Шинэ оны ажлын эхний долоо хоногт УИХ-ын гишүүд хуваарийн дагуу бүлэг болон байнгын хорооны хуралдаандаа суусангүй. Долоо хоногийн сүүлийн өдөр чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуулийн эцсийн сонсголыг хийв. Мөн шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс зарим хууль хэрэгжиж эхэлснээс гадна агентлагууд нэгдсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн өнгөрсөн онд ч шуугиа тариад байсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяагийн хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарт эрүү үүсгэсэн гэх мэдээлэл гарав. Ингээд өнгөрсөн долоо хоногт улс төр болон нийгмийн амьдралд болсон үйл явдалыг iToim агентлаг тоймлон хүргэж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томилсон. 2016 оны төсвийн тухай хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой, Гаалийг, татвартай нэгтгэхээр болсон. Энэ хүрээнд тус газрын дарга нарыг Засгийн газрын хуралдаанаар томилсон юм. Бүртгэл, статистикийн газрын даргаар хуучин Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан С.Мэндсайханыг, Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн дэд сайдаар ажиллаж байсан С.Пүрэв нарыг томилсон. Бүртгэл, статистикийн газрын эрх үүргийг Хууль зүйн яамны харьяанд шилжүүлж, тус газрын орлогч даргаар хуучин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдоржийг томилсон бол Гаалийн татварын эрх зүйн байдлын тухай хуульд тус газрыг гурав хүртэлх дэд даргатай байхаар хуульчилсан бөгөөд Гааль хариуцсан орлогчоор н.Энхцогт, Татвар хариуцсан орлогчоор н.Даваасүрэн, Боомт хариуцсан орлогоор н.Бэхбат нарыг тус тус томилсон.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан "Мини хайпер маркет"-аас шинэ оны анхны худалдан авалтаа хийж, НӨАТ-ын урамшууллын баталгаажсан баримтаа авлаа. Монгол Улсын хэмжээнд 17 мянган иргэн аж ахуйн нэгж кассын машин ашигладаг байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 4000 гаруй цэг дээр НӨАТ-ын буцаан авалтын баримтыг хэвлэж байгаа аж. Үлдсэн 10 мянган иргэн, аж ахуйн нэгжийг нэгдүгээр сарын 15 гэхэд шинэ системд бүрэн холбогдож дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг НӨАТУС-ийн төслийн багийнхан хэллээ. Он гарсны дараа 170 мянган сугалааны дугаартай НӨАТ-ын хоёр хувийг буцаан авах баримтаар худалдан авалт хийжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт зайлшгүй хийгдэх ёстой. Буцаан олголт бүрийг иргэдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүн, баримт дээр тулгуурлан олгоно. Мөн худалдан авалт бүрийн баримт дээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох дугаар байгаа. Үүнийгээ ашиглаж сар бүр 100 сая хүртэлх төгрөгийн хонжворт сугалаанд оролцоно. Сугалааг хоёр долоо хоногт нэг удаа буюу сард хоёр удаа явуулна. Хамгийн анхны сугалааг нэгдүгээр сарын 17-ны өдөр орон даяар явагдана. Сугалаа явуулах болсон нь 2-3 том шалтгаантай. Нэгд, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд олон байгууллага тайлан балансаа ил тод болгож байгаа. Тиймээс үүнийг эргээд НӨАТ-ын систем, иргэдийн худалдан авалт хийсэн мэдээллээр үнэн зөв, хяналттай болгох боломжтой. Татвар дээр 1800 байцаагч ажиллаж байсан бол өнөөдрөөс гурван сая байцаагч ажиллах боломж нээгдсэн гэсэн үг. Учир нь, иргэд аж ахуйн нэгжүүдэд кассын машинаа тавьж, баримт хэвлэж өгөх шаардлагыг тавих бүрэн бололцоотой болж байна. Монголын эдийн засагт эргэлдэж байгаа бүх мөнгөн гүйлгээ ил тод болох боломжтой. Манай улс 2016 оноос эхлэн энэ шинэчлэлийг хийж байна. Цаашид далд эдийн засгийг ил болгоход чухал ач холбогдолтой учраас иргэд НӨАТ-ын хоёр хувиа буцаан авахын тулд заавал баримтаа нэхэж авч, аж ахуйн нэгжүүд шаардлагатай бүртгэл, кассын машинаа байршуулахыг уриалж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлэх боломжоо битгий алдаарай гэж сануулъя. Бэлэн мөнгөний арилжаа хийгдэж байгаа бүх газрууд бүгд НӨАТ-ын шинэчлэлийн систем холбогдох ёстой. Заавал цаасан баримт өгөхгүйгээр цахимаар иргэд аж ахуйн нэгж хоорондоо гүйлгээнийхээ үнийн дүнгээс хоёр хувийн буцаан авалтаа авах боломжтой. Иргэд гурван үндсэн аргаар НӨАТ-ын хоёр хувийн буцаан авах боломжийг нээсэн байна. Нэгд, www.ebarimt.mn сайтад бүртгүүлж болно. Хоёрт, компьютер, гар утсандаа тусгай аппликэйшн суулгах боломжтой. Гуравт, төрийн үйлчилгээний цахим машинаас НӨАТ-ын баримтаа хэвлэж авах боломжууд байгаа юм байна. УИХ-ын дарга З.Энхболд Монголбанк, Монголын ипотекийн корпораци, Монголын банкны холбооны удирдлагуудтай хамтран Ипотекийн зээлийн явц болон Цэцийн шийдвэрээс болж гацсан гэх найман хувийн зээлийн гацааг хэрхэн арилгах талаар танилцуулга мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Мэдээлэлд 2013 оноос өнгөрсөн арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж байсан ипотекийн зээлийн үр дүнгийн талаар МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгсийн хийсэн. Улаанбаатар хотод 352 мянган өрх амьдарч байгаагаас 148 мянга нь орон сууцад амьдарч байгаа бол дийлэнх хэсэг нь буюу 204 мянга нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр айл өрхүүдээр явж судалгаа хийхэд 189 мянган өрх дэд бүтэц хөгжсөн тохилог орон сууцад амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн хөдөөнөөс хот суурин газарт ирж амьдрах 15 мянган өрх байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Үүнээс үндэслэж ойрын таван жилд 205 мянган өрхийн орон сууцны хэрэгцээ байна гэж үзжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээл тасралтгүй нэмэгдэж оны сүүлийн нэгтгэсэн байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрчээ. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд 78 мянган өрх хамрагдсанаас 47 мянган өрхийн зээлийг МИК худалдан авч үнэт цаасжуулж, хоёр дахь зах зээлд арилжсан байна.Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш банкны систем дэх орон сууцны зээлийн хугацаа хэтрэлт дандаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, МИК-ийн худалдан авсан 47 мянган өрхөөс 40 айл нь ямар нэгэн байдлаар орлогоо алдсаны улмаас хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдол гарсан. Энэ бол томоохон эрсдэл үүсгэх тоо биш юм байна. Харин нийт банкны систем дэх ипотекийн зээлийн чанаргүй зээлд эзлэх хувь 0.01 буюу чанаргүй зээлийн ангилалд орохгүй гэдгийг МИК-ийн захирал Д.Гантөгс хэллээ. Ипотекийн зээлд хамрагдсан өрх сард дунджаар 471 мянган төгрөгийг төлдөг байна. Өмнө нь зээлийн хүү наймаас өндөр байхад орон сууцны зээлийн сарын төлбөр 1.2 сая төгрөг байжээ. Орон сууцны зээлийн хүүг найман хувь болгож бууруулснаар 1-1.4 сая төгрөгийн орлоготой өрх байртай болох боломжтой болжээ.
Хүүхдийн мөнгөнд зориулан жил бүрийн улсын төсөвт 200 тэрбум гаруй төгрөг зарцуулдаг байсан. Гэвч эдийн засгийн байдал хүнд байгаатай холбогдуулан энэ оны төсвийг батлахдаа энэ мөнгийг 144 тэрбум болгон бууруулсан. Ингэснээр энэ онд нийт хүүхдийн 40 орчим хувь нь хүүхдийн мөнгөнөөсөө хасагдаж байсан юм. Ингэхдээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас айл өрхийн амьдралын төвшинг тодорхойлсон судалгаа хийж, 20 ангилсан. Энэ ангиллын 1-17-д багтаж байгаа айл өрхийн буюу 823 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бөгөөд 18-20-д орж байгаа айлуудад хүүхдийн мөнгө өгөхгүй байх шийдвэр гарч, түүнд таарсан төсөв баталсан. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк болон твиттер хуудсандаа “ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮН БҮРТ. Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” хэмээн нийтэллээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх юм бол энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай болох юм.
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийгнэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллсэн.Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны аравдугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20000 төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан билээ. Тиймээс нийт хүүдийн 426.3 мянган хүүхэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа юм. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгасан. Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн гуравдахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн дөрөвдэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасны үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 27 гишүүн санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ, энэхүү хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлж байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж, тав хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэж хэлсэн. Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл, өнөөдөр найман хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хууль батлагдсанаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой болно" гэдгийг хэлж байлаа. Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байх, банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүү /8%/-тэй, урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар 2016.1.6-нд хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон. Энэ хоёр байлдагч 2016 оны нэгдүгээр сарын 5-ны 23:00 цагаас, нэгдүгээр сарын 6-ны 07:00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй бөгөөд байрлалаа орхин оргосон нь тогтоогдсон. Тухайн цэргийн алба хаагчид нь байлдагч хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн байна. Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй ажилласаны үр дүнд уг хугацаат цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулсан.