Намайг долдугаар ангид байхад анги даасан багш маань хүүхэд гаргаад урт амралт авч манай анги нэг хэсэгтээ үлдэгдлийн зарчмаар ажиллана гэдэг шиг олон багш ээлжээр манай ангийг хамаарах болов.
Аль л шинэ ирсэн болон түр ажиллаж байгаа багш нарт манай ангийг хариуцуулна.
Манай ангийнхан хэрдээ сахилгагүй. Энэ үед миний бие ангийнхаа пионерийн бүлгийн даргаар халгаа сэлгээгүй ажиллаж байв. (3-р ангиас хойш) Бүлгийн дарга хийх гол шалгуур нь сурлагын үзүүлэлт. Энэ ч яахав, гол яриандаа оръё. Хичээл үдээс хойш ордог байв. Сургууль маань хүүхэд олонтой багталцахгүй мөн л одоогийнх шиг гурван ээлжээр хичээллэнэ. Эхний цагийн завсарлагаагаар хичээлийн эрхлэгч Сосорбарам багш хотын нэгэн ганган хүүхэн дагуулж орж ирээд энэ эмэгтэй танай ангийн багшаар ажиллана үгэнд нь сайн орно шүү гэж захиад гарав.
Манайхан ганган багшийг сониучирхан харсаар завсарлагаанаар шуугиж хөөцөлддөгөө ч мартаж орхив.
Ямар ч шинэ багш содон, гэхдээ уран зохиолын багш энэ эмэгтэй бүр ч дэгжин хувцаслаж үсээ их л аятайхан янзалж урагшаа дух руугаа орж ирэх туг үсээ арагшаа шидэхэд хүрэн үс нь гялалзан, ботгорхуу нүдээрээ, ялдамхан инээмсэглэнэ. Манай сахилгагүйчүүд хараад нэг хэсэгтээ л хөдөлсөнгүй.
Тун удалгүй ердөө л маргааш, нөгөөдрөөс нь манайхан тараа таниулж эхлэв. Ангиа цэвэрлэдэггүй, цонхоо нээж орхидог, ширээн дээрээ гарсан гээд багшийн чихийг халууцуулж эхэллээ. Яладмханаар инээмсэглэн хүүхдүүд минь ингэж болохгүй хэмээн дахин дахин хэлэвч хэзээний олон багшийн нүүр үзэж, таван хурууны амт бишгүй хүртсэн манайхан ширээгээ нүдэн дүрсгүйтээд багшийн яриа огт сонсогдсонгүй. Ямар ч байсан инээмсэглэл нь алга болоод багш маань ангиас чихээ даран гарав.
Гарахдаа гараа сарвалзуулан бүлгийн дарга надтай уулз гэж хэлэх шиг болов. Намайг дуудсан уу, үгүй юу гэхэд мэдээж багш нарын конторт чамайг дуудаж л таараа ш дээ гэж Чимиддамба гэдэг хамгийн эхний ширээн дээр суудаг, манай хамар хашааны найз хэлэв.
Жаахан байзнаж байгаад багш нарын тасалгааны хаалгыг аяархан онгойлгож харвал багш маань мөрөн дээгүүрээ ноосон ороолт тохчихсон цонх руу хараад зогсож байв.
Би ирлээ гэвэл багш зогссон чигтээ тонгойж, цүнхээ уудлан алчуур гаргаж нүүрээ дарав. Явж очоод харвал халтартлаа уйлчихжээ. Нүүрнийх нь будаг ч урсаад ирээ биз. Би яах вэ? Танай ангитай яаж ажиллах вэ, Лүндээ? гэв.
Энэ бүтэн сайн өдөр жинхэнэ хөл бөмбөгийн бөмбөг олоод тоглуулчихмаар байна гэв. Багшийн нүд илт сэргэж чи зарлаатах, намайг зарлаж байна гэж хэлээрэй. Би бөмбөг олж ирье гэв.
Ийнхүү бүтэн сайнд манай ангийн дөчин хэд цуглаж охидууд дэмжин хөгжөөж хоёр баг болон хуваагдаж (тэртээ тэргүй хоёр баг гардаг байсан юм) сургуулийнхаа биеийн тамирын талбайд оволзож гарав. Ёстой ойлт сайтай жинхэнэ бөмбөг байв. Манайхан баясаад л хоорондоо өрсөлдөж гарлаа. Гэтэл бөмбөг маань ойгоод сургуулийн хашаа даваад жалга уруудаад арилж өгөв.
Араас нь бөмбөгөнд явсан нөхөр маань алга болчихов. Яав ийв гээд багштайгаа цөмөөрөө араас нь очтол нөгөө нөхрөөс маань гудамжны сахилгагүйчүүд бөмбөгийг нь булааж аваад алга болжээ.
Тоглох гэж хорхойссон бүх хүн санал гаргасан миний хувьд таагүй байдалд оров.
Тэгтэл нэг жаахан хүүхэд бөмбөг булаасан хүүхдийн сургийг гаргаж, эрэл сурал болсоор бөмбөгөө эсэн мэнд олж аваад сургуулийн талбай дээр очтол өөр ангийнхан эзэлчихсэн байв. Дүүгийнхээ бөмбөгийг авчирсан, алдчихсан бол шууд л Их дэлгүүр ордог байх даа гэж бодож явлаа хэмээн багш замдаа ярив. Энэ мэтээр үе үе тэмцээн хийж, аялалд ч явж хүүхдүүд арай л өөр болсон санагддаг.
Ингээд манайхан багшийнхаа үгэнд гайгүй ордог болов. Багшийн маань нэр Лхагважав. Нэгэн өдөр манай ангийн Дамдин гэдэг жаал наад Лхагважав багш чинь гадаад нөхөртэй юм байна гэж сонин болгож ярив.
Орос юм уу, хятад юм уу, чи яаж мэдсэн юм бэ гэвэл орос ч биш, хятад ч биш бүр гадаад хүн байна. Тэр аяараа сахал үс болсон <<хөгшин>> нөхөр, Унгар л байх гэдэг юм.
Хүний нөхөр сүүдэр чамд ямар хамаа байна гэхэд монголын аятайхан хүүхнүүд ингээд л гадаад нөхөртэй болчихдог юм гэж аавын цээж оргин ярилаа.
Хажуугаас нь манай Болдоо чиний эргүүлдэг охины аав Ард Аюушийн хөгшин луухаан байдаг шүү дээ гэж хэлээд нударга зөрүүлэхдээ хүрч нөгөө хоёрыг арайхийн салгав.
Тун удалгүй мөн л Лхагважав багш маань манай сургуулиас яваад өгөв. Дараагийн багш нь ээлж ёсоороо <<сарын хугацаатай>> ирэв. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрлөө.
Би хуучин пионерийн ордны дугуйланд очих гээд автобуснаас буугаад явж байсан юм. Нэг харахнаа Лхагважав багш маань том үнэгэн захтай дээл, малгай өмсчихсөн их сургуулийн гудамжаар нөгөө гадаад хүнтэйгээ сугадалцан өнөө л ганган янзаараа алхаж явахтай халз таарав.
Сайн байна уу багшаа гэж хэлэх гээд гадаад нөхрөөс нь айн хоолой гардаггүй арайхийн мэндэлвэл энэ нөгөө яриад байдаг шавь нарын маань нэг хэмээн багш маань намайг танилцуулбал “гадаад” нөхөр нь сайхан цэнхэр нүдээр намайг харж сайн байна уу гэж хэлээд зөрлөө. Монголоор цэвэрхэн ярьдаг юм байна, хаана харлаа даа байз гэж бодоод бодоод олсонгүй. Гэтэл маргааш өглөө нь босоод цай уухдаа номын сангаас “Монголын шилдэг яруу найраг” гэдэг том түүвэр гаргаад уншиж байтал Мишигийн Цэдэндорж гэсэн нэр, зурагтайгаа гарч ирж би дуу алдав.
<<Амьдын жаргал>> гэдэг цагаан хавтастай номон дахь шүлгүүдийг нь би бараг цээжлэх дөхсөн юм. “Болохгүй юм гэж орчлонд хаана байна” шүлгийг нь хүмүүс гуйвуулж, ямааг тэмээ болгож болно тэмээг ямаа болгож болно гэж уншдаг нөгөө Цэдэндорж чинь байдаг байна шүү.
Очоод ангийнхаа нөгөө хэдэд их олз олчихсон хүн шиг тэр чинь хөгшин унгар биш яруу найрагч, орчуулагч, Мишигийн Цэдэндорж байна гэж хэлье гэж бодоод сургууль руугаа санд мэнд явав. Тэр өдөр манай ангийнхан цас арилгах ажилтай байсан юм. Би яаран тэдэн дээрээ очоод Цэдэндорж ... тэнд... манай ангийн багштай... гэж хаа нэгтээ түймэр гарсан юм шиг амьсгаадан хэлбэл нөхөд маань битгий худлаа хэл гээд тоосонгүй. Бас хэдийд нь ч билээ өөрийн хамгийн ойр хэдэн найздаа хэлбэл тэд намайг шоолж Цэдэндорж биш байлгүй. Тэр чамтай юу гэж мэндэлдэг юм гэсэн юм. Бас нэг найз маань Цэдэндорж бол Цэдэндорж л биз, бидэнд ямар хамаа байна гэсэн. Би тэр үгэнд их гомдож байж билээ. Хэдүүлхэнээ монголын хэдхэн авьяас билэгтнүүд бид бүгдэд бүгдээрэнд хамаатай шүү дээ гэж одоо бол бодох байсан байхаа.