Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Бээжин, Шанхайд аялаад буцахдаа татвараа буцааж авдаг боллоо

Бээжин, Шанхайд аялаад буцахдаа татвараа буцааж авдаг боллоо
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 2
БНХАУ-ын Засгийн газар аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх шинэ бодлогынхоо хүрээнд гадаадын жуулчдыг татах зорилгоор татварын буцаан олголт олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Бээжин, Шанхай хотод аялахаар очсон гадаадын иргэд энэ сарын 1-нээс эхлэн худалдан авсан барааны 11 хувийн татварыг буцаан авах боломжтой боллоо.Одоогийн байдлаар Бээжингийн 86, Шанхайн 27 дэлгүүрээс худалдан авалт хийсэн тохиолдолд татварын буцаан олголт өгөхөөр зохицуулсан байгаа аж.
Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудал Tерминал-2, Терминал-3-ын бүсэд гаалийн хяналтын болон Татварын буцаалт олгох цэг үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байгаа аж. Гадаадын жуулчид баримтын зардлын хоёр хувиа суутгуулан гар дээрээ худалдан авсан барааныхаа есөн хувийн татварыг буцаан авах боломжтой юм. Түүнчлэн Хонконг, Макаод 183 хоногоос хэтрэлгүй зорчсон гадаадын иргэн нэг удаа, нэг дэлгүүрээс 500 юаниас илүү худалдан авалт хийсэн бол 90 хоногт багтаан татвар буцаалтыг авах эрхтэй аж. Худалдан авалт 10 мянган юань хүртэл бол татварын буцаан олголт бэлэн мөнгөөр, 10 дээш мянган юаниас бол дансаар хийгдэх юм.
Гадаадын иргэд татвар буцаалтын бараагаа гаалийн мэдүүлэгт бичиж, татвар буцаан авах хүсэлт бөглөн, зохих тэмдэглэгээ бүхий барааны баримт болон хувийн бичиг баримтаа гаалийн хяналтаар баталгаажуулснаар татвар буцаан авах эрхтэй болох юм. Татвар буцаан олгоход нэг зорчигч 3-5 минут шаардлагатай бөгөөд шаардлагатай бол 15 минутаас хэтрэхгүй аж.Бээжин, Шанхай хотууд татвар буцаалт хил дээр олгох эхний ээлжийн хотууд бөгөөд удахгүй бусад томоохон хотуудад энэ тогтолцоо бий болох юм. АНУ, Европын холбоо, Япон, Канад, Бразил, Аргентин, Австрали, Тайланд, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улс ороны хил гааль дээр татвар буцаан олгох үйлчилгээ байдаг юм байна. Түүнчлэн хятад жуулчдыг татах зорилгоор зарим улс Хятадын иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх болсон юм. Тухайлбал, Их Британи өнгөрсөн жил хятад жуулчдыг татахаар визний зардлын татварын хувийг буцаан авах боломжийг олгосон байдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн