Монгол Улсад дипломат алба үүсч, хөгжсөний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Гадаад хэргийн яамны Дипломат албаны ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбаттай ярилцлаа.
- Монгол Улс 104 жилийн өмнөх энэ өдөр дипломат албаа байгуулж байсан гэсэн түүхтэй. Тэгэхээр дипломат алба хэрхэн байгуулагдаж байсан түүхээс яриагаа эхэлье?
-Өнөөдөр бол Монгол Улс Манжийн ноёрхлоос салж бие даасан улс болсон анхны өдөр. Энэ өдөр Богдыг хаан ширээнээ өргөмжилж, олноо өргөгдсөн он эхэлж байгааг зарлаж, Монгол Улс дэлхийн сонорт тусгаар тогтнолоо зарласан түүхэн өдөр юм. Мөн энэ өдөр Монгол Улсын төрийн хэргийг эрхлэх таван яам байгуулах зарлигийг Богд хаан анх гаргаж байсан. Энэ таван яамны нэг нь яах аргагүй Гадаад хэргийн яам л даа. Тэр үед Гадаад хэргийг бүгд эрхлэн, шийтгэгч яам гэж нэрлэж байсан. Тэгээд анхны сайд буюу тэргүүн сайдаар ард түмний тусгаар тогтнолын хөдөлгөөн манлайлагч нарын нэг, тухайн үеийн сэхээтэн, төрийн зүтгэлтэн дунд нэр хүндтэй Чин ван Ханддоржийг томилж байсан түүхтэй. Чин ван Ханддорж одоогийн Гадаад хэргийн яам, хуучны Бүгд эрхлэн, шийтгэгч яамны тэргүүн сайдаар томилогдоод хоёр дэд сайдынхаа хамт Богд хаанд ёслолын тангараг өргөсөн гэж түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Тангаргийн үг үсэг нь тухай үеийн бичгийн соёлыг илэрхийлсэн өвөрмөц үг аястай байсан. Тухайлбал, “Гадаадад олбоос бусдын хорлон хөнөөгч арга маягт үл хөдлөх төмөр чулуу мэт байж хялбарыг эрхгүй, эрхээс зайлахгүй ажиллана” гэж тангараг өргөж байсан байна. Монгол Улс тусгаар тогтночихлоо, үүнийгээ гадаад улсад хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагаа явуулахыг “бусдын хорлон хөнөөгч арга маяг” гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, дипломат ёс, үйл ажиллагаа гэдгийг арга маяг гэж хэлж байна. Ингээд хэсэг хугацааны дараа яамаа байгуулж 42 албан хаагчтай байх сайдын тушаалаа гаргаж байсан. Эдгээрээс 20 гаруй нь дипломат ажилчин байсан. Энэ бол орчин үеийн анхны дипломат алба байгуулагдсан түүх юм. Зохион байгуулалтын хувьд өмнөд, умард, төв гэсэн гурван хэлтэстэй байсан. Энэ зохион байгуулалтаараа 1919 он хүртэл явсан. Тухайн үед Гадаад яаманд орох түшмэдийг маш өндөр шалгуураар шалгаж авдаг байсан. Хамгийн гол шалгуур нь боловсрол байсан. Наанадаж л Орос, Хятад, Манж хэлтэй байх гэдгээс эхлээд төрийн хэрэгт оролцож явж байсан сэхээтэн талын, түүх сайн мэддэг, урд хойд хөршийн түүх, зан заншлыг сайн мэддэг хүнийг шалгаруулан авна гэсэн нарийн дүрэм журам хүртэл гаргаж байсан. Тухайн үед яам бүхэн өөрийн гэсэн бурхан залдаг байжээ. Гадаад хэргийг бүгд эрхлэн, шийтгэгч яам Аюуш бурхныг залдаг байсан. Цэргийн яам гэхэд л Жамсран бурхан залдаг байх жишээтэй. Аюуш бурхан нь гадаад улсуудтай эв түнжинтэй байж, худалдаа наймааг цэцэглүүлж, эрүүл харилцааг ивээдэг бурхан гэж үздэг байсан учраас тэгж залдаг байсан. Мөн Гадаад хэргийг бүгд эрхлэн, шийтгэгч яам боловсрол, соёлын асуудлыг эрхэлдэг байсан. Тэр утгаар тэр үеийн Гадаад яамны дэргэд орос сургууль ажиллаж байсан. Тэр сургуульд хожим Монголын ардын төрийн том зүтгэлтнүүд гарч ирж байсан.
-Гадаад хэргийн яам, дипломат алба байгуулагдсаны дараа хийж байсан томоохон гол өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх ажлыг энд дурдаж болох уу?
-Ерөөсөө л олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улсын бие даасан бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлэх нь анхны Гадаад хэргийн яамны гол ажил, зорилго нь байсан. Энэ зорилгоор хойш, урагшаа элч төлөөлөгч явуулж байсан. Тухайн үед дэлхийн хэргийг залуурдаж явдаг байсан цөөн хэдэн том гүрэн байсан. Тэдгээр улсуудад Монгол Улс бие даасан тусгаар улс боллоо, худалдаа наймаа өргөжүүлж, харилцаагаа хөгжүүлэх зорилго тавиад явахад дандаа хаалттай хаалга мөргөж байсан. Бүхий л үйл ажиллагааныхаа туршид бие даасан хараат бус улс байна гэдгээ баталгаажуулахаар зорьж байсан. Ингэж явсаар 1945 он болсон. 1945 онд Монгол Улсын одоогийн байгаа статусыг нь зөвшөөрч байгаа болохоос том гүрнүүд Монголыг бие даасан улс гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээрээ л байсан. Тэгээд анх удаа Гоминданы Засгийн газар Монголын ард түмний санал асуулгын үр дүнд Бүгд найрамдах Хятад ард улс зөвшөөрсөн. Ингээд 1950-иад оноос Ардын ардчилсан социалист орнууд бий болж тэдэнтэй харилцаа тогтоогоод олон улсын хэмжээний эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс болсон. Ингээд 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсээд олон улсын хамтын ажиллагааны өргөн талбар руу орсон. Ер нь Монгол Улс их өвөрмөц улс төр, газарзүй, геополитекийн онцгой байрлалтай. Уламжлалт харилцаа яваад ирсэн болохоор 1911 оноос гадаад бодлогын бүхий л үйл ажиллагааны гол цөм нь бие даасан улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж, бусад улстай харилцан эрх тэгж харилцаанд орохын төлөө л явж байсан. Өргөжсөөр яваад одоо 180 гаруй улстай дипломат харилцаатай, олон талын хамтын ажиллагаанд оролцдог болсон. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөөд сүүлийн 25 жил өөрийнхөө хувь заяаг цэвэр гартаа авч биеэ даасан. Сүүлийн 25 жил Монгол Улсын гадаад байдал, олон улсын байр суурь маш хурдан бэхжиж өргөжсөн. Энэ жилийн хувьд өмнөд, умард хоёр хөрштэйгөө харилцааг хамгийн үр дүнд хүргэх хариуцлагатай жил байлаа. Манай улсын дотоодын нөхцөл байдал, эдийн засаг хүндрээд ирлээ. Энэ нөхцөлд хойд, урд хөрштэй худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх асуудал маш чухал байсан. Энэ утгаараа эдийн засгийн гадаад харилцааны өмнө тулгарсан хэд хэдэн чухал сорилтууд байдаг. Монголыг дамжих, Монголд төвлөрсөн төмөр зам, авто зам, цахилгаан холбооны асуудал. Энэ хүрээнд гурван талаараа уулзаж дэд бүтцийн асуудлаа зохицуулах тал дээр түлхүү анхаарсан. Өнгөрч байгаа онд хэд хэдэн удаа өндөр дээд хэмжээнд гурван талын хүрээнд, хоёр талын хүрээнд томоохон уулзалтууд хийсэн. Үүний үр дүнд ойрын жилүүдэд гэдэг юм уу, дунд хугацаандаа гурван талын эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны замын зураглал дээр тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурсан. Улс төрийн талаасаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд Ерөнхийлөгч урд, хойд хоёр хөршид хоёуланд нь очиж оролцлоо. Мөн энэ жил онлайн эрх чөлөө эвсэл гэдгийг манай улс тэргүүлээд томоохон бага хурал зохион байгуулсан. Олон улсын хэмжээнд интернет эрх чөлөөг яаж авч явах юм, Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, бизнес, группийн харилцаа хамтын ажиллагаа хэм хэмжээ ямар байх ёстой юм гэдэг талаар бодлогоо уялдуулж, үйл ажиллагаагаа нэгтгэдэг. Ялангуяа Азийн зүгээс цөөхөн орон ордог энэ эвсэл рүү Азийн бусад орнуудын анхаарлыг хандуулахад чухал гэж үзэж байгаа.
-Гадаад харилцааны хувьд олон өөрчлөлт гарсантай хэн ч маргахгүй. Харин дипломат алба өнөөдөр ямар хэмжээнд хүрсэн гэж үзэж байна вэ?
-Өнөөдрийн дипломат албаны хийх ажил гадаад бодлого, гадаад харилцааг хуульчлуулах юм. Гадаад харилцааны нэгдмэл байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Ер нь ийм хууль гадаад орнуудад байдаг. Харин манайх Засгийн газраас батлуулсан удирдамж, УИХ-ын тогтоол гэх мэтээр журамлах гэж оролдож ирсэн. Энэ хууль батлагдсанаар гадаад бодлогод оролцогчид ямар үүрэг хариуцлага хүлээж, эрх мэдэлтэй байхыг тодотгож өгөх юм.
-Анх дипломат алба байгуулагдаж байхад өндөр боловсролтой, түүхийн мэдлэгтэй хүмүүсийг сонгон ажиллуулж байсан гэж байна. Өнөөгийн нийгэмд дипломат албанд ямар боловсон хүчнийг шалгаруулж авдаг вэ. Гол шалгуур өөрчлөгдсөн үү?
-Ер нь сургалтын хөтөлбөр, хүний нөөцийн асуудал их чухал болчихоод байна. Олон улсын харилцаа, манай гадаад харилцаа маш хурдан өөрчлөгдөж байна. Нөгөөтэйгүүр дипломат албаныхан их залуужих хандлагатай болсон. Тэднийг богино хугацаанд мэргэшүүлж, ажил дээр нь сурах нь чухал. Олон улсын харилцаа бие даасан шинжлэх ухаан гэдгийг манайхан хаана хаанаа ойлгох ёстой. Тэгэхээр олон улсын харилцаанд ажиллах нь юуны өмнө мэргэжлийг эзэмшсэн хүн хэрэгтэй. Онолын болон түүх, практикийн талаас нь сайн мэдлэг эзэмших нь чухал. Зөвхөн ёслол гэдгийг аваад үзэхэд олон улсын дэг жаяг баримтлах олон зүйл бий. Үүнийг мэдэхгүйгээр энэ ажлыг хийнэ гэж байхгүй л дээ. Тиймээс олон улсын харилцааны суурь мэдлэгийг эзэмшсэн байх хэрэгтэй. Мөн гадаад, дотоод хэлийг маш сайн эзэмших нь чухал. Харилцааны асуудлаа ярих янз бүрийн төвшинд бид хэлмэрч олж ордог. Мэргэжлийн хүн хэр нь орчуулагчийн ажил гүйцэтгэдэг. Сургуулийн ширээний ард эзэмшсэн зүйл чинь өөр, амьдрал дээр харилцаа бүр өөр. Тиймээс ажил дээр сургалт явах шаардлагатай байдаг. Нөгөө талаар зөвхөн эзэмшсэн мэргэжлээс гадна хувь хүний мэдрэмж, богино хугацаанд ажлаа эзэмших чадвар чухал байдаг. Дипломат үйл ажиллагааг урлаг гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг урлагийн төвшинд эзэмшихэд асар их зүйл шаардана. Гэтэл энэ бол ганцхан хувь хүний ажил биш. Хамт олон бүхэл бүтэн институтийн асуудал. Бид ухаалаг төр гэж яриад байгаа шүү дээ. Ухаалаг төр гэдэг нь ерөөсөө л чадварлаг төр гэсэн үг. Бүгдээрээ биш ч цомхон чадварлаг боловсон хүчин маш чухал.
-Ирэх жил манай улс ирэх жил АСЕМ-ыг зохион байгуулна. Энэ дэлхийн хэмжээний томоохон уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүндэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг ирэх жил манай улс зохион байгуулж, дэлхийн 50 гаруй орны төр засгийн тэргүүн оролцоно. Энд ганцхан дээд хэмжээний уулзалт байдаггүй л дээ. Түүнийг тойрсон их олон төрлийн арга хэмжээ болдог. Бизнесийн хүрээнийхэн, залуучууд, медиагийхан гэх мэт. Өөрөөр хэлбэл, Ази, Европ гэсэн өргөн уудам орон зайд байгаа орнууд хэлхээ холбоогоо хэрхэн өргөжүүлэх вэ гэдэг асуудал юм. Тэгэхээр ирэх долдугаар сард болох АСЕМ-ын арваннэгдүгээр уулзалтыг үр дүнтэй, нэр хүндтэйгээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн том зорилт. Энэ бол зүгээр нэг олон улсын хурал чуулган хийж байгаатай адилгүй. Энэ ажлыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад бодлого, чадамж, чадавхыг харуулна. Хамгийн гол нь хэлэлцэж байгаа асуудлууд нь ирээдүйтэй. Зүгээр нэг улс төрийн нэр хүндийн асуудал биш.