"iTOIM.mn" агентлаг энэ удаа прокурорын байгууллагад 1976 оноос хойш тасралтгүй 36 жил зүтгэсэн гавьяат хуульч, хууль цаазын ахлах зөвлөх Т.Жадамбаатай уншигч таныг уулзуулж байна. Түүнийг тухайн үедээ олны анхаарлын төвд байсан “Номаранг” компани, Хон хэрээдийн Б.Энхбатад холбогдох хэрэг, “Анод” банк, хамтлаг дуучдын холбогдсон хар тамхины хэрэгт хяналт тавьж байснаар нь хүмүүс мэднэ. Хэвлэлийнхний хүссэн асуултад товчхон тайлбар хийхээс өөрөөр энэ эрхэм нэг ч удаа ажлаасаа өөр сэдвээр ярилцлага өгч байгаагүй. Тийм учраас сонирхолтой ярилцлага байх болов уу.
-Та нийтийг сэртхийлгэсэн олон гэмт хэргийн мөрдөн байцаалтад хяналт тавьж байсан туршлагатай хуульч. Стресс бухимдалтай энэ ажлаасаа амраад сэтгэл санаа сайхан байгаа биз дээ?
-Тэтгэвэрт гарах сайхан санагдсан. Би ажиллаж байх үедээ өөртөө чөлөөт цаг гаргаж байснаа санадаггүй юм. Ялангуяа сүүлийн 15 жил надад зав байгаагүй. Санаж бодох зүйлгүй зурагт шагайгаад, хоол идэж хэвтэх сайхан байлаа. Гэхдээ гэртээ ганцаараа гохийгоод суугаад байх сүүлдээ уйтгартай санагддаг юм билээ. Нэг өдөр энэ залуучууд зүгээр сууж байхаар энд ажилла гэхээр нь өнгөрсөн гуравдугаар сараас хуулийн фирмэд зөвлөхөөр ороод байна.
-Ажиллах хугацаанд шантрах үе гарч байв уу?
-Сүүлийн үед хөгшрөөд жаахан шантарсан. Хэлтэс толгойлоод ирэхээр ажлын ачаалал ихэссэн. Яагаад гэвэл намайг дарга болохоос өмнө гурван хэлтсийг нэгтгэж, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийг байгуулсан юм. Би амьдралынхаа турш нэг бол мөрдөж, эсвэл хяналт тавьж ажилласан. Хэлтэс толгойлох залуу хүний л ажил юм билээ, хурдыг нь гүйцэх хатуу байсан.
-Прокурорт байхад дарамт, шахалт, их ирдэг байсан уу?
-Социализмын үед намын хянан шалгах хорооноос түргэн шуурхай шийдсэнгүй гэх зэргээр ажил хэрэгч хөдлөнгийн шахалт ирдэг байсан. Харин одоогийнх шиг “Чи тэрийг ингэж шийд” гэдэг дарамт байгаагүй. Нийгэм өөрчлөгдсөнөөс хойш жагсаал цуглаанаас авахуулаад, хэрэг маргаанаа хянуулж байгаа хүн, тэдний төрөл саднаас дарамт ирэх болсон. Миний хянаж байсан хэргийн зарим нь нэлээд зовлонтой байсан учраас элдэв дарамтад орох, сэтгэл санаа үймрэх үе байсан, байсан. Худлаа хэлээд юү гэх вэ.
-Сэтгэл санааны бэлтгэлтэй байж л тэвчиж гарна байх даа?
-Юунаас айх вэ дээ. Манай ард түмэн их тайван шүү дээ. Хэчнээн гомдож хорссон ч гэсэн хэн нэгэн “Чамайг ална” гээд гудамжинд барьж байсан удаагүй. Ууртай унтуутай, бухимдсан улс ам хэлээрээ муулахыг алийг тэр гэх вэ. Утсаар ярина, хүрч ирээд загнах зүйл бишгүй л байсан. Ардчилсан хувьсгал гарсны дараахан Үндсэн хууль гаргах гээд бүх юм сүрхий задгайрсан. Тэр зурвас үед хотын прокурорт байхад тогооны талбиур барьсан хүн орж ирээд толгой дундуур татаад авсан. Улсын мөрдөн байцаах газарт хүн амины хэрэг мөрддөг тусгай хэлтэс байсан юм. Тэнд шалгаж байсан хэргийг би хянаж байсан юм л даа. Тэрнээс өөрөөр надад халдаж байгаагүй.
-Прокуророор олон жил ажиллахад таньж мэддэг өчнөөн хүнийхээ хэргийг хянаж байсан биз дээ. Тэр үед ямар арга барилаар ажилладаг байсан бэ?
-Ширэн царайлаад л сууна шүү дээ. Тухайн хүний буруу бол яах ч аргагүй. Ямар сайндаа би төрсөн ахынхаа хүүхдийн нөхрийг цагдан хорих зөвшөөрөл өгч байхав дээ. Яалт ч үгүй хэдүүлээ нийлээд байгууллагын склад ухсан байсан юм чинь. Би таньж л байсан. Миний ах одоо ч үүнд гомдож явдаг. “Хартфорд институт”-ын байранд өмнө нь “Хит-2” гэдэг дэлгүүр байсан. Надтай цуг ажиллаж байсан прокурор тэтгэвэрт гараад тэнд манаачаар орсон юм. Шөнө дэлгүүрээ манаж байхад нь нэг нөхөр элдэвлээд байхаар нь буудаад алчихсан. Тэрний хэрэг надад хүрээд ирэхээр нь шүүхэд яллаад явуулсан. Гэх мэтчилэнгээр найз нөхөд, төрөл садан, хамт ажиллаж байсан хүний хэрэг таарна. Өө, хөөрхий минь гээд налигнаад байвал өөрөө дээлээ нөмөрнө шүү дээ.
-Алхсан мөрөө эргэж харахад харамсч явдаг зүйл бий юү?
-Миний овсгоогүй, дэндүү хайрцганд орсноосоо ч юм уу гаргасан алдаа бий. Эр хүн чинь ажлаа ч хийнэ, амьдралаа ч авч явна. Би амьдрал авч явж чадаагүй хүн. Гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал хандуулж чадалгүй, зөвхөн ажилдаа бүх цагаа зарцуулсан. Үүнээс болоод 21 жил амьдарсан эхнэр маань надаас салсан юм. Тэгэхэд том хүүхэд 18-тай, дунд хүүхэд 16-тай, хамгийн бага нь таван настай байсан. Одоо миний хамгийн том охин хоёр хүүхэдтэй 40 хүрч яваа. Дунд охин гурван хүүхэдтэй. Хэн нэгэн гуйна түүнэ, би ч гэсэн ямар нэг зүйл бүтээхийн тулд хүнээс юм гуйна, нөгөө хүн нь надаас эргүүлээд ямар нэг хэргийг шийдүүлэх гэж хүснэ. Тийм болохоор прокурор хүний амьдрал их төвөгтэй. Бодсоноор болдог бол хуулийн ажлыг ардаа татлаа, түтлээгүй хүн хиймээр ч юм шиг. Хэний ч нөлөөнд автдаггүй, хэнээс ч юм гуйдаггүй хүнд энэ ажил зохино. Тийм л юм байна даа гэж би хамгийн сүүлд бодсон. Амьдралд гарсан асуудал бүрийг гүйцэлдүүлэх гэж давхиад байвал ажлаасаа хазайчихмаар шинжтэй болдог юм билээ л дээ. Тэгэхээр нь нэгийг нь хөөе гэж бодсон нь миний амьдралын алдаа. Эхт өнчин өөдөө, эцэгт өнчин уруугаа гэж яасан үнэн үг вэ гэж боддог юм.
-Нэг ёсондоо ажилдаа “дурласан” байж дээ?
-Хуулийн ажил бол уг нь тийм ч хүн дурлахаар юм биш. Хамгийн уйтгартай, хамгийн үл ойлгогдох зохиол бол хууль. Хуулийн зүйл заалтыг амьдралд хэрэглэх үед л сонирхолтой. Би нэг хүнд яллах дүгнэлт үйлдэх гэж байна гэж бодьё. Тэр хүний үйлдэл аль хуульд таарч байна, хууль ямар заалттай билээ, хуулийг тайлбарладаг ямар тогтоол байдаг билээ, яаж хэрэглэвэл тэр хүний эрхийг хөсөрдүүлэлгүй, хуулийн бодлогыг гажуудуулахгүй байх билээ гэдэгт хууль сонирхолтой болдог. Ажил болгон сайхан. Яагаад гэвэл би нэг талаар хүний эрх ашгийг хамгаалж байна. Нөгөө талаар хууль биелүүлэх, шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хангах ажиллагааг биелүүлж байна. Хуулийг буруу хэрэглэж, учир утгыг буруу ойлгох асуудал бишгүй л гарна. Прокурор алдаа гаргавал дээд шатны прокурорууд засаад явчихна. Гэхдээ бидний гаргасан алдаа хүнд их хөнөөл учруулдаг. Хүнийг хийгээгүй хэргээр нь сэжиглээд санал гаргаж, шүүгчийн захирамжаар шоронд хорьж байгаа нь прокурорын алдаа. Тэр хүн шүүхээр гэм буруугүй болоод ирэхэд тухайн хүний зөрчигдсөн эрхийг яаж сэргээх билээ. Шүүхээр заргалдаад тэр хүн хэдэн цаас л олж авна. Тэрнээс биш сэтгэл санааны хохирол гээд эдийн бус хохирлыг сэргээх аргагүй. Тэр хүнийг шоронд хоригдохоор гэр бүл, танил тал, найз нөхөд нь юү гэж бодох билээ. Гэх мэтчилэнгээр прокурорт алдаа гаргах эрх байхгүй.
-Прокурорын эрх мэдлийг багасгавал энэ эрсдэл дагаад багасах байх даа?
-Дээр үеийнхтэй харьцуулбал прокурорын эрх мэдэл багассан. Хуучин цагийн прокурор гэж шүүхээ ч хянадаг аюултай байгууллага байсан. Одоо бол прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь эрх мэдлийг их харагдуулаад байна. Үндсэн хуулийн зарчмаа баривал прокурорт энэ эрх байх ёсгүй. Шүүх л хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Одоо УИХ-д оруулаад байгаа хуулийн ихэнх нь Америк зүгийн хуулиуд байна лээ. Тэр хуулиар прокурорын эрх мэдлийг хумих байлгүй.
-Ер нь Эрүүгийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, хуулиудыг өөрчлөх ёстой байсан уу. Ахмад хуульчийн хувьд үүнийг юу гэж боддог вэ?
-Чиг болгож буй системийнх нь хувьд зайлшгүй шинэчлэх шаардлага байсан. Эрүүгийн хуулийг бол заавал шинэчлэх ёстой байсан уу гэдэг эргэлзээтэй. Харьцангуй сайн хууль шүү дээ. Гэмт хэргийн тухай хуулийн төслийг би харсан. Найруулга, хэллэг, утга агуулгын хувьд их л зовлонтой хууль байна лээ. Тэр чигээр нь баталчихгүй байлгүй дээ. Ялын бодлогыг харьцангуй зөөллөсөн байна лээ. 15-аас дээш жилийн хорих ялыг, цаазын ялыг үгүй болгосон байна лээ. Хорихоос өөр төрлийн ял, албадлагыг түлхүү оруулсан харагдсан. Манай нийгэмд тохирох эсэхийг амьдрал харуулах байлгүй дээ. Одоогийн 2002 оны Эрүүгийн хуулийг шоронжсон л гэдэг. 1961 оны Эрүүгийн хуулиар болгоомжгүй хэрэгт цаазын ял өгдөг байлаа. 174-ийн “г” гэдэг зүйл ангид “Аваарын хэргийн улмаас олон хүн нас барсан бол цаазаар авна” гэж байсан. Социалист хөрөнгийг их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан бол цааз, хүний хувийн өмчийг их хэмжээгээр шамшигдуулсан бол цааз өгч гүйцэтгэдэг байсан. Тэгэхээр ялын бодлого нь харьцангуй зөөлөрч байгаа биз дээ.
-Таны хяналт тавьж байсан хэргүүдээс хамгийн ээдрээтэй, ажиллагаа их орсон нь ямар хэрэг байсан бэ?
-Прокурор бол дан уншиж, зааж зааварлана уу гэхээс өөрөө хөөцөлдөөд явдаггүй. Тэр нөхцөлд надад хамгийн түвэгтэй санагдсан нь “Хадгаламж” банкны ахлах нягтлангаар ажиллаж байсан Чимэдцэрэнд холбогдох хэрэг байсан. Тэр үед банк санхүүгийн үйл ажиллагааны доторхи нарийн будлианыг мэдэхэд хүнд байсан. “Анод” банкны хэрэгтэй зууралдаж байсан ч яг гүнзгий орж байгаагүй учраас толгой жаахан зовсон гэхүү дээ.
Гаалийн Х.Баатарын хэргийг Е.Сагсай хянасан. Харин түүнтэй холбоотой Бичигтийн боомтын найман хүний холбогдсон хэргийг би хянасан. Тэгэхэд мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргачихсан, тоо нь тодорхой байсан учраас мөрдөн байцаагчид л нэлээд ажилласан байх. Ер нь хүн амины хэрэг хамгийн зовлонтой байдаг. Увс аймгийн нэг залуу Сэлбийн голд хүн алаад машиныг нь аваад явчихсан хэрэг байсан юм. Тэр хэрэгтэй бараг гурван жил зууралдсан. Шүүхэд өгсөн ч буцаад байдаг. Хамгийн зовлонтой нь гэрчүүд эхний мэдүүлэгтээ нэг юм яриад дараа нь мэдүүлгээсээ эргэж буцаад, эсвэл бүдгэрүүлээд, зарим нь чангаруулаад байсан. Хүмүүс их худалч. Үзсэн харсан зүйлээ үнэнээр хэлнэ гэж ер байхгүй. Эсвэл даваадуулна, эсвэл дутуудуулна. Хуучин нийгмийн үед хүн үзсэнээ л ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл, гэрчид нөлөөлдөггүй байж дээ. Одоо Гэрч хохирогчийг хамгаалах хууль гараад арай өөр болох байх. Ямар сайндаа амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэсэн үг гарч байхав дээ. Тэгээд ч өмгөөллийн үйл ажиллагаа айхтар хөгжиж дээ. Муу талын заавар зөвлөгөө их өгдөг болсон байна. Яаж энэ хэргийг ийш тийш нь будлиантуулах вэ гэдгээр их ажилладаг болсон байна гэж ажигласан шүү.
-Ингэхэд та чинь аль нутгийн хүн билээ. Дуулиант мэдээ мэдээллийн талаар таниас тайлбар авч байснаас биш хувь хүний чинь талаар сонирхож байгаагүй юм байна шүү.
-Би 1951 онд Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Замын толгой гэдэг газар төрсөн. Намайг багад Түмэн гэдэг айлд өргүүлж, би хөдөөний хүүхдүүд шиг мал дээр өссөн. Тэгж байгаад бага сургуульд 11 настайдаа орсон. 1966 онд бага сургууль буюу дөрөвдүгээр ангиа төгсч, аймагт ирээд дунд сургуулиа 1972 онд төгссөн. Тэгээд МИУС-ийн хуулийн ангид шалгалт өгч тэнцээд 1972-1776 онд суралцаж төгссөн юм.
-Говь газрын хүү анхнаасаа хуульч больё гэж боддог байв уу?
-Үгүй. Багш болно гэж боддог байсан. Тэр дундаа түүх, газар зүйн багш болно гэж мөрөөддөг байж билээ. Гэсэн ч аймагт багшийн хуваарь нь ирээгүй. Би тоо, хими, физикийн хүчээлээ тааруухан судалсан. Тийм учраас арай хөнгөн шалгалттай байх гэж бодоод хуулийн ангид үзсэн. Тэр ангид хоёр хүүхэд авсны нэгээр аз болж намайг сонгосон юм.
-Улаанбаатарт ирээд төөрч будилах, хотын “атаман”-уудад дээрэлхүүлэх зүйл гарч байв уу. Тэр үеийн хуулийн ангийн оюутнууд юу хийж цагийг өнгөрөөдөг байв?
-Гайгү ээ. Би дотуур байр, хичээл хоёрын дунд явдаг хүү байсан. Ийш тийш явдаггүй, яваад байх ажил ч байхгүй. Тэр үед оюутнууд баар цэнгээн хэсдэггүй байсан. Баар цэнгээний газар ч цөөхөн байсан. “Улаанбаатар” гээд хэдэн ресторан л байдаг байв. Би аль алинаар нь шагайж ч үзээгүй сургуулиа төгссөн. Харин дөрвөн жил намрын ажил, гурван жил хаврын ажилд явж, үлдсэн хугацаанд нь хөдөө очиж тэмээгээ хариулсан шүү. Олонтой яваад байж чаддаггүй, угаасаа жаахан дүйнгэдүү хүн шүү дээ би. Хуулийн ангийн хичээл нь их зовлонтой. Мэргэжлийн гэхээсээ илүү марксизм, ленинизм, намын түүхийг их судлуулдаг. Намын түүхийн хичээлийг бүтэн хоёр жил заадаг байсан. Тэрний эх зохиолыг үзнэ гэж зовлонтой ажил байлаа. Оюутан насандаа бидэнд номын сангаас салах арга байгаагүй гэж болно. Тэгээд юуг нь ч мэдэхгүй, юуг нь ч ойлгохгүй байж хуулаад л байна. Баахан Лениний зохиол, Марксын зохиол. Тэр үед чинь байсхийгээд оюутнуудаас шалгалт авна, курсын ажил хийлгэнэ. Багшдаа л харуулах гэж хичээл хийдэг байж дээ. Тэгж байгаад л сургуулиа төгссөн ухаантай.
-Хамтдаа суралцсан нөхдөөс чинь сайн хуульч олон төрсөн үү?
-Би 21 настайдаа их сургуульд элссэн. Тэгэхэд манай ангийнхан 1953-1954 оны залуучууд байсан. Ингээд дөрвөн жил суралцахад 32-уулаа төгссөн юм. Одоо манай ангиас Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, гавьяат хуульч Б.Сарантуяа, гавьяат хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, насаараа их, дээд сургуульд багшилсан Уранцэцэг нар байна. Бас шүүх, прокурорын байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүс байгаа. Манай ангиас хамгийн сайн явсан нь С.Батчулуун агсан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байгаад сүүлд хэрэгт орж шоронд хоригдоод, гарч ирээд бурхан болсон доо.
-Таныг ганц хоног цэргийн алба хаасан гэж хуульчид хэлдэг. Каринтинд байхад чинь дарга чинь очоод авчихсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-1976 онд хотын прокурорт мөрдөн байцаагчаар орсон. Тэр үед цэргийн албанд 29 нас хүртэл татдаг байсан юм. Би 27-той, манайх XIII хорооллын арын сүмийн хажууд гэр хороололд байсан /b. Нэг өдөр Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын комисс дээр очтол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Хүрэлсүх надтай уулзаад “Чи манайд мөрдөн байцаагч хий. Карентинд очоод хэд хонохоор чинь би очоод авья” гэсэн юм. Цагдаагийн байцаагч болмоор санагдаж, цэрэгт бүртгүүлээд “Тавантолгой” баазад карентинд нэг хоносон чинь манай дарга аваад явчихсан юм. Хотын прокурор хүн намайг цэрэгт явсныг дор нь мэдэлгүй яахав дээ. Тэгээд 1976-1982 он хүртэл хотын прокурорт мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 1983 онд прокурор болсон. Намайг анх ажилд ороход 50 нас дөхсөн харчууд, сүрхий бүсгүйчүүд тосч авсан. Дандаа яхир өвгөчүүд, харчууд элбэгтэй. Тэр үед хамгийн муухай ааштай хүмүүс прокурор, мөрдөн байцаагчид байсан. Ёс зүйн дүрэм гэж байдаггүй байлаа. Мөрдөн байцаагч , шүүгч нар ч гэсэн ахимаг насныхан байлаа. Ер нь бол тэр үед хуулийн дунд сургуулийг төгсөгчид ажилладаг байж. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүс харьцангуй цөөрсөн.1968 оноос л хуулийн байгууллагад их дээд сургууль, гадаадад төгссөн хүмүүс орж эхэлсэн. Тэр үед прокурорууд их дуулгавартай, хуулиа сайн барьдаг байсан. Улсын дээд шүүхээс гаргасан тайлбар, шүүхээс гаргасан жишгийг яс мөрддөг байлаа. Одоо бол хүмүүсийн мэдлэг чадвар сайжирч, хуулиудыг янз бүрээр тайлбарладаг болжээ. Би хотын прокуророос 1983 онд Өмнөговь аймагт баруун дөрвөн сумыг хариуцсан хэсгийн прокуророор очсон.
-Тушаал буурсан юм уу. Эсвэл арга хэмжээ авахуулсан юм уу?
-Хоршооны дэлгүүрийн ажилтны холбогдсон 150 мянган төгрөгийн хохиролтой хэрэг байсан шиг санагдаж байна. Тэр хэргийг би муу мөрдөөд, тогтоож чадалгүй хэрэгсэхгүй болгосон. Дараа нь дээд шатны прокуророос тэр хэргийг сэргээн шалгаад 45 мянган төгрөгийн баримт падаан орхисон байна гэж үзсэн. Тэгээд УЕП-ын зөвлөлийн хурал дээр намайг дуудаж “Чи яагаад энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон юм” гээд байцаасан. Улсын прокурор Бүдрагчаа намайг “Чи 150 мянган төгрөгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм чинь 15 мянган төгрөгийн хахууль авахыг хэн байг гэх юм” гэдэг байгаа. Тэгэхээр нь миний гэдэн хөдлөөд “Наадахаа сайн шалгаж тогтоож байж, дараа нь надтай тийм юм ярина шүү” гээд томорчихсон. Залуу ч байж, халуун ч байж. Хаана юу ярихаа мэдэхгүй, хүнтэй харилцаж ч чаддаггүй байжээ. Тэгэхэд дарга уурлаж, өөрийнх нь хүсэлтээр наадахаа хал, ямар учраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг нь шалга гэж тушаал гаргасан. Тэгээд УЕП-ын чухал хэргийн мөрдөн байцаагчид шалгуулсан юм. Тэгэхэд мөн л нэгдмэл төв суурин удирдлагатай байсан. Улсын прокурор л ажилд авч, халах эрхтэй байсан. Намайг халсан боловч манай дарга надад “Чи байж бай. Тэгж байгаад учир нь олдоно” гэсэн юм. Тэгэхээр нь ажлаас халагдсан мөртлөө хоёр сар цалингүй ажилласан. Есдүгээр сарын 20-нд намайг Өмнөговь аймгийн прокурорын сум дундын прокурорт томилохоор нь тэнд очиж ажилласан. Дараа нь Баянгол, хотын прокурор, Увс аймгийн прокурор, УЕП-ын хяналтын прокурорт ажилласан.