо вагон үйлдвэрлэх томоохон төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл гарсан. Үнэхээр эрэлт хэрэгцээг хангахуйц ачааны вагон үйлдвэрлэх боломжтой юу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Манай улсад өнөөгийн байдлаар 6200 орчим ачааны вагон ашиглагдаж байна. Үүнээс 44% нь буюу ойролцоогоор 2700 орчим ачааны вагоны ашиглалтын хугацаа дууссан буюу 25-аас дээш жил ашиглагдаж байгаа судалгаа байна. Ийм вагоныг тээвэрлэлтэнд ашиглах нь хөдөлгөөний аюулгүй байдалд маш их эрсдэлийг дагуулдаг. Эдгээр ачааны вагонуудыг ойрын хугацаанд зайлшгүй парк шинэчлэлтээр солих шаардлагатай юм. Саяхан Төмөртэй–Хандгайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон. Мөн “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдах Ухаахудаг–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх хавраас эхэлж 2 жилийн дараа ашиглалтад орно. Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн салаа төмөр зам, Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Хөөт–Бичигтийн болон Эрдэнэт–Овоотын төмөр замууд ээлж дараагаар баригдаж ашиглалтанд орсны дараа ачааны вагоны паркийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарна. Улмаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгагдсан бусад чиглэлийн төмөр замын төслүүд мөн эхэлнэ. Ингээд бодохоор эдгээр төмөр замын төслүүд хэрэгжиж дуусаад төмөр зам ашиглалтанд орсны дараа болон парк шинэчлэлтэд ойролцоогоор арван мянга орчим хагас вагоны эрэлт хэрэгцээ, шаардлага гарах юм. Ийм их тооны вагоныг импортоор авна гэвэл та бидний мөнгө гадагшаа зүгээр л урсах болно. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлэхээр өргөн, нарийн царигийн хагас вагон үйлдвэрлэх болон их засвар хийх зориулалт бүхий “Ачааны вагоны үйлдвэр”-ийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоогоор ажлын хэсгийнхэн БНХАУ, Орос, Украйн, ХБНГУ зэрэг орны ижил төстэй үйлдвэрүүдтэй холбогдон судалгаа, тооцооны ажлаа хийж байна. Тус үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар газрын зөвшөөрлөө саяхан авсан. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн