Залуусын дунд гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна. Гадаадын их, дээд сургуулиуд суралцах тэтгэлэг хаана зарлагддаг, ямар боломжууд байдгийг судалж, сонирхдог болсон. Гэхдээ гадаадад сурна гэдэг нь сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш бөгөөд тухайн хүн өөрийгөө тодорхой төвшинд бэлтгэх шаардлагатай. Тухайлбал, ямар мэргэжлээр ямар сургуульд орох, очоод хэрхэн амьдрах, сургуулийн төлбөрөө хэрхэн шийдэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Энэ бүгдэд бэлдэх аргыг ном, интернетээс уншихаас илүүтэйгээр гадаадад их, дээд сургуульд суралцаж төгсөөд ирсэн хүмүүсээс нь сонсох боломж олдов. Боловсролын санаачилгууд ТББ-аас өнгөрсөн баасан гаригт “Гадаадад магистрт суралцах арга зам” илтгэл ярилцлагыг зохион байгуулсан. Ингэхдээ гадаадын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалсан дөрвөн илтгэгч өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцсан. Гадаадад суралцах хүсэл эрмэлзэл, зорилготой олон залууст зориулан эдгээр илтгэгчдийн гадаадад суралцах итгэлээс тэмдэглэсэн зарим санааг тоймлон хүргэж байна.
1. М.НАРАН - Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг /Australia Awards/-ээр Мельбурны Их СургуулийнТөрийн бодлого, менежментийн чиглэлээр магистр, Унгар Улсын Төв Европын Их Сургуулийн Жендэр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Австралийн тэтгэлэгт хамрагдсан туршлагаас нь...
-2015 онд материалаа бүрдүүлж өгөөд Австралийн тэтгэлэгт тэнцээгүй. Харин 2016 онд дахин материал өгөөд тэнцсэн. Тиймээс битгий шантраарай гэж зөвлөмөөр байна.
-Австрали төрийн болон төрийн бус байгууллага гэж хоёр ангиллаар тэтгэлэг олгодог.
-Англи хэлний төвшин төгс байх албагүй.
-Жил бүр магистрын элсэлт авах мэргэжлийг заадаг.
-Магистр сурахаас хоёр сарын өмнө академик англи хэлний сургалтууд ордог. Мөн Австралийн соёл, амьдрах орчны талаар мэдээллийг өгдөг. Мөн Австрали очоод эхний хоёр сар дахин англи хэлний сургалтад суудаг. Олон улсаас ирсэн оюутнуудыг нэг танхимд бэлтгэгдэж, харилцааны англи хэлийг сургадаг.
-Сургалтын бүх дэмжлэгийг Австралийн Засгийн газраас гаргадаг.
-Дипломын голч оноо 3.5-аас дээш байхыг шаарддаг.
-Ажлын туршлага буюу мэргэжлээрээ хоёр жил нэг газраа тогтвортой ажилласан байх /нийгмийн даатгалын хуулбар хардаг/
-Ярилцлагын асуулт жил бүр өөрчлөгддөг. Гэхдээ хамгийн гол нь яагаад энэ мэргэжлийг сонгосон, эргээд эх орондоо ирээд ажиллах зорилго, хүсэл тэмүүллийг голчлон суудаг.
2. Г.ОРХОН - Төрийн сангийн тэтгэлэг/зээлээр Оксфордын их сургуулийн Дээд боловсролын шинжлэх ухааны магистр, Англи Хэлээр Харилцагчдын Холбооны хэсэгчилсэн тэтгэлгээр Sussex-ийн их сургуулийн Олон улсын боловсрол, хөгжлийн магистрын зэрэг хамгаалсан. Төрийн сангийн зээлд хэрхэн хамрагдсан туршлагаас нь...
-Төрийн сангийн тэтгэлэг/зээл нь нийтдээ 32 мянган ам.долларын тэтгэлэг. Зээл гэдэг нь барьцаатай бөгөөд үл хөдлөх хөрөнгөө барьцаалдаг.
-Эх орондоо ирээд таван жилийн хугацаанд ажиллах юм бол зээлээс нь чөлөөлдөг хөтөлбөр
-Зээлд хамрагдахын тулд хэд хэдэн чиглэл заадаг. Тухайн чиглэлээр бакалавр, магистр хамгаалсан байх ёстой.
-Өмнө нь төрийн сангийн зээл тэтгэлэгт хамрагдаагүй, голч дүн 3.25, ажил болон судалгааны ажлын туршлагатай, суралцах албан ёсны урилгаа сургуулиасаа авсан ёстой.
-Боловсролын яамны сайтад тэтгэлэг зарлагдаж тавигддаг.
-Дэлхийд нэр хүндээрээ эхний 50-д багтсан сургуулиудад хандсан байх ёстой.
-IELTS 7-оос дээш оноотой, TOFEL 100-аас дээш оноотой, өмнө нь англи хэл дээр боловсролын зэрэг хамгаалсан бол IEKTS-ийн оноо шаардахгүй.
-Тухайн мэргэжлээр тус сургуульд суралцах зорилгоо маш тодорхой бичих хэрэгтэй.
-Судалгааны ажлын ерөнхий төсөл бичдэг. Үүн дээрээ маш нухацтай ажиллаж явуулснаар сургуулиасаа тэтгэлэг олох боломж болон удирдагч багшийг нь олж өгдөг.
-Хоёр хүнээс тодорхойлолт авчрахыг шаарддаг. Нэгийг нь аль болох гаднын мэргэжилтэн, хамт ажиллаж байсан хүнээр бичүүлэх хэрэгтэй. Англи, Америкт нэг жилийн хөтөлбөр нь ихэнхдээ нэг жилийн хөтөлбөртэй байдаг.
3. Б.ХОНГОРЗУЛ - АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлгээр Tufts их сургуулийн Fletcher сургуулийн Дипломат ажиллагаа, эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Фулбрайтын тэтгэлэгт хамрагдсан туршлагаас нь...
-Фулбрайтын тэтгэлэг нь дотроо Монгол Улсын санхүүжилттэй, АНУ-ын Төрийн департментын санхүүжилттэй гэж хоёр хуваагддаг.
АНУ-ын санхүүжилттэй тэтгэлэг нь
-АНУ-ын санхүүжилттэй тэтгэлэг нь жил бүрийн хоёрдугаар сард өргөдөл авах хугацаагаа зарлаж, дөрөвдүгээр сард дуусдаг. Шаардлага нь Монголын иргэн байх ёстой, бакалаврын зэрэгтэй байх ёстой, өөрийн биеэр ярилцлагад оролцох ёстой. 2015 оноос хойш бакалаврын мэргэжлээр ядаж нэгээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг болсон. Магистр хамгаалж төгсөөд Монголдоо ирж хоёр жил ажилласан байх ёстой. АНУ-ын J1 гэсэн визний ангиллаар явдаг. Энэ ангиллаар АНУ руу явсан бол эх орондоо заавал буцаж ирээд хоёр жилийн хугацаанд ажилласан байх ёстой. Харин хоёр ажилласны дараа АНУ-д удаан хугацаагаар ажиллаж амьдарч болдог. Энэ тэтгэлгээр жилдээ 4-6 оюутан хамрагддаг. /Тухайн жилийн төсвөөс хамаардаг/ АНУ-ын Элчин сайдын яамны хуудаснаас тэтгэлгийн дэлгэрэнгүй авч болно.
Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилттэй тэтгэлэг
-Жилд 8-10 оюутан уг тэтгэлгээр АНУ-д суралцдаг. Тэтгэлгийн өргөдөл авах хугацаа нь жил болгоны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл материалаа авдаг. Зарим талаар төрийн сангийн зээлтэй төстэй хэлбэрээр явагддаг.
-Тавигдах шаардлага АНУ-ынхтай адил
-Мэргэжил заасан байдаг бөгөөд Монгол Улсын хөгжилд шаардлагатай, хүний нөөцөд дутагдаж байгаа мэргэжлийг заасан байдаг.
-Мэргэжлээрээ төгсөөд Монголдоо таван жил ажиллах ёстой. Заавал нэг газар биш. Таван жилийн дараа АНУ руу явж болно.
О.ЭНХЗУЛ - Азийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр Сингапурын Үндэсний Их Сургуулийн Lee Kuan Yew School of Public Policy сургуулийн Төрийн бодлогын магистрын зэрэг хамгаалсан. Азийн хөгжлийн банкны тэтгэлэгт хамрагдсан туршлагаас нь...
-Жил бүр Азийн хөгжлийн банкны JCP, Дэлхийн банкны магистр, докторын хөтөлбөрт олгодог тэтгэлэгт зарлагддаг/Хугацаа нь өөр өөр байдаг/.
-Дэлхийн 10 улсын 29 институтээс сонголт хийх эрхтэй байдаг.
-Манайд 35 хүртэлх, зарим улсуудад 45 хүртэлх насны хүмүүс өргөдөл гаргаж болох юм байна.
-Зорилгоо зөв тодорхойлох, хэлний төвшний оноонууд, ажилласан туршлага шаарддаг.
-Г.Орхон: Судалгааны ёс зүй болон арга зүйн талын мэдлэгийг маш сайн эзэмшдэг. Гадаад танилын хүрээгээ тэлнэ, олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдэд ажиллах боломж нээгдэнэ. Хөрвөх чадвар сайжирч, бие даан суралцах чадварыгг өөртөө бий болгоно.
Б.Хонгорзул: Хувь хүн болон мэргэжлийн талаасаа маш их өөрчлөгдсөн. Академик талын хэлний чадвар сайжирна. Боломж гарвал гадаадад магистрт суралцах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. Таны амьдралд ямар нэгэн байдлаар ахиц дэвшил гарна. Гадаадад магистр хамгаалж ирээд Монголдоо ажиллахад цалингийн төвшний өнөөгийнхөөс тань нэмэгдэнэ. Суралцах гэж буй хот, мужид байгаа монголчуудтай харилцаатай байх хэрэгтэй. Эргээд янз бүрийн асуудал гарахад танд туслах гүүр нь болдог. Алхам тутамдаа олон улсын төвшний танилын хүрээгээ тэлэх хэрэгтэй. Энэ бүхэн нь эргээд тань ач тусаа өгөх болно.
-О.Энхзул: Сингапурт магистрт суралцахад олон давуу талыг олж харсан. Азийн лидерүүдийг бэлтгэдэг гэдэг утгаараа өндөр төвшний амбицтай хүмүүстэй суралцаж байсан. Дотооддоо өөрийн хийж байгаа ажлаа болж байна, нэлээд хэмжээнд боловсорсон гэж бодож байсан ч Сингапурт очоод өөрийгөө маш их голсон. Гэхдээ нөгөө талд боломжуудыг олж харсан. Хэлний төвшин, практик байдал дутагдалтай байсан бодож сэтгэж байгаа, зүтгэл хандлага маань хэзээ дутахгүй гэдэг итгэл урам зоригийг авсан. Дэлхийн шилдэг лидерүүдийн итгэлийг сонсч, дэлхийн дахины мэдээллийг авах боломжтой болсон маш том давуу тал байсан. Нэг зүйл захихад гадаадад сургуульд явах гэж байгаа бол эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавьж байх хэрэгтэй. Удаан хугацаагаар сууж хичээллэдэг учраас эрүүл мэндийн асуудал гарч магадгүй учраас эртнээс өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
-Б.Хонгорзул: Явахаас өмнөх шалгалтуудад бэлтгэхэд маш их цаг зарцуулсан. Англи хэлний төвшин төгс байгаагүй учраас TOFEL-оо сайн өгөөгүй, дунджаар 99 оноо авсан. Гэхдээ та бүхэн 99-тэй бол гадаад суралцаж болно шүү гэдэг урам зориг өгье. Ажлынхаа хажуугаар GRE-д бэлтгэхэд нэлээд хүндрэлтэй байсан. Тухайн үед сургалтын төвд явалгүйгээр хувиараа номыг нь олж авсан. Ойлгохгүй математикийн дасгалуудаа англиас монгол руу орчуулж байгаад монгол багшаар заалгаж байсан. Тухайн багш тус бодлогыг хурдан бодох аргачлал зааж өгөх хэлбэрээр бэлдсэн. GRE-ийн өндөр оноо авч чадаагүй, дундаж оноо л авсан. Гэхдээ хувийн туршлагаасаа харахад GRE-ийн оноо өндөр байлаа гээд орох, өндөр биш бол орохгүй гэдэг нь шалтгаан биш. Хамгийн гол нь тухайн сургуульд суралцах өргөдөл, тодорхойлолтын материал таныг үнэлдэг.
Тухайн улсад очоод монгол системээс гадаад систем рүү шилжих нь нэлээд амаргүй байсан.Монголд номын сан байхгүй, судалгаа хийдэггүйгээс судалгаа хийх аргачлалыг тэр бүр мэддэггүй байсан. Гадаадад магистрын хичээл маш их унших даалгавар өгч, уншсанаа ярих, дүгнэлтээ хэлэлцүүлэх хэлбэрээр хичээллэдэг. Дээр нь багийн ажиллагаа маш чухал, өндөр хариуцлагыг өөртөө бий болгодог. Орон орны хүмүүстэй ойлголцож, бие биенийгээ мэдэрч харьцах нь чухал. Энэ бүхэнд эртнээс бэлтгэх хэрэгтэй санагдсан. Анх суралцах цагаасаа л өөрт сонирхолтой сэдэв, зорилгоо зөв тодорхойлж суралцах хэрэгтэй. Монголын зах зээлд ямар орон зай эрэлт хэрэгцээтэй байгаа, эргээд ирээд юу хийх вэ гэдгээ тодорхойлж, өөрийгөө сонсч мэдчихээд гадаад руу суралцахаар явбал зорилготой, үр дүнтэй суралцана. Миний хувьд эхний нэг жилдээ болохоос нь болохгүй хүртлээ туршилтын туулай шиг явж байгаад эцэстээ сурах ёстой зүйлээ олсон. Тиймээс та бүхнийг очихоосоо өмнө тэр бүхнийгээ тодорхой болгох нь чухал.
-Г.Орхон: Миний хувьд хоёр удаа гадаадад магистр хамгаалсан. Эхнийх дээр үнэхээр туршлага байгаагүй. Хөтөлбөрөө сонгохдоо алдаа хийсэн. Өөрөө боловсролын чиглэлээр сурч байсан учраас Олон улсын боловсрол, хөгжил гэдэг сэдэв маш сонирхолтой санагдсан. Улс орны хөгжлийг хэрхэн боловсролоор дамжуулан дээшлүүлэх вэ гэдэг зүйлийг гаргах юм байна гэж ойлгоод сонгосон. Гэтэл очоод анхныхаа хичээл дээр суухад биш болсон. Жишээ нь, Африкт хэрхэн охидын боловсролыг дээшлүүлэх вэ, А, B,C хэрхэн заах вэ, дэлхийн хүнд хэцүү орнуудад хэрхэн боловсрол олгох вэ гэдэг хичээл орсон. Гэтэл миний бодож байсан, төсөөлж байснаас өөр хөтөлбөр байсан. Тиймээс өөрийн сонирхох, хийж чадах зөв салбарыг сонгох чухал. Очоод болно доо гэж бодохоос илүү эртнээс бүх зүйлээ төлөвлөж, бүрдүүлэх хэрэгтэй.
-М.Наран: Суралцах сэдэв, мэргэжлээ зөв сонгох нь маш чухал байдаг. Англи хэл сурахад асуудал байгаагүй ч англиар сэтгэх, ойлгох гэдэг хүндрэл гарч эхэлсэн. Гэр бүлтэйгээ явах бол гэр бүлийнхээ хүний англи хэлийг сайжруулах хэрэгтэй. Анхан төвшний англи хэлтэй байж ажлын олдоц сайн байдаг.
/Гадаадад суралцах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг Боловсролын санаачилгууд ТББ-ын фэйж хуудаснаас авч болно. Тус төрийн бус байгууллагаар дамжуулан дээрх илтгэгч нартай холбоо тогтоож, ганцаарчилсэн зөвлөгөө авч болох юм байна лээ./