Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

"Буянт-Ухаа" нисэх онгоцны буудлыг чөлөөт бүс болгож, казино байгуулна

"Буянт-Ухаа" нисэх онгоцны буудлыг чөлөөт бүс болгож, казино байгуулна
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 1
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарынхаа салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өглөө. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Аялал жуулчлалын индексээр Монгол Улс 141 орноос 99 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанп ямар ч ахиц гаргаагүй үзүүлэлт болжээ. Д.Оюунхорол сайдын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээллээс аялалд жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг шинээр татах чиглэлд хийх ажлууд болон байнгын хорооны гишүүдийн саналыг хүргэе.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн үнээс гадна Хурдан морины бозоот уралдааны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Ингэснээр тусгай зориулалтын аялал жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна.
2017 оноос эхлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчид татахад чиглэсэн хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд, 
-Олон улсын байгууллага, улс орнуудын хороонд байгуулсан яам, тамгын газрын гэрээ хэлэлцээрийг үндэслэн аялал жуулчлалын компаниудтай хамтран гадаадын бүлэг жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх, Монгол Улсын газар нутгаар агаарын хэрэгслээр дамжин өнгөрөх гадаадын иргэн дараагийн улсад зорчихдоо 72 цагийн хугацаанд визгүй дамжин өнгөрөх эрх зүйн орчныг бүрдүүлэх,
-Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй орноос ирж байгаа жуулчдын нислэгийн үнэ тарифыг жилийн бүрийн аравдугаар сараас дараа оны тавдугаар сар хүртэлх хугацаанд бууруулах, урамшуулал үзүүлэх,
-Орон нутаг, албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулахаар тус тус тусгасан байна.
Мөн Эдийн засгийн сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд, Улаанбаатар хотод Казино байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна. Казино байгуулснаар 10 жил тутам тусгай зөвшөөрлийн хураамжаас төсөвт 80 тэрбум, жилд бусад татвар болон хураамжаас 118 тэрбум төгрөгийн орлогыг хуримтлуулж, энэ хэрээр байнгын ажлын байр бий болно гэж тооцжээ.
Аялал жуулчлалын гол маршрутын авто зам дагуу байрлах түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулна. Эхний ээлжинд "Элсэн тасархай" орчимд уг цогцолборыг байгуулахаар болжээ. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжлүүлэх бодлогын хүрээнд, "Буянт-Ухаа" дахь олон улсын нисэх онгоцны буудлын байгууламжийг аялал жуулчлалын чөлөөт бүс хэлбэрээр хөгжүүлэх, Хэнтий аймгийн Дадал суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг үе шаттай эхлүүлэхээр болжээ.
Ингээд мэдээлэл хийсний дараагаар гишүүд санал хэлж асуулт асуулаа.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Манай улсад ирж байгаа, манай улсаас бусад улс руу аяалж байгаа иргэдийн нислэгийн тийзны үнэ олон улсын төвшинтэй харьцуулахад маш өндөр байна. Тийзний үнийг буулгавал МИАТ компани дампуурна гэж яриад байх юм. Гэтэл тийзний өндөр төлбөр аялал жуулчлалыг татахад сөргөөр нөлөөлж байна. Тийзний үнийг ядаж олон улсын жишигт хүргэж болохгүй юу?
-Д.Оюунхорол: Нислэгийн тийз өндөр үнэтэй байгаа гэсэн асуудал байгаа. Үүнийг зохицуулах холбогдох яамны сайдуудтай зөвлөлдөж байна. Төрийн бодлогоор зохицуулах олон асуудал байгаа. Манай улс ганцхан МИАТ компани гэхгүйгээр бусад улсын агаарын тээврийн компанийг зах зээлдээ чөлөөтэй нэвтрүүлж, агаарын тээврийн салбарыг илүү өрсөлдөөнтэй болгох шаардлага байгаа. Өрсөлдөөн үүсч тийзний үнэ буурна. Энэ чиглэлд ажиллаж байна.
-УИХ-ын гишүүн Л.Болд: Одоогоор хэчнээн улсын иргэн манай улсад визгүй зорчиж байгаа вэ. Зарим улсын иргэдийн визгүй зорчих эрхийг Засгийн газар цуцалсан байсан. Энэ чинь эргээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болох юм биш үү. Аялал жуулчлалын асуудал ярихад ариун цэврийн. байдал манайд хангалтгүй байдаг. Энэ чиглэлд юу хийж байгаа вэ?
-Д.Оюунхорол: Монгол Улсад гаднын жуулчин ирэхэд хамгийн хүнд асуудалд виз байсан. Одоогоор 42 улсын иргэнийг аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй зорчуулах Засгийн газрын шийдвэр 2014 онд гарсан. Засгийн газар эдгээр 42 улс дээр нэмж хил орчмын улсын жуулчдыг визгүй зорчуулахаар Гадаад харилцааны яамтай ярилцаж байна. Ариун цэврийн асуудлыг сайжруулахын тулд аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллана.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Аялал жуулчлалын компаниудад олгож байгаа лицензийн хугацааг уртасгаж болохгүй юү. Таван жилээр лиценц авсан иргэн, аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийж, үйлчилгээгээ сайжруулахгүй байна. Аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт татах боломжийг нь хэрхэн олгож байна вэ. Хоёрт олон улсад аялал жуулчлалыг татахын тулд татварын хөнгөлөлт эдүүлж байна. Тухайн улсаас худалдан авалт хийсэн бол тодорхой хэмжээний татварын буцаалт олгодог. Гэтэл манайд тийм зүйл алга.
-Д.Оюунхорол: Татварын таатай орчин бүрдүүлэхээр тодорхой чиглэлд яам, тамгын газруудтай ярилцаж, хуульд өөрчлөлт оруулах боломжтой. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн