БНСУ-ын Бусан хотын дарга эрхэмсэг ноён Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Пусан хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хотуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солицож, “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Бусан хотын дарга Со Бёнсү “Цаг зав гарган элэгсэг дотноор хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Бид өнөөдөр албан ёсоор найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байгаа ч хотуудын хамтын ажиллагаа эртнээс эхэлсэн гэж боддог. БНСУ-ын Бусан хотод Монголын Консулын газар байгуулагдаж 2016 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа нь эхэлсэн. Мөн Бусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болсноор Пусан хот, цаашлаад БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих, иргэд харилцан зорчих, аялал жуулчлал, эрүүл мэнд, бизнес, боловсрол гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин бүрдэж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Солонгосын ард түмэн бидний ах дүү, найз нөхөд мэт ойр дотно санагддаг. Бусан хот бол Солонгосын аж үйлдвэрлэл хөгжсөн 2 дахь том хот, логистикийн маш том төв. Монгол Улс нь далайд гарцгүй орны хувьд хоёр тал хэрхэн хамтран ажиллах талаар холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийнэ. Цаашид мэргэжилтэн солилцоог идэвхжүүлэх, хот төлөвлөлт, тохижуулалт, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж, сургалтад хамруулах, туршлага судлах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байна" гэлээ. Түүнчлэн БНСУ-ын “Айр Пусан” компани зургадугаар сарын 24-ний өдрөөс долоо хоногт хоёр удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Энэ нислэг цаашид тогтмолжино гэдгийг онцлон тэмдэглэв.
Өнөөдөр хотууд “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа нь албан ёсоор эхэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.