Open iToim app
Спорт | 2 мин уншина

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц агентлагийн даргаар ажиллана

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц агентлагийн даргаар ажиллана
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 9
Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилохоор ярьж эхэлжээ. Одоогоор тус газрын даргаар гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайхан удирдаж байгаа юм.
Ц.Шаравжамцын хувьд засаг барьж буй МАН-ын гишүүн бөгөөд 1999 онд тэр үеийн МАХН-д элсчээ. Сагсан бөмбөгийн спортоос төрсөн Монголын анхны гавьяат тамирчин, манай улсын хамгийн өндөр хүн. Тэрээр 1974 оны дөрөвдүгээр сарын 5-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Түүний аав Цэрэнжанхар Монголын анхны сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин бол ээж нь анхны гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин. Спортын гэр бүлд төрж өссөн, нуруу өндөр Шараваа дунд сургуульд байхдаа багш, дасгалжуулагчдын анхааралд өртөж байв. Тэрээр хөнгөн атлетик, гар бөмбөгөөр хичээллэж байсан бөгөөд Эрдэнэтийн дунд сургуульд Бүжин багшид шавь орсноосоо хойш сагсан бөмбөгөөр амжилт гаргах суурь нь тавигдсан. Монголд сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсан 1994 оноос 1+11, удалгүй Скай Хопс багт зүтгэж цагирган дээрээс довтлох үзүүлбэрээрээ олонд танигдсан билээ.

Тэрээр 1995-1996 онд Словакийн Лигийн "Вахостав Жилина" багт тоглож гадаад улсын лигт тоглосон Монголын анхны сагсан бөмбөгч болсон. Словак улс түүнд сарын 3000 ам.долларын цалин төлдөг байжээ. Дараагаар нь 2001-2004 онд АНУ-ын алдарт "Harlem Globetrotters" хэмээх шоу үзүүлбэрийн багт тоглосон. Тэр энэ багийн Азийн анхны, Америкт тоглосон Монголын анхны тамирчин юм. Олон улсын хэмжээний мастер цолтой тэрээр Монголын шигшээ баг, дээд лигт тоглож спортдоо үнэнч зүтгэсэн. Монголын сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ц.Шаравжамцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол олгож байлаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргаар ажиллаж байгаад албаа таван жилийн өмнө хүлээлгэн өгсөн.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн