Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

​В, С вирус идэвхжихэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ

​В, С вирус идэвхжихэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 22
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан элэгний өвчлөлийн талаарх асуултад хариулж, зөвлөгөө өгч байна.
-Элэг ЭХО-д цайрч харагддаг нь юуных вэ?
-Элэг цайрч харагдах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, ЭХО гэдэг нь хүний арьснаас авахуулаад арьсан доорхи эд, өөхийг нэвтлээд элгийг харж байгаа. Тэгэхээр арьсан доороо зузаан өөхтэй, тарган хүний элэг цайрч харагдана. Ихэнх шалтгаан нь ийм байдаг. Хүмүүсийн 30-40 хувь нь таргалалттай болсон шүү дээ. Ер нь бол элэг хатуурсан бол бас ингэж цайрч харагддаг. Гэхдээ зөвхөн ЭХО-д хараад хатуурсан гэж онош огт тавьж болохгүй. Энэ бол хэт субьектив онош болно. Элэгний үйл ажиллагааг лабораторийн шинжилгээгээр үзэж байж онош тогтоох ёстой.
-Элэгний циррозтой хүн өглөө, оройд сүү ууж байвал сайн гэдэг юм билээ. Яагаад?
-Ер нь сүүг өглөө, орой гэлтгүй хэзээ ч гэсэн ууж байвал өөрт хэрэгтэй. Миний бодлоор хорвоод байгаа хамгийн сайн хоолыг нэрлэ гэвэл сүү, өндгийг хэлнэ. Сүү бол эх амьтан үр хүүхдээ тэжээх гэж бүхий л хэрэгтэй уураг, өөх тос, витамин, микроэлемент, тэр байтугай дархлааны бодисуудыг бүгдийг нь агуулсан ач тустай гайхамшигтай тэжээл. Үүнээс илүү хоолыг хүн төрөлхтөн хэзээ ч дахиж хийж чадахгүй. Эхийн сүүнээс илүү сүүг шинээр бүтээнэ гэж байхгүй. Тэгэхээр сүү бол хамгийн сайн хоол. Үргэлж хэрэглэж байх ёстой. Дундговь, Өвөрхангай, Булганд зун нь зөвхөн айраг уудаг айлууд бий. Хоол ч идэхгүй, ундаа ус ч уухгүй. Тэр хүмүүс хамгийн эрүүл чийрэг байдаг. Тэгэхээр сүү бүгдийг орлож чадна. Өндөг бас тийм. Гэхдээ өндөг бол дотроо үр хөврөлөө хадгалаад, дэгдээхэй болох үеийг хүртэл тэжээхээр зориулагдсан болохоор сүүнээс хэт өндөр уургийн бодисуудын агуулгатай болохоор харин хэмжээтэй идэх ёстой байх. Өдөрт хоёр, гурваас илүүг идээд хэрэггүй болов уу. Харин хүнд дасгал хийж байгаа тамирчид, өглөө оройд таван км гүйдэг хүмүүс дөрөв таван өндөг идэж болно. Тэгж байж уургаа хангалттай авна. Үүнтэй зохицуулаад бусад хоолоо тааруулах ёстой.
-Циррозонд хэрээний элэг сайн гэж сонссон. Үнэн үү?
-Хэрээний элэгний тухайд мэдэхгүй. Элэг бол хамгийн сайн хоолны нэг. Тийм ч учраас монголчууд эрт дээр үед гөрөөсний ч юм уу, буриадууд дөнгөж гаргасан үхрийн элгийг түүхийгээр нь иддэг байсан. Яагаад гэвэл элэгний үндсэн зориулалтын нэг бол нөөцийн эрхтэн. Дотроо уургийн, нүүрс усны, витамины гээд хүний биед хэрэгтэй хамаг нөөцийг агуулж байдаг. Товчоор хэлбэл, агуулах. Хамгийн эхний нөөц бол эсэд, цусанд явж байдаг. Энэ нөөц барагдаад, бие өлсөхөд эс эхлээд өөрийн дотор байгаа глюкозыг, дараа нь цусанд байгаа глюкозыг хэрэглээд, тэгээд элэгнээс уураг, бусад элементүүдээ авч эхэлдэг. Элгэнд байгаа глюкогоныг глюкоз болгон авч ашигладаг. Түүнтэй адил уураг ч бас тийм. Хэрээний элэг бусад амьтныхаас онцлог гэж мэдэхгүй. Гахайн элэг зэрэг бусад амьтны элэгнээс илүү байх магадлал их биш. Учир нь элгэнд очиж хуримтлагдаж байгаа бодисууд яг л адилхан. Тэрнээс хэрээнийх байлаа гээд хар өнгөтэй бодис байдаг, гахайных байлаа гээд самрын амттай, тусгай эмтэй байна гэж бараг байхгүй. Хэрээ ч бай, гахай ч бай, хүн ч бай, үндсэн бодисын солилцоо, уургийн, нүүрс усны бодисын солилцоо бараг ширхгийн зөрүүгүй адил. Тэгэхээр ялгаагүй л байгаа. Зарим хүн хэрээг урт насалдаг болохоор сүсэг маягаар иддэг байж болох юм. Солонгосууд жишээ нь тэгж иддэг гэсэн.
-Элгээр бөөлжинө гэж ярьдаг. Үнэхээр элэг нь амаар гардаг гэж үү?
-Элэгний хатуурал, циррозны үед тохиолддог. Гэхдээ яг элэг бол биш л дээ. Элэгний хатуурлын үед хэвлий дотор байгаа бүх эрхтнээс зүрх рүү буцаж буй цус элгээр дайрч явах ёстой байдаг. Гэтэл элэг хатуурснаас болж тэнд даралт нь ихсээд, түүгээр цус явахад удаашралтай болсноос болж элгийг алгасаад, шууд зүрх рүүгээ явдаг. Ингэхдээ ходоодны дээд хэсгийн улаан хоолойг тойрсон нөөцөнд байдаг судаснуудаараа дамжин явж эхэлнэ. Тэр судаснууд идэвхжээд ирэхээр судаснууд нь өргөжин, хөлний судасных шиг өргөсөөд ирдэг. Энэ үед улаан хоолойг дурандвал дотор тал нь яг л хөлийн өргөссөн судас шиг харагддаг. Тэр нь улаан хоолой, ходоод хүчтэй агших, ханиах, огиулах, том бүхэл юм идэх үед хагараад, цус алддаг юм. Алдсан цус нь ходоодонд орж, ходоодны хүчлийн нөлөөгөөр бүлэгнэчихдэг. Тэр бүлэгнэсэн цусаар л хүн бөөлжөөд байгаа юм. Түүнийг л элгээрээ бөөлжих гэж ярьдаг.
-В,С вирустэй хүний биед тэр бүр зовиур мэдэгддэггүй. Эдгээр вирус идэвхжихээр зарим хүнд нүд улайх зэрэг шинж өгдөг гэж сонссон. Өөр ямар шинж тэмдэг илрэх вэ?
-В,С вирус идэвхжих үед амархан ядарна, их унтана, нүд шарлана, арьс салст загатнана, хоол унданд дургүй болно, турна. Дээрх хариултад хэлсэнчлэн элэг үүргээ биелүүлж чадахаа болино гэсэн үг. В,С вирус яг элгэнд юу хийдэг вэ гэхээр, элэгний эсэд ороод эс дотор байгаа цөмд орж, цөмд байгаа генд нь холбогдоод, элэгний эсийг үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн оронд зөвхөн тэр вирусийг үйлдвэрлэх үйлдвэр болгож хувиргана. Тэгээд тодорхой хэмжээний, магадгүй нэг эс дотор нэг вирус орвол яг өөртэйгөө адилхан 1000 эс рүү очдог. Тэгэхээр элэгний эсийг дахин идэж өөрийгөө дахин үйлдвэрлэх үйлдвэр болгож хувиргадаг вирус. Тийм учраас элэгний үндсэн ажиллагаа алдагдаж эхлэхээр дээр дурдсан бүх зовиур илэрч эхэлнэ.
-Үүнээс болж элэгний цирроз болдог уу?
-Энгийн нүдээр харахад ч элгэнд үй түмэн сорви үүссэн, хатуурсаныг нь л элэгний цирроз гэдэг. Хатуурах гэхээс илүү сорвижиж хатуурах гэвэл илүү ойрхон. Гэхдээ хүний дасан зохицох чадвар өндөр тул элэгний нийт эсийн 50-60 хувь нь сорви болчихсон байхад ч мэдэлгүй явах нь элбэг. Харин 70 хувь нь сорви болж хатуурсан хүнд заавал зовиур шаналгаа илэрнэ. Тийм ч учраас нэлээд хүмүүс их хожуу мэдэж богино хугацаанд хүндрэх нь бий. Хүн ер жилд нэг удаа элэг, бөөр, зүрх, уушги гээд бүх эрхтнээ тандах шинжилгээ хийлгэж байвал зүгээр, ялангуяа 40-с дээш насанд.
-Архи хамгийн түрүүнд элгэнд нөлөөлдөг гэдэг. Үнэн үү?
-Элэг үндсэн хэдэн үүрэгтэй. Элэг нь нэгдүгээрт, хүний хэвлийд байгаа гэдэс дотрын бүх эрхтнээс орж ирж буй цусан дахь гадаад хоол тэжээлийг дахин боловсруулах, амин хүчил, өөх тос, нүүрс усыг хүнд өөрт нь яг хэрэгтэй хэлбэрт нь оруулах химийн үйлдвэр, заримдаа бэлэн бүтээгдэхүүн болгоод эд эсэд өгч байгаа асар том лаборатори, химийн үйлдвэр юм. Хоёрдугаарт, орж ирж байгаа хоол тэжээл дотор гаднын өч дөчнөөн бодис бий. Тэр болгоныг шүүгээд цөстэй нийлүүлээд, гадагшаа ялгаруулдаг. Маш хүчтэй хяналтын лаборатори. Гурав дахь том үүрэг нь нөөц, цус хамгийн түрүүний нөөц болдог. Эд эсэд хүчилтөрөгч юм уу, уураг, витамин, бусад органик ямар нэгэн бодис дутвал эхлээд цуснаас авдаг. Цусанд багасаад ирвэл элэгнээс авна. Тийм учраас хоол идэхгүй архи уувал элгэнд шууд муугаар нөлөөлнө. Элгээ идэж эхэлдэг.
-Элэгний С вирустэй хүн эдгэх болов уу. А,В,С гээд байгаа нь чухам юу вэ. Д вирус гэж бий юу?
-В, С вирустэй хүн эм, эмчилгээгээ сайн хийлгэвэл эдгэх боломжтой. В вирусын хувьд цагаан арьстнуудын 80 хувь нь архагшихгүй эдгэдэг. 10 гаруй хувь нь архагшиж эмчлүүлэх шаардлагатай болдог. Гэтэл монгол хүнд эсрэгээрээ 10 гаруй хувь нь эдгэж, 80 гаруй хувь нь архагшдаг гэсэн судалгаа байдаг. Монголчуудын дунд хийсэн судалгаагаар хүн амын 20-40 хувьд нь С вирустэй байж магадгүй гэсэн байдаг. С вирус бол цус, цусан бэлдмэл, тарианаас гадна сексээр ч бас халдварладаг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн