Open iToim app
Чөлөөт цаг | 4 мин уншина

​Б.Галбадрах: Аялах тусам илүү их аялахыг хүсдэг юм байна

​Б.Галбадрах: Аялах тусам илүү их аялахыг хүсдэг юм байна
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 25
Монголдоо өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босгож яваа олон залуус байгаа. Тэдний төлөөлөл бол Б.Галбадрах юм. Түүнийг хүмүүс модель гэдгээр нь олон нийт илүү мэдэх ч аялагч гэдгээр нь таних хүн цөөхөн болов уу. Тэгвэл энэ удаа манай сайт модель биш аялагч залуугийн шинэ ертөнцтэй нь танилцахаар ярилцлагад урьсан юм.

-Саяхан аялаад ирсэн сонин сайхнаасаа хуваалцаж болох уу. Монгол орныхоо аль, аль хэсгээр аялаад байна вэ?
-“Land Сruiser-70” клубын найзууд томоохон аялал хийх гэж байгаа гээд аялалдаа урьсан. Би ч аялалд дуртай юм болохоор зөвшөөрөөд Монголынхоо сайхан газруудаар аялаад ирлээ. Аяллаараа далимдуулаад өөртөө болон бусад хүмүүст сонирхолтой нэг юм ч гэсэн үлдээе гэдэг утгаар олон сайхан зураг дарж, бичлэг хийсэн. Ганц би гэлтгүй хүмүүс ер нь л их аялдаг болсон байна. Мэдээж эх орноороо аялах шиг сайхан зүйл гэж хаана байх вэ. Аймгаар нь тооцвол Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Архангайгаар аялсан. Нийт 15 Land cruiser 70 маркийн машинтай, хүүхдүүдээ оруулаад 60-аад хүн явсан. Бие биеэ таньдаг хүмүүс явсан л даа. Холын аялалд бол илүү дотно гэр бүлээрээ ч юм уу найз нөхдөөрөө санаа нийлдэг хүмүүс явбал аялахад илүү тохиромжтой байдаг учраас тэр. Анх гарахдаа үзэх газар, очих газар, чөлөөт цаг, хэдэн цаг замд явах вэ гээд бүх зүйлээ нарийн төлөвлөөд, бэлтгэлээ ч гэсэн маш сайн хангаад явсан болохоор хүндрэлтэй юм байгаагүй сайхан байсан.
-Дээр дурдсан аймгуудын ямар үзэсгэлэнт газруудаар аялсан бэ?
-Бидний эхний маршрут бол “Хүйсийн найман нуур”, дараагийн өдөр нь Баянхонгор аймгийн “ Галуутын хавцал” гэдэг газар очсон. Энэ нь маш өндөр хавцал дундуур урсдаг гол юм билээ. Галуут сумаасаа 30, 40 орчим км зайтай оршдог, байгалийн өвөрмөц цогцолбор газар. Дараагаар нь Завхан аймгийн "Отгонтэнгэр хайрхан" дээрээ очиж ёсолсон. Цааш үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн “Эрээн нуур” гэдэг газар уруу явсан. Уг газар нь Говь, хангай хосолсон битүү элсэн дунд оршдог үнэхээр өвөрмөц газар байна лээ. Нуур нь өөрөө зэгстэй нуур. Нээрээ л хүмүүсийн хэлдгээр авсан зургаа харахад эрээн харагдсан. Тал хэсэг нь битүү ургамал ногоо ургачихсан болоод ч тэр үү... өвөрмөц тогтоцтой газар байсан. Ус нь маш тунгалаг, дотор нь 20 төрлийн жараахайнууд байдаг гэж дуулсан. Ингээд элснээсээ гарч яваад энэ жилийн хүмүүсийн гол маршрут болоод байгаа “Улаагчны хар нуур”-г зорьж очсон. Бас л гайхамшигтай газар, уртаараа 30 гаруй км урт сунасан, 45 метрийн гүнтэй алдартай, домгийн нуур байдаг юм билээ. Буцах замдаа “Сэнжит уул ” гээд уулын орой дээр хад байдгийг мэдсэн. Доогуур нь том машинууд ч хангалттай багтахаар. 10-20 метрийн өндөртэй хад. Дундуураа машин гараад явчихдаг, өөрөөр хэлбэл надад хоёр ертөнцийн зааг шиг л санагдсан. /инээв/ Хамгийн сүүлд “Мухартын гол”-ын эх рүү нь очсон доо. Мөн гаднын жуулчид хүртэл их аялж явахыг харсан. Ийм сайхан зүйлүүдийг хараад өөрийн эрхгүй л энэ нутгийн эзэн нь болж төрсөндөө бахархах сэтгэл улам илүү төрсөн. Бас аяллыг маань ивээн тэтгэсэн Hite Mongolia, Петровис, “Land Cruiser-70” клубынхандаа баярласнаа хэлмээр байна. Ер нь нэг аялачихаар дахиад илүү адал явдалтай аялалд явахыг хүсдэг юм байна.
-Танай аяллын онцлохоор зүйл юу байсан бэ?
-Онцлохоор зүйл гэвэл... аялж болно, гол нь хоггүй, байгальдаа ээлтэй аялахад уриалахыг маш их хүсдэг. Тэр ч утгаараа  Land cruiser 70 клуб маань хогны эсрэг очсон байгалийн цогцолбор газар болгондоо “Land cruiser 70 клуб хог бүү хаяарай” гэсэн самбар хадаж явсан. Бас машиныхаа ард байдаг том дугуйн дээрээ өөрсдөө том хогны уутыг логотойгоор захиалгаар хийлгээд, замдаа өөрсдийнхөө болон ойр хавьд нь байсан хогийг хамаад явсан. Энэ бол аялагч нарын хувьд номер нэг хийх ёстой зүйл гэж би боддог.
-Ер нь хүмүүс аялалд гарахдаа юуг илүү анхаарах хэрэгтэй санагдсан бэ?
-Аялах гэж байгаа хүмүүст гэж хэлэхэд хувийн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй. Сэтгэл зүйгээ ч бас бэлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн аяллын туршид их ядардаг учраас нойр хоолоо зохицуулаад явбал зүгээр болов уу. Ер нь л аялж байгаа хүн стресстээд байдаггүй юм байна. Очих гэж байгаа газрынхаа мэдээлэлтэй урьдчилаад танилцчихаад явбал арай дөхөм. Хамгийн гол нь очсон газраа л сүйтгэж бохирдуулж болохгүй. Бид нар л өөрсдийнхөө юманд өөрийнх шигээ хандвал болно. Одоо бүх юм л ухаалаг болж байна гэтэл хүн өөрөө ухамсар муутай байж болохгүй. Хүмүүс бас аялалд гарахаасаа өмнө нь гаднын аяллын бичлэгүүдийг үзээрэй. Тэгвэл арай нэг сэтгэлд ойр сайхан төсөөлөл бий болдог. Миний хэлэх дуртай үг байдаг юм. “Амьдрал бол дурсамж” гээд. Дурсамжийг сайхнаар үлдээхийн нэг бол аялах гэж хэлмээр байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө аяллын туршид жаргалтай, хөгжилтэй байлгаарай. Бухимдаад л аялаад байна гэж байхгүй ш дээ. /инээв/ Аялал гэхээр заавал зун хол газар явах биш, ойрхон Богд ууланд гарахдаа хүртэл жижигхэн төлөвлөгөө зохиогоод гарсан ч болно. Бас өвлийн аялалд ч гарч болно. Их адал явдалтай л байна байх. Би аяллынхаа талаар хэд хэдэн бичлэг хийнэ. Тийм болохоор хүмүүс сонирхож харна биз ээ. Мөн фэйсбүүк дээр “Монгол орноор адал явдал хайгч аялагч” гэсэн групп нэгдээд мэдээлэл авч болно.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн