Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

“Буянт-Ухаа-2” хорооллын ам метрийг 1.3-1.4 сая төгрөгөөр зарна

“Буянт-Ухаа-2” хорооллын ам метрийг 1.3-1.4 сая төгрөгөөр зарна
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 17
Төрийн орон сууцын корпорац, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд цагдаагийн албан хаагчид Төрийн орон сууцын корпорацаар дамжуулан хямд өртөгтэй байраар хангагдах боломжтой болж байгаа юм. Цагдаагийн албанд нийт 10 гаруй мянган иргэд ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдэж, олон мянган цагдаагийн албан хаагчид ипотекийн зээлд хамрагдаж орон байрны асуудлыг шийдэх боломжтой болж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис онцлов. Төрийн орон сууцын корпорац /ТОСК/ Улаанбаатар хотод орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна аймаг бүрд 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн юм байна. Тиймээс хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчид квотоор байртай болох бүрэн боломжтой болсныг ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга хэллээ. Үүний эхлэл болгож удахгүй ашиглалтад орох “Буянт-Ухаа-2” хорооллоос цагдаагийн албан хаагчдад 100 квотыг олгохоор болжээ.
Энэ үеэр Төрийн орон сууцны корпорацын ерөнхий захирал А.Гантулгаас “Буянт-Ухаа-2” хорооллын бүтээн байгуулалтын ажлын явц болон иргэдийг хэрхэн хамруулах талаар цөөн асуултад хариулт авлаа.
-“Буянт-Ухаа-2” хороололд хамрагдах иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ. Хэчнээн төрийн албан хаагчийг хамруулах вэ?
-“Буянт-Ухаа-2” хорооллын ашиглалтыг харж, журмаа баталсан. Төрийн албан хаагчдад салбар, салбараар нь квот хуваарилж, аль болох олон хүн хамруулахыг зорьж байна. Эрүүл мэнд, цагдаа, батлан хамгаалах зэрэг төрийн онцгой албанд ажилладаг иргэдийнхээс байрны асуудлын нэн тэрүүнд шийдэх шаардлагатай учраас урьдчилсан байдлаар гэрээ байгуулж байна. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагч, зорилтод бүлэг рүү чиглэхгүй, хувийн хэвшлийнхэн, залуус хамрагдах бүрэн боломжтой. Ард иргэдэд илүү нээлттэй хуваарилна. Тодорхой зааг ялгаа байхгүй.
-“Буянт-Ухаа-2” хорооллын ам метрийн үнийн хувьд хэд байх вэ?
-Буянт-Ухаа-1” хорооллын ам метрийг сая 280 мянган төгрөгөөр худалдаалж байсан. “Буянт-Ухаа-2” болон аймаг орон нутагт шинээр баригдаж байгаа орон сууцыг тухайн аймаг орон нутаг, Улаанбаатар хотын хамгийн бага өтгөөр иргэдэд нийлүүлнэ. Жишээ нь, өнгөрсөн сард Дарханд 189 айлын орон сууцны барилгын ажил дуусаж, ашиглалтад орсон. Дарханд орон сууцны ам метрийн үнэ 1.4 саяас дээш өртөгтэй зарагдаж байна. Харин ТОСК Дарханд ашиглалтад оруулсан 189 айлын орон сууцны ам метрийг сая 280 мянган төгрөгөөр зарах үнэлгээг тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр энэ байдлаар тогтооно гэсэн үг.
-Урьдчилсан байдлаар ам метрийн өртгийг гаргаагүй байгаа юм уу?
-“Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцны ам метрийг яг хэдээр зарна гэсэн эцсийн дүнг гаргаагүй байна. Учир нь,"Буянт-Ухаа-2"  хорооллын дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх ажлууд явагдаж байна. Тиймээс нийт зардлын хэмжээ гараагүй тул ам метрийн үнийг тогтоогоогүй байгаа юм. Анх дулааны шугам сүлжээнд 210 мВТ-ын хүчин чадалтай шугам татсан. Гэтэл энэ хүчин чадал нь 6500 айлыг цахилгаан, дулаанаар хангахад нь хүрэлцэхгүй, нэмж 210 мВт-ын шугам татаж байна. Эдийн засгийн байдал хүнд төсөв алдагдалтай байгаа учраас Хөгжлийн банкны зээлээр дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Өмнөх “Буян-Ухаа-1” хороололтой харьцуулахад зардал нэмэгдэнэ.
-Тэгэхээр ам метрийн үнэ “Буянт-Ухаа-1” хорооллоос өснө гэсэн үг үү?
-Тэгнэ. Үнийн хувьд бага зэрэг өснө. Гэхдээ тухайн орон нутагт хамгийн бага өртгөөр зарах хувилбараа барина. Улаанбаатар хотод орон сууцны ам метрийн хамгийн бага өртөг 1.6 сая гэж гарсан. “Буянт-Ухаа-2” хорооллын ам метрийн өртөг энэ дүнгээс хамаагүй бага гарна. Одоогийн урьдчилсан тооцоогоор ам метрийн үнэ нэг сая 350-аас нэг сая 400 мянга гарахаар байгаа. Гэхдээ дэд бүтцийн ажил дуусахад ам метрийн үнэ өсөж ч, буурч магадгүй. Ер нь “Буянт-Ухаа-2” нийт 6500 айлын том хороолол шүү дээ. Том хэмжээний хорооллын дэд бүтцийн асуудлыг тусад нь шийдэж байгаа учраас үнэ бага зэрэг нэмэгдэж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-“Буянт-Ухаа-2”-ын хамгийн жижиг, хамгийн том байр хэдэн ам метр байгаа вэ?
-“Буян-Ухаа-2” хороололд нэг өрөө байр гэж байхгүй. Нэг давхарт 42-51 ам метртэй хоёр өрөө байр дөрвөн ширхэг 68 ам метртэй гурван өрөө байр хоёр ширхэг гээд нийт зургаан айл байхаар төлөвлөгдсөн.
-Одоогоор ажлын явж ямар шатанд байна вэ. Эхний ээлж хэзээ ашиглалтад орох вэ?
-Барилга угсралтын 30 байшингийн ажил дууссан байна. Үүнээс 22 нь бүрэн дууссан байна. Тэгэхээр ирэх аравдугаар сарын 30-нд эхний 22 барилгыг улсын комисст хүлээлгэж өгнө.
-Ирэх аравдугаар сарын байрны урьдчилгаа төлбөр 10 хувь болж магадгүй байгаа. Энэ нөхцөлд ТОСК-аас иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орох уу?
-Засгийн газраас журам батлагдаж урьдчилгаа 10 хувь болгох асуудал шийдэгдэнэ. Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар болж төрөөс урьдчилгаа төлбөрийн 20 хувийг даах шийдвэр гарсан.Тэгэхээр Засгийн газраас журам батлагдсанаар байрны зээлд хамрагдаж байгаа иргэдийн урьдчилгааг 30 хувийн 20 хувийг нь төрөөс дааж, үлдсэн 10 хувийг өөрсдөө төлж найман хувийн, хөдөө орон нутгийнхан долоо хувийн ипотекийн зээлдээ хамрагдах бүрэн боломжтой. Манайхаас хатуу шаардлага тавихгүй.
-Ер нь ТОСК байрны урьдчилгааг 10 хувь болгох нь хэрэг зөв шийдвэр гэж үзэж байгаа вэ?
-Энэ зөв шийдэл гэж үзэж байгаа. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал, ямар байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Их хэмжээний хуримтлалтай, бэлэн мөнгөтэй хүн ховор байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, борлуулалтад дээр төрөөс дэмжлэг үзүүлж, иргэд хөнгөлөлттэй үнээр орон сууцад орох боломжийг нээж байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн