Open iToim app
Улс төр | 12 мин уншина

Буцах тийзгүй нислэг

Буцах тийзгүй нислэг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 16
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны тухай бичнэ гэвэл хэдэн боть ном болох нь дамжиггүй. Тиймээс олон нийтэд тодорхойгүй, хардлага сэрдлэг, хатуу хяналтын дор өнгөрүүлсэн түүний амьдралын сүүлчийн жилүүдийн тухай бичихийг зорьсон юм.
1984 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн Ю.Цэдэнбал эхнэр А.И.Филатова, хүү Ц.Зориг нарын хамт ЗХУ-руу нисэв. Зөвлөлтийн удирдагч К.У.Черненкогийн урилгаар эмчилгээ, шинжилгээ хийлгэхээр зорьсон энэ нислэг буцах тийзгүй байсныг тэдний хэн нь ч төсөөлсөнгүй. Урьдчилан нарийн нягт бэлдсэн занганд орж насан эцэслэх хүртлээ гэрийн хорионд орж харь газар цөллөгт байх юм гэж хэрхэн төсөөлөх билээ.
Ю.Цэдэнбалыг долдугаар сарын 30-нд Зөвлөлтийн Эрүүлийг хамгаалах яамны IV ерөнхий газрын эмнэлэгт хэвтүүлж, онош тогтоох шинжилгээ хийж эхэлжээ. Шинжилгээ хийх хугацаанд тэрээр ажлаа үргэлжлүүлж удахгүй Монголд тэмдэглэх Халх голын дайны ялалтын 45 жилийн ойн арга хэмжээнд хэлэх үг, Зөвлөлтийн хэвлэлд нийтлүүлэх өгүүллээ бичиж байсан гэдэг. 8-р сарын эхээр А.И.Филатова IV ерөнхий газрын дарга Е.И.Чазовтой уулзахад “Цэдэнбал хүнд өвчин туссан тул ажлаа орхих ёстой” гэж эрс шийдэмгий хэлсэн байна. Мөн тэднээс өмнө Москвад очсон Ж.Батмөнх, Д.Моломжамц нартай холбоо барьж болохгүй байсан нь байдлыг улам түгшүүртэй болгожээ. Тиймээс хамгаалалтын албаны дарга хурандаа Л.Нанзад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ВЧ-гээр “Цэдэнбалын эсрэг ямар нэг сэжигтэй үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна” гэсэн мэдээг НАХЯ-ны сайд Лувсангомбо руу явуулсан байна. Энэ бол түүхэнд тэмдэглэгдсэн бодит үнэн.
Эмнэлгийн шинжилгээ дуусахыг хүлээх зуураа ажлаа үргэлжлүүлсээр байсан Ю.Цэдэнбалд эмч нар эм, тариа нэмж бичсэн байв. Эмчилгээний үр дүн удалгүй эсрэгээр гарч тэрээр хэвийн үеээсээ илүү их нойрмоглох, орон гаран болж аливааг мартах, будилах зэрэг шинж тэмдгүүд ар гэрийнхэн болон хамгаалалтын албаныханд ажиглагдаж эхэлжээ. Түүний хүү Ц.Зориг эмнэлэгийн дарга Е.И.Чазовтой өвчний оношын талаар ярилцахад тархины хоёр хэсэгт “уйланхайцар” үүссэн гэж хэлээд нэгэн зураг үзүүлсэн гэдэг. Хожим нас барахад нь хийсэн задлан шинжилгээгээр ийм “уйланхайцар” илрээгүй юм. Энэ бүх байдлыг А.И.Филатова, Ц.Зориг, хурандаа Л.Нанзад нар хэлэлцээд “Ю.Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохиогдож байгаа нь гарцаагүй боллоо. Зөвлөлтийн талаас уг хуйвалдаанд хэрхэн оролцож байгааг тодруулах нь зөв” гэж үзээд Зөвлөлтийн хоёр дахь хүн болох ЗХУКН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга М.С.Горбачёвтой уулзах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Гэвч тэдний байрлаж байгаа тусгай байрны булан тохой бүрт чагнах төхөөрөмж тавьсан байсныг мэдсэнгүй. Наймдугаар сарын 8-ны өдөр ЗХУКН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, ЗХУ-ын УАХХ-ны дарга В.М.Чебриков дээр хүрч ирэхийг мэдэгджээ. Филатоваг В.М.Чебриков орлогчын хамтаар хүлээж авчээ. Цэдэнбал эрүүл саруул байгаа, удахгүй болох Халх голын дайны ялалтын 45 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох ёстойг тайлбарлаж хэлсэн боловч УАХХ-ны дарга Чебриков тун ширүүнээр “Цэдэнбал хүнд өвчтэй, тэр Монголд буцаж очиж чадахгүй. Бид түүнд онгоц өгөхгүй” хэмээн эрс шийдэмгий хэлсэн байна. “Хэрвээ Цэдэнбал Монгол руугаа ямар нэгэн аргаар явлаа гэж бодоход яах вэ?” гэж А.И.Филатоваг асуухад “Тэр амьд очихгүй” хэмээн шууд заналхийлсэн хариу өгчээ. Зөвлөлтийн тал нэгэнт хөзрөө дэлгэв.
Цөмийн дайны үед ч ажиллаж байх ёстой ЗГ-ын ВЧ холбоог тасалж, хамгаалалтыг хоёр дахин нэмэгдүүлээд зогсохгүй, тэднийг орж гарах болгонд УАХХ-ны ажилчид ил цагаан дагаж мөрдөх болсон нь аюулгүй байдлын арга хэмжээ гэхээсээ сэтгэл зүйн дайралт хийх арга байсан юм. Энэ үеэр Крымд амарч байсан Ж.Батмөнх, Д.Моломжамц нартай ЗХУКН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч М.Н.Смирновский очиж уулзжээ. Удалгүй Зөвлөлтийн удирдагчид тэр хоёрыг дуудуулав. Наймдугаар сарын 8-нд хийсэн уулзалтыг М.С.Горбачев даргалж, УАХХ-ны дарга В.М.Чебриков, НТХ-ны нарийн бичгийн дарга К.В.Русаков, Д.Ф.Устинов, НХШХ-ны орлогч дарга Н.Густев, Гадаад хэлтсийн эрхлэгч О.Б.Рахманин, Нрүүлийг хамгаалах яамны IV газрын дарга Е.И.Чазов нар байсан байна. Энэ уулзалтын маргааш нь Ж.Батмөнх, Д.Моломжамц нар эмнэлэгт хэвтэж байсан Ю.Цэдэнбалтай очиж уулзжээ. Ж.Батмөнх “Биднийг ЗХУКН-ын Төв Хороон дээр урьж, Төв Хорооны УТТ-ны гурван гишүүн, Төв хорооны гурван нарийн бичгийн дарга хүлээж авлаа. Тэд бидэнд Цэдэнбалын биеийн эрүүл мэнд мэдэгдэхүйц муудсан, цаашид ажлаа хийж чадахгүй гэж хэллээ. Өнөөдөр бид Улаанбаатар луу буцаж, энэ асуудлыг шийдвэрлэхээр Намын Төв Хорооны бүгд хурал хуралдуулах бэлтгэл хийнэ” гэж хэлжээ. Харин Ю.Цэдэнбал “Та нар намайг ажлаа битгий хий гэж байгаа юм уу. Ажилгүй бол би үхнэ шүү дээ” гэж учирлан хэлж байж. А.И.Филатова заавал том албан тушаал гэхгүйгээр таарч тохирох өөр ажилд томилж болох эсэхийг асуухад “Ямар ч боломжгүй” хэмээн тасхийсэн хариулт өгчээ.
Наймдугаар сарын дундуур Е.И.Чазов Монгол руу ниссэн байна. Юу болоод байгаа талаар огтхон ч мэдээлэлгүй байсан УТТ-ны гишүүдэд тэр өөрийн оношоо тайлбарлаж өгсөн бололтой. Е.И.Чазовыг Улаанбаатараас ирэнгүүт УАХХ-ны дарга В.М.Чебриков Филатоваг дахин өөр дээрээ дуудаж уулзахдаа тусгай байранд нэг хэсэг байж болно. Цаашид Москвад хэрхэн амьдрах, хоёр хүүгийнх нь хувь заяаны талаар ярилцжээ. Энэ хооронд Д.Моломжамц, Ц.Намсрай, Т.Рагчаа нар УАХХ-ны ажилтануудын хамтаар Цэдэнбалын хэвтэж байсан тасагт оржээ. Хамгаалалтын ажилтан Төмөрбаатарын өрөөнд ч УАХХ-ны ажилтанууд орж түүнийг өрөөнөөс гарахыг хориглосон байна. Уулзалтын дундуур Цэдэнбалын хашгирах дууг сонсоод Төмөрбаатар гарахаар завдсан боловч Зөвлөлтийн мэргэжилтнүүд түүнд хүч хэрэглэн хориглоод гаргасангүй. Ар гэрийнхэн нь ирэхэд ухаан санаа нь самуурсан байдалтай байжээ. Орой тийшээ хэвийн болсон бөгөөд тэд түүнээс бүх эрх мэдлээсээ татгалзаж буй тухайгаа бичиж өгөхийг шаардсан бололтой. Тэднийг ирэхээс өмнө эмч нар эмчилгээний заалтанд ороогүй тариа хийгээд гарчээ.
Наймдугаар сарын 23-нд Зөвлөлтийн телевизээр “Улаанбаатар хотод МАХН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаж Ю.Цэдэнбалыг биеийн эрүүл мэндийн байдал болон өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн нам, улсын бүх албан тушаалаас нь чөлөөлсөн” тухай мэдээлжээ. Энэ хүнд цаг үед түүнээс нүүр бууруулалгүй сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр очсон анхны хүмүүс бол элчин зөвлөх Хашбат, цэргийн атташе генерал Бавуу нар байв. Тэд удалгүй Монгол руу татагдсан юм.
Халхголын дайны ялалтын 45 жилийн ой бол Ю.Цэдэнбалын хувьд ихээхэн утга учиртай арга хэмжээ байв. Монголдоо очоод хийхээр төлөвлөж байсан бүх ажил нь ийнхүү утгагүй цаас болон хувирахад хичнээн их сэтгэлээр унасан бол. Бодол санаагаа цэгцлэх, болж өнгөрсөн үйл явдалд үнэлэлт дүгнэлт хийх гэж тэр Лениний уул, Москва голын эргээр алхадаг байсан байх. Нэгэн удаагийн алхалт нь гадны сэтгүүлчийн гэрэл зургийн дуранд өртсөнөөр Францын сонинд “Хүнд өвчтэй гэж зарлагдсан Ю.Цэдэнбал Москвад салхинд зугаалж явна” гэсэн тайлбартай нийтлэгдсэн байна.
Есдүгээр сарын эхээр Ю.Цэдэнбалын хамгаалалтыг буулгаж Монгол руу татав. Москвад намар болжээ. Ердөө хоёрхон долоо хоноод буцаж ирнэ гээд явсан Цэдэнбалын гэр бүлийнхэн даарч зутарч эхэлсэн нь ойлгомжтой. Зарим нэг дулаан хувцасыг нь явуулахыг зөвшөөрчээ. Тэдгээр хувцас ч НАХЯ-ны нарийн хяналт шалгалтаар орсон гэдэг.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ой. Ажил албаа хашиж байхдаа энэхүү ойн арга хэмжээнд мөн адил ач холбогдол өгч байсан юм. Харин гэрийн хорионд орсон тэр жил энэ өдрийг хамгийн уйтгар гунигтайгаар, эх нутгаа санан мөрөөсч өнгөрүүлсэн нь дамжиггүй. Уйтгарт өдрүүд ээлж дарааллан өнгөрсөөр 1984 оны шинэ жилийн баяртай золгожээ. Тэрхүү уйтгарт өдрүүдийн дундуур Ю.Цэдэнбалын дүү Ю.Аюуш Болгар дахь худалдааны төлөөлөгчөөр томилогдоод явах зам зуураа ахынхаа гэрээр ороод гарсан нь бяцхан ч болтугай баяр баясалыг авчирсан бизээ. Бүүдгэр тэр өдрүүдэд хорио саадыг давж уулзсан хүмүүсийн нэг нь сансарын нисгэгч Ж.Гүррагчаа байдаг. Хамгаалалтын албаны дарга хурандаа Нанзад адъютантаар томилогдоод очжээ. Энэ удаа тэр гэр бүлээ дагуулж ирсэн байв. Олон жил ойр дотно байж төрсөн гарсанаас дутахгүй ижилдэн дассан энэ хүмүүсийн уулзалт хэсэгхэн зуурын үүлэн чөлөөний нар шиг баяр баясгалантай байсан нь мэдээж юм. 1985 оны хоёрдугаар сард тусгай байрнаас бараг хөөгдөх шахам гарч өөрсдийн байранд нүүж очив. Чанга хатуу хараа хяналт ийнхүү суларч “бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэдэг шиг арай л жаахан эрх чөлөөтэй болсон нь энэ. Хорионоос суллагдсан ч цөллөгийн амьдрал эхэлсэн гэж Ц.Зориг “сүүлчийн долоон жил” номон дээрээ өгүүлсэн байдаг. Цаг наргүй ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хувьд хийх ажилгүй сууна гэдэг ихээхэн хэцүү зүйлийн нэг байсан байх. Салхинд гарах нь түүний хувьд цаг нөгцөөх арга байсан болов уу. Адъютант Нанзад, Батсайхан нарын хамтаар Москвагийн цэцэрлэгт хүрээлэнгүүд, хотын зах хавиар салхинд гарч явангаа юу бодож эрэгцүүлэж явсаныг таах аргагүй. Ингэж явахдаа 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчид, Монголд ажиллаж амьдарч байсан барилгачид, уурхайчид, соёл урлагийнхантай уулзаж учран Монголын тухай халуун дулаан яриа өрнүүлэж суух дуртай байжээ. Мөн Зөвлөлтийн зураач Таир Салахов гэх мэт танил найз нөхдийнхөө гэрээр ч зочлон очиж байсан гэдэг. 1985 онд ач охинтой болсон нь үлдсэн амьдралын утга учир байсан бизээ. Бүхий л хайр энэрлээ энэ бяцхан охинд зориулж байсан гэдэг.
Нэгэн удаа Зөвлөлтийн армийн музейг хүүхдүүдийн хамтаар үзэхдээ 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны хэсгийг үзэхдээ тайлбарлагчтай байраа сольж гэрэл зураг дээрээ байгаа хүмүүсийн нэрсийг хэлж тухайн үед болсон үйл явдлыг тайлбарлаж өгөхөд музейн тайлбарлагч эмэгтэй санаа зовсон байдлаар мушилзан инээмсэглэж байжээ. Эндээс харахад Ю.Цэдэнбалын ухаан санаа эрүүл саруул байсан гэж болохоор байна.
Монголтой холбоотой шинэ соргог мэдээ бүхнийг тэр чих тавин сонсдог байжээ. Нэгэн удаа гэрэл зургийн үзэсгэлэн үзэхээр явахдаа Монгол дээл хувцастай хүнтэй таарсан нь сэтгэлийг нь ихээр догдлуусан байдаг. Энэхүү уулзалтын агшныг түүний хүү Ц.Зориг гэрэл зургийн хальсанд буулгаж авчээ.
1986 оны есдүгээр сарын 17-ны өдөр Ю.Цэдэнбал 70 нас хүрэв. Гэр бүл, хүүхдүүд, ах дүү хамаатан садангууд, цуг ажиллаж амьдарч байсан адъянтатууд нь түүнд баяр хүргэсний зэрэгцээ Монголоос баярын цахилгаан олноор ирсэн нь ард түмэн нь түүнийг мартаагүй санаж явдагийг харуулав. Цөллөгийн он жилүүдийн бүрхэг бүүдгэр өдрүүдэд тохиож байсан цөөн хэдэн нартай өдрийн нэг нь энэ байлаа. Энэ жилүүдэд гэр бүлийнх нь гишүүд дурдатгалыг нь бичүүлэх гэж чадах чинээгээрээ хичээж байсан байдаг. Гэвч түүний баялаг номын сан, хувийн тэмдэглэл, архивын баримтууд гээд олон зүйл олон зүйл хэрэгтэй байв. “Би дурдатгалаа бичих хэрэгтэй. Тэгэхийн тулд Улаанбаатарт л очих хэрэгтэй байна” гэж өгүүлдэг байжээ.
Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад 1987 оны нэгдүгээр сард хуралдаж өөрчлөлт шинчлэлтийн салхийг тавьсан ЗХУКН-ын бүгд хурлын материалтай танилцаж үзээд сайшаан дэмжсэн байдаг юм. Мөн залуудаа эхлүүлж байгаад орхисон немц хэлээ үргэлжлүүлэн сурахаар хичээллэж эхэлсэн боловч 1987-1988 онд бие нь муудсан тул орхихоос өөр аргагүй болжээ. Ю.Цэдэнбалын бие нэгэнт доройтон сульджээ. Чазовын эмчилгээний үр дүн гарч эхэллээ.
1988 оны есдүгээр сард Монголд ирэх зөвшөөрөл олдож эхнэр А.И.Филатовагийн хамтаар Монголд ирж гурван сар орчим болсон юм. Улаанбаатарт байх үед нь хамт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хамтран зүтгэгчид нь очиж уулзсан байдаг бол ажил алба хашиж байгаа зарим нэг нь хардлага сэрдлэг, мөрдөлт мөшгөлтөөс болгоомжлон уулзаж чадсангүй. Ю.Цэдэнбал, А.И.Филатова хоёр 1989 он гарахын өмнө Москвад буцаж очсон юм. Шинэ оны дараа Ю.Цэдэнбалын бие муудаж уушигны үрэвсэл нь хүндэрч сэхээн амьдруулах тасагт шилжсэн байна. Өвчинтэй тэмцэлдэж байж хөл дээрээ боссон боловч бие даан явж чадахгүй хүнээр түшүүлэн тун аажуухан алхаж байв. Өвөл эмнэлэгт хэвтсэн хүн зун наймдугаар сарын эхээр эмнэлэгээс гарчээ. Эрүүл агаарт гаргах нь чухал байсан ч ЭСЯ-аас машин өгөхөө байсан тул хотын төвийн чийгтэй байшингаасаа холхон явж чадахгүй байжээ.
1990 он гарав. Ю.Цэдэнбалын гэрт Элчин сайд Ц.Гүрбадам ирээд ганц үлдсэн адъютант Төмөрбаатарыг татах болсон тухай шийдвэрийг танилцуулж, нэгэнт өгөхөө байсан машин хэрэглэхийг нь болиулж, тэтгэвэрийг нь багасгах болсон тухай хүндхэн мэдээнүүдийг танилцуулжээ. Энэ бол дөнгөж эхлэл байв.
Элчин сайд дахин ирэхдээ Ю.Цэдэнбалыг МАХН-аас хөөж, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал цолыг тус тус хурааж, прокурорын байгууллагаас түүний эсрэг хэрэг үүсгэн шалгаж буй тухай мэдэгдсэн байна. Хүнд өвчнөөр удаан хугацаанд өвдсөн хөгшин настай түүнд энэ бүхэн сэтгэл зүйн хүнд цохилтууд болсон нь мэдээж. Амьдралынх нь түүхийг салгаж бичихийн аргагүй намаас нь хөөсөн шийдвэр юу юунаас илүү хамгийн том цохилт болжээ. Тэр жил прокуророос хоёр ч удаа очиж уулзсан байна. Ю.Цэдэнбалын бие тэнхээ өдөр ирэх тусам дордсоор байлаа. Өдөр болгон салхинд гарч Тверийн модот гудамжаар алхаж чадахаа байж байрныхаа арын сандалд чүү ай хүрч аахилан суудаг болжээ. Оны эцэст Увс аймгийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэд түүний эрүүл мэндэд тун их санаа зовж нутагт нь аваачих бодолтой байсан бололтой. Гэвч Ю.Цэдэнбалын биеийн байдал хол замыг даахааргүй болсон байжээ. Харин нутгийнхаа төлөөлөгчдийг хараад маш их баярлаж тэдэнд хуучин Монгол бичгээр дурсгалын зүйл бичиж өгсөн нь хамгийн сүүлд бичсэн гарын үсэг нь байсан юм.
1991 оны нэгдүгээр сарын эхээр ЭСЯ-аас утасдаж хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан биеийн эрүүл мэндийн байдлыг мэдэх зорилгоор Монгол эмч нар Москвад ирж байгааг мэдэгдсэн байна. Оны эхэнд Москва орчимд хүйтэрч гадна агаарын хэм хасах 30-ыг зааж байхад байрных нь халаалт, халуун ус тасарч дулаацуулж болох бүх хэрэгсэлийг залгаж нэг хоногийг өнгөрүүлжээ. Азаар маргааш нь халаалт иржээ. Хоёрдугаар сарын 21-нд эмчлэгч эмчийг нь дуудаж биеийг нь үзүүлэхдээ сүүлийн үед арьсан дээр нь гарч байгаа шар толбыг мөн үзүүлсэн байна. Эмч бүсгүй эмнэлэгт сул ор байгаа эсэхийг лавлаж түргэний тэрэг дуудав. Кунцевогийн эмнэлэгт хүргэгдэх замдаа огцом тооромсоглох, эргэх зэрэгт Ю.Цэдэнбал өвчиндөө шаналан гиншиж байсан гэдэг. Эмнэлэгт хүргэгдсэн даруй шинжилгээ өгч, дусал хийлгэснээр биеийн байдал нь дээрдэж, арьсан дээрх шар толбонууд бүдгэрчээ. Хоёрдугаар сарын 26-нд Ц.Зориг эмчлэгч эмчтэй нь уулзахад цөсний сувганцарын хорт хорт хавдар илэрсэнийг дуулгажээ. Хоёр хоногийн дараа эмч гэр бүлийн гишүүдийг нь дахин дуудаж цөсний сувганцарын хорт хавдар болох нь батлагдсан тухай, цөснийх нь сувганцарыг бүрэн тагласанаас болж элэгний үйл ажиллагааны бүрэн дутмагшил /кома/ болж байгааг тайлбарлаж өгчээ. Гуравдугаар сарын 4-нд дүү Ю.Аюуш нь Москвад очиж ээлжлэн сахилцаж байв. Удаан хугацаагаар өвчтэй хэвтсэний улмаас арьсанд цооролт үүсч, өчүүхэн төдий хөдлөхөд л бие нь янгинан өвдөж эхэлжээ. Арьсны цооролтонд нь чацарганы тос олж түрхэж өгч байв. Гуравдугаар сарын 20-нд эмнэлэг дээр сахиж байсан Ю.Аюушид Ю.Цэдэнбалын биеийн халуун нэмэгдэж, уушигны үрэвсэл эхэлж байгааг хэлжээ. Дөрөвдүгээр сар гарахад эмчилгээ үргэлжилсээр байсан боловч биеийн байдал нь дээрдсэнгүй. Турж эцээд, арьс нь унжиж ихэнхдээ зүүрмэглэж байх болов. Арьсны цооролт нь улам ихсэж, биеийн халуун нь эм уусны дараа хэсэг зуур намжаад тэр дорхноо буцаад нэмэгдэж байлаа. Амьсгаа авах тоолондоо хүч гаргаж байгаа нь сахиж байгаа хүмүүст анзаарагдаж байжээ. Одоо түүнд хэн ч туслаж чадахаасаа өнгөрчээ. Тэр эцсийн амьсгалаа татах хоногоо тоолон эмнэлэгийн орон дээр өдөр хоногийг өнгөрөөж байсан юм. Дөрөвдүгээр сарын 20-нд Ю.Аюуш эмнэлэг дээр сахиж байгаад 20 цаг өнгөрөөгөөд гэртээ иржээ. 22 цаг дөхөж байхад эмнэлэгээс утасдаж жижүүрийн эмч Ю.Цэдэнбалыг нас барсан болохыг дуулгажээ. Амьсгал хураах эцсийн мөчдөө төрж өссөн Тунмэндийн өвөлжөө, өгсөж уруудан тоглож байсан Хандгайтын гол, мэлтрэн туналзах Увс нуур нь нүднийх нь өмнүүр жирэлзэн өнгөрсөн нь лавтай.
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал ийнхүү 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ний үдэш Москвагийн Кунцевогийн эмнэлэгт таалал төгсөж, хэзээ ч эргэж ирэхгүй урт холын нислэгт сууж одсон юм. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Түүний амьдралын сүүлчийн долоон жилд Монголын төр дэндүү хахир хатуу хандсан шигээ дараагийн 25 жилд ч хүйтэн хөндий хандсаар л байсан юм. Харин зуун жилийн түүхэн энэ ойн босгон дээр эрх барьж буй УИХ, Засгийн газрааснэр төрийг нь сэргээн, үйлсийг нь мөнхжүүлэх шийдвэр гарсан нь Монголын нийт зон олон, тэр дундаа Увс нутгийн ард түмэн, Цэдэнбал академийн хамт олны уйгагүй зүтгэл, тэмцлийн үр дүн билээ.
Үнэн үргэлж ялдаг ажгуу. Төр улс, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа чин үнэнч байж чадсан Монголын хүү Юмжаагийн Цэдэнбалын үйлс гавьяа үеийн үед үл мартагдаг, Мөнхөд дуурсаг.
Сэтгүүлч П.Шинэбаатар  
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн