"Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Ж.Галбадрахтай ярилцлаа.
-Танай коллежийн ирэх хичээлийн жилийн бүртгэл эхэлсэн үү?
-Шинэ Монгол эрдмийн хүрээлэн дэргэдээ ерөнхий боловсролын сургуультай. Бага, дунд, ахлах гэсэн гурван бүлэгтэй. Мөн технологийн коллеж бий. Бүртгэл нь өнөөдөр (өчигдөр)-өөс эхэлсэн. Пүрэв гаригт дуусна. Энэ сарын 8-нд шалгалтаа аваад дуусах юм. Манай хүрээлэн NMIT гээд Технологийн дээд сургуультай. Элсэлт нь долдугаар сард явна. Одоо бол технологийн коллежийн бүртгэл явж байна.
-Технологийн коллеж бусдаасаа ямар онцлог давуу талтай вэ?
-Мэдээж өөрийн гэсэн онцлогтой. Коллеж гэхээсээ коосэн гэж монголчууд ярьж сурч байна. Коосэн гэдэг нь япон үг. Та караоке гэдгийг япон үг гэдгийг мэдэх үү?
-Японоор кара гэдэг нь хоосон, оке гэдэг нь оркестр гэсэн үг. Хоосон оркестр дотор дуулдаг гэсэн санаа. Харин коосэн гэдгийг технологийн коллеж гэдгээр хүмүүс мэддэг болсон байна. Бид МУИС, ШУТИС гээд нэрлэдэг шүү дээ. Үүн шиг коллеж гэхгүйгээр коосэн гэж нэрлэхээр зорьж байгаа юм. Мэдээж цаад утга нь коллеж гэдгээрээ байна. Япон Улс автомашинаасаа эхлээд өөрийн бүтээсэн бүхнийг гадагшаа их хэмжээгээр экспортолдог орон. Харин одоо сургалтаа гаргая гэж байгаа юм билээ. Монголын хувьд алт, зэс, нүүрсээ гадагшаа гаргачихаж байна. Харин японууд автомашин, технологи хийдэг сургалтаа гадагшаа экспортолъё гэж байгаа юм. Ингээд судалгаа хийсний үндсэнд Монгол хамгийн тохиромжтой юм байна гэж үзсэн.
Япон, Монголын хоорондын харилцаа бусад улстай харьцуулахад их дотно. Японы хувьд Солонгостой харилцаа таарамжгүй, Хятадтай бол бүр муу. Өмнөд Азийн улсуудаас Монгол шиг дотно байдаггүй. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа донор улс болж биднийг өдий зэрэгтэй босгож ирэхэд хувь нэмрээ оруулсан. Хажуугаар нь олон хүн сургасны нэг нь би. Дулааны цахилгаан станц маань хөлдөх гээд байж байхад том хөрөнгө оруулалт хийсэн гэх зэргээр олон зүйл дурдаж болно. Японд газар хөдлөхөд монголчууд гурав, таван өдрийн цалингаа хандивлаж, онцгой алба хаагчид хамгийн түрүүнд очсон байдаг шүү дээ. Энэ мэт шалтгаанаар Монголд боловсролын системээ нэвтрүүлэх зорилгоор оффисоо байгуулсан байдаг юм.
Японы Жайка гээд байгууллага бий. Тэр байгууллага энэ хөтөлбөрийг оруулж ирэхэд голлон оролцсон. Ингэхдээ гурван сургууль байгуулъя. Хоёр нь хувийнх, нэг нь улсынх гэдэг байдлаар. Үүний нэг нь “Шинэ Монгол” сургууль. Өөрөөр хэлбэл, Шинэ сургуульд тулгуурласан “Шинэ Монгол” коосэнийг байгуулсан. Нөгөөх нь X хороололд байдаг технологийн дээд сургуульд тулгуурлаад Монгол коосэн, ШУТИС-ийн дэргэд коосэн байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Манай Коосэний хувьд гурван жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон хүүхдэд манайд хандаж суралцсан байдаг юм.
-Технологийн коллежид элссэнээр тухайн хүүхдэд яг ямар давуу тал бий болох вэ?
-Дунд сургууль буюу есдүгээр анги төгссөн хүүхдүүд аравдугаар ангид орох үедээ аль нэг сургууль руу шилжих тохиолдол бий. Тэр үеийнх нь нэг сонголт технологийн коллеж. Гэхдээ бусдаас ялгаатай. Манайд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв буюу МСҮТ гэж байдаг. МСҮТ-д дээд тал нь хоёр, гурван жил суралцаж төгсдөг. Харин манай коосэнд есдүгээр анги төгссөн хүүхдүүд орж ирэхдээ ахлах сургуулийнхаа гурван жилийн мэдлэгийг авдаг. Үүнийхээ хажуугаар мэргэжлийн буюу инженерийнхээ хичээлийг илүү давуу талтайгаар эзэмшдэг. Инженерийнхээ мэргэжлээр шууд бэлтгэгдээд явна гэсэн үг. Мэдээж арванхоёрдугаар ангиа төгсөөд дотоодын их, дээд сургуульд шилжин суралцах боломж бий. Гэхдээ коосэн боловсролоор явчихсан болохоор гурав, дөрөв, таваа төгсөнө. Есдүгээр анги төгсөхдөө 15 настай байсан хүүхэд 20 настайдаа инженер болно. Ахлах ангид үзэх ёстой боловсролоо хоёр жил үзээд байгаа юм шиг мөртлөө доод талын гурван жилдээ маш сайн инженер болох сууриа тавина гэсэн үг. Коосэн математик, физик гэж байдаг.
-Тэр нь ямар учиртай юм бэ?
-Шалгалтын бодлогыг зүгээр томъёогоор бодно гэсэн үг биш. хэрэглээний математик, физикийн хэмжээтэй болно. Тэрхүү суурин дээрээ ахиад хоёр жил үзэхэд дипломын дээд боловсролтой болж төгсөх юм. Хуульд энэ тухай ч тодорхой заачихсан байгаа. Тэгэхээр 20 настайдаа дипломын дээд боловсролтой болж төгсөнө гэсэн үг.
-Коллежоо төгсөхөд л дипломын боловсролтой болно гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. 20 настай инженер болох боломж манайд бий гэсэн үг. Япончууд яг ийм завсрын үеийн боловсрол буюу коосэнийг сайн хийчихсэн учраас үсрэнгүй хөгжиж чадсан. Цаашлаад юм болгоныг хийдэг болсон. Энэхүү туршлага нь 1963 онд Японд анх нэвтэрсэн байдаг. Дайнд ялагдсаны дараа 1964 оны олимпыг зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулж инженер бэлтгэх сууриа тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, цагаан захтай биш дандаа бүтээн байгуулах инженерийг бэлтгэж эхэлсэн. Жишээ нь, инженерүүд нэг машин хийлээ гэж бодъё. Ингэхдээ ямар хаалга, гэрэл, загвартай байхыг нь эхлээд гаргана. Гэтэл түүнийг нь хэн хийх юм бэ. Хүн л хийж таарна шүү дээ.
-Японы туршлагыг Монголын хөрсөнд буулгахад хэр тохиромжтой байдаг бол?
-1960-аад оны үед Япон манайхаас ч дор хөгжилтэй байсан. Техник, технологи нь ч. Гэвч хүнээ сургасны үр дүнд одоогийн хөгжилд хүрч чадсан. Хэчнээн байгалийн баялаг байхгүй ч хүн нь хөгжчихсөн болохоор хөгжиж чадсан гэсэн үг. Япон Улс 46 аймагтай. Токио, Осака төв гэхээр 47-48. Гэхдээ улсын хөрөнгөөрөө аймаг болгондоо үндэсний коосэн байгуулсан байдаг. Юмаа хийдэг хүмүүс нь орон нутагтаа бэлтгэгдээд ирдэг хэрэг.
-Анзаараад байхад “Шинэ Монгол” гэсэн брэнд манай боловсролын тогтолцоонд бий болчихсон. Магадгүй “Шинэ Монгол” гэсэн нэрийн дор дэлхийд өрсөлдөх монгол хүн бэлтгэж гаргах нь та бүгдийн зорилго байх?
-Миний хувьд “Шинэ Монгол” ахлах сургуулийг 2000 онд үүсгэн байгуулсан. Сургуулиа байгуулахаас өмнө Японд магистр, докторт суралцсан. Энэ хугацаанд Япон орныг хараад одоогийн хөгжилд хүрсний цаана нэг нууц байна. Тэр нь юу вэ гэдгийг нь сонирхож байсан. Тэгэхэд Япон Улсад хүчтэй ахлах сургууль их байдаг нь ажиглагдсан.
-Ахлах сургуульд ороход нь тухайн хүүхдийг ялгаад тавьчихдаг юм билээ. Бага, дунд боловсрол нь Монголтой адилхан есөн жил байдаг. Тэр хүртэл нь хүүхдийг маш сайн харж, ажигладаг юм билээ. Ер нь дунд ангиа төгсөхөд нь ямар хүүхэд вэ гэдэг нь мэдэгддэг. Тийм хүүхдүүдийг нь ялгаад коосэнд сургах жишээний. Ямагата хотод найман ахлах сургууль байлаа гэж бодоход эхний гурав нь дан шилдгүүд суралцах бичигдээгүй хуультай. Манайхаар тооны анги гэдэг шиг. Гэхдээ ирээдүйд элит болох хүүхдүүд гэсэн зарчмаар сургадаг. 15-18 насны хооронд хүүхдэд мэргэжлийнх нь юмыг өгөөд, чадах чадварт нь тулгуурлаад явчихаар амьдрал дээр гарахад асар их туршлагатай болчихож байгаа юм. Манайд болохоор бүх юм нь ижилхэн болохоор хурдалчилж болдоггүй. Тиймээс миний хувьд тэрхүү хүчтэй ахлах сургуулийг Монголд оруулж ирээд элит болоод байгаа хүнийг бэлтгэе гэж бодсон. Элит гэдэг бол улс орны манлайлагч, хөгжлийн түүчээг нуруундаа үүрч явдаг хүмүүс шүү дээ. Ингээд ахлах сургуулиа байгуулсны дараа доороосоо суурь хэрэгтэй юм байна гэж үзээд дунд, бага сургуулийг байгуулаад явж байтал дахин инженерийн элит хэрэгтэй юм байна гэж бодсон. Сайн улстөрч, эдийн засагч гэж сайхан яриад байна шүү дээ. Харин энэ дотор нь инженерт нь илүү хүч өгөх ёстой юм байна гэж үзсэнээр тэрхүү үзэл санаандаа тулгуурлаад технологийн коллеж, дээд сургуулийг байгуулсан.
-Танай сургууль сургалтандаа илүү анхаардаг юм уу, хувь хүний хөгжил рүү чиглэдэг үү. Эсвэл энэ хоёрыг хослуулдаг юм уу?
-Ерөнхийдөө хослуулдаг. Японд нэг дутагдалтай юм байдаг. Шилдгүүдийг нэг дор сургаад эхлэхээр хоорондоо өрсөлдөөд эхэлдэг. Сүүлдээ робот шиг болдог. Нэг цагийн дотор хэчнээн бодлого бодно гэх зэргээр супер болж байгаа юм. Ингээд дан сургалтаа бариад явчихаар хүн талаас нь хөгжүүлэх асуудлыг орхигдуулах тал бий. Тиймдээ ч хүн тал нь алдагдлаа гэсэн шүүмжлэл Японд гардаг. Харин манай сургууль Японы энэхүү дутагдалтай талыг олж хараад хүн болох төлөвшил, ухамсрын сэтгэл, ёс зүй талаас сургадаг. Японыг ёс зүйгүй гэж хэлж байгаа юм биш шүү. Тэд бол маш ёс зүйтэй улс. Гэхдээ манай сургуулийн хувьд зөв хүн болж төлөвших, ёс зүйтэй болгох талаас нь анхаардаг. Машинтай, хаустай байлаа гээд аз жаргалтай болчихгүй. Харин бусдын, нийгмийн сайн сайхны төлөө юм хийдэг болъё гэсэн зорилго нь манай сургуульд суралцагсдын нэгдүгээр асуудал. Мэдээж олон улсад гараад өрсөлдөхийн тулд сургалтаа хаячихаад зөвхөн хүн болох төлөвшил гэж ярих боломжгүй. Тиймээс энэ хоёрыг хослуулж байгаа юм. Тэр утгаараа манай сургууль “Шинэ Монгол” брэндийг бий болгохоор зорьж байна. Яг энэ үзэл санаа манай технологийн коллежид хэрэгжээд явж байна. Технологийн коллежийг төгссөн хүүхдүүдийг маш сайхан боломж хүлээж байгаа.
-Өнөөдөр гэхэд Тойохаши технологийн их сургуулийн дэд захирал, профессор хоёр ирээд явлаа. Тэд юу ярьсан гэхээр манай технологийн коллежийг төгссөн хүүхдийг Тойохаши технологийн их сургуульд явахыг хүсэж байна гэсэн. Манайд зөвхөн гурав хүртэлх курс байдаг. Улмаар гуравдугаар курст байгаа хүүхдүүдээс энэ зун дөрвийг авахаар шийдсэн. Бүх зардал нь цаанаасаа гарах юм. Тэдгээр хүүхдийн хувьд Тоёохаши технологийн их сургуулийг үзээд ирнэ. Ингэхдээ мэдээж харанхуй очиж болохгүй шүү дээ. Хамгийн гол нь тэнд сурсан хүүхдүүд энд ирээд ийм сургуульд сурлаа. Тийм үйлдвэрт дадлага хийлээ гэсэн тайлбар өгнө. Тэгэнгүүт энд сурч байгаа хүүхдүүд нь очиж суралцахыг эрмэлзэнэ. Япон Улс өөрөө их “хөгширсөн” орон болоод байгаа. Энэ нь төрөлт багасчихсан, залуу ажиллах хүч дутагдалтай байгаатай холбоотой. Ёстой л технологи хөгжөөд, автоматжуулалт хүчтэй явчихсан байгаа учраас нэг кноп дараад ажлаа хийж байгаа. Гэвч үүнд нь хүний оролцоо хэрэгтэй. Тэрхүү хүнийг нь хаанаас авах юм гэхээр косен гэж үзээд, гадагшаа гаргасны нэг нь манайд байгуулсан технологийн коллеж. Вьетнамд бас оруулж байгаа юм билээ. Тэгэхээр Монголд оруулсан коосэнийг төгссөн хүүхдүүдийг Японд давхар сургаад ажилд авч байгаа юм.
-Танайхыг төгссөн хүүхдүүд Японд том том компанид ажиллаж байгаа талаар сонсож байсан. Магадгүй энэ нь “Шинэ Монгол” сургуульд хүүхдээ суралцуулах сонирхлыг эцэг, эхчүүдэд төрүүлдэг байх?
-Маш их байна. Саяхан манай ахлах сургуулийг төгссөн А.Болотбек гээд хүү ирээд явлаа. Тэр хүү Японд Л.Гантөмөр сайдын сурч, төгссөн коосэнд орсон байдаг. Тэндээсээ дамжаад Осакагийн их сургуульд суралцаад магистрт Токиогийн их сургуульд сурсан. Ирэх хавар доктор хамгаалах гэж байна.
-Анх ямар шугамаар Япон руу явсан байдаг юм бол?
-IT чиглэлээр суралцахаар явсан. Тэгж явсаар хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн. Одоо Японд хамгийн их хөгжиж байгаа зүйл нь хиймэл оюун ухаан. Тэр рүү орчихсон хүү байгаа юм. Өөрөө Японд компани байгуулаад япончуудтай хамтраад ажиллаж байгаа юм билээ. Японы их сургуулийн доктор гэдэг мундаг шүү дээ. Докторын ажлын судалгаа нь үйлдвэрлэлтэйгээ холбогдож явдаг. Тэгэхээр үйлдвэрлэл гэдэг компани тэнд байж байна. Төгсөөд ажиллах болонгуут нөгөө компани нь Монгол руу оръё гэдэг юм ярьсан байгаа юм. Тэгээд Монголд хиймэл оюун ухааны талаар салбар компаниа оруулж ирье гээд явж байгаа юм билээ. Манай хоёрдугаар үеийн төгсөгч. Ер нь манайхаар дамжаад Японы коллеж, их сургуулийг нь төгссөн хүү. Бас нэгэн жишээ хэлэхэд манай технологийн коллежийн захирал Буянжаргал гээд залуу байна. Увс аймагт ерөнхий боловсролын сургууль төгссөн. ШУТИС-ийн харьяа КТМС-д нэг жил сураад Японы Нагасакигийн коосэнд шалгалт өгөөд тэнцсэн. Коосэнээ амжилттай төгсөөд Японд дахин их сургуульд суралцсан байдаг. Улмаар магистрт сурч байх явцдаа АНУ-ын Чикагогийн их сургуульд давхар сурсан байгаа юм. Ингээд хоёр их сургуулийн магистрийн дипломыг зэрэг аваад Японы “Тошиба” компанид хөгжүүлэгч инженер гэсэн албан тушаалд очсон. Тэнд ажиллаж байх үедээ тухайн компанийн бүх шат дамжлагыг харчихаад надад хэлсэн.
-“Галбадрах багшаа та ахлах сургууль амжилттай байгуулсан. Одоо технологийн коллеж байгуулаач. Коосэн байгуулах л юм бол төгссөн хүүхдүүд нь гараараа ийм юм хийх юм байна. Би гэхэд ийм чадвартай болсон байна” гэсэн. Тэгээд намайг Японд уриад өөрийнхөө төгссөн сургуулийг үзүүлж, багш нартайгаа уулзуулсан. Тэгэхэд би коосэний гайхамшгийг анх харсан. Сургууль, оюутны байр нь бүгдээрээ хамт байхаас эхлээд цогц шийдэлтэй сургадаг юм билээ. Машины мотор үзлээ гэхэд онол талаас нь заахгүй. Цоо шинэ мотор авчраад задалчихдаг. Оюутнууддаа угсраад түлхүүр түлхэхэд асах ёстой гэсэн шаардлага л тавьдаг. Нэг эргийг нь буруу залгачихвал асахгүй. Тэгэхээр түүнийг нь олон дахин хийсээр байгаад зөв залгадаг болно. Гар нь ч их хөгждөг. Тийм коллежийг төгссөн залуу намайг шахаад байсан хэрэг л дээ. Би ч тэр коллежийг нь очиж үзчихээд амлалт өгсөн юм. “За Буянжаргалаа багш нь коллеж байгуулахаар боллоо” гэсэн. Тэгээд ганцхан нөхцөл тавья гэсэн.
-Ямар нөхцөл тавьсан гэж?
-Коллеж байгуулбал “Тошиба”-гийнхаа ажлыг хаяад ирж захирал бол гэсэн.
-Тэгээд зөвшөөрсөн байх нь ээ?
-Тийм ээ. Технологийн коллеж маань ч өөрөө Буянжаргалын мөрөөдөл болсон сургууль.
-Дэлхийд хэдийнэ брэнд болсон “Тошиба”-гийн инженерийн ажлаа хаяад ирнэ гэдэг баргийн хүнээс гарахгүй л шийдвэр байх?
-Тэгэлгүй яах вэ. 3000 ам.доллараас эхлээд дөрөв таван мянгад хүрдэг цалинтай ажлаа хаяад хүрч ирж байгаа шүү дээ. Гэхдээ Буянжаргал одоо маш аз жаргалтай байгаа. Энэ олон хүүхдийг бэлтгээд түрүүчээсээ гараас нь гараад явах гэж байна. Боловсролын үр дүнд урт хугацаанд гардаг. Нэг сургууль байгуулаад хүүхэд төгсгөчихөөр гардаг юм биш.
-Нууц биш бол чадвартай, мэргэжлийн боловсон хүчин, инженерийг бэлтгэн гаргах суурь нь юундаа байна вэ?
-Бид хүүхдийг сурч байх үед нь сэтгэлийн хат суулгадаг. Өөрөөр хэлбэл, би чадна гэсэн итгэл, мөрөөдөл мөрөөдлийг өгдөг. Дээрээс нь, сурч чадах юм бол гадагшаа явах боломж байна гэдгийг харуулахыг зорьдог. Тэр нь ч маш шударга, нээлттэй зарчмаар явдаг. Бидний зүгээс тухайн хүүхдийг явах үед нь өөрийнх нь мөрөөдлийг бичүүлж авдаг үлддэг. Аравдугаар ангид орж ирсэн хүүхэд өөрийн гэсэн мөрөөдөлтэй байдаг. Зарим нь бүр мөрөөдөлгүй байх ч тохиолдол бий. Гэхдээ тэр үед нь мэргэжлийн чиг баримжаатай болгох нь чухал. Гэхдээ мэдээллийг аль болох зөв талаас нь хэрэгтэй. Шүүгч болъё гэхээр хотын шүүх дээр аваачиж танилцуулна гэдэг ч юм уу.
-Технологийн коллеж нь хэдэн мэргэжлээр инженер бэлтгэдэг юм бэ. Нийт хэчнээн сурагч элсэх боломжтой юм бол?
-Барилга, зам гүүр, хими, механик, цахилгаан гэсэн дөрвөн мэргэжлээр инженер бэлтгэдэг. Нэг ангидаа 30 хүүхэд элсүүлдэг. Дөрвөн мэргэжлээр гэхээр 120 хүүхэд элсүүлнэ гэсэн үг.
-Элсэгчдийн тоонд яагаад ингэж хязгаар тавьдаг юм бэ. Уг нь энэ чиглэлээр мэргэжил эзэмших, инженер болох сонирхолтой олон хүүхэд байгаа шүү дээ?
-Их, дээд сургууль төгссөн хүн аль нэг албан байгууллага, компанид ажилд орох гээд хайдаг. Жишээ нь, “Тошиба”-д ажилд орох гэж 700 хүн өрсөлдөхөд 100-г нь, зарим тохиолдолд бүр нэгийг нь авах тодорхой тоо байдаг. Гэтэл косен төгссөн нэг хүүхдийг авах гэж зургаагаас долоон компани ирдэг гэсэн судалгаа байдаг юм. Тийм л эрэлт хэрэгцээтэй мэргэжил. Монголын томоохон компаниуд ч манай технологийн коллежийг анхаарч байна. Зарим төгсөгчдийг Японд ажилд авъя гэж ярьсан удаа ч бий.
-“Эрэл”, “Эм Си Эс”, “Монполимент” гээд хэд хэдэн компаниас технологийн коллеж төгссөн хүүхдийг чинь авъя гэдгээ илэрхийлсэн. Хариуд нь дөрөв, тавдугаар курст ороход нь авах хүүхдээ хэл. Ингэхдээ сургалтын төлбөрийг нь даагаад тухайн хүүхэдтэйгээ гэрээгээ хийж болно гэсэн. Манай коллежийн уриа “Өөрийн гараар улсаа бүтээнэ”.
-Хүүхдээ “Шинэ Монгол”-д оруулбал Япон явуулдаг гэсэн ойлголт эцэг, эхчүүдийн дунд түгээмэл байх шиг байна?
-Технологийн коллеж төгсөлтөө хийгээгүй байна. Ахлах сургуулийн хувьд 15 үе төгсөлт хийчихээд байна. 1600 гаруй төгсөгч гэсэн үг. Үүний 500 буюу гуравны нэг нь Япон, АНУ, Австрали, Хятад, Орос явсан байгаа юм. Үүнээс 350 нь Япон явсан байдаг. Тэгэхээр дөрвөн хүүхэд төгсөхөд нэг нь Япон явдаг гэсэн үг. Ер нь манай сургуулийг төгссөн хүүхдүүд хэнийг ч гуйж ажилд ордоггүй. Харин ч гуйлгаж ордог.
-Яармагт салбар сургуулиа барьж байгаа гэж сонссон юм байна?
-Бүрэн дунд сургуулийн бага, дунд анги маш эрэлттэй болчихоод байгаа. Бага ангийн шалгалтад гэхэд 800-900 хүүхэд бүртгүүлснээс 70 хүүхэд авдаг. Үлдсэн 830 хүн нь асар гомдолтой үлддэг гэсэн үг. Эцэг, эхчүүд надад “Та салбар сургуулиа нэмж байгуулаач” гэдэг. Ингээд байж байтал сүмогийн их аварга Харумафүжи Бямбадорж надтай уулзсан. Тэгэхэд “Багшаа би сүмогийн их аварга хүртэл явлаа. Энэ бол эх орны, Монголд төрсний, аав ээж, төр засгийн минь ач. Тиймээс би ачийг нь хариулах ёстой. Тэгэхийн тулд юу хийх вэ гэж их бодлоо. Тэгээд боловсрол чухал юм байна. Ингээд хамтарч сургууль байгуулъя, би хөрөнгө оруулалтыг нь хийе, та менежментийг нь хий” гэсэн дээ. Тиймээс “Шинэ Монгол 2” буюу “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийг Яармагт байгуулахаар барилгын ажил нь эхлээд явж байна. Ирэх жил ашиглалтад орно.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин С.Гандөл