Хүний биеийн аль нэг эд эрхтэн хямарч, өвдвөл бие махбод тэр аяараа асуудалд орно. Бөөрний тухайд бол хэрэв бөөр үүргээ биелүүлж чадахгүй, цуснаас хортой бодисыг шүүж ялгаруулахаа болбол эрүүл мэнд аюултай байдалд ордог. Иймээс бөөрний дутагдлын үед ямар шинж тэмдэг илэрдэг болон түүний сөрөг үр дагавруудыг мэдэж байх хэрэгтэй.
Ядарч сульдах. Бөөр нь эритропоетин хэмээх даавар ялгаруулдаг бөгөөд энэ даавар нь хүчилтөрөгчийг биеийн эд эс рүү дамжуулдаг цусны улаан эсийг үүсэхэд тусалдаг. Цусны улаан эс буюу эритроцит багасахын хэрээр хүн цус багадалтад орж энэ нь хүнийг эцээж ядраах, цаашлаад эс хүчилтөрөгчийн алдагдалд ороход хүргэдэг сөрөг үр дагавартай.
Давсагны хэвийн ажиллагаа өөрчлөгдөх. Бөөрний хэвийн үйл ажиллагаа муудвал дагаад шээсний замын системд өөрчлөлт орж, шөнө ойр ойрхон шээх, шээсний өнгө хэтэрхий цайвар болж өөрчлөгддөг.
Хавагнах. Бөөр нь бие махбодоос хэрэггүй хортой бодисыг шүүж, ялгаруулдаг. Гэтэл энэ үйл явц алдагдаад ирэхээр илүүдэл шингэн биеийн хэсгүүдэд буюу нүүр, гар, хөл, шагай, шилбэнд хуримтлагдаж хаван үүсгэдэг.
Хуурайшилт, тууралт, загатнах. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж цусанд хортой бодисууд хуралдсанаар арьс хуурайшиж, арьсан дээр загатнаж, тууралтууд гарч эхэлдэг.
Ууц нуруугаар өвдөх. Эхлээд ууц нурууны нэг талаар өвддөг байсан бол сүүлдээ хоёр талаар өвдөх шинж тэмдэг илэрнэ.
Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлж, бөөрний үйл ажиллагааг сэргээхийн тулд өдөр тутмынхаа амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж, эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөе. Мөн шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэн, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндэд тустай хүнс хэрэглэх хэрэгтэй.