Open iToim app
Улс төр | 2 мин уншина

​Ж.Ганбат: Агентлагийн даргаас доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй

​Ж.Ганбат: Агентлагийн даргаас доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 16
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат дөнгөж сая төрийн ордонд 2016 оны төсвийн тодотголоор мэдээлэл хийлээ. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр төсвийн тодотголыг хийхдээ тэвчиж болох бүх зардлыг танана гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тэрээр шаардлагатай тохиолдолд төрийн зарим өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулна гэдгийг мэдээлсэн. Харин энэхүү мэдээллээс үүдэн бүх төрийн албан хаагчдын цалин бууруулна гэсэн ташаа мэдээлэл гарч байгаа учраас Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2016 төсвийн тодотголд цалингийн асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
2016 оны төсвийн тодотголд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар, хотод агентлагийн даргаас дээш төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30-50 хувиар бууруулахаар тусгаж байгаа юм байна. Мөн Төрийн өмчит томоохон компанийн захирлуудын цалинг бууруулах аж. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэр, МИАТ,  "Эрдэнэс-Монгол", "Эрдэнэс-Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой" Багануур, Шивээ-Овоо, Төрийн банк,  зэрэг томоохон компанийн захирлын цалинг бууруулах аж. Харин эдгээрээс бусад салбар, чиглэлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг хасахгүй юм байна. Цалингийн бууралтыг хийснээр энэ жилийн төсөвт гурав, ирэх жилийн төсөвт найман тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гаргажээ. Үүнээс гадна 2016 оны төсвийн тодотголд төсөвт байгууллагууд шинээр тавилга худалдан авах зардлыг хасахаар тусгасан байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын гар утасны төлбөр, шатахууны хэрэглээний мөнгө, гадаад, дотоод томилолтын зардлыг танахаар тусгасан байгаа юм байна. Гэхдээ төсвийн тодотголд тусгасан эдгээр зардлын таналтыг УИХ эцэслэн батална гэдгийг сануулж хэллээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн