Open iToim app
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 10
“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах Японы цог жавхлант Эзэн хааны гарын үсэгтэй Засгийн газрын дээд шагнал болох “Мандах нар” одонг гардан авлаа. Түүнийг Монгол Улсад Япон хэв маягийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх болон хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяаг үнэлэн хүндэт шагналыг олгож байгаа аж. Тэрээр Японы эзэн хааны одонг хүртэж буй тав дахь монгол хүн боллоо. Монголоос өмнө нь Японы эзэн хааны шагналыг судлаач Д.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, "Түншийн холбоо" нийгэмлэгийн С.Дэмбэрэл, Элчин сайд С.Хүрэлбаатар нар авч байсан билээ.
Ж.Галбадрах нь 2000 оноос хойш одоог хүртэл Япон хэв маягийн сургуулийн удирдлагаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Бага, дунд, ахлах сургууль” “Коосэн Технологийн дээд сургууль”-ийг нэмж байгуулан “Шинэ Монгол  эрдмийн хүрээлэн” болгон сургуулиа өргөжүүлсэн юм. Одоо “Шинэ Монгол” боловсролын сан байгуулахаар зорин ажиллаж байгаа юм байна. Мөн 2018 онд “Шинэ Монгол Харүмафүжи” салбар сургуулиа байгуулахаа энэ үеэр дурдсан юм. Энэхүү нэр хүндэт шагналын эзэн болсон Ж.Галбадрахтай цөөн хорим ярилцсанаа хүргэе.
-Японы эзэн хааны “Мандах нар” одонгоор энгэрээ мялаасан явдалд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ эрхэм шагналын эзэн болсон явдалд баяртай байна. Би өөрийгөө залуухан гэж боддог. Шагналын  ард шавь нар, хамтран зүтгэгчид гээд олон хүн бий. Мөн надад их эрч хүч нэмж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгээр тогтохгүй илүү ихийг хийх юмсан гэх хүслийг оргилуулж байна.
- Япон, Монголын хооронд гүүр болсон хүмүүст олгодог нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Таны хувьд энэ шагналын эзэн болсон явдалд өөрийгөө хэрхэн үнэлж байна вэ?  
-Гүүр бол олон янз. Сэтгэлийн гүүр гэж байдаг шиг улс хоорондын гүүр ч байна. Би бодохдоо, хүний харилцаан дээр тогтсон амьд, өргөн гүүр байгуулж буй ажлыг минь үнэллээ гэж бодож байна. 2014 оноос эхлэн нэг чиглэл рүү харж чаддаг, нэг хандлагатай гурав, дөрвөн хүмүүстэй нийлээд хүрээлэн болгон ажиллаж байгаа. Ингэж нийлээд ажиллахад үнэхээр хүчтэй байж, илүү ихийг үржүүлэн хийдэг юм байна гэдгийг ойлгож байна. Би хувьдаа зөв хүн, зөв байран дээр байх нь чухал гэдэг зарчмыг барьж ажилладаг. Энэ үгнийхээ амтыг мэдрэх их сайхан байна. Япон үгэнд “Аав нь нуруугаа харуулдаг, хүүхэд нь нурууг нь харж өсдөг ” гэдэг үг байдаг шиг би төгсөгчдөдөө нуруугаа харуулдаг багш байж, тэр гүүр нь манай хүүхдүүд болж чадаж байгааг л нүүр бардам хэлэх байна.
-Таны Монголын боловсролын салбарт оруулсан хувь нэмэр шавь нарын чинь амжилтаар илэрхий харагддаг. Шавь нарынхаа тухай юу хэлэх вэ?
-Анх 2004 онд сургуулийнхаа анхны зургаан төгсөгчөө Токиогийн Их сургууль, Японы бусад их дээд сургуулиудад сургахаар илгээж чадсан юм. Харин өнөөдөр энэ тоо 372-т хүрч, бусад улсын их дээд сургуулиудад сурагчдын тоотой нийлбэл 400 хол давсан байна. Би шавь, төгсөгч нараа ярьж, тэднээрээ бахархаж явдаг хүн. Сургуулийн амжилт ямар төгсөгчид гаргаснаар тодорхойлогдож үнэлэгдэж байдаг юм. Төгсөгчид нь хаана яаж ажиллаж амьдарч байна гэдгийг нь л хардаг. Надад нэг мөрөөдөл бий. Тэр нь манай төгсөгчдийн тоо 10 мянга хүрсэн тэр үед Монголын нийгэмд түүхэн өөрчлөлт авчрах болно гэх мөрөөдөл. Энэ хүсэл мөрөөдлийг минь улам их өдөөж өгдөг зүйл бол манай төгсөгчид байгаа . Төгсөгчдөөс Токиогийн их сургууль, Харвардын их сургуульд доктор хамгаалж, Хицүбашиг шилдэг төгсөгчөөр төгсөөд, Японы томоохон банкинд ажиллаж, ирээдүйд дэлхийд үнэлэгдсэн Монгол корпорацыг байгуулна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болно гээд чиглэлээрээ ажиллаж байгаа тодорхой мөрөөдөлтэй олон хүүхдүүд төрөн гарсаар байгаа учраас төгсөгч нараа үргэлж бахархдаг.
-Та шавь нартаа юуг хамгийн ихээр захьдаг вэ?
-Би сурагчдадаа олон зүйл захидаг. Тэдэн дотроос хамгийн их захидаг зүйл “Ирээдүйд та нар Монголыг нуруундаа үүрч явах манлайлагчид болно. Тэгэхийн тулд зөв үзэлтэй, зөв хандлагатай, шударга, хөдөлмөрч, сэтгэл зүрхээрээ оргилж явах яв. Мөн үргэлж мөрөөдөж түүнийхээ төлөө тасралтгүйгээр тэмцэж явдаг хүмүүс байх ёстой” гэж л захидаг юм.
-Таны гүүр их олон салаа шүү дээ. Нэг салаа нь болох Шинэ Монгол технологийн дээд сургууль байна. Энэ сургуулийн хувьд таны хүсэл мөрөөдөл юу байна вэ?
-Миний дараагийн нэг том хүсэл удахгүй биелэх байх. Энэ бол Шинэ Монгол технологийн сургуулийг Монголын хөрсөнд буулгах явдал юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ахлах сургуулийг хөрсөнд буулгаад, ахлах сургууль төгссөн хүүхэд ямар байх ёстой гэдгийг харуулсан. Харин одоогоос бид дээд сургууль ямар байх ёстой, дээд сургуулийг төгссөн хүн ямар байх ёстойг харуулна. Мөн манай улс бүтээгч, үйлдвэрлэгч орон болох ёстой. Бүр амлаж, гүйцэтгээд хийж чаддаг технологийн төвшинд очих ёстой. Тиймд удахгүй технологийн дээд сургуулийг Монголын хөрсөнд брэнд болгоно хэмээн бодож байгаа.
-Та Шинэ Монгол Харүмафүжи сургууль байгуулна гэдгийг дурдсан. Уг сургуулийн онцлог юу байх вэ?
-“Шинэ Монгол Харүмафүжи” салбар сургууль юм. Сумогийн их аварга Харүмафүжигийн Японд байхдаа олж харсан зүйлээ надад хэлсэн. Тэр нь Монгол хүмүүст ийм зүйл л дутаад байна. Энэ дутаад байгаа зүйлийг л нөхчихвөл жинхэнэ дэлхийн лидерүүд төрөн гарна гэх бодол нь их сайхан санагдсан. Хэдий над шиг эрдмийн зэрэг хамгаалаагүй ч гэлээ өөрийнх нь тэр хашрыг би хувьдаа шүтэн биширдэг. Тэгээд ямар сургууль байгуулах бол гэж ч их бодогдсон. Тэгээд манай хүн сургуулийнхаа дүрийг гаргаад надад хэлсэн нь тэр. Харин надад сургуулийг удирдаад явах туршлага, тэр залууд хөлсөө урсган амжилтад хүрсэн туршлага бий учраас Монголынхоо боловсролд хөрөнгө оруулалт дахин хийхээр хамтран ажиллаж байна. Үнэхээр дахин нэг сайхан сургууль тун удахгүй бий болно.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн