Open iToim app
Улс төр | 2 мин уншина

​Газрын тос дамжуулах хоолойг Монголоор дайруулахыг Орос, Хятадын тал судлахаа илэрхийлжээ

​Газрын тос дамжуулах хоолойг Монголоор дайруулахыг Орос, Хятадын тал судлахаа илэрхийлжээ
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 8
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 2014 оноос хойш хоёр ч удаа гурван талын уулзалт хийсэн билээ. Үр дүнд нь гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар болж улс бүрийн Засгийн газрын төвшинд ажлын хэсгүүд ажиллаж байгаа юм. Монголын талын “Талын зам”, ОХУ-ын “Евроазийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг нэгтгээд гурван улсын “Эдийн засгийн коридор” гэж олон улсын томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон хэрэг.
Ажлын хэсгийн төвшинд ч гурван улсын хамтарсан уулзалтыг хэд хэдэн удаа хийж, тодорхой үр дүн шийдэлд хүрсэн байна. Тухайлбал, зөвхөн гурван улсын оролцоотой хамтын ажиллагааг дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд гурван талын оролцоотой “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төвийг Улаанбаатарт байгуулах саналыг талууд судлахаар тохирчээ. Оросоос Хятад руу газрын тос болон хий дамжуулах хоолой татаж буй. Эдгээрийг Монголын нутгаар дайруулах саналыг манай талаас гаргажээ. Хариуд нь “газрын тос дамжуулах хоолойг Монголоор дайруулах боломжтой, дахин судалъя” гэдгээ Орос болон Хятадын тал албан ёсоор илэрхийлсэн байна. Харин хийн хоолойг “Монголоор дайруулах боломжгүй, асуудал шийдэгдсэн” гэж мэдэгджээ. Өөр нэгэн таатай мэдээ гэвэл “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд Монголын талын оролцоотой бүтээн байгуулалт, төслүүдийн санхүүжилт, Монголын талын гаргах хөрөнгийг хоёр хөршийн оролцоотой, саяхан байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн Шинэ хөгжлийн банк зэргийн дэмжлэгээр санхүүжүүлэх манай улсын саналыг Орос, Хятадын тал хүлээн авсан байна. Монгол Улсын хувьд эхний ээлжинд гурван талын оролцоотой автозамын, төмөр замын, эрчим хүчний чиглэлийн хэд хэдэн төслийг санал болгож байгаа.
“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг ирэх зургадугаар сард Ташкентад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын уулзалтаар батлахаар талууд ажиллаж байгаа юм байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн