Бидний хүмүүжил, төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн хэн байсан бэ гэвэл бүгд л аав, ээжийгээ дурдах байх. Гэхдээ алдар нэрийн данснаас дандаа хасагддаг, аажимдаа мартагддаг багшийн талаар дурдах хүн тун цөөн байх биз ээ. Эх хүн биеэ хувааж үрээ төрүүлдэг бол багш хүн ухаанаа хувааж шавиа төрүүлдэг гэдэг. Бага наснаас нь эхлэн хүнийг урлаж, хүнийг хүн болгодог дархан хүн бол яах аргагүй бага ангийн багш. Оюун ухааны гайхамшигт оньсыг нээж, хайрлах ухааныг нар зөв залж, ухаарлын үрийг суулгадаг бага ангийн багш л ирээдүйн иргэнийг бэлтгэдэг.
Дэлхийн багш нарын баярт хүүхдийг залж, засч, чиглүүлдэг нандин сайхан энэ мэргэжлийг онцолж, энгийн даруухан хэрнээ эгэлгүй нэгэн багшийн тухай бид энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна. Сурвалжлагын маань эзнийг Ц.Бямбацэрэн гэдэг.
-Багшаа би дуулдаг ш дээ. Тэр үед ч дуулдаг л байсан-
“Би зургаадугаар ангид байхдаа хөдөөгийн сургуулиас аав ээжийгээ дагаад шинэ ангид шилжин ирж байсан. Бага байхын л дуулах дуртай, өөрийгөө дуучин болно гэж төсөөлж мөрөөддөг байлаа. Эргэн тойрны хүмүүс маань ч намайг сайхан дуулдаг гэж магтана . Тэгж бодох нь ч аргагүй биз дээ. Сургуулийн урлагийн үзлэгт жил алгасахгүй орно. Орохдоо бүр зүгээр ч нэг оролцохгүй мандалин барьж дуулаад ангийнхаа урлагийн номерыг аваад гарчихдаг байсан юм чинь. Гэтэл шинэ ангид шилжин ирснээс хойш сургуулиа төгстөлөө намайг дуулдагийг ангийнхан, багш мэдээгүй өнгөрч билээ. Багш надаас дуулдаг уу гэж огт асуудаггүй, би ч өөрөө дуулдаг гэж хэлж чадаагүй өнгөрчихсөн хэрэг л дээ. Хүүхэд л болсон хойно урлагийн үзлэгт орох гэж дотроо сэмхэн бэлдэж мөрөөддөг л байсан. Тэр бодол маань дотор л үлдсэн дээ.
Гэтэл сүүлд багш болсныхоо дараа арван жилийн ангийнхан, багштайгаа уулзаж, тэр үед багш миний дуулахыг сонсоод, надаас хүүе Бямбаа чи чинь дуулдаг байсан юм уу гээд л гайхширсан харцаар асуусан. Тэр үед би “Тиймээ, багшаа би дуулдаг ш дээ. Тэр үед ч дуулдаг л байсан. Би одоо өөрөө багш болсон. Таны гаргасан алдааг давтахгүй юмсан гэж л хичээж явна даа” гэж хэлэхэд багш надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж билээ”
Энэ бол Ц.Бямбацэрэнг багшийг багш болох хүсэл мөрөөдөлд хөтөлсөн анхны түүх. Тэрээр одоо улсын тэргүүний, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-дугаар сургуулийн бага ангийн багш. 20 настайдаа анхны шавь нартайгаа учирч байсан тэрээр өдгөө 33 жил багшилж тэргүүний сэхээтэн залуу, боловсролын тэргүүний ажилтан , хөдөлмөрийн хүндэт медалийг тус тус хүртжээ.
Ууган шавь нар нь 40 нас хол давсан, отгон шавь нар нь энэ жил дөрөвдүгээр ангид суралцаж буй. А үсгийг анх зааж амьдралд хөтлөн оруулсан түүний шавь нар дунд улс, бүсийн олимпиадын аваргууд ч бий, улсаа төлөөлж ухаанаа уралдуулдаг математикчид ч бий, тэнхээтэй яваа сэхээтнүүд ч бий, тэвдэж явсан ч цэцэг тэврээд багшдаа ирдэг тийм хэсэг эрхмүүд ч бий.
-Гэрийн даалгавраа заавал хийгээрэй гэж хэлэхээс өмнө хийсэн даалгаврыг нь эхлээд би өөрөө шалгаж хэвшдэг-
Бямбаа багш хүүхдэд хичээл заахыг цэвэрхэн цаасан дээр зураг зурж буйтай адилтгадаг бөгөөд хүүхэд бүрийн сэтгэлд, бодолд, оюун ухаанд хамгийн сайхан, үзэсгэлэнтэй, тод томруун уран зураг зурахыг хичээсээр иржээ. Тийм ч учраас түүний төгсгөсөн ангийн хүүхдүүд дунд энэ нь муу сурдаг, тэр нь онц сурдаг гэсэн ангилал хамаардаггүй гэнэ. Бүгд л нэг адилхан төвшинд сурч, хөгжицгөөдөг нь Бямбаа багшийн төгсгөсөн шавь нарын хамгийн том онцлог. Тэрээр хүүхдэд аливааг зааж сургахдаа үг хэлээр бус үлгэрлэн бодитоор харуулахыг хичээдэг тухайгаа ярихдаа “Би хүхүдүүддээ цэвэрч, нямбай бай гэж хэлэхээс өмнө тэдэнтэй хамтдаа ангиа цэвэрлэж, хог унасан байвал өөрөө түрүүлж аваад хогийн саванд хийдэг, гэрийн даалгавраа заавал хийгээрэй гэж хэлэхээс өмнө хийсэн даалгаврыг нь эхлээд би өөрөө шалгаж хэвшдэг. Тэр үед хүүхэд надаас хариуцлагатай байдал, цэвэрч нямбай байхыг суралцдаг.
Манай ангийг төгссөн Хангай гээд нэг хүү байсан юм. Гэтэл саяхан тэр хүүгийн ээжтэй нь таартал надад “Манай Хангай таны ачаар арай л өөр хүн болж төлөвшсөн шүү. Ах Алтай нь хоол идсэн тавгаа хажуудаа тавиад босож байхад, Хангай бол тэс өөр, бүх зүйл нь маш эмх цэгцтэй, цэвэрч, уусан аягаа заавал угаадаг. Тэгээд би хоёр хүүгээ харьцуулж хараад бага ангийн багшийн нөлөө хүүхдэд ямар чухал үүрэгтэй байдгийг мэдэрч байна” гээд л талархаж байгаагаа хэлж байсан. Тэгэхээр багш юу хийж, хүүхдүүдэд ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа нь хүүхдийн хүмүүжилд их чухал үүрэгтэй.
Энэ мэт талархлын үгийг их л сонсоно. Би хувьдаа тэгж боддог юм. Хүн бүр тоо сайн боддог байх албагүй, алдаагүй цэвэр бичдэг байх ч албагүй. Харин хүнийхээ хувьд зөв хандлагатай, эрүүл сэтгэлгээтэй, амьдралын зөв хэвшилтэй болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Тийм учраас хүүхдүүдээ бага балчраас нь эмх цэгцтэй, цэвэрч нямбай, хариуцлагатай хүн болгохыг хичээдэг.
-Хүүхдийг хамгийн сайн сургах арга нь магтах-
Бямбаа багшийн анги 56 хүүхэдтэй. Тэрээр “Хүүхдийг хамгийн сайн сургах арга бол магтах тэр тусмаа зургаан настай хүүхдийг магтаад л байвал нисээд л байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг даа. Таван хошуутай магтаалыг өгчихөд л бяцхан биендээ тэд хичнээн их хичээдэг гэж санана. Мөн хүүхдийн чаддаг , дуртай сонирхолтой зүйлийг нь олж мэдээд түүгээр нь дамжуулан хөгжүүлбэл хамгийн сайн үр дүнтэй. Хэдэн жилийн өмнө манай ангид нэг хүү шилжиж ирж байсан юм. Хичээлдээ жаахан тааруу, хичээл хийх дургүй хүүхэд байсан. Гэтэл тэр хүүхэд зураг маш сайн зурдаг. Би нөгөө хүүг зураг сайн зурдаг талаар нь бусад хүүхдүүдийн өмнө дөвийлгөж магтаж эхэлсэн. Гэтэл тэр хүүхэд нэг их удаагүй бусад хичээлүүдээ ч хичээнгүйлэн сайн хийдэг болчихсон. Ер нь гарын уртай хүүхэд ухааны уртай байдаг. Гарын булчин хөгжихгүй бол тархины булчин хөгжихгүй шүү дээ. Тийм болохоор би хүүхдүүддээ аль болох юм хайчлуулж, наалгаж, будуулахыг хичээдэг” гэв.
-Миний дуулдаг авьяасыг таньж чадаагүйгээс болоод би хүсэл мөрөөдлөө орхиж өөртөө итгэлгүй болсон-
Бямбаа багшийн ангийнхан сургуулийн урлагийн үзлэгт нэг ч хүүхэд үлдэхгүй бүгдээрээ оролцдог. Учир нь тэрээр хүүхэд бүрт өөртөө итгэх итгэлийг, урам зориг өгөхийг хүсдэг гээд ингэж ярьсан юм. “Би бага байхаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Гэтэл арван жилийн багш миний дуулдаг авьяасыг таньж чадаагүйгээс болоод би хүсэл мөрөөдлөө орхиж, өөртөө итгэлгүй болсон. Тэгээд одоог хүртэл багшийнхаа тэр алдааг давтахгүй юмсан гэж хичээсээр ирсэн. Тийм болохоор урлагийн үзлэг, ямар нэг тэмцээн уралдаан болохоор хүүхдүүдээ бүгдийг нь оролцуулдаг. Дуулж чадахгүй ч гэсэн тэр хүүхдийг ангийхантай нь хамт хувцас өмсүүлээд гаргаад зогсоочихдог”. Бямбаа багшийн энэ яриаг сонсох үед надад ч гэсэн арван жилд байсан үе нүдэнд харагдсан юм. Урлагийн үзлэг, сагс, волейболын тэмцээнд ангиас төлөөлж шилдгүүд гэсэн тодотголтой хэдхэн хүүхэд оролцоно. Харин түүний ард хоцордог хүүхдүүдийн ихэнх нь ёстой л нөгөө хувь заяатайгаа эвлэрчихсэн гэдэг шиг би чадахгүй, мэдэхгүй гэсэн хандлагаар үлддэг байж билээ. Бага сургуульд байхдаа Бямбаа багштай учирсан бол гэж өөрийнхөө эрхгүй бодогдож суулаа.
Бямбаа багшийн бяцхан шавь нар багшийнхаа тухай юу ярьсан талаар хүргэж байна.
12в ангийн сурагч М.Анужин “Бямбаа багш надаас нэг удаа багш нь чамд уншихыг заасан чи сурчихлаа, тоо бодохыг заасан чи сурчихлаа. За, тэгвэл одоо багшдаа сурсан зүйлүүдээ буцаагаад өгчих гэж хэлж байсан. Би тэр үед нь гайхаад, болохгүй ш дээ багшаа гэсэн чинь яг зөв хүний сурсан зүйлийг хэн ч авч чадахгүй гэж хэлж байсан. Тэр үеэс олон зүйлийг сурах хэрэгтэй юм байна даа гэж надад бодогдсон”
9б ангийн сурагч У.Энхнаран “Бямбаа багш миний бага ангийн багш. Хичээлээ заахдаа их ойлгомжтой заадаг байсан. Одоо хүртэл зарим хичээлүүд толгойд маш тод үлдсэн байдаг. Хичээл заахдаа зүгээр тийм, ийм гэж ярихаас илүү бодитоор хийж, үйлдлээр харуулдаг байсан. Жишээ нь, математикийн хичээл дээр хурд гэж юу вэ гэдгийг хэлж өгөхийн тулд самбарын өмнүүр алхана, за хүүхдүүдээ цагаа хараарай гээд л. Энэ нь хичээлээ хурдан ойлгож, удаан мартахад чухал нөлөөтэй байсан юм шиг санагддаг. Бас манай багш цэвэрч нямбай, сайхан сэтгэлтэй хүн”
12б ангийн сурагч Д.Болортуяа “Би Бямбаа багшаар хичээл заалгаж байгаагүй л дээ. Гэхдээ саяхан манай сургуулийн ой болох гээд бид багш нартайгаа хамт төмс арилгаж, хэрчсэн юм. Тэгсэн би чадахгүй. Тэрнээсээ болоод зөндөө олон багшид загнуулсан. Харин Бямбаа багш л намайг загнахаасаа түрүүлээд яаж хэрчих ёстойг зааж өгсөн. Тэгээд тэр нь надад их гоё санагдаад бүх нууцаа ярьмаар санагдсан”
Бямбаа багшийн ангийн хүүхдүүдийн дэвтрийг засахад урамтай
Бямбаа багшийн талаар 18 дугаар сургуулийн Гадаад хэлний менежер Б.Наранцэцэг “Би Бямбаа багштай 18 жил хамт ажиллаж байна. Анх багш болоод юугаа ч мэдэхгүй явахад чин сэтгэлээсээ тусалж, дэмжиж, зөвлөж, хажууд байсан хүн бол Бямбаа багш. Надад маш олон зүйлийг зааж сургасан. Бямбаа багшийн шавь нар бусад хүүхдүүдээс их олон зүйлээрээ өөр байдаг. Дэвтэр хөтлөлтөөсөө эхлээд л цэвэрч нямбай, эмх цэгцтэй. Тийм хүүхдүүдийн дэвтэр засахад цаанаа л бүр урамтай шүү. Би Бямбаа багшийн төгсгөсөн нэг ангийг дунд ангид нь дааж авч байсан юм. Тэгсэн тэр ангийн нэг хүүхэд багшаа миний дэвтрийг засахдаа битгий муухай болгочихоорой гэж хэлж байсныг санадаг юм. Хүүхдүүдийн дэвтэр хөтлөлтийг хараад л ер нь тухайн хүүхэд ямар төлөвшилтэй, зан ааштай гэдгийг мэдэж болдог. Дэвтрээ эмх цэгцтэй, цэвэрч нямбай хөтөлж сурсан хүүхэд бол аливаад чин сэтгэлээсээ хандаж сурсан байдаг. Манай сургуульд 15 жилээс дээш жил ажилласан багш конспект бичихгүй байж болно гэдэг. Бямбаа багш харин тэгэхгүй шүү. Заавал хичээлээ бэлдэнэ, төлөвлөнө. Хандлагаасаа эхлээд бусад багш нараас тэс өөр хүн.
-Би багш мэргэжилдээ дуртай байсан болохоор бүх насны амьдралаа хүний хүүхдүүдэд зориулсан-
Бямбаа багшийг хүүхдүүдийн хайртай, багш нарын хүндэлдэг, эцэг эхчүүдийн итгэл хүлээсэн, сургуулийн урдаа барьдаг сайн багш болоход нөлөөлсөн бас нэг зүйл бол түүний багш, гэр бүлийнхэн. Түүний аав, ээж хоёр нь хоёулаа багш. Бага охин нь ч багш.
Бямбаа багшид аав нь “За, миний охин хүний хүүхдэд гар хүрч болохгүй шүү гэж захидаг байсан бол ээж нь “Миний охин ангиа орхиж гарч болохгүй шүү” хэмээн захидаг байсан талаар дурсан ярьж байсан юм. Харин одоо тэрээр бага охиндоо хариуцлагатай байхыг үргэлж захидаг бөгөөд багш болох гэж байгаа хүүхдүүдээс багш мэргэжилд үнэхээр дуртай юу гэж асуудаг гэлээ.
Учир нь Бямбаа багш мэргэжилдээ үнэхээр дуртай болохоор сонгосон, дуртай болохоор энэ насны бүхий л цаг хугацаагаа зориулсан, дуртай болохоор тэр олон хүүхдийн шуугианд бүтэн өдөр суусан ч ядарч байна гэж хүүхдүүдийн дэргэд ганц удаа ч хэлж байгаагүй, дуртай байсан болохоор энэ олон багш, хамт олон, хүүхдүүдийн хайр хүндэтгэлийг хүртэж чаджээ.
Хүн дуртай ажлаа хийх үедээ ядрах, шантрах, төвөгшөөхийг мэддэггүй зөвхөн чин сэтгэлээр бүхнийг хийдэг нь Бямбаа багшийн ажилдаа хандах хандлага хүүхдүүдээ гэсэн чин сэтгэл нотлон харуулж байна.
Ц.Бямбацэрэн багш шиг Монголын мянга мянган хүүхдийн итгэл, сэтгэл, ирээдүйд гэрэл нэмж, хөрөнгө оруулах багш нар олноор төрөх болтугай.