БНХАУ-ын ирэх таван жилд баримтлах бодлого, тэр дундаа гадаад бодлогын талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн докторант Ц.Буянцогтоотой ярилцлаа.
-Өнгөрсөн сард ХКН-ын XIX Их хурал боллоо. Тэд Хятадын өнгөрөгч таван жилийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Си Зиньпиний эхний таван жил дуусч хоёр дахь үерүүгээ орж байна. Саяхан болсон ХКН-ын XIX Их хурлын тайлан илтгэлд сүүлийн таван жилд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юанаас 80 их наяд юан (12 их наяд ам.доллар) болж өссөнөөр дэлхийн 2 дахь том эдийн засгийн байр сууриа бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр нь 30 гаруй хувьд хүрсэн гэж тэмдэглэсэн.
Түүнээс гадна өнгөрсөн жилүүдэд Си Зиньпиний улс орныхоо төлөө хийсэн олон гавьяат үйлс дотроос хамгийн онцлууштай нь яах аргагүй авлигын эсрэг өрнүүлсэн тэмцэл. Тэрээр “бар, батгана хоёрыг ялгалгүй ална, бас үнэгийг ч алдахгүй авлана” гэх маягийн уриатайгаар авлигын эсрэг ширүүн тэмцэл өрнүүлж ирлээ. Энэ ажиллагаа армийг ч тойрсонгүй. БНХАУ-ыг үүсгэн байгуулах тэмцэлд алтан амиа өргөсөн генералуудын тооноос ч олон генералыг авлигын хэргээр баривчилсан гэх яриа гарч байгаа. Си дарга манайхан шиг “авлигатай эвлэрэхгүй” гэх мэтээр бөөрөнхийлөлгүй “шууд хусна” гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй түүний мундаг чанар мөн.
-БНХАУ ирэх таван жилд ямар бодлого баримтaлж ажиллах вэ. Зөвхөн дотоод бодлого бус гадаад бодлогын хувьд ямар байх бол?
-Си Зиньпин дарга БНХАУ “шинэ эрин” рүү шилжин орсныг зарлаж, 2050 он хүртэлх “Их стратеги”-ээ шинээр зарлалаа (New Grand Strategy) гэж зарим судлаач үзэж байна. Үүгээрээ 2050 он гэхэд Дэлхийн тэргүүлэгч гүрэн болох зорилго дэвшүүлээд байгаа юм.
Си Зиньпин ирэх таван жилд “Бүс бас зам” санаачилгаа бодит ажил болгон хэрэгжүүлж таарна. Өнгөрсөн таван жилд Хятадын гадаад бодлогод түрэмгий гэмээр шинжтэй өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэдгийг тэмдэглэх ёстой. Японы Сэнкаку, Окинава арлуудыг Хятадын газар нутаг гэж үзэх бодлогыг шууд, шууд бусаар хэрэгжүүлж, Япон улстай хилийн маргаан үүсгэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Японы эсрэг үзэл тус улсын дотоодод нэг хэсэг эрчээ авч, томоохон эсэргүүцлийн жагсаалууд болж, хоёр улсын бизнесийн харилцаанд хүндрэл үүсэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Түүнээс гадна Вьетнамын далайн хил дотор Хятадын тал хүч түрэн орж газрын тосны платформ байгуулснаас үүдэн хоёр улсын хооронд томоохон зөрчил үүсэж, улмаар Вьетнамын томоохон хотуудад Хятадыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчээ авч, хятад ресторан, компаниудыг галдан шатаах гэх мэт түрэмгий үйлдлүүд гарахад тулж байв.
АНУ-ын нэрт эрдэмтэн, стратеги судлаач Э.Луттвак Хятадын гадаад бодлогын стратеги сүүлийн 15 жилийн дотор даруй 3 удаа өөрчлөгдөөд авлаа гэж тэмдэглэсэн байсан. Дэн Сяопинээс эхлэн Ху Жинтаогийн үеийг хүртэл үргэлжилсэн “Энх тайванч хөгжил дэвшил” (peaceful rise) гэх бодлого Си Зиньпиний үед “Хүч түрэмгийлэх шинжтэй” (agressive) болж өөрчлөгдсөн байна. Энд дурдсан жишээнүүд үүний нотолгоо юм. Ялангуяа Вьетнамтай үүсгэсэн маргаан стратегийн том алдаа болсон гэж Луттвак үзжээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа Хятадын тал стратеги судлалд байдаг логикийн парадокс гэх ухагдахууныг ойлгоогүйтэй холбоотой гэсэн байна. Гол санаа нь “хүчтэй улс сул дорой жижиг улсыг хүч түрэмгийлэх замаар эзэрхийлж чаддаггүй” гэнэ. Дээрх алдааг гаргасныхаа дараа тэд “Selective agressiveness” буюу “Байдлыг харан байж хүч хэрэглэх” гэсэн стратеги рүү шилжсэн байна. Луттвакын тодорхойлсноор Хятадын гадаад бодлогын Их стратеги сүүлийн 15 жилд даруй гурвантаа өөрчлөгдөөд авсан байгаа билээ.
Э.Луттвак Хятад улсын 4 дэх шинэ стратеги буцаад “Энхтайванч хөгжил дэвшил” рүүгээ очвол амжилт олно гэж зөвлөсөн байна билээ. Хятадын шинэ стратеги цаашид хэрхэн хэрэгжихийг бид харах л үлдлээ.
-Хятадын онцлогтой социалист дэглэм гэдэг үг хурлын үеэр маш их сонсогдсон. Хятадын онцлогтой социалист дэглэм,Оросын социалист дэглэмийн гол ялгаа нь юунд байна вэ. Нөгөө талаар нийтлэг зүйл нь юу вэ?
-Өнөөгийн ОХУ бол ардчилсан тогтолцоотой улс. Хэдийгээр Путин олон жил Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж, авторитар засаглалтай гэж ярьдаг ч ОХУ бол ардчилсан улс, Путин бол сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч юм. Харин урд хөршийн хувьд Зөвлөлтийн үеийн социалист дэглэмээс суралцаж байсан түүхтэй. Сталины үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд Хятадад олноор ажиллаж коммунист нам болон төрийн институцийг нь бэхжүүлэхэд тусалж байсан гэдэг. Харин 1960-аад оноос Зөвлөлт, Хятадын харилцаа муудаж, улмаар Хятадын тал АНУ, Японтой харилцаагаа сайжруулах сонголт хийсэн байдаг. 1978 оноос Дэн Сяопины эхлүүлсэн “Нээлттэй хаалганы бодлого”-оос хойш эдийн засгаа чөлөөт зах зээл рүү шилжүүлж эхэлсэн. Өнөөгийн БНХАУ-д манайх шиг чөлөөт сонгууль болдоггүй, зөвхөн намын дотоод сонгууль гэж болдог.
-Энэ удаагийн ХКН-ын их хурлаар Си Зиньпиний үзэл санааг Коммунист намын Үндсэн хуульдаа оруулсан гэдэг нь нэлээд онцлогдох зүйл болж байгаа. Түүний үзэл санааны гол мөн чанар юу вэ?
-“Си Зиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлог бүхий социализмын идеологи” хэмээн ХКН-ын дүрэмд тусгасан байна. Ийнхүү Мао, Дэн хоёрын дараагаар өөрийн нэрийг тэнд дурайтал сийлсэн удирдагчаар Си тодорлоо. Мао Зэдун Хятад улсыг байгуулж, Дэн Сяопин баян улс болгосон бол Си Зиньпин хүчирхэг улс бүтээхийг зорьж байна гэж судлаачид хэлж байна. 2050 он гэхэд дэлхийд тэргүүлэгч гүрэн болно гэсэн том амбицтай стратеги дэвшүүлээд байгаа хүн.
-Си Зиньпинийг дэлхий нийт хэрхэн харж байна вэ.Түүнээс юу хүлээж байгаа вэ. Нөгөө талаар юун дээр түүнээс эмээж байна вэ?
-Дэлхийн 2 дахь том гүрний тэргүүн Си Зиньпинийг дэлхийн олон нийт анхааралтай ажиглаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг “гайхамшигтай авиралт хийлээ, чухам хаан лугаа адил боллоо” гэхчлэн магтаалын үгээр хайр гамгүй булж байна. Зарим хүн дэлхийн хамгийн том дарангуйлагч төрлөө ч гэх нь байна.
Харин Э.Луттвак “Хэт төвлөрсөн хэлбэр бүхий босоо удирдлагатай учраас ажил хөдөлмөрийн фронт дээр чухам юу болж байгаа талаарх мэдээллийг дээд удирдлагадаа үнэн зөвөөр, хурдтай хүргэх тал дээр томоохон доголдол ХКН-ын удирдлагын системд оршдог” гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, шаардлагатай мэдээлэл Топ-7-д хүрдэггүй гэнэ. Магадгүй, энэ бол Сигийн удирдлага доорх ХКН-аас гарч болзошгүй эрсдэл мөн байх.
-Си Зиньпин залгамжлагчаа зарлах бодолгүй байгаа нь харагдаж байна. Олон улсын шинжээчид үүнийг хэрхэн харж байна вэ? Түүний залгамжлагчаар хэнийг таамаглаж байгаа вэ?
-Түүний залгамжлагч байж болох хоёр хүнийг аль таван жилийн өмнөөс нэрлэдэг байсан юм. Энэ хоёр бол Ху Чунхуа, Сун Жөнгцай нар. XIX Nх хурлаас ганц хоёрхон сарын өмнө Сун Жөнцайг авлигын хэргээр баривчлан хорьсон бол Ху Чунхуаг шинээр томилогдсон “Топ 7”-д оруулсангүй. Энэ явдал бол яах аргагүй энэ удаагийн ХКН-ын Nх хурлын нэг онцлог байсан гэж болно.
Ху Чунхуа нь Ху Жинтао даргатай ойр ажиллаж байсан бөгөөд тэр үеэс ирээдүйн ХКН-ын дарга болох хүнээр тодорч, том Ху, бага Ху гэж дуудагдаж явсан үе бий. Эдүгээ хоригдоод байгаа Сун бол хөдөө аж ахуйн мэргэжлээр их сургуульд багшилж байсан бөгөөд хожим Хөдөө аж ахуйн сайд хийж байв. Аль аль нь ХКН-ын чадварлаг, нэр хүндтэй лидерүүд гэгдэж байсан.
ХКН-ын УТТ-ны байнгын гишүүнд шинээр томилогдсон 5 хүний дотор Си Зиньпинийг орлох магадлалтай хүн байхгүй гэж олон хүн үзэж байна. Энэ нь Си Зиньпин дарга 2022 онд халаагаа өгөх бодолгүйн илрэл бололтой. Магадгүй, Си дарга бүх юм сайн сайхнаар үргэлжилвэл Мао Зэдуны адилаар насан туршдаа улсаа тэргүүлэх ч юм билүү, хэн мэдэх вэ.
-Хятад эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилд хүрснээ дэлхий нийтэд зарлалаа. Цаашид тэдний санаархал хаашаа чиглэж байна вэ?
-М.Пиллзбюригийн “100 жилийн марафон” номд хятадууд 2049 он буюу тусгаар улс байгуулсныхаа 100 жилийн ой хүртлээ барууны орнуудыг буюу Америкийг гүйцэж түрүүлж, ноёлогч байр суурийг нь эзэлнэ гэдэг далд бодлогыг нууцаар явуулж ирсэн гэж бичсэн байдаг. Тэгвэл энэ удаад Си Зиньпин дарга тэрхүү далд нуугдмал гэгдэж байсан бодлогыг ил болгон албан ёсоор зарлалаа гэж би ойлгож байна. 2049 он хүртэл Хятад улс Америкийн байр суурийг булаан авах аян замдаа албан ёсоор гарч байгаа нь харагдаж байна.
-Анхаарал татаж байгаа нэг зүйл бол яах аргагүй Хойд Солонгосын асуудал. Энэ тал дээр Хятад нэлээд шахалтад орж байна. Тэд ямар бодлого баримталж ажиллах бол? Хэрвээ АНУ-ын эсрэг байвал АНУ-БНХАУ-ын хоорондын харилцаа хааш чиглэнэ гэсэн таамаг байна вэ?
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам, Филиппин гэсэн улсуудад 13 хоногийн айлчлал хийгээд өндөрлөлөө. Энэ айлчлалын хамгийн гол зорилго Хойд Солонгосын асуудлыг талуудтай ярилцаж тохирох байсан гэж шинжээчид үзэж байна. Хойд Солонгосын асуудлаар Америк, Япон хоёр нэгдмэл байр суурьтай байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Өмнөд Солонгос, Хятадтай төдийлөн санал нийлж чадсангүй бололтой байна. Трамп Хойд Солонгосын асуудлаар нэгдмэл хатуухан байр суурь баримтлахыг санал болгож байхад Си Зиньпин дарга асуудлыг хамтын ажиллагаа, харилцан ярианы зарчмаар шийдэхийг урьтал болгоно гэсэн байр суурьтай байна. Өмнөд Солонгос ч бас нэг тиймэрхүү аястай байна.
Юутай ч Трамп Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд БНХАУ-ыг шийдвэрлэх хувь нэмэр оруулах учиртай гэдгийг онцолж, нэг талаасаа энэ асуудлаар Хятадад дарамт үзүүлэх стратегийг барьж байгаа гэж үзэж болохоор байгаа.
-Бидний хөрш хоёр орны харилцааны асуудалд бид анхаарал хандуулахаас өөр аргагүй. Одоогоор БНХАУ-ОХУ хоёрын харилцаа ямар байна вэ? Цаашдын хандлага ямар байх вэ?
-БНХАУ-ын нэг сул тал бол эрчим хүчний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй тал юм. Тэд газрын тосны бүтээгдэхүүнээ АНУ-ын хяналт дор тээвэрлэдэг. Хятад газрын тосныхоо нийт импортын 80 гаруй хувийг Ойрхи Дорнодоос Малаккагийн хоолойгоор дамжуулан авч байна. “Бүс ба зам” санаачилгын геополитикийн анхдагч стратеги нь эрчим хүчний нийлүүлэлтээ төрөлжүүлэх гэж судлаачид тэмдэглэдэг. Тэр ч утгаараа Төв Азийн орнуудтай Хятад хамгийн түрүүн гүнзгий харилцаа хөгжүүлж, эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Эрчим хүчний салбар дахь Орос, Хятадын хамтын ажиллагаа сүүлийн 3 жил маш эрчимтэй хөгжиж байна. Үүний гол шалтгаан нь тэд наймаагаа доллараар биш, юаниар, рублиэр явуулж байгаатай холбоотой. АНУ-бн Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцэгч Америкийн улстөрийн “хуучин хүчин” түүнийг Оросоос холдуулах бодлогыг улайран явуулж буйн үр дүнд Хятад, Оросын харилцаа бүх талаар ойртон нягтрах төлөвтэй байна. Энэ нь мэдээж АНУ-д ашиггүй.
-БНХАУ ирэх таван жилд Монгол Улстай ямар бодлого барьж ажиллах бол. Бидний харилцааны гол асуудал хаана байна вэ?
-Манай улсын талаар авч явуулах тэдний бодлогод гэнэтийн онцгой том өөрчлөлт гарахгүй биз. Бид харин зөвхөн урд хөрш ч гэлтгүй ОХУ болон дэлхийн бусад улс орнуудын геополитикийн бодлогыг огт анхаарч судалдаггүй гэж хэлж болохоор түвшинд байна. Бид энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй. Дэлхийн үйл явдлыг сайтар мэдэж байж, дэлхийн улсуудын дундах өрсөлдөөнд ялж үлдэх арга замаа тодорхойлж чадна.
Бусад улсуудын, ялангуяа мөнхийн хөршүүдийнхээ бодлогыг сайтар судалсны үндсэн дээр тэдэнтэй хамтран ажиллах бодлогоо нухацтай боловсруулах хэрэгтэй. Гурав дахь хөршийн бодлого гэж бид маш их ярьдаг. Эхлээд нэг, хоёрдугаар хөршийнхөө талаар сайтар судлах хэрэгтэй. Манай хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр гээд бүх салбар хүссэн хүсээгүй хоёр хөршөөс шууд хамааралтай. Тиймээс намуудаас үл хамаарах улсын хөгжлийн нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй байна.
-Ярилцаж буй сэдвээсээ бага зэрэг хазайгаад нэг зүйлийг асуумаар байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монгол ялна” бодлогод Хятад ямар байр суурьнаас хандсан бэ. Хятадын талаас манай нүүрсэн дээр “дипломат хориг” үүнтэй хамааралтай гэж үзэх тал бий юу?
-“Монгол ялна” гэдэг бол Трампын “Америкийг Нэгдүгээрт” гэдэг уриатай утга нэг гэж би ойлгож байгаа. Бизнест “win-win” буюу “оролцогч талууд бүгдээрээ ялах” гэдэг зарчим бий. Трамп “Америкийг Нэгдүгээрт тавих бодлого хэрэгжүүлнэ, та бүхэн ч гэсэн өөр өөрийн улсыг нэгдүгээрт тавих ёстой, олон улсын харилцаа ийм зарчимд тулгуурлах ёстой” гэсэн утгатай үгийг хэдхэн хоногийн өмнөх APEC-ийн хуралдаан дээр хэллээ. Монгол ялна гэдэг бол тийм л утгатай уриа. Бид сүүлийн 27 жил ардчилсан, чөлөөт зах зээлтэй Монгол Улсыг бүтээж байна. Харамсалтай нь хүн бүрийн сэтгэлд хүртэл Монгол ялаагүй байна. Төрийн хүч өмнөх дэглэмийн үетэй харьцуулах аргагүй суларчээ. Эдийн засгаа хөл дээр нь босгож чадсангүй, баян хоосны ялгаа улам бүр ихсэж байна, бүтээмжид суурилсан тогтвортой өсөлт бүхий эдийн засгийг бүтээж чадаагүй байна, ажлын байр хангалтгүй, хөгшин залуугүй гадаадад очиж хар ажил хийхээс өөр замгүй... Бодит дүр зураг нэг иймэрхүү л байна.
Монгол ялж амжаагүй явна. Монгол ялмаар байна шүү дээ. Ингэхийн тулд бид эхлээд ядаж газрын баялаг тойрсон шударга бус тогтолцоог засах хэрэгтэй. Үйлдвэржилтийг системтэй бодлоготойгоор хөгжүүлмээр байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд маш тууштай гадаад бодлого явуулах хэрэгтэй байна.
Хятад улсын зүгээс манайд ил далд хэлбэрээр хориг тавиагүй байх гэж найдаж байна. Манай урд хөрш дэлхийн их гүрэн болж төлөвших гэж байгаагийнхаа хувьд манайх шиг жижиг хөршөө аар саархан зүйлээр элдэвлээд байх нь өөрт нь зохимжгүй байлгүй дээ. Ер нь Хятад улс одооноос томрох гэж байгаагийнхаа хувьд биеэ их сайхан зөв авч явах ёстой гэж бодож байна. Хөрш улсууддаа өгөөжтэй, өгөөмөр бодлого явуулж байж томроно шүү дээ.
Харин бид асуудлыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй байх. Манай улс төр, төр засгийн байж байгаа байдлыг бүхэлд нь аваад үз л дээ. Ард түмний зүгээс төр засагтаа итгэх итгэл улам бүр суларсаар байна. Орос, Хятад гээд хоёр хөрштэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн бодлогоос огт өөр цоо шинэ бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Хятад руу зөвхөн газрын баялаг нийлүүлэх биш, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх бодлого барих хэрэгтэй. Манай бизнесменүүд урд хөршийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг болох хэрэгтэй. Ингэвэл Монгол ялна. Хөршүүд маань ч ялна.
-Манай хоёр улсын хоорон дахь эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг юу бол?
Хамгийн гол нь Монгол Улс өөрийн эдийн засгийг хөгжүүлэх нэгдмэл, тууштай бодлоготой болох хэрэгтэй байна. Хариуцлагатай, эх оронч улстөрчидтэй болох хэрэгтэй. Бодлогогүй, төлөвлөгөөгүй, эрдэмгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, төр ард түмнээ хүндэтгэдэггүй улстөрчдөөсөө салах хэрэгтэй. Монгол хүн за гэвэл ёогүй, зорилготой, төлөвлөгөөтэй, ажил хэрэгч байх юм бол хөршүүд маань, бусад хамтрагч улсууд ч биднийг хүндэтгэж, хамтын ажиллагаа амжилттай өрнөнө гэж найдаж байна.
-Хятад улс цахим хориг ихээр тавих болсон. Тэдний энэ бодлогын гол шалтгаан юунд оршдог вэ?
Интернэтийн мэдээлэл, нийтийн сүлжээнд хяналт, цензур тавьж байдаг бодлогын тухай асууж байна гэж ойлголоо. Энэ бол тухайн улсын дотоодын асуудал юм даа. Бид дураараа дүгнэлт хийх нь зохимжгүй л дээ. Гэхдээ, манай улс ардчиллыг шинээр хөгжүүлж байгаа улсууд дотор хамгийн амжилттай яваа гэдгээрээ Азид төдийгүй дэлхийд алдартай. Энэ утгаараа ардчиллын үнэт зүйлсийг дэмжиж хөгжүүлэхийн төлөө байдаг манай улсын хувь хүн, төрийн бус байгууллагууд, мэдээллийн хэрэгслүүд Хятадын хэт ардчилсан бус байдлыг чөлөөтэй шүүмжилж болно шүү дээ. Энэ бол ардчиллын давуу тал. Хамгийн наад зах нь бидний “тасарсан мах, үсэрсэн цус” болсон Өмнөд Монголчууд, Хөх нуур, Шинжааны монголчуудынхаа хүний эрх, эрх чөлөөний асуудалд онцгой анхаарал тавьж, тэдний төлөө дуу хоолойгоо гаргаж байхад буруу юм ерөөсөө байхгүй. Ер нь ч бидний бүрэн эрхт тусгаар Монгол улсын иргэд бид тийм үүрэгтэй гэдгээ ойлгож байх ёстой. Харин, манай төрөөс хөршийнхөө дотоод бодлогыг хүндэтгэсэн, түүнд хөндлөнгөөс оролцохгүй гэдэг бодлогыг тууштай явуулж ирснийг бид мэднэ. Энэ бол зөв бодлого. Гэтэл, манай урд хөршийн зүгээс заримдаа Далай ламыг Монголд айлчлуулсан нь буруу гэхчлэн ардчилсан улсын чөлөөт иргэдийн шүтэх бишрэх эрх чөлөөнд халдсан гэлтэй шүүмжлэлийг тавьж байдаг нь маш буруу. Үүнийг манай олон нийт огт ойлгохгүй, хүлээж авахгүй байгаа шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.