Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

​Н.Бямбадалай: Ханиад хүрсэн хүүхдийг гар утас, дэлгэцнээс хол байлга, дархлааг нь улам сулруулна

​Н.Бямбадалай: Ханиад хүрсэн хүүхдийг гар утас, дэлгэцнээс хол байлга, дархлааг нь улам сулруулна
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 16
“Монгол Мэд” эмнэлгийн хүүхдийн эмч Н.Бямбадалайтай ярилцлаа.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байна. Ер нь ханиад томууны халдвараас гэрийн нөхцөлд, анхан шатандаа хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бага насны хүүхдийг олон нийт цугласан газарт дагуулж явахгүй , гэртээ чийгтэй цэвэрлэгээг хийж, агааржуулалтыг сайн байлгах хэрэгтэй. Үдээс өмнө утаагүйгүй үед цонхоо онгойлгож агаар оруулж, буцааж хаагаад температураа хэвийн болсны дараа хүүхдээ өрөөнд нь оруулах хэрэгтэй. Гуравт, эцэг эх, хүүхдүүд гаднаас орж ирсний дараа заавал гараа угааж, ам хамраа зайлах ёстой. Дөрөвт, бага насны хүүхдийн дархлааг сайн байлгах хэрэгтэй. Дархлааг дэмжинэ гэхээр эм тан ихээр уулгана гэж зарим эцэг эхчүүд ойлгодог. Гэтэл тийм биш, хүүхдийнхээ насанд нь тохирсон хоол хүнсээр нь дамжуулан авах ёстой витаминаа авч дархлаа дэмжигдэнэ. Мөн хүүхдийн хөдөлгөөн, унтах дэглэмийг зөв зохицуулж дархлааг дэмжинэ. Сүүлийн үед хүүхдүүд гар утас, таблет, телевизор өдөржин үзэж, утсаар тоглосоор байгаад шөнийн 00.00 цаг өнгөрөөж унтах нь элбэг болсон байна. Бага насны хүүхэд орой 21.00 цагт унтаад өглөө 08.00 цагт сэрэх хамгийн тохиромжтой цаг. Хүүхэд их унтаж, амрах тусам дархлааны эд, эс сайн сэргэдэг. Удаан цагаар сэрүүн, байнгын дэлгэц ширтээстэй байвал мэдрэлийн ядралт явагдаж, дархлааг дэмждэг эд, эс үхжиж эхэлдэг. Т иймээс ханиад томуу хүрсэн үед хүүхдийг сайн унтуулж, амрааж байх ёстой. Мөн ханиад томуу хүрсэн үед, дархлааг дэмжих үүднээс шингэн сайн уулгадаг. Хэрвээ ханиад, томуу, томуу төст өвчнөөр хүүхэд нь өвчилсөн бол сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй гэрт нь байлгаж, дээр хэлсэн урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэх нь зүйтэй.
-Ханиад томуу, томуу төст өвчний үед хэрэглэх эмийн эмчилгээг ямар байдлаар хийх ёстой юм бэ. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ шинж тэмдгийг хэлээд дурын эмийн сангаас эм авч хүүхэддээ өгөх нь элбэг болоод байна?
-Монголд ханиадны вирусийн эсрэг эм, эмчилгээ гэж байхгүй. Манайхан ханиад виферон, анаферон их хэрэглэж байгаа. Гэхдээ эдгээр эм нь вирусийн эсрэг үйлчилгээтэй, ханиад томууны вирусийг утсгах эм мөн гэсэн судалгаа одоо хүртэл л хийгдээгүй байна. Ер нь антибиотик бол бактери, нянгийн эсрэг үйлчилгээтэй болохоос вирусийн эсрэг ямарч үйлчилгээгүй. Тэгэхээр өөрийн дураар эмийн сангаас антибиотик авах нь ямар ч хэрэггүй эмийг л хүүхэддээ өгч байна гэсэн үг. Антибиотикийг хэзээ өгөх вэ гэхээр вирусээр өвчлөөд бага зэрэг хүндэрч, бактерийн хоёрдогчоор халдвар аваад уушгины хатгалгаа болон хүндрэх тохиолдол антибиотик хэрэглэнэ. Мөн хүүхэд олон хоногоор халуурч байгаа бол эмчийн заавраар антибиотик ууна. Эм, антибиотик өгөхөө илүүгээр хүүхдээ сайтар унтуулж, амраагаад, шим тэжээлтэй хоол хүнсийг нь өгөх хэрэгтэй. Хүүхэд халуурч байгаа бол халуунд тааруулан парацетамол, ибупрофен, норфеныг цагаар уулгана. Нэмэлтээр С, А, Е, D-гийн агууламж орсон витамин уулгаж болно.
Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс хүүхэд эмэнд дасалтай болж, бактерийн эмчилгээ авахад хүнд болдог. Ханиуд хүрээд дөнгөж эдгэж байгаа хүүхдийн дархлаа унасан байдаг. Энэ үед ханиад нь эдгэчихлээ гээд цэцэрлэгт нь явуулдаг. Цэцэрлэг дээр агаарын солилцоо байхгүй, нэг хүүхдэд ногдох ам метрийн хэмжээ бага байдаг. Энэ нөхцөлд эргээд ханиадны вирусээр өвчлөх нь элбэг байна. Гэхдээ эцэг эхчүүд ажилтай учраас цэцэрлэгт нь явуулахаас өөр аргагүй. Харин ханиад эдгэж байгаа үед хүүхдийнхээ дархлааг сайн дэмжих хэрэгтэй байна.
-Сүүлийн үед ханиадаа уушгины хатгалгаа болж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандаж байна гэж эмч нар ярьж байна. Гэрийн нөхцөлд хатгалгаа болсныг эцэг эхчүүд яаж мэдэх вэ?
-Хүүхэд 3-аас дээш хоног халуурах, хүүхэд халуурахгүй байгаа ч амьсгал нь олшрох шинж илэрнэ. Амьсгалыг нь гэдсээр түрж амьсгалж байгаагаар нь тоолдог. Хоёр хүртэлх сартай хүүхэд минутад 60-аас дээш амьсгалах, 2-12 сартай хүүхэд 50-аас дээш амьсгалах, нэгээс дээш настай хүүхэд 40-өөс дээш удаа амьсгалвал хатгалгааны нэг үндсэн шинж болдог. Мөн цээж хонхолзох нь хатгалгааны шинж. Хүүхэд амьсгал авч байх үе хавирганы доод тал цаашаа татагдах шинжийг цээж хонхолзох гэж хэлдэг. Хэрвээ энэ шинж тэмдэг ажиглагдвал хүүхдээ яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед ханиад хүрсэн ихэнх хүүхдэд шуугиантай амьсгалах шинж ажиглагдаж байгаа. Астматай юм шиг амьсгалж байгаа нь агаарын бохирдол, харшилтай холбоотой байна. Ийм тохиолдолд яаралтай эмчит үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Эцэг, эхчүүд гэрийн нөхцөлд хүүхдийнхээ ханиадыг эмчлэх гээд утлаг ихээр хэрэглэж байна. Энэ нь хэр зөв юм бэ?
-Хүүхдийн хамраас шингэн нус гарах, ханиалгах, жаахан шуугиантай амьсгалах үед гэрийн нөхцөлд утлаг хэрэглэж болдог. Гэхдээ сүүлийн үед маш замбараагүй хэрэглэж байгаа нь асуудал болоод байна. Эмийн сангаас маш хүчтэй подизоль ч юмуу гормоны агууламжтай утлагийг авч хэрэглэдэг. Ингэж дааврын эмээр хүчтэй утаж огт болохгүй. Учир нь хүүхдэд гормон эмчилгээгээр утлаг хийхээр амьсгалын замд сөргөөр нөлөөлдөг. Амьсгалын замын мөөгөнцөрөөр өвчилдөг. Тиймээс утлагийн ямар эмийг сонгож, гэрийн нөхцөлд утах вэ гэдэг нь маш чухал. Гэрийн нөхцөлд утах хамгийн энгийн арга бол содатой л утлаг, гурван процентийн утлаг, натри хлоридын утлаг зэргээр зөөлөн аргаар утаж болно. Утлагаас гадна эцэг эхчүүд хамрын дусаалгыг эмчийн зааврын дагуу хүүхэддээ хэрэглэх хэрэгтэй. Ихэнх хамрын дусаалга хамрын судсыг нарийсгах, хаванг бууруулах үйлчилгээтэй. Гэхдээ хамрын судсыг нарийсгахаас гадна тархины судсыг давхар нарийсгаж байдаг учраас эмчийн заавраар цөөн хоног хэрэглэх ёстой.
-Дархлаа сайжруулах хоол хүнс гэдэгт та юуг нэрлэх вэ?
-Хүнс ногоо, олон төрлийн амин дэм орсон бүтээгдэхүүнтэй хоол идүүлж, дархлааг нь дэмжих хэрэгтэй. Мах гурилаар оролцуулсан бантан өгөхөөс илүү гэртээ байгаа амин дэмтэй ногоог жижиглэж хийх зэргээр аль болох олон найрлагатай бүтээгдэхүүн оруулж бантан хийж өгвөл дархлааг илүү дэмжинэ. Өөрсдийнхөө боломжийн хэрээр хүүхэддээ орц найрлага сайтай, ногоо, өндөг, уураг түлхүү хэрэглэсэн хоол өгч болно. Ханиад томууны үед хүүхдийн хоол идэх зуршил буурдаг учраас нэг дор ихээр биш бага багаар хүүхдийн дуртай зүйлтэй нь холбон хооллох хэрэгтэй. Нөгөө талд гэрийн чийгшил маш чухал. Гэрийн чийгшил 60 хувьтай байхад агаарт вирус өсч үржих, халдварладаггүй гэсэн олон улсын судалгаа байдаг. Тиймээс гэрийнхээ агаарыг цэвэршүүлэхийн тулд өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шороогоо арчиж байх ёстой.
-Ханиадад нэг үйлчилгээтэй эм ихээр хэрэглэснээс болж эмийн хордлогод орох нь элбэг байгаа гэсэн. Тухайлбал парацетамолын найрлагатай эмнүүд гэж яриад байгаа шүү дээ?
-Эмийн олон улсын нэршил гэж байдаг. Үүнээс гадна эмийн компаниудын нэршил гэж байдаг. Тухайн үйлдвэрээсээ шалтгаалж парацетамолыг олон янзаар нэрлэсэн байдаг. Тухайлбал панадолыг парацетамолоос өөр эм гээд ойлгочихдог. Хүүхэд халуурч байхад панадол уулгаж байгаад дахиад халуурахаар нь парацетамол уулгадаг. Мөн парацетрамол орсон найрлагатай эмнүүд байдаг. Пара-дент лаа, привекс, миксагреп, минигреп зэрэг эмнүүд бүгд парацетамолын агуулгатай байдаг. Эдгээр эмийг уулгаж байгаад хүүхэд нь дахиад халуурахад парацетамолоо уулгаснаас эм үйлчлэхгүй, эмийн хордогод ордог. Тэгэхээр эцэг эхчүүд эм авахдаа эмийнхээ найрлагыг харах нь зүйтэй. Ер нь бага насны хүүхдийн ханиадад миксагреп, минигреп, антигрепийг уулгах нь тийм ч тохиромжтой биш. Парацетамол, хлорфинамин, нилфероны хлорид гэсэн гурван эм байдаг. Харин эмийн сангууд энэ гурван эмийн нэрийг өөрчлөөд олон эм гарчихдаг. Үйлчилгээ нь яг ижил.
-Хүйтэн сэрүүн, баяр ёслолын үеэр хүүхдүүдийн дунд хоолны хордлого, суулгалтын өвчлөл эрс нэмэгддэг. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Хүүхэд бөөлжиж, суулгаж байгаа үед хамгийн нэгдүгээрт хорсол, давсны уусмал л өгнө. Нэг дор ихээр биш бага багаар өгч хүүхэддээ шингэн сэлбэх хэрэгтэй. Түүнээс хүүхдэд шууд гэдэсний эм, шингэн сэлбэх дусал хийж болохгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн