Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд судлах зүйл олон байна

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд судлах зүйл олон байна
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 2
УИХ дахь МАН-ын бүлэг  хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлэг Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Сонгуулийг хуулийн хугацаанд явуулах бэлтгэл ажлыг хангах ёстой. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг энэ долоо хоногт явуулна. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуулинд  өөрчлөлт хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүүн Н.Номтойбаяр “Тариаланчдад тулгамдаж байгаа санхүүгийн асуудал байгаа. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардлагатай байгаа.Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, тариалангийн газраа барьцаалаад банкнаас зээл авах. Энэ асуудлыг судлаад үзэхээр газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрхзүйн орчин нээлттэй байгаа. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр давуу эрх гэж хуулийн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Өмчлөх эрхээс гадна бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Тэгэхээр давуу эрх гэдгийг нь юу гэж ойлгох вэ гэх мэт судалж үзэх шаардлагатай гэж үзсэн” гэв. 
УИХ-ын гишүүн О.Содбилэг “Эрүүл мэнд, спортын яамны сайдыг яаралтай томилох шаардлагатай гэж үзэж байна. Манай бүлгийн гишүүд Эрүүл мэндийн яаман дээр ажиллаж, дөрөвдүгээр сард эрх баригчдад албан бичиг илгээсэн ч хариу ирэхгүй байна. Мөн АТГ-ын даргыг хурдан томилох ёстой. Сонгуульд дөхөж байгаа энэ үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байх ёстой гэж үзэж байгаа” гэв. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн